Showing posts with label Монголын үзэсгэлэнт газар. Show all posts
Showing posts with label Монголын үзэсгэлэнт газар. Show all posts

Билгэ хаан болон Культегин жанжны дурсгал

Архангай аймгийн Хашаат сумын Цайдам бригадын нутагт Өгий нуураас баруун урагш 36 км, Хархориноос хойш 47 км зайд Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө оршдог. Эл дурсгал нь Хөшөө цайдмын дурсгал, Орхоны хөндийн дурсгал, Культегины бичээс, Билгэ хааны дурсгал гэх мэтээр нэрлэгдэн 100 гаруй жилийн турш судлагдсаар иржээ. 1958 онд Монгол-Чехословакийн хамтарсан судалгааны баг бүхэлд нь малтан судалсан байна.

Элтерэс хааны хүү Билгэ бол Түрэг улсын сүүлчийн хаан бөгөөд 19 жил улсаа удирдсан юм. Түүний дүү Культегин нь ухаалаг, авъяаслаг цэргийн жанжин байгаад 731 онд 49 насандаа таалал төгсчээ. Культегин ах Билгэг хаан ширээнд суухад тууштай дэмжиж түүний төлөө хүчин зүтгэсэн түүхтэй. Билгэ хаан дүүгийнхээ дурсгалд зориулан тахилын цогцолбор, шүтээний сүмийг 732 оны 8 дугаар сарын 1-нд босгуулжээ. Цогцолборын урт 67 метр, өргөн 29 метр, 1 метр зузаан тоосгон хэрэмтэй, түүний гадуур шуудуугаар хүрээлэгдсэн, хэрмийн доторхи сул зайг бүхэлд нь 32 х 32 х 6 см хэмжээтэй тоосгоор бүрсэн байжээ. Цогцолборын голд наран ургах зүгт харуулан Культегины гэрэлт хөшөөг байрлуулсан бөгөөд мэлхий чулуун суурийн хамт өндөр нь 383 см, өргөн нь 132 см, зузаан нь 46 см юм. Хөшөөний дээд хэсэгт эвхэрсэн хоёр лууг чимэглэж, бичээсийг голлуулан Ашина овгийн тамга болох янгирын дүрс, гурван талд нь нийт 68 мөрөнд 10 мянган үсэг зурлага бүхий руни бичээсийг сийлжээ.

Зоргол хайрхан уул

Зоргол хайрхан уулын өндөр 1668 метр бөгөөд их хайрхантай холбоотой сонирхолтой мэдээллийг дуулгавал, Зорголхайрхан уул том, жижиг гурван агуйтай. Хамгийн томыг нь Шижирбаатарын буюу Дансрангийн агуй, баруун талын үргэлжилсэн уулыг Баянгийн хэц, хойд талын уулыг Агуйт гэнэ. Халх Монголын нутагт байдаг үзэсгэлэнт сайхан боржин чулуун уулсын нэг нь энэ хангай юм. Зоргол хайрханы чанх урд тусгайдуу байдаг хадтай толгойг Морин цохио гэнэ. Энэ цохиог нутгийнхан жил бүрийн зуны эхэн сарын шинийн 8-нд тахин бэсрэг наадам хийдэг уламжлалтай. Ялангуяа хурдан морьтой хүмүүс морио авчирч “хийморийг нь сэргээдэг” юм байна.

Зоргол хайрхан уул нь Улаанбаатар хотоос шууд явбал 150 км Элсэн уулнаас 40 км зайд орших хосгүй чамин тогтоцтой, Монгол хүний шүтэн биширдэг дэндүү сүрлэг, онгон дагшин догшин уул билээ. Энд рашаантын ам гэж уул ус, мод ургамал жигдэрсэн үзэсгэлэн төгөлдөр газар байдаг. Энд бас уулын эгц уруу харайж байгаа морины дүрстэй хадыг үзэж болно. Нутгийнхан нь Зоргол хайрхан уулыг хүзүүгээ нугалаад хэвтэж байгаа согооны хэлбэртэй гэж ярилцдаг.

Хоргын тогоо

Аймгийн төвөөс 180 км орчимд орших Тэрхийн цагаан нуурын ай савд оршино. Холын холд алдар нь дуурссан үзэсгэлэнт Хорго нь газар зүйн талаар Хангайн уулархаг нутгийн төвд умард өргөргийн 48° — 10°, дорнод уртрагийн 99-21 олбилцолд баруун зүүн тийшээ 8-9 км орчимд хойшоо урагшаа 7-8 км шахам, барагцаалбал 56-60 ам.км талбай эзлэнэ.

Тэнд хүрмэн хадан хонгил агуй, нүх, хонхор гүдгэр энхэл, тунхал зэрэг хоргодох далдлах газар үлэмхэн учраас Хорго хэмээн алдаршжээ. Энд Хоргын тогоо, Их-анга, Баганга гэх мэт хожуу унтарсан залуу галт уулын өрх, нүх, ангал хонгилоор оргилон урсаад царцсан хүрмэн хад чулуу, зарим газраа ширээ шиг тэгшхэн байхад зарим хэсэгтээ өм цөм хагаран ангайж ундуй, сундуй овооролдсон байх бөлгээ. Овон, товон газраа битүү ой, мод бут сөөг, элдэв жимсгэнэ, нарийн өвс, цэцэгс ургана.

Цонжинболдог толгой дахь Чингис хааны хөшөөт цогцолбор

Төв аймгийн Эрдэнэ суманд Цонжинболдог хэмээх газар бий. Энд Чингис хааны аварга том морьт хөшөө байдаг бөгөөд суурь барилгын хамт 40 метр өндөр юм. Хөшөөт цогцолборын нийт талбай 212 га. Мориных нь хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч жижигхэн кино танхимд уг байгууламжийг хэрхэн яаж бүтээж эхэлсэн тухай богино хэмжээний баримтат киног үзэж сонирхоно. Дараа нь морины дэл буй талбайгаас хавь ойрын газрын байгалийн үзэмжийг тольдох боломжтой. Тэндээс Бурхан халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагддаг. Хөшөөний суурь бүхий дугуй барилга нь 36 баганатай бөгөөд энэхүү тоо нь Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлж байгаа ажээ. Барилгын дотор талд уран зургийн галерей, Хүннүгийн үеийн олдвор бүхий музей, ресторан, хурлын танхим, уулзалтын өрөө, биллярд өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр, үйлчилгээний байгууллагууд байрладаг.

Хустайн нуруу

Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын зааг нутагт Улаанбаатараас баруун тийш 80 километрт оршдог. Баруун өмнөөс зүүн хойшоо чиглэлтэй сунаж тогтсон. Дунджаар 1500-1700 метр өндөр. Хамгийн өндөр цэг нь Хөшөөт уул бөгөөд 1842 метр. Хамгийн нам цэг нь 1190 метр өндөр Тариатын булаг. Хэнтийн нурууны баруун өмнөд салбар уул юм. Баян, Эхэн-Ус, Алтганат, Мойлт, Уртын ам, Шувуун ам зэрэг газруудаар 10 гаруй цэнгэг уст горхитой.

Манзуширын хийд

Улаанбаатар хотоос өмнө зүгт 43 километр зайд орших Төв аймгийн Зуунмод хотын төвөөс зүүн хойш 8 километрт Зуунмодны амны эхэнд Ачит дүйнхорын булаг хэмээх энгэр газар Манзуширын хийдийн туурь оршино. Далайн төвшнөөс дээш 1800 метр өндөрт шинэсэн ойн дунд байдаг. Манзушир хийдийн анхны сүмийг Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ. XYIII зууны сүүлчээр цогчин дуганыг байгуулж, өмнө талд нь Богд уулнаас ус татаж, хиймэл нуур үүсгэжээ.

Монгол Улсын аймгуудын Долоон гайхамшиг

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимээс 2011 онд аймаг бүрээс орон нутгийн онцлог, түүх соёл, байгалийн өвөрмөц дурсгалын хэв шинжийг агуулсан ДОЛООН гайхамшигийг тодруулахаар аймгийн төр, захиргааны байгууллагуудаас санал авч 21 аймаг тус бүрийн “Долоон гайхамшиг”-ийг тодруулж, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, шинэлэг маршрут /зам/-ыг нээсэн билээ. Бид дэлхий дахины долоон гайхамшгийг мэддэг мөртлөө монгол орон төдийгүй аймаг тус бүрт түүх соёл, байгалийн өвөрмөц хэв шинжийг хадгалсан гайхамшигт дурсгалт газар байдгийг тэр бүр ач холбогдол өгч сурталчилан гаргаж ирдэггүй.

Тэгвэл эдгээр гайхамшгууд жуулчдын анхаарлыг татах төдийгүй байгаль орчны доройтол эрчимтэй хурдасч байгаа өнөө үед “урьд нь энд ийм газар байсан юм” гэж ярих биш, харин “энд ийм газар, ийм үзэсгэлэнтэй онгон дагшин байгаль, түүх соёл хадгалагдан байдаг юм” гэж одоо цаг үргэлж ярих ёстой. Иймээс цаашид бид байгаль орчин, хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих чиглэлд ихээхэн анхаарч ажиллах хэрэгтэй билээ. Ингээд та бүхэндээ Монгол улсын аймгуудын “долоон гайхамшиг” – аар ямар ямар газар сонгогдсон болон тэдгээрийн тухай мэдээллийг дэлгэрэнгүй хүргэх болно.

Дэмчигийн хийд

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Галбын байц хадан ууланд Дэмчигийн хийдийн туурь оршино. GPS солибцол - N 43°07.664'; E 107°07.690'. Говийн тавдугаар ноён хутагт, соён гэгээрүүлэгч, их яруу найрагч Данзанравжаа 1820-1830 оны хооронд говийн догшин ноён хутагт Равжаа улааны урсгалын Галбын гурван хийдийг Галбын уулсын ноён оргил Ханбогдын хормойд байгуулахдаа "Хэрэв энэ газар орныг хүн биширч чадах юм бол хүнийхээс илүү газрынх нь ид шид ноёлсон, хүнд сайн сайхан бүхнийг өгч чадах, газрынхаа гүнд баялагтай, хорвоо ертөнц мөхөх, галав юүлэх хүнд хэцүү тэр цагт хэдхэн хүнээ аваад хоцрох гайхамшигтай уул" хэмээн магтан бичиж үлдээсэн байна. Энэ гурав нь Дэмчигийн, Ритийн, Цагаан толгойн хийдүүд юм.

Юм бэйсийн хүрээ буюу Амарбуянтын хийд

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт N44°37.745' E 98°42.214'  GPS солибцолд Шинэжинст сумаас баруун тийш 47 км орчим зайд Амарбуянтын хийд оршино. Хуучин Юмбэйсийн хошууны Амарбуянтын хийд нь 250 жилийн тvvхтэй. Тус хийдийг Манжийн Тэнгэрт тэтгэсэн хааны 15-р он буюу 1750 оны модон морин жил Агваансодном гэдэг лам анх хүрээг үүсгэн, Цогчин дуган байгуулжээ. Энэ хийд Монгол орны баруун өмнөд хязгаарын хамгийн том хийд бөгөөд 1000 гаруй ламтай, 8 дацан, 41 дугантай, эргэн тойрондоо монгол бичгийн сургууль, жасаа, тамгын газар, хятадын худалдааны 15 пүүс, оросын худалдааны 3 сантай, 10000 гаруй хүн амтай тухайн цаг үедээ Монголд гуравдугаарт орохуйц томоохон суурин байв.

Эрдэнэ зуу хийд

Өвөрхангай аймгийн Хар хорин сумын төвийн зүүхэнд энэ хийд бий. Буддын шашны уг эл хийдийн түүх, өндөр гэгээний намтар гэх гар бичмэлийг сөхвөөс: 1580 онд Автай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт III далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаар амалсанд III далай лам Хар хорум хотын хуучин нэгэн сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэ зуу хийдийн Гол зуу сүм гэжээ.