Хубилай хаан монголын төрийн төвийг хятадад шилжүүлж, улсынхаа нэрийг халж 1271 оноос «Юан улс» /Язгуурын Монгол Улс/ хэмээн нэрийдэж, шинэ нийслэл хот Дайду /их нийслэл- Хаан балгас/-ыг байгуулан, Монгол нутгаа өвөг дээсийн нутаг хэмээн хүндэтгэн нүүдлийн мал аж ахуйн орон хэвээр байлгахад ихэд анхаарч, нүүдэл суурьшлыг зохицуулах, тэдгээрийн тэнцвэрийг олох талаар ухаалаг бодлого явуулж байсан
Хубилай хааан Монгол гүрний харъяаны янз бүрийн шүтлэг бүхий улс түмнүүдийг нэгэн шашнаар нэгтгэхийг оролдон 1260 онд төвдийн Пагва ламыг урин, буддын шашны «улааны урсгалыг» төрийн шашин болгосон Хубилайн үед, арлын Японоос бусад дорно дахин бараг бүхэлдээ Монгол гүрний эрхшээлд орж, монголчуудын нэр сүр дэлхий дахинаа улам бүр цуурайтаж байсан юм. Монгол улсын төрийн төв өмнө зүгт шилжсэн боловч, Юан улсын хаан хятадын нөлөөнд орж, үндэсний өвөрмөц байдлаа алдан хятадчилагдаагүй, харин ч монгол төр ёс, заншил суртлаа хэвээр хадгалж ирсэн юм. Энэ тухай Японы эрдэмтэн Отаки: «Хубилай хааныг хятадууд хятадчилах гээд бүтээгүй юм. Хубилай хаан бол шинэ монгол хүний зөв үлгэр дууриалал, бойжиж боловсорсон монгол язгууртны төлөөлөгч мөн байв» гэж дүгнэсэн байдаг./1/
Хубилай хааны хамгийн итгэлт зөвлөгч бол түүний хатан Чимбай /?-1281/ бүлгээ. Чимбай хатныг манай сурвалж бичгүүдэд Чимбай, Чавь, Чамбуй, Чибэр гэж хэд хэдэн янзаар тэмдэглэсэн байдаг.
Чимбай бол Өэлүн хатны төрхөм Хонгирад аймгийн Анчин ноёны охин. Хубилайн хатан болоод Дорж, Мангала, Чингим, Номчон хэмээх дөрвөн хөвгүүн төрүүлсэн. Чимбай нь сэцэн сэргэлэн, ажилч хичээнгүй эмэгтэй байв. Хубилай хааны төр барих үйлст шадар туслагчийн үүрэг гүйцэтгэсэн хүн юм. Түүний эр нөхөр Хубилай нь ная илүү сүүдэр зооглож, тэр үеийн дэлхий дахины хамгийн том улсын хаан ширээнд гучин таван жил заларсан нь үнэхээрийн гайхамшигтай. Хубилай өмнө зүг дайлаар явах үед Мөнх хаан таалал төгсч, Хар Хорумыг хариуцан сууж байсан түүний дүү Аригбөх хаан суухаар санаархаж, ах Хубилайн эзгүйг далимдуулан биеэ хаан өргөмжилөхөөр завдаж, цэрэг морь элсүүлэн бэлтгэж байхыг мэдмэгц, Чимбай хатан Хубилайд нууцаар элч зарж, цаг тухайд нь мэдэгдсэний ачаар Хубилай хаан ширээнд суух ёслолыг яаралтай, завдаж ба гүйцэтгүүлж чадсан юм.
1260 онд Хубилай хаан Чимбайг дундад ордны /гол ордон/ тэргүүн хатан болгон өргөмжилөв. Тэрбээр хааны дэргэд төрийн хэрэг шийтгэхэд нь туслалцах болжээ. Хэрвээ ухаант эх Сорхогтань Хубилайн хүмүүжилд асар их нөлөө, тус хүргэсэн гэвэл, Чимбай хатан Хубилай хааны бүх насны амьдралд нь үнэнч хань, ялангуяа төр улсыг жолоодоход тун их дэм түшиг, итгэл зоригийг өгч байсан. Чимбай нь үзэсгэлэн гоо төдийгүй цэцэн сэргэлэн, өрөвч энэрэнгүй, хөдөлмөрч эмэгтэй байжээ. Энэ хатны тухай өдий төдий домог байдаг. Чимбай бол эртний Монголын гайхамшигт бүсгүйчүүдийн нэг, алдарт Өүлэн, Бөртэ үжин, Есүй нарын адил хурц ухаантай хүн байлаа.
Юан улс байгуулагдсаны анхны үед, олон жил үргэлжилсэн дайн байлдааны улмаас тариалан нилээд сүйрэлд орсон ажээ. Гэтэл хятадын тарианы газрыг мапын билчээр болгоё гэсэн санал гарч ирэхэд ухаалаг сэргэлэн Чимбай хатан энэ үйл ажиллагаа нь газар тариалангийн аж ахуйг сүйрэлд оруулж, улмаар нийгмийн зөрчлийг хурцатгана хэмээн үзэж байсан . Тиймээс ч Хубилай хаа шинэ нийслэлээ Дайду хотод байгуулсан үед цэргийн нэг ноён: «Миний захиргаан доорх олон цэргийн агт морь бэлчээрээр дутагдаж байх учир нийслэлийн орчим 500 газарт доторхи тарианы газрыг атаршуулж адууны бэлчээр болгоё» хэмээн айлтгахад, Хубилай зөвшөөрөх аяс гаргахад Чимбай түүнийг үл зөвшөөрөн, ардын тарианы газрыг булаах нь тэдний амьдрапыг хоосруулах ёс бус хэрэг хэмээн сануулсанд, Хубилай, хатны үгийг зөв хэмээн үзэж, нийслэлийн ойрхи үлэмжхэн хэмжээний газрыг адууны бэлчээр болгохыг хориглов. Чимбай Хубилайн зөвлөгч Лю Бинзүнд: «Чамайг хятад хүний дотор учир явдыг сайн тунгаадаг хүн гэдэг, таны үгийг хаан сонсдог бус уу? Яагаад өөрийн саналаа гаргахгүй буй? Анх нийслэл байгуулах тэр цагт атар газраар адуу мал бэлчээрлүүлэх ч болохгүй явдал биш. Гэтэл одоо нэгэнт ард иргэд тариа, төмс тарьж суурьшан суусан тул тэднийг хамаагүй хөөж явуулна буй!» гэж асуухад, мөнөөхөн сайд юу ч хэлж чадаагүй ажээ.Хубилай ч Чимбай хатны үгийг зөв зүйтэй гэж үзээд, дээрхи ноёны хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ. Улмаар монголын язгууртан нарыгхятад иргэдийн тарианы газрыг малын бэлчээр болгох, тариаг малаар гишгүүлэхийг чанд цаазалсан байна. Нийслэл хотын орчин тойрны газрыг тариачдад хуваан өгч тариа тариулан, тариалангийн улиралд мал адуугаа ууланд оруулж, намрын хураалтын дараа адуу малаа туун авчирч, тарианы гурс ба өвс сүрлээр нь тэжээж болно гэж зарлиг буулгав. Юан улсын эхний үед тариалангийн үйлдвэрлэл үтэр түргэн сэргэж хөгжсөн явдалд Чимбай хатны зүтгэл чармайлт нь зохих нөлөө үзүүлсэн нь илэрхий байгаа юм./2/
Чимбай хатан бол улс төрийн алсын хараатай бөгөөд бусдын санаанд оромгүй хэрэг явдлын цаад наадахыг нарийн бодолхийлдэг хүн байсан юм. Үүнийгээ тэрбээр олон талаар харуулж байлаа. Жишээлбэл: 1276 онд Юан улс Өмнөд Сүн улсыг мөхөөж, их ялалтаа тэмдэглэн бүгдээр маш их баяр болж байхад гагцхүү Чимбай хатан ганцаараа төдий их баярлаж хөөрөхгүй байв. Үүнийг нь Хубилай хаан анзаараад, ихэд гайхаж: «Өнөөдөр бид Өмнөд Сүн улсыг мөхөөж дайн байлдаан зогсоод, үүнээс хожим дэлхий дахин, энх тайван болсон учраас хүн бүхэн баяр хөөртэй байтал, хатан та юунд тэгж баярлахгүй буй?» гэж асуусанд, Чимбай: « Эртнээс нааш мянган он мандаж ирсэн төр улс гэж үгүй, хожмын ирээдүйд бидний үр ач нар ийм хэмжээнд хүрэхгүй болбоос сая зол завшаан болно» гэж учиртай сайхан хариулсан байдаг. Энэ бол Чимбай хатны нэгэн цагийн баярт толгой эргэхгүй, хожим ирээдүйнхээ төлөө санаа тавьж, яавал сая төр улсыг амар тайван эзлэн захирч, өнө удаан тогтнуулах буй гэдэг асуудлыг бодолхийлж байсан алсын харааг харуулж байгаа юм. Хубилай хаан Өмнөд Сүн улсыг мөхөөж, бүх Хятад орныг нэгтгэн захирсны дараа, Өмнөд Сүн улсын санд хадгалан хурааж байсан эд юмс, эрдэнэс бүхнийг тээж авчираад хатаддаа дэлгэж үзүүлэв. Гэтэл Чимбай хатан хапьт мөлт тойрон үзмэгцээ яваад өгөв. Үүнийг нь Хубилай хаан мэдээд доорхи хүнээ зарж, Чимбай хатнаас ямар эрдэнэсийг авах санаатай буйг асуув. Чимбай хатан: «Тэдгээр эд эрдэнэс бүхэн цөм Сүн улсын хааны эрхэмлэн хадгалж, үр хүүхдэдээ гэж үлдээн өгсөн эд юмс мөн. Гэтэл тэдний үр хүүхэд нь үхээнц дорой байсан тул хамгаалж, эдэлж чадсангүй болохоор өнөөдөр манай гэрт орсон байна. Иймийн тул юмнаас нь аваад би юу хийх вэ?» гэж хэлсэн байна./З/
Чимбай хатныг зөөлөн нинжин сэтгэлтэй хүн байсан гэдэг. Өмнөд Сүн улсыг сөнөөсний дараахан өмнөд Монгол дахь дээд нийслэл Шандуд хаан угсаа залгамжлах нялх хүүгийн хамт эзэн хаанд золгохоор ирсэн Сүн улсын хөгшин хатныг Чимбай хатан үзээд өр өвдөж нулимс асгаруулан, энэхүү мөхсөн улсын хөгшин хатанд аль чадах чинээгээр асрамж үзүүлж байсан гэдэг. /4/ Энэ нь эмэгтэй хүний энэрэнгүй зөөлөн сэтгэлээ алдаагүй байгааг харуулж байгаа хэрэг.
Чимбай хатан, хааны үр хүүхдийг сурган хүмүүжүүлэхэд их анхаарал тавьж байжээ. Нэгэн өдөр хүү Чингимийн бичгийн багш эх Чимбайтай золгоод: «Тайзы» /хаан хүү/ бурхны номыг хичээн сурч, өнөө нэгэнт тун мэргэшжээ. Одоо дахиад Кунзийн ёсыг сурах гэж байна. Энэ нь тайзийн үнэн чанарт харшлах бус уу? гэхэд, Чимбай хатан: «Би хэдийгээр гүн ордонд сууж ертөнцийн ёсыг сайн мэдэхгүй ч миний сонссоноор бол эртнээс нааш дэлхий дахиныг засахад Күнзийн ёсыг хэрэглэдэг хэмээмүй. Бурхны ёсон хэдийгээр мэргэн боловч улсыг засаж эс чадмуй. Тайзы ирээдүйд улсыг засах хүнд үүргийг гүйцэтгэх тул түүнд энэ чухал ёсыг суралцуулахгүй байж хэрхэн болох билээ» /5/хэмээн хариулжээ.
Чимбай хатан хэрэг явдлыг хэзээд нарийн тунгааж зүй зохистой шийдвэрлэдэгээрээ даяарт алдаршиж байсан юм. 1244 оны 8 сард Өгэдэй хааны хоёрдугаар хүү Годан ноёны урилгаар Түвдийн Сажийн бүлгийн тэргүүн лам Саж бандид Гунгаажалцан /6/ Мати Дувази /Лодойжалцан/ ба Чагнаа гэсэн хоёр ачаа дагуулж Түвдээс гаран 2 жил аялан явж, 1246 онд Монгол газар хүрч иржээ. Тэд Монголд бурхны шашныг дэлгэрүүлж, ном судар тавин, хаан ба ноёд язгууртнуудыг бурхны шашинд оруулсан байна. Энэ үед Мати Дувази нь бурхны ном айлдаж хүмүүст хувилгаан лам гэж алдаршжээ. 1264 онд тэрбээр Дайду нийслэлд хүрч ирсэнд, Чимбай хатан: «Мати Дувазийг хүмүүс хувилгаан лам гэдэг юм, үнэн худал алин болохыг маргааш бид шалгаж үзье, хэрвээ үнэн бол бид авшиг /*/ авъя» гэж Хубилай хаанд айлтгажээ.
Хубилай сэцэн хаан: «Хатан чиний үг үнэн боловч, тэр өчүүхэн хүүхдээс би яаж дор суух буй? Чи түүнээс асууж үз. Би ширээн дээр сууж, тэр хүүхэд доор сууж , авшиг өгөх болбоос болохгүй яах буй» гэв. Чимбай хатан, Хубилай хааны энэ үгийг дамжуулсанд, Мати Дувази: «Би хэдийгээр нас бага, цус шингэн боловч бурхан багшийн шавь мөн тул яаж хаанаас дор суух буй.» гээд Хубилай хааны саналыг хүлээж авахгүй байлаа. Үүнд Чимбай хатан: «Эдүгээ номыг номлон авшиг өгөхөд лам тавцан дээр суун, хаан доор суу» төр засгийг явуулахуйд хаан лам хоёул адил чацуу тавцан дээр суувал ямар вэ?» гэж хэлсэнд Хубилай хаан, Мати Дувази хоёул зөвшөөрсөн байна. Чимбай хатан ийнхүү асуудлыг зүй зохистой шийдвэрлэж тасалснаас Хубилай хааны төрд Мати Дувази үнэнч шударгаар зүтгэж Хубилай хаан ч нэгэн эрдэм номтой номын багшаа олж таньсан байна. Энэ Мати Дувази Монголын дээд давхаргатны дунд бурхны шашныг дэлгэрүүлэхэд тун чухал үүрэг гүйцэтгэж, эрдэм чадлаа гайхуулснаас хожим нь Хубилай Сэцэн хаан түүнд «Гурван хийд дэх номын хаан, үлэмж лам» гэсэн цол хайрлаж улсын багшаар өргөмжилснөөс тэр нь түүхэнд Пагва (1234-1280) лам гэж алдаршсан байна.
Монгол улсын төвдөч Л.Хүрэлбаатар «Долоон зууны чанад дах түүхийн хүлэгийн тоос» хэмээх өгүүлэлдээ Хубилай сэцэн, Пагва лам хоёрын тухай, тэдгээрийн харилцан бие биеэ хүндэтгэн байсан тухай сонирхолтой мэдээ баримтыг өгүүлжээ. Пагва Хубилай хааныг бичиг шастирын утгад нэвтэрч «эс мэдсэн хийгээд эс шинжилсэн нэгээхэн бээр ч үгүй» гэж сайшаан магтсан байдаг.
Пагва лам Хубилай хааны үйлс эрдмийг магтан дуулсныг Л.Хүрэлбаатар ийнхүү төвд хэлнээс орчуулжээ.
«Эрхэс газар дэлхийн усан сан, сүмбэр уул Эргэлдэх наран саран ба чандмань эрдэнэ Эзэн хаан таны өлмийн өнө урт батдаад Эгээрч таалсан хэрэг бүгд тань бүтэх болтугай»/7/
Хубилай хаан энэхүү Пагва ламаар дөрвөлжин бичгийг зохиолгосон юм. Их гүрний нэгдлийг бэхжүүлэх, үй олон түмнийг нэгтгэн захирах ноёрхолоо бататгахын тулд Монголын шинэ бичгийг тэрбээр зохиолгож улс даяар түгээмэл албан ёсны бичиг үсэгтэй болгох зорилгыг тавьсан ажээ. Чингэхдээ Пагва ламаар зохиолгох болсон нь түүний шашны нэр хүнд нөлөөтэй холбоотой. Гэвч Пагва лам хэл бичгийн мэдлэг боловсролгүй, монгол хэл ч мэдэхгүй хүн байсан учир монголчуудад тохирсон бичгийг нь зохиож чадаагүй ажээ. Дөрвөлжин бичиг гэж нэрлэгдсэн энэхүү бичгийн систем нь монголчуудын уулаас байсан үсэг бичгийн зохиолтой нийцэхгүй, үсгийн тэмдэг нь бичихэд яршигтай байсан учир монгол бичгийг орлож монголчуудын өдөр тутмын хэрэгцээний бичиг болж чадаагүй ажээ.
Чимбай хатан хэдийгээр ордонд сууж, торгон хувцас өмсөж, юмны сайныг хэрэглэж байсан боловч туйлын ажилч, арвич хямгач хүн байсан тухай бас сонин мэдээ байдаг. Жишээлбэл: Хэрэгцээгүй болсон хуучин нумын ороолт торгыг хуулан авч, утсыг нь ашиглан үжирсэн нэхийн үсийг хярган авч хивс нэхэж байсан гэнэ.
Тэр үеийн монголчууд саравчгүй малгай өмсдөг, тиймээс хурц нартай өдөр буюу цас их орсон цагт нүд гялбаж их зовдог байжээ. Нэг өдөр Хубилай аваас буцаж ирээд, өнөөдөр нүд гялбаж юу ч олж харж чадсангүй гэхийг Чимбай сонсоод тэр өдрийн шөнө хааны малгайд саравч хийж өгчээ. Хубилай маргааш нь их хатныхаа хийж өгсөн саравчтай малгайг өмсөж авлаар гарч урьдын адил их гялбахын зовлонг үзэлгүй, олз омогтой ав хийжээ. Чимбай хатандаа талархаж байсан бөгөөд үүнээс хойш бүх цэргийн малгайг саравчтай болгосон ажээ. Чимбай хатан бас нэгэн шинэ загварын дээл хийсэн гэдэг. Энэ нь дервөн оноотой, ар хормой нь урт байсан тул морь унаад явахад тун зохицсон учраас, тухайн үед энэ маягийн хувцас ихэд дэлгэрсэн гэдэг.
Үүнээс үзэхэд Чимбай хатан нь бас уран хүн байжээ. Чимбай хатан үнэнч шударга, ажилч хичээнгүй, хурц сэргэлэн оюун ухаантай нь хожим үеийн хатадад ч үлгэр дууриалал болж байжээ. Жишээлбэл: 1367 оны 6-р сар Тогоонтөмөр хааны хатны төрсөн өдрийн үеэр, хэдийгээр эл газарт тариачны бослого хөдөлгөөн гарч Юан улсын ноёрхол гуйвалзаж байсан үе байсан боловч хааны ордон дотор энд тэндээс төрсөн өдрийн баярт зориулан бэлэг сэлт хүргэлцэж их л баяр хөөртэй байв. Үүнийг Солонгуй хатан олж сонсоод: «Шизу (Хубилай хаан) хааны үеэс нааш гол ордны хатны насны баярыг бэлгэлэхэд бэлэг сэлт хүргэдэггүй байсан зуршилтай болсон байтап та нар юун ингэж бэлэг сэлт хүргэж байгаа юм? энэ явдал дээдсийн минь дүрмээс зөрчиж байгаа болохоор хүлээн авч болохгүй» гэж хэлж байжээ.
Чимбай хатан 1281 оны 2-р сард өвчнөөр таалал төгссөн ажгуу. Түүний алдар гавъяаг тэмдэглэн дурсахын тулд Юан улсын 21-р онд (1284), Хубилай хаанд эрхэм цол өргөх үед, Чимбай хатныг «маш үзэсгэлэнтэй, ёсыг нэвтэрхий ухагч хувилгаан Хуанхьоү /хатан/ хэмээн нэхэн, мөн Өлзийт Төмөр хаан сууринд суусны дараа Чимбай хатныг бас «Жао Шүнь Шон Хуан Хоү» гэж өргөмжилжээ.
Чимбай хатнаас Дорж, Мэнлэн, Чингэм, Номхон гэдэг дөрвөн хөвгүүнээс гадна Цэцэг гэдэг охин төржээ. Хубилай хаан, хүү Чингимийг тайж өргөмжлөн хаан суурийг залгамжлуулахаар тогтсон боловч өвчний улмаас нас барсан тул, түүний хүү Өлзийт 1294 онд хаан суурийг залгамжлан авсан юм.
Ишлэл зүүлт, тайлбар
1."Монгол улсын түүх» , УБ, 1999. т 209
2.Алтаншаа. Монголчуудын өчигдрийн мөр, Улаанхад., 1993, т 802
3.Ш.Нацагдорж, Хубилай сэцэн., УБ, 1998, т 54
4.Отахи Мацуво. Хубилай хаан., УБ, 1991, т 104
5.Нацагдорж Ш. Дурьдсан зохиол, т 55
6.Гунгаажалцан(1182-1251) бол XIII зууны үеийн Төвдийн ирдэмтэн бөгөөд зохиолч юм. «Сайн номлол эрдэнийн сан Субашид» гэсэн есөн бүлэг, 457 бадаг сургаалын шүлгийг зохиосон.
7.Хүрэлбаатар Л. Долоон зууны чанад дахтүүхийн хүлэгийн тоос, «Ил товчоо» сонин. 1991-1-10, №1/185/, «Илтовчоо» сонин, 4. 1997-2-1, №5/228/
*Авшиг - эрх өгөх гэсэн утгатай санскрит үг. Эрдэм өндөр, хэтэрхий мэргэн багш нар хамаг амьтанд тус үйлдэхийн үүдээс ван тавьж /авшиг өгөх/ номын хурим үйлддэг ёсыг хэлнэ. Д.Дагвадорж. Монголын шашин суртахууны тайлбар толь. УБ., 1995, т6
Эх сурвалж:
Хэрээд Ж.Урангуа, Боржигин Д.Энхцэцэг - "Монгол хатад" номноос
No comments:
Post a Comment
Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.