Үзэсгэлэн гоо Хулан хатан

XIII зууны үеийн Монголын түүхийн сурвалжид гоо үзэсгэлэн эмэгтэй хүний эрхэм нандин чанарын бэлэг тэмдэг болгон олонтоо гэмдэглэгдсэн нэгэн хүн бол Чингис хааны бага хатан Хулангоо юм. Хулгана жилийн намар/1204/ Хар талын үзүүр нэрт газар Мэргид /*/ аймгийн Тогтоабухатэй Чингис хаан байлан, Сайрь хээр хэмээх газар Мэргид аймгийн үлдэгдэл хүчийг эцэслэн дарав.
 Увас мэргэдийн тэргүүн Дайр-Усун найрамдахыг эрмэлзэж өөрийн Хулан нэрт гүнжийг Чингис хаанд хатан болгож өгчээ. Энэ тухай «Монголын нууц товчоо»-нд «Мэргид иргэнийг эзлэхэд Увас мэргэдийн тэргүүлэгч Дайр Усүн гэгч хүн «байлдах саналгүй гэж» өөрийн охин Хуланг Чингис хаанд үзүүлэхээр авчирч явтал, замд тохиолдсон монгол цэрэг саатуулах тул Бааридай Наяа ноёнтой Дайр Усүн учирч өгүүлрүүн: «Би энэ охиноо Чингис хаанд үзүүлэхээр явж байна.» гэвэл, Наяа ноён өгүүлрүүн: « Охиныг чинь бид хамт аваачиж үзүүлье. Чи ганцаар одвол ийм самуун цагт, тохиолдсон тохиолдсон цэргүүд чамайг хорлох ба чиний охинтой самуурах тул хоёулаа хамт очьё. Чи намайг гурав хоног хүлээ» гэж ятгаж хүлээлгэв. Тэндээс Наяа ноён Дайр-Усүн хоёр, Хуланыг аваачиж Чингис хаанд хүргэв. Хуланыг Наяа ноён, гэртээ гурав хоног хүлээлгэснийг Чингис хаан сонсоод маш хилэгнэж «Чи энэ Хуланг ямар учиртай гэртээ хүлээлгэж байсан бэ?» гэж чангад тулган асууж, засаглан шийтгэх гэж байтал, Хулан өгүүлрүүн: «Надад Наяа ноёны хэлсэн нь: Би Чингис хааны их ноён билээ. Бид хамт хаанд бараалхаж очъё. Замын зуур цэргүүд самуурах болзошгүй» гэж ятгав. Хэрэв Наяа ноён учирч тусалсангүй бол бид завсрын цэрэгт баригдаж, тэдний завшаан болох бишүү. Харин энэ Наяатай учирсан минь сайн болов. Одоо энэ Наяа ноёноос асуухын оронд хаан соёрхвол, тэнгэрээс заяасан, эцэг эхээс төрүүлсэн махбоды минь шалгаж үзтүгэй» гэжээ. Бас Наяа ноён өгүүлрүүн:
«Хамаг олны эзэн
Хаан Чингис чамайг
Хайрлаж хүндлэхээс өөр
Хар санал надад үгүй.
Харь улсаас олзолсон
Хацар гоо хатад ба
Хатиртай сайн морьдыг
Хаан чиний юм гэж
Халдалгүй харж
Хавиралгүй сахидаг билээ.
Үүнээс өөр сэтгэлийг
Үнэхээр санасан буюу
Үйлдсэн зүйл байвал
Үхэхэд надад гомдолгүй» гэжээ. Чингис хаан, Хулан хатны үгийг зөвшөөрч, мөн өдөр тэр даруй сорьж үзвэл, Хулан хатны өчсөн үг бас үнэн болсон тул «Үнэн үгтэй шударга хүн байна. Их үйл хэргийг тушаая» гэж өршөөж соёрхов»/1/ хэмээн өгүүлсэн байдаг. Хулан хатан Чингис хаанд ирсэн түүх энэ болой.

     Хулан гүнж төрөлхийн цэцэн сэргэлэн, үнэхээр үзэсгэлэн гоо, тэнгэрээс заяасан, эцэг эхээс төрүүлсэн ариун нандин тул Чингис хаан түүнийг соёрхон таалжээ. Төрийн их хатан Бөртэ ч түүнийг талархан:
«Эрэг мөрөнд хун галуу олон гэнэм
Эрхийгээ чинэтэл намнахаа
Эзэн минь мэдэх буй заа
Энэ их улсад
Эмс охид олон гэнэм
Эрэн аваачихыг
Эзэн минь өөрөө мэднэм зээ... » хэмээсэн байдаг.(2) Ийнхүү Хулангоо хатан энэ үеэс их хатан Бөртэгийн удаах байрыг эзлэн суух болжээ. Чингис хаан Хулан хатандаа маш хайр халамжтай байжээ. Сайрхээрийн Харилду нэрт газар Чингис хаан тусгай орд өргөө байгуулсан ба түүнийг эрхэлж байсан нь Хулан хатан бөлгөө.(З) Энэ ордныг «Алтан товч»-д: «Солонгодын барс орд», «Юань улсын түүхэнээ: хоёрдугаар орд» гэж тус тус тэмдэглэсэн байх юм. Чингис хаан Хулан хатнаа Бөртээс дутуугүй хайрлан, эрхэмлэж байсан бөгөөд хожим нь эзнийг таалал төгсөхөд Сөнидийн** Гэлүгэтэй баатарын харууслын шүлэгт
    «.. Хувилгаанаар учирсан Хулан хатан чинь»/4/ хэмээн Бөртэ цэцэн хатны нэгэн адил түүнийг онцгойлон дурьдсан байдаг. Хулан хатан нь эзнээс Хөлөгөн нэрт хүү***, Хөлүгэ нэрт гүнж төрүүлж, Чингис хааны дэргэд байж, Баруун зүг Сартуул иргэнд дайлаар мордоход мөн дагалдан явсан гэх бөгөөд энд нас нөхөцсөн тухай зарим нэг зохиолд цухас тэмдэглэсэн байдаг.

    Манай түүхийн зарим сурвалжид Хулан хатны талаар зөрөөтэй мэдээ байдаг. Тухайлбал, ХVII-ХVIII зууны үеийн монгол сурвалжуудаар дамжин биднээ уламжлагдсан «Аргусан хуурчийн домог»-т Хулан хатныг «Солонгосын гүнж» болгож бичсэн байдаг. «Аргусан хуурчийн домог»-т үнэн түүхийн явдал ч бий, хожим нэмж зохиосон зүйл ч бас бий. «Лу Алтан товчид»:

    «..Бас суут Богд Чингис хаан наран ургах зүгийн Солонго улсад аялан очтол, Үнэгэн мөрөн үерлэж, их цэрэг саатан суув... Солонгуудын Буха Цагаан/****/ хаан Хулан нэрт охиноо өргөж .... Солонго улсад гурван жил өөрийн нутгийг мартан суув.... Аргасун хуурч ихэд хичээнгүйлэн аргадан ухуулан байж «Хотол их улсад нь эргүүлэн авчирсан тухай/5/ » өгүүлдэг нь ХV зууны сүүл үеэс ихэд дэлгэрсэн «Гэсэрийн тууж»-ийн нөлөөгөөр үүссэн домогийн нэг хувилбар бололтой.

Ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн энэ тухай тэмдэглэхдээ: «... Чингис хааны Хулан нэрт хатан нь Солонго (Гуулин) улсын гүнж бус Мэргэдийн Солон (Солон барга) удмын хүн болох юм» гэжээ. Түүхч Сагансэцэн ч «Эрдэнийн товч»-доо: «Солонгод мэргэдийн Дайр-Усуны Хулан нэрт охин» хэмээн тодруулан бичсэн байдаг нь үнэнд нийцэх зүйл юм.
    Цагийг эзэлж, бүхнийг байлдан дагуулсан их эзэн Чингисийг өвдөг дороо сөхрүүлсэн гоо үзэсгэлэн бол Хулан гоо хатан юм.

Тайлбар.

* - Мэргэд аймаг - Орхон, Сэлэнгийн савд нутаглаж байсан эртний монгол аймаг. Мэргэд аймаг дотроо Увас мэргэд, Удуйд мэргэд, Хаад мэргэд хэмээх гурван салбар тул «Гурван мэргэд» ч гэдэг.
** - Сөнид - Монгол аймгийн нэр
*** - Хөлөгөн - Чингис хааны хайртай хүү, эрэлхэг дайчин эр байж, Баруун зүгийн Сартуул иргэдийг эзлэх дайнд амь үрэгдсэн гэдэг.
**** - Буха Цагаан хаан - Гуулин улсын хаан

Ишлэл, зүүлт

1. Монголын нууц товчоон., УБ, 1990. т 163-164
2. Лу.Алтан товч., УБ, 1990, т 116-117
3. Сайшаалт «Чингис хааны товчоон», Хөх хот.,1987, т 1157
4. Лу.Алтан товч., УБ, 1990, т 145
5. Мөн тэнд, т 116-117

Эх сурвалж:
Хэрээд Ж.Урангуа, Боржигин Д.Энхцэцэг - "Монгол хатад" номноос

2 comments:

  1. Hi
    Bi huhded zoriulsan blog nesen yum6tanai blog-s medee avch bolhu.Mun blogtoo mania naiz blog gej tanai blogiig tavina

    www.babycare.miniih.com-d zochlooroi

    ReplyDelete
  2. Сайн уу Хуугий. Миний эрх чөлөөний талбарт зочилсон таньд баярлалаа. Мэдээлэл авч бололгүй яахав. Эх сурвалжаа л дурьдаарай. Амжилт хүсье.

    ReplyDelete

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.