Энэрэлт эх Өүлэн


Есүхэй баатар /?-1170/ нь Хамаг Монголын Хабул ханы ач Бардан баатарын гуравдугаар хүү билээ. Хабул хан XII зууны тэргүүн хагаст ханчлахдаа хан ширээгээ долоон хөвгүүнийхээ нэгэнд бус Тайчууд овгийн Сэнгүн Билигийн хөвгүүн Амбагайд өгөхөөр гэрээслэжээ. Чухам яагаад Хабул хан ийм шийдвэр гаргасны учир шалтгаан судар, түүхэнд тэмдэглэгдээгүй ажээ. Амбагайн дараа Хамаг Монголын ханаар Хабулын дөрөвдөх хүү Хотула өргөмжлөгдсөн юм. Хотула хан нас барахдаа гурван хөвгүүнийхээ алинд ч залгамж халаагаа захиж үлдээсэнгүй.

Хотула ханы дараа Есүхэй баатар Хамаг Монголын «хан» хэмээн албан ёсоор өргөмжлөгдөөгүй боловч тэрээр Хамаг Монгол улсын төрийг залгамжлан барьсан юм. Есүхэй баатар нь харвах намнахдаа сайн, баатар зоригтой хүн байсан тул өвөг эцэг хандаа их тоогдож байжээ. Есүхэй баатар Хамаг Монголын ханлигийн эв нэгдлийг эрхэмлэж, бусад монгол аймгуудаа нэгтгэх ажиллагаанд оролцож байв. Тэр Зүрчидийн Алтан улсын өнгөлзлөгийн эсрэг олон жил тэмцэгчдийн нэгэн байв. Иймээс Алтан улстай сүлбээтэй байсан Татар ханлигийн эрх баригч нарт хорлогдож нас баржээ. Хожим Юан улсын Хубилай хаан 1266 онд «Дээдсийн сүм» байгуулан Есүхэй баатарыг их хаан хэмээн өргөмжилсөн билээ.

Өүлэн эх бол Хонгирад аймгийн салбар болох олхонуд овгийн хүмүүн бүлгээ. Мэргэд аймгийн их Чилэдүгийн эхнэр болохоор явах зам зуур нь Есүхэй баатар ах дүү гурвуулаа очиж булаан аваад авааль эхнэрээ болгожээ.

Тэр үеийн монголчуудын дунд ураг хуримын заншилд булаалгын ураг ба гуйлгын ураг гэсэн хоёр янз байсан. Булаалгын ургийн заншил бол овгийн байгууллын үлдэгдэл юм. Энэ удаагийн булаалгад Есүхэй баатар ах Нэгүүн тайж, дүү Даридай Отчигинтайгаа оролцжээ. Бэр буулгах хүмүүс бусдаас шинэ авсан бэрээ сэргийлэхийн тулд нум сум авч явдаг байжээ. Энэхүү заншил нь яваа яваандаа манай монголчуудын нэгэн заншил болон уламжлагдаж, хүргэн, бэр буулгахаар очихдоо нум саадаг агсаж явах болсны учир даруй тийм буюу. Өүлэн бол нинжин сэтгэлтэй, цэцэн сэргэлэн хүн байжээ. Есүхэй баатар ах дүү гурвуул Өүлэнийг булаан авахаар дайран ирсэнд Их Чилэдү өөрийн ураглан авсан гоо хатнаас салж ядан байхад нь Өүлэн: «Саяын тэр гурван хүний санаа юу болж байхыг мэдэв үү? Тэдний царай тун муухай байна. Халдвал аминд чинь хор хүргэж мэднэ. Эр хүн амьд мэнд үлдвэл эхнэр бүсгүй мундахгүй олдоно. Мухлаг тутам охид бий. Тэрэг тутамд хатад бий. Хэрвээ намайг санах аваас дахин авах гэргийгээ миний нэрээр нэрлэж яв, Одоо амьд мэнд гарахыг хичээн миний үнэрийг үнсэж яваарай» гээд өмсч явсан цамцаа тайлж Их Чилэдүд өгчээ.

Овгийн байгууллын үлдэгдэл болсон булаалгын ургийн улмаас овог аймгууд хоорондоо муудалцан тэмцэлдэж, өшөө хорсол зангидах ба цаашилбал тэмцэлдэн дайтах байдалд ч хүрч байжээ. Өүлэн дээрх хэдэн үгээр иймэрхүү аюул түгшүүрт байдлаас хэлтрүүлж Их Чилэдүүгийнхээ амийг аварсан төдийгүй мэргэд, монгол хоёр аймгийн цусан өшөө зангидахыг зайлуулж өөрийн хурц сэргэлэн арга ухаанаа анх харуулсан юм.

Өүлэн Есүхэй баатрын авааль гэргий болж суусны дараа хар морин жил /1162/ Есүхэй баатрын аймаг Онон мөрний дэргэд Дэлүүн болдог гэдэг газар нутаглаж байхад зуны тэргүүн сарын нэгэн өдөр (нар хиртсэн өдөр байжээ) Есүхэй эртний дайсан болох татар аймгийг дарж татарын түрүү Тэмүжин Үгэ гэдэг хүнийг барьж ирсэн ялалтын баярын үед ууган хөвүүн нь мэндэлсэн ажээ. Тэгэхэд Есүхэй баатар ялалтын дурсгал болгож ууган хүүдээ Тэмүжин гэдэг нэр өгсөн ажээ. Үүний дараа 3 хөвүүн, 1 охин төрсөн бөгөөд Хасар Тэмүжинээс хоёр дүү хөх бичин жил (1164)-д, Хачиун Тэмүжинээс 4 дүү (1166), Тэмүгэ Отчигин 6 дүү(1168), ганц охин дүү Тэмүлэн Тэмүжингээс 7 дүү 1169 онд төржээ.

1170 онд Есүхэй баатар 9 настай байсан Тэмүжин хөвгүүнийг дагуулж Өүлэн эхийн төрхөм Олхонуд аймгаас бэр гуйж, сүй тавих санаатай явж байгаад замдаа хонгирад аймгийн Дай сэцэнтэй тааралдаж, түүний бага охин Бөртийг нь хүүдээ гуйж, монголчуудын ураг барилдах заншлын дагуу Тэмүжинг Дай сэцнийд үлдээж, Есүхэй баатар буцах замдаа татаруудад хорлогдон нас баржээ.

Хотула хан (Есүхэйн авга) нас барсны дараа Есүхэй баатар Хамаг Монголын олон аймгуудыг өөрийн харъяанд бөөгнөрүүлэн захирч Онон мөрний эх дагуух хүчирхэг их язгууртны нэг болсон юм. Гэтэл Есүхэй баатрыг нас барснаас хойш 10-аад жилийн хооронд тэдний аж амьдралд эрс өөрчлөлт гарч харъяат ард иргэд, аймгийнхандаа төдийгүй, ураг төрлийнхөндөө хүртэл гадуурхагдан хаягдаж, өстөн дайсны дайралт довтолгоонд удаа дараа өртөгдөх болжээ. Энэ хооронд гарсан хэрэг явдлууд нь тухай үеийн нийгэмд сод мэргэн, арга ухаантай, хүчирхэг, сүр хүч ихтэй гарамгай удирдагч хичнээн хүнд үүргийг хүлээж байсныг илт харуулж өгдөг юм. Өөрөөр хэлбэл төр улс захиргаагүй болж, ханы ор эзгүйрэхийн аюул ийм бөлгөө.

1171 оны хавар, дээдсийн тахилгад Өүлэн эх хожимдож очсонд Амбагай ханы хатан Орбай, Сохатай хоёр тахилгын идээний хувь өгсөнгүй. Үүнд : «Өүлэн эх Есүхэйг үхэв гэж, хөвүүнийг минь балчир гэж, дээдсийн тахилгын хишгээс юунд хожимдуулав? Яагаад нүд үзсээр үл өгөх, нүүхдээ үл хэлэх болов та» гэж асуувал хоёр хатан :
«Урьж чамд өгөх ёсгүй
Учирваас чи идэх ёстой
Хүргэж чамд өгөх ёсгүй
Хүртвээс чи идэх ёстой».. гэж харгалдав.

Сурвалж бичигт ийнхүү өгүүлсэн байдаг. Ингэж харгалдсны дараахан тайчууд:
«цээлийн ус ширгэв
цэгээн чулуу хагарав» гээд Есүхэй баатрын харъяат ардыг дагуулж Хамаг Монголын бутралын эхийг тавьж, Өүлэн эх болон түүний хөвүүдийг нутаг бууцанд нь орхиж Онон мөрөн өөд нүүн явжээ. Тайчуудын салж явсан явдал бол өнгөн дээрээ Өүлэн эх болон Амбагай хааны хатан хоёрын мөргөлдөж зөрчилдсөнөөс үүсчээ гэмээр боловч үнэндээ Амбагайн удмын хан суурийг сэргээж, Хабул ханаас хан суурь булаах гэсэн явуулга юм гэдгийг Өүлэн эх тодорхой ойлгож байжээ.

Тиймээс ч Өүлэн эх өөрийн биеэр есөн хөлт тугаа барин очоод өөрийн харъяат ардынхаа нэг хэсгийг буцаан авчирсан юм. Тайчуудын дараа олон овгийн толгойлогчид ч өөрийн харъяат ардаа авч Өүлэн эх нараас зайлж явав. Эцэстээ харъяат ард нь мөн л өнчин өрөөсөн Өүлэн эх нарыг хар бууцанд нь хаяж салж явахдаа, тэдний мал, унаа, үхэр, адууг нь хүртэл цөмийг нь хамж аваачсан ажээ. Тайчууд нарын урван гарсан явдалд улс төрийн ов явуулга нуугдаж байна хэмээн Өүлэн эх үзсэн нь хожмын үйл явдлуудаар нотлогдсон байдаг. «Цээлийн ус ширгэж, цэгээн чулуу хагарав» гэж хэлсэн нь Есүхэй баатар тэнгэрт хальж, гол тулгуур хүч үгүй болсныг хэлжээ.

«Нүүхдээ үл хэлэх болов» хэмээн Өүлэн эхийн хэлсэн нь ч тайчууд өөрийнхөө тугийг босгох гэж байгааг нь илчилсэн үг бололтой. Дээрхи учир шалтгааныг батлах өөр нэг баримт бол, тайчууд аймгийнхан «хурганы үс гуужив, төлөгний үс төлжив» / Өүлүний хөвгүүн тэнхрэв/ гээд довтолж ирсэн явдал болно. Чингэхдээ: «Тэмүжин ахаа гаргаж өг, бусад чинь хэрэггүй» гэж байснаас үзэхэд «нүүрэндээ гэрэлтэй, нүдэндээ галтай, төрөлхийн эрэлхэг баатарлаг, ухаан сэргэлэн, зориг ихтэй » энэ хүүгээс тайчууд алсдаа өөрсдийн аюул болуужин хэмээн сүрдэн байсныг илтгэнэ. Мөн Сорхон Шарын хэлсэн «Тэмүжин чи ийм аргатай бөгөөд нүдэндээ галтай, нүүрэндээ гэрэлтэй хүн тул тайчууд ийнхүү атаархах ажгуу.» гэж байсан нь дээрхийг давхар нотолж байна.Тэгээд Сорхон Шар хүүтэйгээ Тэмүжинг тайчуудын олзлон хорьсноос авран чөлөөлж гаргасан билээ.

Есүхэй баатрыг нас барахад түүний гэрээс ёсоор өнчин бэлбэсэн Өүлэн эх нарыг асран харгалзах үүргийг хүлээсэн Мүнлиг хүртэл Жадран аймгийн Жамуха цэцнийг дагаж одсон. Зарц боолууд нь хүртэл салж явснаас Өүлэн болон хэдэн хүүхдийн амьдрал өдрөөс өдөрт бэрх болж байв. Хань болж байсан хүмүүс гэвэл Есүхэй баатрын хоёрдахь хатан Сочигил ба түүний хөвүүд Бэгтэр, Бэлгүтэй нар бөгөөд мөн хоёр зарц, цөөн тооны мал үлдсэн байжээ. Байдал тунчиг хүнд байсан боловч Өүлэн эхийн зориг хатуужил шантраагүй юм.
Өүлэн эхийн хатуу хүтүү амьдралтай хэрхэн тэмцэж, өнчин өрөөсөн үр хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлж өсгөж байсан, түүний эрс хатуу зориг, ажилч хөдөлмөрч зан чанар, ариун гэгээн эхийн хайр энэ бүхнийг Монголын Нууц Товчоонд дүрслэн өгүүлэхдээ:

«Оюунтай төрсөн Өүлэн эх
Оёдолт дээлийг огшуулан өмсөж
Огтор хормойг шуун бүслэж
Онон мөрнийг өгсөж уруудаж
Олирс мойлыг түүж явж
Өчүүхэн хөвүүдээ хайрлан тэжээж
Өдөр шөнийг аргацаан өнгөрүүлэв.
Чадаптай төрсөн үжин /хатан/ эх
Царсан шорыг барин явж
Цавчим газрыг өгсөж уруудаж
Сөдөн хичгэний үндсийг малтаж
Шөнө өдрийг хатамжин өнгөрүүлж
Суут хөвүүдээ тэжээн өсгөв.
Хатан төрсөн үжин эх
Хайлаасан шор барин явж
Халдун уулыг өгсөн уруудаж
Хавийн мангирыг малтан түүж
Хаад хөвүүдээ хайрлан тэжээж
Ханатал цадтал идүүлж өсгөв
Гоо төрсөн Өүлэн эх
Гох дэгээ барин явж
Гол замыг өгсөж уруудаж
Гогод мангирыг түүн явж
Хутагтан хөвүүдээ тэжээж өсгөв»

Ийнхүү Өүлэн эх өнчин хэдэн хүүхдээ тэжээн тэтгэж гэдэс цатгалан, мөр бүтэн явуулж, байнга сурган хүмүүжүүлж байжээ. Тэр юуны урьд хүүхдүүдээ өвөг дээд Хабул хан, Хотул хан ба эцэг Есүхэй баатрын дайчин зоригоор үлгэр дууриалал болгож өөрийн ураг угсааны эртний дайсан Алтан улс, татар аймаг, өстөн тайчуудаас өшөө хорслоо хариулан авахыг яасан ч мартаж болохгүй гэж сургаж явсан юм. Мөн эртний Алан Гоа зхийн сургаал ёсоор эв найртай явахыг сургадаг байлаа. 1173 онд загас болжмор булаадсанаас болжТэмүжин Хасар ХОЁР эцэг нэгт, эх өөр дүү Бэгтэрээ харваж алав. Үүнд нь Өүлэн эх маш их хилэгнэн өгүүлсэн нь:

«Ханиа барагсад
Ижлээ идэгсэд
Хапуун хэвлийгээс гарахдаа
Хар нөж атган төрсөн билээ
Хавиргаа хазах
Хар нохой мэт
Хаданд довтлох
Харцага шонхор мэт
Амьдыг залгих
Аюулт мангас мэт
Сүүдрээ довтлох
Сүрхий араатан мэт
Цугийг залгих
Цурхай загас мэт
Ботго тормын
Борвийг хазах
Өл буур мэт
Бороот өдөр
Довтлон халдах
Өлөн чоно мэт
Нялх үрээ гилэн /хөөн/ ядаж
Нядлан идэх Нүгэлт ангир мэт
Балмад амьтад буюу
Сүүдрээс өөр нөхөргүй
Сүүлнээс өөр ташуургүй байхад Тайчууд нарын хөнөөлийг хүлээж, өшөөгөө хэн яаж авах вэ? гэж байхад та нар юунд ийм хэрэг хийв?» гэж эртний үгийг иш татаж, өвөгдийн үгийг үндэс болгож хөвүүдээ ихэд буруушаан зэмлэв. Эхийн энэхүү зэмлэлээс балчир Тэмүжин Алтан улс зэргээс өвөг дээдсийнхээ цусан өшөөг авъяа гэвэл, өөрөө хүчирхэг больё гэвэл анд найз олж, нөхөр ханийн хүчинд түшиглэх хэрэгтэй гэдгийг ойлгон мэдсэн болов уу?

Тэмүжин боолчууд, чөлөөт ард, жич бусад хүмүүсийн дундаас нөхөр ханийг бэдрэн олж, эв найрамдал, үнэнч шударгыг эрхэмлэх зан чанарыг өөртөө бий болгож авав. Энэ бүхэн нь эсгий туургатныг нэгтгэх их үйлсэд нь илэрч байсан юм.

Ажилч хөдөлмөрч, өршөөлт энэрэнгүй Өүлэн эх өөрийн өнчин хэдэн хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлээд зогсоогүй, өөр бусдын өнчин өрөөснийг ч туслан дэмжиж, өөрийн хүүхдүүдээс доргүй авч явав. Тэмүжин олон монгол аймгуудыг нэгтгэх явц дундаа ван хан, Жамуха нартай нийлж Удуйд мэргэд аймгийг даран сөнөөгөөд, тэдний нутаг дээрээс нүдэндээ гэрэлтэй, нүүрэндээ цогтой, булган арьсан малгай, булган арьсан гутал, булган арьсан нэхий дээл өмссөн 5 настай хүү Хүчүлүг олзлов.

Мөн тайчуудын нутгаар довтлон явж байхдаа Бэсүүдийн нутаг дээрээс нэгэн хөвүүнийг олсон нь Хөхчү гэдэг нэртэй байлаа. Татаруудын хорио бэхлэлтийг эвдэн дайрахад /1196/ нэгэн хамартаа алтан гархи хийж, булган дотортой торгон элгэвч өмссөн хүүг олзолсонд Өүлэн эхэд өгч эрдэм сайт хүний удам байх гэж Шихихутаг хэмээх нэрлэжээ.
Жүрхин аймагтай Хэрлэнгийн хөдөө арлын Долоон цог гэдэг газар Тэмүжинг байлдан явахад Борохул нэртэй хөвүүнийг олж авчээ. Эдгээр олж авсан 4 хөвүүнийг Өүлэн эх үрчлэн тэжээж, өөрийн үр хүүхдүүдтэйгээ адил үзэж «Хөдөөнөөс олж
Хөлдөө бүүвэйлж
Хүмүүжүүлэн тэжээж
Хүзүүнээс нь татаж
Хүний зэрэгтэй болгож
Эгэмнээс нь татаж
Эрийн зэрэгт оруүлж
Өөрийн хүүхдүүдийн
Үнэнч нөхөд нь болгон
өдер үзэх нүд, шөнө сонсох чих» болгоё гэж өсгөн тэжээсэн байна. Энэ явдал нь Өүлэн эхийн улс төрийн алсын хараат нэгэн болохыг харуулж

«...Зарчимтай төрсөн Өүлэн эхийн
Цатгас төмсөөр тэжээсэн хөвүүд
Засагт сайд болж өсөж
Гоо төрсөн Өүлэн эхийн
Гогод мангираар тэжээсэн хөвүүд
Хутагтан сайд болж өссөнөөр барахгүй» энэ үрчилж өсгөсөн 4 хөвүүд нь Тэмүжиний бүх Монгол аймгийг хураан нэгтгэх аугаа их үйлсэд үнэнч найдвартай анд, өрлөг баатар жанжин, ухаант мэргэн сайд нь болсон юм. Тухайлбал: Шихихутаг хожим нь «бүх улсын доторх хулгайг цээрлүүлж, худлыг мөхөөж, үхүүлэх ёстойг үхүүлж, яллах ёстойг яллаж» явсан дээд заргач, хуульчийн тушаалыг хүлээж, Борохул нь Чингис хааны «4 хүлэг»-ийнх нь нэг болов. Өүлэн эх тэнгэрлэг хөвүүн Тэмүжиний Хамаг Монголын тархай бутархай олон аймгийг нэгтгэн захирах аугаа их үйлсэд бүх хүчээрээ зүтгэсэн. Эмэгтэй хүний гол гавъяа эх хүн гэдэгтээ:

«Эх үжиний тэжээсэн хөвүүд
эрс сайд болон өсөж,
Эрх омог төгөлдөр болж» хэмээн эрэлхэг эоригтой, ухаалаг, тэсвэр хатуужилтай эрсийг өсгөн хүмүүжүүлсэн эх хүнийг магтан дуурсгаж байлаа.
Чингис хааны байр суурь батжин байсан үед ч Өүлэн эх:

«Хортон дайсныг цөөхөн гэж
Хорт могойг нарийн гэж бүү бод
Итгэлгүй хүмүүсийг хичээх хэрэгтэй» гэж Чингис хаанд сэргэмжлүүлсний ачаар Жүрхин аймгийн Сача Гюхи, Тайчид нарын хорон санаа өвөрлөн ирснийг Чингис олж мэдэн тэдний мэхэнд оролгүй өнгөрсөн байдаг. МНТ-д өгүүлсэнчлэн:

«Одот тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгүй
Олзлон булаалдаж байлаа
Хөрст дэлхий хөрвөж
Хөвчин уулс хямралдаж
Хөнжилдөө унтах завгүй
Хөнөөлдөн тэмцэлдэж байв» гэсэн тийм цаг үед, мөн цаашилбал харийн дайсанд эзлэгдэх аюул нүүрилсэн үед нийгмийн шаардлагаар товойн гарч ирэх тэр түүхт бие хүн шаардагдаж байсан үед «аугаа их хүн» тэнгэрлэг хөвүүн Тэмүжинг өсгөж хүмүүжүүлсэн нь Өүлэн эхийн гавъяа зүтгэлийн нэг гэж үзүүштэй.

Тэмүжин хаан ширээнд сууж Их Монгол улсын Чингис хаанаар өргөмжлөгдсний дараа Мүнлиг эцгийн 7 хөвүүний нэг болох Хөхчүг бөө мөргөлийн ерөнхий захирагч - Тэв тэнгэрээр өргөмжлөв. Хамаг Монголын ханлигийг хураан нэгтгэхэд Хөхчүгийн хүчин зүтгэлийг Чингис үнэлэн түүнийг ийнхүү өргөмжилсөн юм. Гэтэл тэрбээр итгэл найдварыг нь хөсөрдүүлж, эрх мэдэлд шунан, Чингисийн өмөг түшиг болсон хүмүүсийн эсрэг үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнд юуны түрүүнд Хавт Хасар өртөн , Чингис Хасарыг баривчлахад үүнийг сонссон Өүлэн эх сүйх тэргэнд цагаан тэмээ хөллөж шалавлан хүрч очоод Хасарын хүлээсийг тайлж хоёр хөхөө гаргаж Чингис хаанд:

«Үүнийг харж байна уу?
Хөхсөн хөх чинь энэ байна.
Хавиргаа хадран хазагсад
Хүйгээ хүчирхэн таслагчид! Хасар яав? Тэмүжин энэ нэгэн хөхний сүүг хөхөж барах билээ. Хачиун Отчигин хоёулаа нэгэн хөхний сүүг хөхөж үл барах билээ. Хасар бол хоёр хөхний минь сүүг дуустал хөхөж, цээжийг минь уужим болгож амирлуулдаг байсан билээ.Тиймээс

Тэмүжин цээжиндээ эрдэмтэй
Хасар хав хүчтэй тул
Хатгалдаж зайлсныг
Харвах сумны хүчээр
Хамж авчирдаг билээ.
Огшиж дутаагсдыг
Онох сумын хүчээр
Орвуулан авчирдаг билээ
Одоо дайсныг дарав гэж Хасарыг үзэн ядаж байна уу?» гэж хилэгнэн буруушааж зэмлэсэн байна. Өүлэн Эхийн уур тайтгарсны дараа Чингис хаан : «эхийг хилэгнэсэнд би айхыг ихээр айж, ичихийн ихээр ичив. Бид одоо ингэхээ больё» гэв. Энэ үйл явдлын дараа тун удалгүй Өүлэн эх өвчнөөр өөд болжээ.

Элбэрэлт эх Өүлэнийг Чингис хааны дайсан Жамуха цэцэн хүртэл дайнд ялагдаж үхэхээсээ өмнө өөрийн алдаа оноог тоочин өгүүлэхдээ:

«Сэргэлэн анд Тэмүжин чамд
Цэцэн эх заяажээ.
Эрэлхэг баатар андад
Эрдэмтэн дүү нар төржээ.» Энэ нь Өүлэн эхийн алдар гавьяаг давхар нотолсон явдал болой.

Ишлэл зүүлт, тайлбар

1. Амбагай /1101-1137/ хан бол Чингисийн 6- р үеийн өвөг. Сэнгүмбилгийн ганц хүү. Тайчууд овгийн дээд юм. Хамаг Монголын хан байсан Хабулын төрлийн дүү. Хабул хан 7 хөвгүүнтэй байтлаа хаан ороо Амбагайд гэрээслэсэн учир Амбагай хан нэгэн үе Хамаг Монголыг захирч байв

2.Алтан улс бол 1115 онд байгуулагдсан Зүрчид угсааны улс юм. Энэ нь эртнээс Монгол улстай дайсагналцаж, Амбагай ханыг модон илжгинд хадаж алсан. Хэдэн үеийн монголын хаад өшөө авахаар оролдсон боловч чадаагүй. Ийм учраас өнийн дайсан Алтан улс гэсэн байдаг. 1234 онд Өгэдэй хаан Алтан улсыг бүр мөсөн мөхөөж эзлэн дагуулсан билээ.

Эх сурвалж:
Хэрээд Ж.Урангуа, Боржигин Д.Энхцэцэг - "Монгол хатад" номноос

1 comment:

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.