Гүнжийн сүм

Цагтаан цалгиж, цагаан сувданд хун шувуу шиг умбаж, шумбаж намагт гуаглах мэлхийг хүртэл шөнө унтуулахгүй байна хэмээн ад үзэгдэж, зайлуулж агсан Манж хааны эрх ямбатай хичээнгүй гүнж өнөөдөр хүйтэн чулуу дэрлэж, алсын салхины аясна амрагийн дуу аялгуулан эгшиглүүлдэг агсан алтан ганжиртай , мөнгөн хонхтой “Гүнжийн сүм” амраг сэтгэлийн мөнхийн дуулал, дэлхийн есөн гайхамшигийн нэгэн “Таж махал” –ын алдарт бунхан лугаа адил Монголын сувдан сондор болон гайхагдаж байсан ахул, өнөөдөр хур бороонд идэгдэн, хөсөрч хаяглан, хүйтэн уулын хөндийн жаварт оршино. Миний цогцсыг хятад газар бүү аваачаарай! Би Монгол хүний эхнэр учир монгол хүн болжээ. Иймийн тул намайг монгол газар нутаглуулаарай! гэж гэрээсэлсэн юм гэдэг. Чингээд гүнжийн цогцсыг алтан доторх цагаан авсанд хийж,алтан мөнгөн хүний дүрс, таван хошуу малын сийлбэрт эрдэний чулуу, бүхэл бүтэн сувдан цамц хүртэл өмсгөж, түүний эдлэж хэрэглэж байсан үнэт эдлэл, эд баялаг, гоёл чимэглэлийг хийж нутаглуулжээ.

Монголын Довдондорж ноён өөрийн талийгаач хатан Манжийн Энх Амгалан хуандийн зургадугаар охин Хичээнгүй амарлингуй гүнжид зориулан бариулсан Гүнжийн сүм Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Туул голын баруун гарын томоохон цутгалын нэг Баруун Баян голын эх Хөх чулууны голын эх Сүмийн гурван Эрээний наран ургах зүүн өмнө зүг харсан хажуугийн бэлд Улаанбаатар хотоос зүүн хойт зүгт шулуунаар 70- аад км зайд умард өргөргийн 480 101 40”, дорнод уртрагийн 1070 331 00” солиболцолд оршино. Уг сүмийн хэрэмний өндөр 2,5 м, зузаан нь 0,3 м, өргөн урт нь хааш хаашаа ижилхэн 70 м тэг дөрвөлжин юм. Сүмийн өмнөх боржин чулуун мэлхий дээр байрлуулсан хөшөөний өндөр 2,54 м, өргөн 0,82 м, зузаан 0,22 м ажээ.

Түүх сөхвөл Монголын Түшээт хан Чахундоржийн ач хүү Довдондорж тухайн үедээ өндөр боловсролтой ухаалаг нэгэн байжээ.Тэрбээр монголын тусгаар тогтнолын төлөө өөрийн авьяас билэг, ухаан бодлоо зориулж ирсэн. Довдондорж ноён өөрийн угсаа улс орны эрх ашгийг бодож Хотгойдын Баярт хатнаас төрсөн хүүгээ их авга анхдугаар богд гэгээн Занабазарын хойт дүр хэмээн богдыг Монголоос тодруулж байсан билээ.

Довдондорж ноёнд Манжийн Энх Амгалан хуандий өөрийн зургадугаар охин Хичээнгүй амирлингуй гүнжийг 1697 онд хатан болгон өгчээ. Хичээнгүй амирлингуй гүнж ч усыг нь уусны хувьд ёсыг нь дагаж Монголын төлөө санаа тавьж эзэн хуандийн өргөмжлөлийг зөрчиж ирсэн харийн гүрний монгол эмэгтэй байсан гэдэг. Манжийн хаанаас Энх Амгалан хуандийн охинд өгсөн өргөмжлөлийн зарлигт: ”... Хичээнгүй амирлингуй гүнж чи Энх Амгалан хуандийн зургадугаар охин хааны гэрт төрөөд тэнгэрийн удмаас гарлаа. Гүн ордны туйлын сургаалыг эрхэмлэн дагаж явахыг осолдож болохгүй...” гэх зэргээр хатуу даалгавар өгсөн авч гүнж даалгаврыг нь үл дагасан ажээ. Иймээс ч гүнж манжийн албатад хорлогдсон гэдэг яриа байдаг. Ямар боловч монголчууд 1740 онд өөд болсон Хичээнгүй амирлингуй гүнжийг ихэд хүндэтгэн Гүнжид зориулан шарилын сүмийг барьж сүмчин 13 отгийг өөр өөр хошуудаас авчиран, хатуу ёс горимыг сахиулан харж хамгаалж ирсэн юм. Эдгээр сүмчин отгийн үр удам одоо ч Баруун Баян гол орчмоор нутаглан суурьшиж амьдарсаар байна.

Хүндэтгэлтэй хүнийг насан өөд болоход бунхлан сүм барьж шүтэж байсан нь тэр үеийн Монгол, Манжчуудын амьдралын хэв шинж онцлогийг харуулж байгаа юм. ХVII зууны үеийг хүртэл суу ухаант хутагт хувилгаадын цогцосыг суврагаладаг уламжлал байсан билээ. Энэ нь явсаар арвандолдугаар зууны хоёрдугаар хагасаас Манжид цогцосын сувраганы гадуур сүм барьдаг болсон. Иймээс тэрхүү ёс жаягийг барьж энэхүү сүмийг бүтээсэн бололтой.

2 comments:

  1. үнэхээр монголын төлөө гэсэн сэтгэлтэй гүнж байсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. маш их ухаалаг хүн учир өөрийн хүү болох рэнцэндоржыг оюунлаг болоод монголын төлөө гэсэн сэтгэлтэй хүн болгож өсгөсөн ба тэр хүн эцэстээ монголыг манжийн дарлалаас гаргахын тулд амарсанааг зугтаалгаж өөрөө оронд нь бээжинд очиж хоригдож манжийн тэнгэрийн тэтгэсэн новшид цаазлагдсан байдаг юм билээ. ум ма ни бад ми хум

    ReplyDelete

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.