Showing posts with label Монголын түүхт бүсгүйчүүд. Show all posts
Showing posts with label Монголын түүхт бүсгүйчүүд. Show all posts

Боржигон овогтын түшиг, авралт хатан САМАР

Самар хатан Хиад аймгийн боржигон овогтон бөгөөд эцэг нь Элбэг нигүүлсэгч хаан байжээ. Самар гүнж 1380 аад оны үед төрсөн бөгөөд хятадаас эргэн ирсэн монголчуудын эх нутагтаа өсөж өндийсөн боржигон овгийн анхны үеийнхний нэг байлаа. Элбэгхаан Хуухай Даюугийн хүү Батулаг дуудан авчраад: "Би эцгийг чинь хилсээр хороов. Одоо чамайг чинсан болгоё" гээд Самар охиноо хатан болгон өгсөн билээ. Хэдийгээр Элбэг хаан ийн далдуур санаа өвөрлөж өш хонзон санаж болох нэгнийг номхотгосон ч, түүний хамгийн аюултай дайсан нь харь гадны хэн нэгэн, эсвэл урьдын холбоотнууд нь биш, харин өөрийнх нь гэр бүлийн дотор байжээ. Самарын эх Хобэгунтай Элбэг хааны их хатан байв. Хаан залуухан бага хатан авсанд тэрбээр их гомдон бухимдаж байв. Гэтэл энэ удаад өөрийн гэм нүглээ цайруулах улс төрийн зорилгоор охиныг нь булаан авсанд улам дургүйцэн өөртэйгээ элбэх хүнийг олж, Элбэг хааныг хөнөөсөн бөгөөд дараа нь түүнтэйгээ гэр бүл болж, улсыг хаангүй болгон, төрийг ганхуулав. Ийнхүү завсар хоорондуур гарч ирсэн Адай хаан ойрадыг ихэд дийлэн, Батула чинсанг алж, хүүг нь олзлон авсны дараа мөн л олзонд ирсэн Самар хатан Адай хааны дэргэд ирээд хөвгүүнээ буцаан аваачихыг гуйсанд, Адай зөвшөөрөн, Тогооныг ойрадад хүргүүлсэн байна. Тогоон тайшийг нас барсны сүүлээр түүний хөвгүүн Эсэн тайш болж, ойрадын ноёдыг толгойлох болжээ.

Түвдэнгийн Бор (1913-1932 он)

Хувьсгалаар олсон эрх чөлөө, энх амьдралаа хамгаалахын төлөө эсэргүү дайсны гарт алтан амь, арван есхөн насаа алдсан Монгол Улсын Баатар Түвдэнгийн Борын түүх намтар богинохон боловч байгуулсан гавьяа өндөр юм. Халуун эх оронч, хатан зоригт энэ бүсгүй ХЗЭ-ийн үүрийн даргын алба хашиж эхэлсэн орь залуу насандаа эсэргүү нарын өөдөөс тэмцэж, төөрөлдсөн олон ардыг ухуулан сэнхрүүлж, хил давуулалгүй төрсөн нутагт нь буцааж чадсанаараа нам төрийнхөө даалгаврыг биелүүлсэн гавьяатай хүн юм.

Өгүүлэх нь: “Ах дүү нар минь ээ! Та нар хэний ятгалгаар, юуны төлөө ингэж төөрөлдөж хаа хүрч, хэн дээр очих гэж нүүдэллэж явна вэ? Төрж өссөн эх сайхан нутаг, түмэн олноосоо нүүр буруулан таниж мэдэхгүй харь газар руу амь наана, там цаана дүрвэж яваагийн учир юу билээ. Та нарыг буцаад очиход нутаг усныхан чинь элгэн садны ёсоор домботой цай, тавагтай идээгээ бариад магнай тэнийн халуун дотноор угтах болно”

ХУНТАЙЖ ЧИНГИМИЙН ХАТАН ХӨХӨГЧИН

Хунтайж Чингим бол Хубилай хааны Чимбай нэрт их хатнаас төрсөн. Зан ааш нь номхон шулуун бөгөөд ухаалаг, ачлал төрхөмсөг сэтгэлт, аливаа үйлд чадварлаг тул Хубилай хаан улс орны хожмын хэргээ аль эртнээс түүнд захируулах болжээ. Чингимийг ерөнхий сайд бөгөөд цэрэг дайны хэрэг эрхлэгчээр томилж, чухал хэргийг хаанд айлтгахаас өмнө заавал хунтайж Чингимд мэдээлж байтугай гэсэн нь түүнийг хожмын хаан болгох гэж төр улсын хэрэгт чиглүүлэн сургаж байсан гэлтэй. Гэвч Чингим ид залуу, дөчин гурван насандаа өвчнөөр өөд болж, Хубилай хаан ихэд харамсан, олон хөвгүүд, ач нарын дотроос түүний дүү Төмөрийг онцгойлон хаан ширээнд суух эрхийг олгожээ.

Юан гүрнийг үндэслэн байгуулагч Хубилай хаан, язгуурын монгол орны засаг засаглалд анх эхлэн өөрчлөлт хийхдээ юуны өмнө бүх монголыг захирах алтан тамга барьсан хан хөвгүүнийг тохоон томилох болсон. Өөрөөр хэлбэл Хубилайн үеэс хаан хөвгүүний эрх үүрэг их болж, түүний эрхлэх ажил төрөл нь тодорхой болсон байна. Хан хөвгүүнийг урьдаас тохоон томилдог нь нэгэн талаар хаан ширээ булаацалдах тэмцлээс сэргэмжилсэн тал байвч, нөгөө талаар үндсэн монгол орныхоо төрийн хэргийг бариулах гэсэн учир холбоотой бололтой. Хубилай бол Юан гүрний их хаан, хан хөвгүүн бол бүх Монголын хэргийг ерөнхийлөн захирах болсон учиртай. Хаан ширээ залгамжлах хан хөвгүүн нь заавал Хар Хорум хотод сууж бүх Монголын төрийн хэргийг ерөнхийлөн барихаас гадна төрийн ёсонд биеэ боловсруулах, цэрэг захирах давхар үүрэгтэй. Ширээ залгах их хаан хөвгүүний захиргаан дор язгуурын монгол орны төрийн хэргийг гардан барьдаг хүн бол хан хөвгүүд дотроос тохоон томилогдсон «цзинь ван» буюу «язгуурыг захирах ван» ажгуу.

«ХОТОЛ ЦАГААН ГҮНЖ» АУРУГ

Аюуругийн эцэг Хайду ноён (1235-1301) бол Монголын улс төрийн томоохон зүтгэлтэн, эх оронч хүн байлаа. Хубилай хаан хятад орноор төвлөсөн Юан гүрэнг байгуулсан явдлыг эсэргүүцсэн тэмцлийг тэрээр толгойлсон бөгөөд Аригбөхийн тэмцлийг тууштай дэмжиж 1266 онд Монгол ноёдын холбоо байгуулсан. Хайду нь Өгэдэйн үр ач нарын дунд ухаантай сэргэлэн, алсын хараатай гэж алдаршсан хүн байсан бөгөөд Мөнх хааны үед хааны эсрэг хуйвалдаан байгуулсан хэргээр төвөөс зайлуулагдсан, алс хязгаарын Тарвагатайн ууланд очиж суусан байжээ. Мөнх хаан хязгаар нутагт очиж суусан ноёдын дотроос Хайдугаас их л болгоомжилж, Тарвагатайн наана тусгай цэрэг суулган сэргийлж байсан гэдэг.

Хайду нь Их Монгол улсын нийслэлийг Хятадад нүүлгэж, Хятадаар төвлөсөн Юан гүрэнг байгуулахыг эрс шийдвэртэй ясэргүүцэж, гүрний төв Монгол газар байж, Монголоос л эзлэгдсэн улс оронг захиран баримтлах ёстой гэж үздэг байснаас гадна Хубилай хааныг эцэг өвгөдийн уламжлалт ёсыг эвдэж хаан ширээг эзлэн, хятадын нөлөөнд орсон хэмээн, түүний гэм бурууг уудлан илрүүлж, шүүмжилж байсан тухай мэдээ байдаг. Түүгээр ч барахгүй зэвсэг барин босон тэмцсэн юм.

Маш үзэсгэлэнт ёсыг нэвтэрхий ухагч хувилгаан хатан ЧИМБАЙ

Хубилай сэцэн хаан /1215-1294/. Тулуйн хүү. Хубилай бага наснаасаа харвах намнахад сурамгай, ялангуяа ан гөрөө хийхэд бахтай байсан гэдэг. Улсын их хаан Мөнх халдварт өвчнөөр харь нутагт таалал төгссөний дараа, түүний дүү нар болох Хубилай, Аригбөх нар хаан орыг булаацалдан тэмцэж Аригбөх монгол газраа Их Хуралдай хуралдуулж хаан суусан юм. Хубилай бас хятад нутгийн захад хууль бусаар хаан суусан юм. Ингэж Монголын түүхэнд нэгэн зэрэг хоёр их хаан гарсан. 1260 оноос ах, дүү хоёр хаан хоорондоо хэд хэдэн удаа цэрэглэн байлдаж улмаар 1264 оны 7 сард Аригбөх ялагдсан. Хубилай бол Чингисийн дараа түүний үйл хэргийг шинэ нөхцөл байдалд нэр төртэй үргэлжлүүлсэн залгамжлагч юм. Юан улсын түүхэнд Хубилайг: «... санаа сэтгэл уужуу тавиу, хүнийг мэдэж сайтар хэрэглэж чадах...» хэмээн үнэлсэн байх бөгөөд монголчууд түүнийг биширч «Хубилай сэцэн хаан» гэж алдаршуулжээ.

Бүрхэг шөнийн тэргэл саран

Монгол улсаас анх удаагаа 1920-оод онд Европын Герман, Франц улсуудад эрдэм ном сурахаар илгээгдсэн хүүхдүүдийн нэг болох Их зохиолч Д.Нацагдоржийн анхны гэргий Дамдины Пагмадуламын амьдрал, ээдрээт хувь заяаны тухай өгүүлэх Монголын Шинжлэх Ухааны Хялбаршуулсан Баримтат Кино Бүтээгчдийн Нийгэмлэгийн бүтэсэн бүрэн хэмжээний баримтат кино.

Гүюүг хааны их хатан Огул Хаймиш

Монголын их хаан Гүюг /1206 - 1248/ Өгэдэй хааны ахмад хөвгүүн болон мэндэлж, 1246 онд Монгол улсын их хаанаар өргөмжлөгджээ. Тэрбээр хаан эцгийн зассан төрийг хэвээр хадгалахыг зорин Алтан ургийнхны «эвдрэл» хямралыг намжаах талаар ихэд анхаарч, хууль дүрмийг чангатган, эзэнт гүрэн даяар хүн амын толлого явуулж, алба татварыг журамлах зэргээр түүхэнд нилээд үүргийг гүйцэтгэсэн ажгуу.

Эцгийн үед төрд үнэнч зүтгэж гавъяа байгуулсан түшмэдүүд болох Чингай чинсанг өөрийн дэргэд төрийн хэрэгт зүтгүүлэн, Мухамед Ялавачаар Хятад орныг, Масудбекээр Туркестан, Маверенахарыг, Харосон, Иран, Азербайджан, Гүржийг Аргунаар тус тус захируулан, өрнө дорны олон улсыг төвшитгөхөд ихээхэн санаа тавьсан болно.

Ийнхүү Гүюг хааны үед Монголын эзэнт гүрэн Ази, Европын олон улсуудтай өргөн харилцаатай болсон. Тэр цагт Их монгол упсад Зүчийн буюу Алтан Ордны улс захирагдахгүй биеэ тахыг санаархаж байсан тул Бат ханыг гэнэдүүлж цохих эчнээ санаа өвөрлөн 1248 оны өвөл өрнө зүгт аян хийхээр явж байхдаа Самарканд хотын хавьд гэнэт хальж, уг зорилгоо биелүүлж чадаагүй болно.

Тулуйн хатан Сорхогтань

Тулуй бол 1193 онд Их хатан Бөртэ үжингээс төрсөн Чингис хааны отгон хүү бөлгөө. Монголчуудын эртний уламжлал ёсоор «голомтын эзэн» хэмээгдэх Тулуй, зан ааш аядуу зөөлөн, сайхан сэтгэл, эрэлхэг зоригтой, цэрэг дайны эрдэмд гарамгай нэгэн ажээ. 1211 оноос Тулуй хаан эцгээ даган Алтан улс, Хорезм, Бухар, Самарканд.Тангудыг эзлэх бүх дайнд оролцож явсан байна.

XIII зууны тэргүүн хагаст Тулуйг бусад хаан хөвгүүдээс онцгойлон «Их ноён» хэмээн хүндэтгэж, түүний хувь эзэмшил - жинхэнэ суугуул монгол орныг гүрний « голын улс» гэж нэрлэх болжээ.
Тулуй хэдийгээр онцгой эрх эдлэн Монгол нутгийг өвлөн эзэмшиж, ихээхэн нэр хүндтэй нэгэн байсан ч хаан ширээний төлөө тэмцэж байсангүй. Их хаан Өгэдэй, хааны суурийг эзлэх үед «...Би ахын мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж явъя...» гэж өөрийн бүх оюун чадал, эрдэм ухаан, амь нас юугаа монголын их хаан төрд харамгүй зориулахаа илэрхийлжээ. Тулуй, түүний уудмынхан суугуул нутаг ус, төр улсаа батлан сахиж, 350 гаруй жилийн турш Мөнх хаанаас - Лигдэн хутагт хүртэл монгол улсынхаа төрийг барьж байсан түүхтэй.

Төр барьсан анхны хатан Дөргөнэ

Эзэн Богд Чингис хааны гутгаар хуу Өгэдэй /1185-1241/ хаан 1229 онд их хааны ширээнд заларчээ. Өгэдэй нь эрдэмтэн мэргэдийг шалган сонгон шалгаруулж төрийн албанд дэвшүулэн ажиллах журам тогтоож, Монголын төрийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлж, Их хуралдайг хуралдуулах дүрмийг шинэчлэн, өдгөө хүртэл уламжилсан гол зарчмуудыг үндэслэсэн монголын төрийн томоохон зүтгэлтний нэг мөн.

Өгэдэй хаан албан татварыг журамлан, албан татвар нэгдсэн хууль гарган, их гүрний харилцан нэвтрэлцэхэд дөхөм болох дөрвөн зүгт «өртөө замыг» байгуулж, говь талд худаг гарган билчээрийг усжуулахын зэрэгцээ, өнчин ядуусыг өргөн тэтгэх улсын санг байгуулан олны дунд «Өршөөл ихт Өгэдэй хаан» хэмээн алдаршжээ. Өвөг дээдсийн цэргийн эрдэм ухааныг өвлөн, цэрэг дайны урлагийг эзэмшсэн тэрээр Зүрчидийн Алтан улс, Түвд, Солонгосыг төвшитгэн тохинуулж, өрнө зүгийн хэд хэдэн орныг Монгол гүрний харъяалалд нэгтгэн нутаг дэвсгэрээ ихээд өргөтгөсөн билээ. Монголын түүх, соёлд томоохон байр эзлэх алдарт хот Хар Хорумыг өргөтгөхөөс гадна «Суурин», «Тосох» нэртэй хотуудыг цогцлон, судар бичгийн хүрээлэнг байгуулан түүх шашдир, цаг тооны бичгийг зохион гаргах болгожээ.

Гүнжийн сүм

Цагтаан цалгиж, цагаан сувданд хун шувуу шиг умбаж, шумбаж намагт гуаглах мэлхийг хүртэл шөнө унтуулахгүй байна хэмээн ад үзэгдэж, зайлуулж агсан Манж хааны эрх ямбатай хичээнгүй гүнж өнөөдөр хүйтэн чулуу дэрлэж, алсын салхины аясна амрагийн дуу аялгуулан эгшиглүүлдэг агсан алтан ганжиртай , мөнгөн хонхтой “Гүнжийн сүм” амраг сэтгэлийн мөнхийн дуулал, дэлхийн есөн гайхамшигийн нэгэн “Таж махал” –ын алдарт бунхан лугаа адил Монголын сувдан сондор болон гайхагдаж байсан ахул, өнөөдөр хур бороонд идэгдэн, хөсөрч хаяглан, хүйтэн уулын хөндийн жаварт оршино. Миний цогцсыг хятад газар бүү аваачаарай!

Үзэсгэлэн гоо Хулан хатан

XIII зууны үеийн Монголын түүхийн сурвалжид гоо үзэсгэлэн эмэгтэй хүний эрхэм нандин чанарын бэлэг тэмдэг болгон олонтоо гэмдэглэгдсэн нэгэн хүн бол Чингис хааны бага хатан Хулангоо юм. Хулгана жилийн намар/1204/ Хар талын үзүүр нэрт газар Мэргид /*/ аймгийн Тогтоабухатэй Чингис хаан байлан, Сайрь хээр хэмээх газар Мэргид аймгийн үлдэгдэл хүчийг эцэслэн дарав.
 Увас мэргэдийн тэргүүн Дайр-Усун найрамдахыг эрмэлзэж өөрийн Хулан нэрт гүнжийг Чингис хаанд хатан болгож өгчээ. Энэ тухай «Монголын нууц товчоо»-нд «Мэргид иргэнийг эзлэхэд Увас мэргэдийн тэргүүлэгч Дайр Усүн гэгч хүн «байлдах саналгүй гэж» өөрийн охин Хуланг Чингис хаанд үзүүлэхээр авчирч явтал, замд тохиолдсон монгол цэрэг

Ухаант хатан Есүй

Монголын түүхэнд хань нөхөр, хаан эзэндээ тусалсан хатад цөөнгүй байдгийн заримыг түүх сударт тэмдэглэн үлдээсэн байдаг бөгөөд тэдний нэг нь эзэн Чингисийн хайрт хатан Есүй юм.
  Есүй Татар аймгийн Их Цэрэн гэдэг хүний охин бүлгээ. 1202 оны намар Чингис хаан татарын олон аймгийг Хадан Нөмөрөг гэдэг газар хиар цохих үед Есүй олзлогдсон юм.
   <<Монголын нууц товчоо>> - ны тэмдэглэлийг үндэслэвэл Татар аймаг Чингис хаанд дийлэгдэж, бүх аймаг нь эзлэгдэсний дараа Чингис хаан Есүгэн гэдэг үзэсгэлэн гоо охиныг олзолж таалахад, тэр охин өөрийн эгч Есүйг гоо сайхан төрснийг нь Чингис хаанд айлтгаж: <<...хаан хүнд зохилдох гоо бөлгөө>> гэж магтасныг нь Чингис хаан сонсоод, хүмүүс илгээн Есүйг авчруулжээ/1/.

Энэрэлт эх Өүлэн


Есүхэй баатар /?-1170/ нь Хамаг Монголын Хабул ханы ач Бардан баатарын гуравдугаар хүү билээ. Хабул хан XII зууны тэргүүн хагаст ханчлахдаа хан ширээгээ долоон хөвгүүнийхээ нэгэнд бус Тайчууд овгийн Сэнгүн Билигийн хөвгүүн Амбагайд өгөхөөр гэрээслэжээ. Чухам яагаад Хабул хан ийм шийдвэр гаргасны учир шалтгаан судар, түүхэнд тэмдэглэгдээгүй ажээ. Амбагайн дараа Хамаг Монголын ханаар Хабулын дөрөвдөх хүү Хотула өргөмжлөгдсөн юм. Хотула хан нас барахдаа гурван хөвгүүнийхээ алинд ч залгамж халаагаа захиж үлдээсэнгүй.

Алон Гоа эх

Торголжин баяны хатан Борогчин гоогоос төрсөн хоёрдахь хүү бол Добу мэргэн (945-969) бүлгээ. Добу мэргэн болвоос Бөртэ Чинуагийн арав дахь үеийн ач, Чингис хааны арван нэгдэх үеийн дээд өвөг мөн. Тэрээр сайн харваачийн тул Добу мэргэн хэмээгджээ. Түүний ах Дува сохор хэмээгч нь холыг ойр, далдыг ил хардаг эрдэм чадалтай тул Добу мэргэн ажил үйлс өөдрөг, амьдрал ахуй тэгширсэн, овог аймгийнхаа дотор эд агуурс чинээлэг, эрх мэдэл нөлөө бүхий нэгэн болсон байна.

Добу мэргэн гурван гол Бурхан Халдун хавийн нутгийг эзэгнэн язгуур Монгол аймгийг захирч байгаад насан залуудаа тэнгэрт хальжээ. Добу мэргэн тэнгэр болсноор язгуур монголын ханы суурь Дарлигин Монголоос Нирун Монголд шилжсэн гэдэг.

Монгол хатад - Оршил

Цадиг түүхийн хүрд зуун зууныг дамнан, хэнийг ч хийгээд юуг ч үл хүлээн эргэсээр, хүмүүний үрс биднийг нэгэн мянганаар тоологдох гурван эринийг хэдийнээ хүргэжээ. Он жилээр байтугай хором эгшинээр довтолгох цаг хугацааны хаанчлал доор мандан бадрах, гундан сульдахын аль алиныг үзсэн авч үндэс угсаа, уламжлал соёл, төрт ёс юугаа хадгалан тээсээр эдүгээг хүрч ирсэн эртнээс наашхи зузаан түүхт үндэстнүүдийн нэг нь Монгол угсаатан яах аргагүй мөн билээ.

Шастир арвин Монгол угсаатны цаг цагийн оршин тогтнолд тодорхойлох оролцоотой байсны тул нэр дуурсагдан үлдсэн баатар сайн эрс олон боловч тэдний байгуулсан гавъяанаас дутахааргүй чухаг үүрэг гүйцэтгэсэн хацар гоо хатад, эмэгтэйчүүд энэ улсын түүхэнд төдүй олон төрсөн билээ. Өөрөөр хэлбэл, өс өвөрлөн ирсэн дайсны өөдөөс морьд агссан тэмцэл, хүлгийн амгай амрааж, төрийг төвхнүүлэх их үйлсийн аль аль нь халуун үнэнч хайр сэтгэл, уужим тэнүүн ухаан бодол бүхий эмэгтэйчүүдийн шууд ба дам оролцооноос ангид хэзээ ч байгаагүй юм.