Ухаант хатан Есүй

Монголын түүхэнд хань нөхөр, хаан эзэндээ тусалсан хатад цөөнгүй байдгийн заримыг түүх сударт тэмдэглэн үлдээсэн байдаг бөгөөд тэдний нэг нь эзэн Чингисийн хайрт хатан Есүй юм.
  Есүй Татар аймгийн Их Цэрэн гэдэг хүний охин бүлгээ. 1202 оны намар Чингис хаан татарын олон аймгийг Хадан Нөмөрөг гэдэг газар хиар цохих үед Есүй олзлогдсон юм.
   <<Монголын нууц товчоо>> - ны тэмдэглэлийг үндэслэвэл Татар аймаг Чингис хаанд дийлэгдэж, бүх аймаг нь эзлэгдэсний дараа Чингис хаан Есүгэн гэдэг үзэсгэлэн гоо охиныг олзолж таалахад, тэр охин өөрийн эгч Есүйг гоо сайхан төрснийг нь Чингис хаанд айлтгаж: <<...хаан хүнд зохилдох гоо бөлгөө>> гэж магтасныг нь Чингис хаан сонсоод, хүмүүс илгээн Есүйг авчруулжээ/1/.
   Есүй үнэхээр үзэсгэлэн гоо сайхан хүүхэн байв. Гэтэл хүний эхнэр болсон ажээ. Чингис хаан Татар аймгийг эзэлснийхээ дараа хүн амыг нь хэрхэх тухай зөвлөн ярилцахад алтан ургийнхан:
<<Эрт цагаас нааш
Эцэг өвгөдийг минь хорлосон
Энэ муусайн татаруудыг
Эгнэгт дуусгахын тулд
Тэрэгний булд хэмжиж
Үгүй хийн устгая
Үлдсэн эхнэр хүүхдийг нь
Үүд бүрт хувааж
Үүрдийн боол болгоё>>/2/ гэж тогтсон байна.
   Тэгээд тэдгээр олон татаруудыг тэрэгний булаар хэмжиж байгаад хядан алав. Эртнээс нааш татар аймаг нь Монголтой өшөөтэй явсан бөгөөд Монголын Амбагай ханыг баривчлан Алтан улсад хүргэж алуулсан ба Чингис хааны эцэг Есүхэй баатрыг хорлон алсан ажээ. Хамаг Монголын ханлиг, Татар аймгаас өшөө авах гэж урт хугацааны турш тэмцэлдсээр ирсэн бөгөөд энэ удаа Чингис хаан эртний өсийг ийнхүү авах болжээ.
Гэтэл Есүйгийн нөхөр энэ удаагийн их залхаалтаас золоор мултран гарч Чингис хаанд олзлогдсон эхнэр Есүйгээ орхиж ядан сэм буцаж ирээд олон хүмүүсийн дунд нуугдан явж байв. Нэгэн өдөр Чингис хаан хатан эгч дүү Есүй, Есүгэн татвар хатадынхаа хамт гадаа ундаалж байтал, Есүй хатан ихэд санаа алдахад Чингис хаан хэдийнээ учрыг гадарлаж Мухулай, Боорчи хоёрыг дуудаж ирүүлээд «Та хоёр харъяат ардыг аймаг, аймгаар нь хувааж сапга. Өөрийн бус аймгийн хүнийг аймагтаа оруулж болохгүй» гэж зарлиг буулгав.
   Бүх ардыг аймаг аймгаар нь салгасны дараа нэгэн хүн ганцаар хэний ч аймагт оролгүй үлдэв. Түүний хэн болохыг асуухад Есүйн нөхөр гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Түүнийг Чингис хааны зарлигаар нүднээс далд болгосон гэдэг. Гэтэл Есүй өш санаж хорон санаа өвөрлөсөнгүй. Харин Чингис хааныг хайрлаж өршөөл хайранд нь багтан үнэнч хатны журмаар хаан эзэндээ хүчин зүтгэж, алсын аян дайнд шадар дайчин, үнэнч зөвлөгч нь болж явсан нь түүх сударт тэмдэглэгдсэн байдаг. Чингис олон Монгол овог аймгаа нэгтгэж Их Монгол Улсаа байгуулсны дараа 1219 онд Сартуулруу дайлаар мордох гэж байхад Есүй хатан төрийн чухал асуудлыг хөндөж Чингис хаанд айлтган шийдүүлснийг <<Монголын нууц товчоон>> нд дурдахдаа:
<<Хаан
Өндөр давааг давж
Өргөн мөрнийг гэтэлж
Урт аянд мордохдоо
Улс иргэнээ захирахыг
Урьтал болгож сэтгэмүй
Төрсөн бие тилбэрэх
Түмэн амьтны хуулийг
Төгс ухаандаа санаасай
Уул мэт бие чинь
Нурж одвоос
Улс орон Монголыг чинь
Хэн захирах юм бэ?
Тулгуур мэт биеийг чинь
Түйвэн одвоос
Туг их сүлдийг чинь
Хэн өргөх юм бэ?
Төрсөн дөрвөн хүүгээс чинь
Төрийг хэн барих вэ?
Хан хөвүүд дүү нар
Харц олон ард ба
Хатан бид бүгдэд
Хариу айлтгах эсэхийг
Хааны зарлиг мэдтүгэй>>/3/ гэж хэлсэн. Үүнийг сонсоод Чингис хаан : «Хатан хүн боловч Есүйн үг зөвөөс зөв! Дүү нар хөвүүд, Боорчи, Мухулай та нарын аль нь ч энэ үгийг дурдсангүй. Би өвгөдийн хойноос одохгүй мэт, өөрөө мартсан ажгуу. Үхэл надаас тойрох мэт, үнэхээр үүнийг санасангүй» гэж магтан сайшаасан зарлиг буулгаад, дөрвөн хөвүүдээ дуудаж зөвлөлдүүлж, эцэст нь гуравдугаар хүү Өгэдэйгээр хаан сууриа залгамжлуулахаар тогтжээ. Есүй хатны сануулгыг Чингис хаан хүлээн авч залгамжлагчаа тогтоосон нь түүний дараа төр хямарч хожим хэдэн хөвгүүд, төрөл садангуудын хооронд хаан ширээ булаацалдах тэмцэл гарахаас урьдчилан сэргийлж чадсан юм. Тиймээс ч Есүй хатныг Чингис хааны дараа Их Монгол улсад үүсч болох аюулыг зайлуулсан гавъяатай гэж үзэж болно.
   Есүй хатан Чингис хааныг нас барах үед түүний дэргэд сахиж асран халамжилж байсан юм. Тиймээс их хааныг нас барсны дараа их хэмжээний эд хөрөнгө, харъяат албатыг хүртсэн. Энэ нь Есүй хатны Чингис хааны их үйлсэд гавъяа зүтгэлээ үзүүлж чармайсны хариу гэж үзүүштэй. Тиймээс ч түүхэнд Ухаант хатан гэж тэмдэглэгдсэний учир үүнд орших амой.

Ишлэл, зүүлт
1.«Монголын нууцтовчоо» УБ., 1990,т 155
2.«МНТ» .,т154
З.Мөн тэнд, т 254

Эх сурвалж:
Хэрээд Ж.Урангуа, Боржигин Д.Энхцэцэг - "Монгол хатад" номноос

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.