Вансэмбэрүү цэцэг

Вансэмбэрүү нь ихэвчлэн 3000 метрээс өндөрт уулын таг царман дундах хад асганд хосоороо ургадаг, 15 см-ээс 1 метр хүртлэх өндөр, бүдүүн иштэй, захаараа олон хурц шүдлэгтэй, гонзгойвтор навч нь шилбээ дагасан далавч үүсгэсэн дэлбэгэр том цагаан дэлбээтэй цоморлигийн голдоо балчир хүүхдийн зулай адил зөөлөн бүлээн хүрэн толгойтой цэцэг. Цэцгийн голч 10-15 см. Найрлагандаа алкалиод, флавонойд, сапонин, кутарин, зүрхний глюкозидтай. Монголд нөмрөгт банздоо, байгалийн банздо, дорогстайн банздоо гэсэн гурван зүйлийн Вансэмбэрүү байдаг аж. Манай орны Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар маш ховорхон тархан ургадаг. Энэ ургамалд эр, эм бэлэг хамтдаа байрладаг, хос бэлэгтэй нэг гэрт ургамал. Үрээр үржихдээ муу. Өөр хоорондоо 10-20 метрийн зайтай ургах бөгөөд үүний нууц нь өнөөг хүртэл тайлагдаагүй байна.
Вансэмбэрүүг монголчууд эртнээс тэнгэрийн задын цэцэг хэмээн сүслэн шүтэж ирсэн бөгөөд энэ нь банздоогийн /Saussurea Involucrata/ ангилалд багтана. Эрж хайсан бүрт эс олдох бөгөөд үзэгдэх хүндээ үзэгдэнэ гэх яриа бий. Атганд багтахгүй бүдүүн ногоон иштэй бөгөөд үндэснээсээ эхлээд ишээ дагаад уртсаж ургасан гонзгойвтор өргөслөг хүрээтэй шүүслэг нойтон навчтай. Эрт цагаас оточ маарамбууд эмийн цэцгийн cop болгон тунгаар хэмжин өвчин эмгэгт шаналагсдыг эмнэн, тэнхрүүлэн тэтгэж ирсэн байдаг. Чухам энэ зорилгоор вансэмбэрүүг нилээд түүдэг байсан бөгөөд энэ ургамлын тухай орчин үеийн анагаах ухаанд төдийлэн судлагдаагүй байна. Хэдий тийм боловч дорно дахины анагаах ухаанд амьсгалын замын өвчнийг анагаахад хэрэглэдэг.

Одоо үед хүмүүс бидний буруутай үйл ажиллагааны үр дагавраас энэ ургамлын нөөц эрс ховордон бүр мөсөн устаж үгүй болох аюулд хүрээд байна. Вансэмбэрүүг байгалиас авахдаа цэцэг ургасан газарт майхан бариад лусыг аргадан, идээ өргөж, тэнгэрт үзүүлэлгүй эх газрын хүйснээс салгадаг гэдэг. Ийн авсан ургамлаа хатааж хорт хавдар, уушигны өвчин болон ханиад томуу эмнэх эм бэлтгэхэд хэрэглэнэ.Вансэмбэрүү нь Монгол Улсын улаан номонд орсон цэцэг бөгөөд үрийг гадаадад худалдах, гаргахыг 1974 онд олон улсын конвенциор хоригложээ.

Б.Явуухулан "Вансэмбэрүү цэцэг"

Аглагхан ойн зах сийрээд
Орой нь халзрах уулын тагт
Ариухан горхины эх шургаад
Авиа нь тасрах асганы шилд
Төөлөөд үзвэл бие чацуу
Тоолоод үзвэс нас чацуу
Үзэсгэлэнт хоёр вансэмбэрүү
Үүд хоймрын зайтай ургажээ
Үр тоосоо хүртдэг хэрнээ
Үдшийн бүрийгээр бараагаа алдаж
Үүд хойморын зайтай хэрнээ
Үүрийн туяанаар биесээ үзэж
Илбийн юм шиг хосгүй сонин
Ихэр ботго шиг хорвоод ховор
Сэрүүн хангайн хоёр цэцэг
Сэтгэл бахдам гоёмсог ургажээ
Торомгор хөөрхөн хоёр ботго
Тоглож нэгийгээ хөөж явах шиг
Тоорцог өмссөн хоёр хүүхэд
Тойрон бүжиг хийж байх шиг
Үзэх бүрий өөр үзэгдэж
Үүлгүй тэнгэр дээр нь цэлийх юм
Харах бүрий сонин харагдаж
Хавь орчим нь нам гүм байх юм
Дэгдэж ирсэн хээрийн салхи ч
Дэргэд нь ирээд намддаг болов уу
Хангайн дэгжин буга согоо ч
Хажууд нь гайхан зогсдог болов уу?
Уранхан цоморлигийг нь илээд үзвэл
Унаганы уруул шиг зөөлхөн байлаа
Хүрэнхэн тэргүүнд нь хүрээд үзвэл
Хүүгийн минь зулай шиг бүлээхэн байлаа
Өвөг дээдэс минь энэ цэцгийг
Өнө эртэд олсон гэнэм
Алжаасан бие эдгээдэг чадлыг нь
Аль хэзээнээс мэдсэн гэнэм
Тэгээд энэ вансэмбэрүүг
Тэнгэрийн цэцэг гэж нэрлэсэн гэнэм
Ахар бодолтон сүйтгэчих вий гэж
Айлгах домог зохиосон гэнэм
Үүлэн нүүдэл өехийгөө зүсдэг
Үзүүрт модон ургаагүй хярд
Зуны бороо мөндрөөрөө унадаг
Зуурам хөлдүү хангайн царманд
Хосоор ургадаг вансэмбэрүү
Хорвоогийн нэгэн гайхамшиг байна
Хорвоогийн амьдрал хөлдүү царманд
Хосын хүчинд амилдаг байна!

5 comments:

  1. 10-20 metriin zaid urgadag ni unen yumu ? zuragnaas harahnee bur oirch baih yum

    ReplyDelete
  2. Өөр хоорондоо 10-20 метрийн зайтай ургана гэж ойлгох хэрэгтэй.

    ReplyDelete
  3. СонирхогчJune 3, 2012 at 2:17 PM

    Saussuria Involucrata биш Saussurea involucrata гэдэг юм шүү дээ. Мэдэхгүй юм байж, буруу бичээд.

    ReplyDelete
    Replies
    1. зөв л бичсэн байшд юг нь хараад байгаан

      Delete
  4. хос 2 цэцэгнээс 10-20 митерийн зайд ахиад хос 2 цэцэг байдаг юм биш үү

    ReplyDelete

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.