Showing posts with label ТИТЭМ ҮГ. Show all posts
Showing posts with label ТИТЭМ ҮГ. Show all posts

ТИТЭМ ҮГ – Салхинд туугдсан хамхуул мэт амьдарч болохгүй

Эрхэм залуус аа! Салхинд туугдсан хамхуул мэт амьдарч, сайхан биеэ зөнд нь орхин, гаргуунд нь хаяж яавч болохгүй ээ. 19-р зуунд амьдарч туурвиж байсан хуульч хэмээх Сандаг найрагчийн салхинд хийссэн хамхуулын тухай шүлгийг дунд сургуульд сурч байхад бидэнд цээжлүүлдэг байж билээ.

Өрнөх амьдралаа өөрийн ухаанаар залж жолоодож чадахгүй, салан задгай явж салхинд туугдсан хамхуул шиг дэгдэн хийсч байдаг болчих вий гэж сэрэмжлүүлэн, болгоомжлуулсан багш нарын маань хүмүүжүүлэх мэргэн ухаан энэ шүлгийг бидэнд цээжлүүлдэг байж. Хуульч Сандагийн уг шүлгэнд “Нүүхийг салхи мэднэ, буухыг бут мэднэ. Энэхэн бие минь эндэгнэж дэндэгнэж л явна. Эцэст нь эрэгний мухарт хэвтэж, элс сөлөнд хутгагдаж, эрх багачуудын наадам, ишиг хурганы тоглоом болов” гэсэн мөр бий. Харамсалтай нь амьдралын тодорхой зорилгогүйгээр бор хоног, шар өдрийг өнгөрөөж “нүүхийг нь салхи мэдэж, буухыг нь бут мэдэх” мэт яваа залуус олон байна. Энэхэн бие нь эндэгнэж дэндэгнэж яваа нь бүр ч олон байна. Амьдралынх нь гал дөл нь бөхчихсөн, газар шагайж, санаа алдсан хүмүүс хаа сайгүй сүлжилдэн хөлхөлдөнө. Тэд өдөр хоногийг яая дээ л гэж нэг юм өнгөрөөнө. Амьдралынх нь цог заль, сүр сүлд нь доройтжээ. Аливаа юманд баярлана гэж байхгүй. Мөнхөд сэтгэл дундуур. Гутлынхаа хоншоорыг ширтэж, урвайж унжийн, хаана алхаж яваагаа ч сөхөөрөхгүй шахам болжээ. Гутранги үзэлд баригдан хүлэгджээ. Гэрэлт ирээдүйн тухай гэгээн мөрөөдөл, өөдрөг сэтгэл нь шавхагдсан мэт. Залуу хүн ийм байж хэрхэвч болохгүй ээ. Ийм байдлаа зугатаж болохгүй, тэрсэлдэж болохгүй тавилан мэтээр бодон төсөөлж, хувь заяатайгаа эвлэрэх нунж дорой байдлаар хандаж яавч таарахгүй ээ. Хэрэв энэ байдлаараа яваад байвал “эцэст нь эрэгний мухарт хэвтэж, элс сөлөнд хутгагдаж, эрх багачуудын наадам, ишиг хурганы тоглоом болох” хамхуулын хувь заяанаас юуны өөр байх билээ? Хамхуул хувь заяагаа салхинд даатгадагийн адилаар омголон залуу насандаа цаасан дарцаг шиг зүг чиггүй хийсч, завхарсан амьдрал дунд өөрийгөө үрэн таран хийвэл хожмын өдөр харамсаад ч барахгүй гуниг зовлон тээнэ.

ТИТЭМ ҮГ - Итгэл

Итгэл бол хүн чанарын нэг шалгуур, ёс суртахуун ёс зүйн нэн чухал хэмжүүр. Итгэл бол аугаа их хүч. Хайр сэтгэл, гэр бүл итгэл дээр оршин тогтнож батжин бэхжинэ. Хиргүй тунгалаг итгэлтэй гэр бүл хэврэг эмзэг байдаггүй ээ. Хүмүүний харилцаа, үерхэл нөхөрлөл мөн л итгэл дээр суурилна. Хүн, хүндээ хэдийчинээ гүн итгэлтэй байна үерхэл нөхөрлөл төдийчинээ бат бэх. Бие биедээ итгэнэ гэдэг хүн ёсны хамгийн ариун нандин бат холбоос билээ. Итгэл нь үл үзэгдэх мөртлөө үл тасрах сэтгэлийн учигаар хүмүүсийг гагнан холбож өгдөг юм. Итгэж болох нөхөр энэ хорвоогийн бүхнээс үнэт эрдэнэс лугаа ховор эрхэм хүн. “Бүх зүйлээ ярьж болох тэр итгэлт хүн миний нөхөр мөн”.

Ажил хэрэгч харилцаа, арилжаа наймаа бүгд харилцан итгэлцэл дээр буурь сууриа засч, буурьтай суурьтай, үр өгөөжтэй хөгжинө. Итгэл олсон найдвартай түнш ажил төрөл, амжилт ололтын чинь бат бэх тулгуур байдаг болохоор өөрөө ч тэдний итгэлийг нь хотойлгүй дааж, хос хоёр багана шиг бие биенээ түшин тогт.

ТИТЭМ ҮГ – Сайхан сэтгэлээр сайн үйл хий

Өөрийн амиа хутганы ирэн дээр аваачин байж усны аюулаас хэд хэдэн монгол хүнийг аварсан жирийн сайхан орос эрчүүлд медаль гардуулан өгсөн тэр нэгэн мөч миний санаанд тодхон үлджээ. Медалиа зүүлгээд “их баярлалаа” гэснээ “бүгдийнх нь амийг аварч чадаагүйдээ туйлаас их харамсаж байдаг юм даа” гэж халаглан хэлсэн үг нь санаанаас гардаггүй юм.

Гадаад орны төрийн медаль хүртээд баярлахаасаа илүү амийг нь аварч чадаагүй тэр хөөрхий хүний төлөөх харууслыг сэтгэлдээ тээн, харамсаж явдаг нь түүний харц, дууны өнгөнөөс ив илхэн, тов тодхон харагдаж, сонсогдож байсан. Өөрийн амиар дэнчин тавьж, үерлэн эргэлдсэн том голоос хаа хамаагүй, замд таарсан, үл таних, харийн хүмүүсийн амийг аварч, бас аварч чадаагүй хүнийхээ төлөө харамсаж явна гэдэг нь тэдний хүний мөс, хүн чанар, өндөр ёс суртахууны бодит хэмжээсийг ямар ч нэмэлт тайлбар сурталчилгаагүйгээр илэрхийлж байгаа хэрэг юм. Тэд сайхан сэтгэлээр, сайн үйл хийжээ. Хүний төлөө сэтгэл зүрхээ зориулж хийсэн буянтай үйл болгон үнэ цэнэтэй. Харин бусдын төлөө буянтай үйл хий гэж албадан шахах нь тийм ч гайхуулмаар сайн зүйл биш. Яагаад гэвэл “албадмал буянт үйл өөрийн бүх үнэ цэнийг алддаг юм”.

ТИТЭМ ҮГ – Илүү ухаанаас дутуу ухаанаа дүүргэж ав

Оюун ухаанаа хөгжүүл. Тамирчин хүн бэлтгэл дасгалыг уйгагүй махран хийж байж ур чадвар нь дээшлэн амжилтанд хүрдэгийн адилаар оюун ухааныг үргэлж зүлгэн тордож, хөгжүүлэн төгөлдөржүүлж байж чиний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, амжилт ололт санаж хүссэн хэмжээнд хүрэх болно.

Оюун ухаанаа хөгжүүлэх гурван зам байдаг тухай дорнын мэргэдийн сургаал байна. “Нэг дэхь нь сэтгэн бодох зам – энэ бол хамгаас буянтай. Хоёр дахь нь даган дууриах зам – энэ бол хамгаас хялбар. Гурав дахь нь хувийн туршлагын зам – хамгийн хэцүү нь юм”. Хүүхэд залуус та нарыг оюун ухаанаа хөгжүүлэх хамгаас буянтай зам болох сэтгэн бодох замыг түлхүү сонгоосой гэж хүсэх байна. “Оюун ухаанаа төгөлдөржүүлэхийн тулд цээжлэн тогтоохоос илүү аль болох ихээр тунгаан бодох хэрэгтэй” хэмээн их гүн ухаантан сургасан. Тунгаан боддоггүй хүн бол хүсэл тэмүүлэлгүй хүн. Их голын уснаа хөвж яваа модны зомголоос өөрцгүй. Урсгал хаашаа – зомгол тийшээ. Тунгаан боддог хүн явах замаа өөрөө сонгоно. Зам байхгүй бол замаа дархална. Тунгаан боддог хүн хүсэл мөрөөдөлтэй. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх өөрийн гэсэн ухаан бодолтой. Хүн хүссэн зүйлдээ хүрэхийн тулд ухаан заяасан. Ухаанаа ашиглаж, хүслээ биелүүл. “Ухаан муутай хүнийг бусад хүмүүс хуурч, харалган болгож, боолчилдог. Гагцхүү тунгаан бодож сэтгэдэг хүн л эрх чөлөөтэй, бие даасан байдаг”. Оюун ухаанаа зогсолтгүй, идэвхтэй ажиллуул. Ашиглаж байгаа түлхүүр л байнга гялалзаж байдгийн адилаар бодож сэтгэж, зогсоо чөлөөгүй ажиллаж байгаа оюун ухаан л эзнээ чимэн гялалзуулж байдаг юм. Зарим хүний оюун ухаан илэгдсээр нэмэр тусгүй болдог бол нэлээдийнх нь хэрэглэгдэхгүй байсаар зэвэрч мохдог. Оюун ухаанаа зөвхөн хөгжүүлэх нь хангалттай биш, түүнийг үр бүтээлтэй ашиглаж чаддаг байх хэрэгтэй.

ТИТЭМ ҮГ – Бэрхийг давж амьдар

Хүний амьдралд саад бэрхшээлгүй бүтэх зүйл гэж бараг үгүй. Аар саархан саад тотгороос аваад асар том бэрхшээл саад урагшлах замд чинь хөндөлсөнө. Саад бэрхшээлийн өмнө сөхрөлгүй давж гарч байж зорьсондоо хүрч, бодсоноо хэрэгжүүлэх зам чинь нээгдэнэ. Сөхрөлгүй давахын тулд цөхрөлгүй хичээх хэрэгтэй.

Саад бэрхшээлийг давж чадаагүй учир шалтгааны дийлэнх нь өөрөөс чинь болсон байдаг. Би мэдэхгүй, би чадахгүй, би сурахгүй, би дийлэхгүй, би ялахгүй, энэ бүтэхгүй гэх зэрэг үгнүүд дааж дийлэмгүй хүнд чулуу чиний хүзүүнээс оосорлоод уячихсан юм шиг дотор талаас чинь чангааж, хөдөлгөөнгүй болгосон байдаг. Чи мэдэхгүйг мэдэж болно. Чадахгүйг чадна гарцаагүй. Сураагүйгээ сурна. Дийлэхгүй гэж байснаа дийлж, цаана нь гарна. Хэзээ ч ялахгүй гэж байснаа хялбархан ялна. Бүтэхгүй гэж өнгөцхөн бодож байсан зүйл чинь ид шидийн юм шиг хялбархан бүтэхийг хараад өөртөө баярлана. Энэ бүгдийг хийхийн тулд чи чухам юу хийх хэрэгтэй вэ? Юуны урьд өөрийгөө ялж сурах хэрэгтэй. “Бүх ялалт өөрөө өөрийгөө ялахаас эхэлдэг” юм. Өөрийгөө ялсан өчүүхэн төдий ялалт ч чамайг үлэмж хүчтэй болгоно. Энэ үлэмж хүч чадал чиний дараа дараагийн ялалтыг чинь найдвартай баталгаажуулна. Ер нь “өөрөө өөрийгөө ялж чадсан хүнээс илүү хүчтэй ялагч байдаггүй” гэнэ. Залуус та нар агуу хүчирхэг болохыг хүсч байна уу? Чин сэтгэлээсээ хүсч, өөрийгөө ялж дийлвэл эргэлзээгүйгээр агуу их хүчирхэг болж лавтай чадна. “Хүмүүсийг мэддэг хүн хэрсүү ухаантай. Өөрийгөө мэддэг хүн боловсорч гэгээрсэн байдаг. Хүмүүсийг ялж буй хүн хүчтэй. Өөрийгөө ялж байгаа хүн агуу их хүчирхэг” гэж эртний нэгэн сэтгэгч хэлсэн байна. Өөрийгөө ялахын тулд сэтгэлийн тэнхээгээ хураан хуримтлуул. Гагцхүү сэтгэлийн тэнхээтэй хүмүүс л өөрийгөө ялна. Өөрийгөө ялахын тулд өөрийгөө бүү гол. Чадал боломжоо бүү чамла. Өөрийгөө дорд үзэж хэзээ ч болохгүй. Өөртөө итгэ. Өөрийгөө хайрлах хэрэгтэй. Чи өөрийгөө ялж чадна. Агуу хүчирхэг болно. Хичээгээд үзээрэй.

ТИТЭМ ҮГ – Чин сэтгэлээсээ талархаж сурцгаая!

Хүмүүст эелдэг сайхнаар талархаж сур. Нүдэнд нь оч гялалзаж, нүүрэнд нь хайр гэрэлтэж, сэтгэл зүрхэнд нь баярын од гийхээр чин сэтгэлээсээ таларха. Илүүдсэн бүхэн хортой. Хор хүргэдэггүй, сайхан илүүдэл ганцхан байна. “Ертөнц дээр талархлын илүүдлээс илүү сайхан илүүдэл гэж байхгүй” гэнэ.

Үр хүүхэддээ бичиг үсгийн цагаан толгой заахаас өмнө талархлын цагаан толгой нүдлүүлж эхэл. Арав хүртэл тоолж сурахтай нь хамт ачийг санах ухаанд сурга. Чин сэтгэлээсээ талархаж сурсан хүүхэд цэвдэг хүйтэн дотортон хэзээ ч болохгүй. Ачийг санах ухаанд боловсорсон хүүхэд аав ээжээ хэзээ ч гомдоохгүй. Талархал бол сэтгэлээр үйлдэх буяны, үгээр илэрхийлсэн тунгаамал мөн. Талархал өөрөө хүний соёлын хэмжүүр, боловсрол хүмүүжлийн ч хэмжүүр. Талархал илэрхийлж сураагүй хүн дээд зэргийн бүдүүлэг, арай зөөлрүүлж хэлбэл бүдүүн баргийн донгио этгээд. “Талархалгүй хүнээс илүү зэвүүн муухай юм гэж байдаг болов уу” гэж аугаа их В.Шекспир дуу алдан халагласан байдаг. Талархал илэрхийлж сураагүй бол боловсролтой гэж өөрийгөө бүү бод, хүмүүжилтэй гэж бүү сайрх. Талархлын үгсийг ёс төдий хэлэх хэрэггүй, чин сэтгэлээсээ хэл. Чин зүрхнээсээ хэлсэн талархлын ганц өгүүлбэр сэтгэлд наран, саран хамт ороод ирсэн адил гийгүүлж, магнайг тэнийлгэж, үрчлээг толийлгох мэт болгоно. Чин сэтгэлээсээ хэлээгүй талархлын үгсийг алтан гургалдай шиг аялгуулан уянгалуулан хэллээ ч алсын хаданд хашгирсан цуурай мэт сэтгэлд хоосон үлдэнэ.

ТИТЭМ ҮГ – Өөрийгөө хүндэтгэ

Өөрийгөө эрхэмлэн хүндэтгэ. Өөрийгөө эс хүндэтгэвээс өрөөл бусдын хүндэтгэлийг хүлээнэ гэж үгүй. “Өөрийгөө хүндэтгэдэг хүн л бусдын хүндлэлийг хүлээдэг” юм. Хүндэтгэл хүлээх өч төчнөөн сайн шинж чанар чамд байгаа. Тэдгээрийг хэнээс ч илүү чи өөрөө сайн мэднэ. Өөрийг чинь чамаас илүү өөр хүн мэднэ гэж юу байх билээ дээ. Хүн өөрийнхөө сайн чанаруудыг бүхнээс илүү давуу хүндлэх хэрэгтэй.Өөрийнхөө сайн чанарыг хүндлэхгүй бол түүний хоосон орон зайг доромжлол эзлэх болно. Хүндлэлийн орон зайгаа доромжлолд эзлүүлсэн хүн салж хагацашгүй сэтгэлийн зовлонг эдэлнэ. Сэтгэлийн зовлондоо шаналж яваа хүн хэзээ ч аз жаргалтай, амар тайван байж чаддаггүй. Сайн чанарууд биед нь цогцолсон хүн нэр төртэй, нэр хүндтэй. Дутагдалгүй гэх буюу дутагдал нь ил гардаггүй хүнийг биш, сайн чанарууд нь ил байдаг хүнийг бусдад хүндлэгдэх нэр төртэй эрхэм гэж үздэг билээ.