Showing posts with label Монгол үндэстэн ястан. Show all posts
Showing posts with label Монгол үндэстэн ястан. Show all posts

Халимагуудын сүйрэл

Оросын эзэнт улсад 1917 онд В.И.Ленин Октябрийн хувьсгалыг удирдан засгийн эрхэнд гарахад түүнийг нэгэн халимаг генерал эсэргүүцэн босов. Энэ бол Оросын түр засгийн газрын Батлан хамгаалахын сайд асан генерал Л.Г.Корнилов буюу халимаг нэр нь Лавгаа /Лхагва/ Гилжирович Дэлдэнов гэгч эр байлаа. Дэлдэн овогтой Гилжирийн Лавгаа гэгч генерал оросын цагаан армийг үүсгэн байгуулж, улаан оросын эсрэг тэмцлийг удирдсан бөгөөд түүний удирдлага дороос Деникин, Колчак, Врангель зэрэг хожмын цагаантны жанжнууд тодрон гарчээ.

Л.Г.Корнилов буюу Л.Г.Дэлдэнов гэгч энэ халимаг генералыг дэмжсэн үй олон халимагууд 1918 онд Европ руу амь дүйж зугатан гарцгаасан юм. Энэ явдлаас үүдэн 1918 оноос 1958 оны хооронд 40 гаруй жилийн хугацаанд халимагууд оросуудад ад үзэгдэн үндэс угсаагаараа доромжлогдон олон мянгаараа хядуулах болсон юм. Гэхдээ хаант Оросын үеэс ч халимагуудад харгис бодлого ил далдаар явуулж иржээ.1913 онд Оросын эзэн хаан II Николай хэлэхдээ: -Монголчууд Орос орны судас болсон Ижил мөрний хөвөөг эзэгнэн амьдарч байна. Ижил мөрний татаруудаас болгоомжлох нь зүйтэй боловч тэднээс илүү их гамшиг тарьж, аюул учруулж мэдэх нь жинхэнэ монголчууд байгаа билээ. Энэ бол халимагууд. Тиймээс тэднийг олон болгож болохгүй. Эрчүүдийг нь энд тэндхийн дайнд явуулж, хүн ардынх нь тоо хэмжээг тогтмол цөөрүүлж байх хэрэгтэй гэж байжээ.

ХҮННҮГИЙН МОДОН ЦУУР

Амбан захирагч хөлөө гурвантаа сэлгэв. Хотын захаас хөдөө тийш гардаг замын эхэн болох хуучин цагийн чулуун гүүрэн дээр тэрээр үүр цайхаас өмнө ирж зогссон бөлгөө. Дэргэд нь улаан хажлага бүхий цацагт хуараар чимсэн гоёмсог сүйх тэрэг бэлнээ бөгөөд шадар аягач нь өглөөний цайгаа уухыг сануулсан ч тэрээр гүүрний чанадаас ирэх холхи замын үзүүрийг сэтгэл догдлон ширтсээр байлаа. Учир нь тэр замаар аль эртнээс нааш хүслэн болсон номын их арш ирэх учиртай. Өглөө үүр цайх үест чулуун гүүрний эсрэг талын үзүүрийн дэнлүүний гэрэл сүүмийх төдий харагдаж байсан манан аль хэдийнэ шингэрч, уг гүүр лүү ирэх замын үзүүр намар цагийн шаргал зэгсэн дундаас тодхон харагдах болоод байв. Ратнаманьти* аршийг Лоян хотноо байх Ашид амгалан сүмээсээ гадагшилж Жияньд очиж номын буян хурах болсоныг дуулаад замдаа үл ялиг саатан манай хотоор дайраад гарахгүй юу хэмээн Циму захирагч** элчийг илгээсэнд арш нааштай хариу өгчээ.

Монгол угсааны ястангууд - Урианхай

Урианхай нь хэл, соёл, угсаа гарал нэгтэй Монголын олон ястны нэг болохын дээр гарал үүслийн хувьд Монгол угсаатан дотроосоо одоогийн нэрээрээ тэмдэглэгдэж ирсэн хамгийн эртний гарал үүслийн түүхтэй угсаатан юм.Урианхай угсаатны түүхийг Хүннү гүрний дараах үе, Сяньби улсын үеэс эхлэлтэй гэж үздэг. Урианхай нь анхны Монгол аймгийг үүсгэн байгуулагч гурван овгийн нэг гэж үздэг бөгөөд энэ талаар Эргүнэ Хүний домогт тодорхой өгүүлсэн байдаг.

XIII зуунд буюу Их Эзэн Чингис хааны үед Урианхай аймгаас Зэлмэ, Сүбэдэй зэрэг олон баатарлаг жанжин төрөн гарч байсан тухай Монголын нууц товчоонд өгүүлсэн байдаг. Чингис хааны есөн өрлөг жанжины нэг Зэлмэ нь Чингис хааны амийг гурвантаа аварч, цэргийн их жанжин Сүбэдэй нь Чингис хааны байлдан дагуулалтад онцгой үүрэг гүйцэтгэж байжээ. Дундад Ази, зүүн Европын улс орнуудыг Сүбэдэй жанжины удирдсан их цэрэг байлдан эзэлж байжээ.

Монгол угсааны ястангууд - Дарьганга

Дарьгангачууд нь Сүхбаатар аймгийн нутгийн баруун өмнө хэсгийн 6-н суманд оршин суух бөгөөд анхны нутагласан газар болох Дарь овоо, Ганга нуурын нэрээр Дарьганга гэж нэрлэгдсэн улс юм. Дарьганга хүмүүс нь анх 1690-ээд оны сүүлчээр халх Монгол Манжийн захиргаанд орох үест Манжийн хааны төмөр сүргийг адуулгахаар цахар, халх, ойрадаас хүдэр чийрэг мал маллагаанд гаргууд хүмүүсийг татаж халхын Түшээт хан аймгийн говь Мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн хурц вангийн хошууны дунд суулгасан сүрэгчин хүмүүс болно. Эдгээр хүмүүс олон жилийн турш холилдон уусч өөр бусад хэсгийн хүмүүсээс ялгагдах өөрийн соёл буюу хувцас хунар, гоёл чимэглэл, найр хуримын ёс дэг зэрэг эд материал соёлын талаар бага зэргийн өвөрмөц ялгааг бий болгосон учир өөр нэг ястан гэж авч үзэх болжээ. Хэлний хувьд халх монгол аялгаас бараг ялгагдахгүй.

Монгол угсааны ястанууд - Барга

   Баргуд нь XIII зууны үед ойн иргэд, хорь түмэдийн хамт монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд орж урианхай мянганы нэгэн болж явжээ. Монголын Юан улсаас хойш Баргуд аймаг нутаг зүүлж, Эргэнэ, Онон гол, Хөлөн нуурын газар суурьшиж, хорчин аймгийн захиргаанд орсон байна. XҮ зууны эхэн хагаст (1437 онд) Ойрадын Тогоон тайш Зүүн монголын хорчины Уруг төмөрийг ялснаар түүний харъяат барга буриад аймаг Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд багтах болов. Үүнээс хойш Зүүн монголын Алтан Боди Алаг хаан 1525-1538 онд барга буриад аймгийг дийлж, Ойрадаас салган мэдэлдээ оруулж авчээ. Тэр цагт Хянган давааны ар нутаг эзгүй зэлүүд газар байсан тул баргачуул тэнд хүрэлцэн очиж суусны дээр тэдний араас халх, өөлдийн нэлээд отог омог очиж нутагласан байна.    1730-аад онд эл баргын хүн амыг Манж чин улсын засгийн газраас хошуу сум зохиож, хуучин шинэ баргын хошууг байгуулжээ. Найралт төвийн 10 (1732) онд шивчин солоон баргыг баруун, зүүн гар болгоод шивчин, 2, солоон 6 хошуу зохион, мөн онд Цэвдэн хэмээгчийн дагуулж очсон хоёр отог өөлдийг Хайлараас урагш нутаглуулан нэг хошуу болгожээ.

Баяд ёсноос ...

Олон зуун жил Монголын нутагт нүүдэллэн амьдарсан баядууд XVII зууны эхээр одоогийн Увс аймгийн Зүүнговь, Тэс, Малчин, Хяргас сумын уулс ус, говь хангай жигдэрсэн нутагт суурьшин амьдарцгаажээ. Баядууд нь ингэж нэгээс нөгөөс шилжин нүүдлэн явахдаа өөрийн гэсэн соёл, ёс заншил, зан үйлийн өвөрмөц хэв загварыг бий болгож одоо ч түүнийгээ уламжлан хадгалсаар эдүгээг хүрчээ. Эдгээр ёсонд:

Хүндлэх ёс: Мэнд мэдэх, хүндэтгэж зочлох

Ураг төрөл, өрх гэрийн ёс: Худ ураг барилдах, гэр бүл ахуй доторх ёс, гэрийн зай ашиглалт, суух суудал хөдөлмөрийн хуваарь дахь ёс горим

Хүүхэдтэй холбогдох ёс: Төрөх, зан үйл, хүүхдийн угаалга, өрлөг авах ёс, гэрийн хүмүүжил олгох ёс, хүүхэд үрчлэх ёс

Нүүдэл суудлын ёс

Хурим найрын дэг ёс

Цагаалах зэрэг ёсууд багтдаг.

Баяд им, тамга

Баядууд үндэс ясныхаа онцлогт тохирсон им тамгатай. Тамгаа их хүндэтгэн үзэж будаа ороосон хадаг уяж гэрийн хойморийн ханандаа хадгалдаг. Тамгаараа газар хатгаж тулах, тос хүргэхийг цээрлэдэг. Эрт үед тамгын дүрсээр хошуу нутгийн хилийн дээсийг тэмдэглэдэг байсан. Малыг хавар, зуны эхэн сарын шинийн 5, 18-нд имнэж тамгалдаг уламжлалтай. Зарим голчлон хэрэглэгддэг имийг нэрлэвэл Онь, Он шидэлбэр, Ар ухам, Өвөр ухам, Шоргоолж, Цоолбор, Цуулбар, Гөлөм, Тайрмал, Он ухам зэрэг нийтлэг имүүд байдаг. Дээрхи имүүдийг зургаар харуулбал:

Монгол угсааны ястангууд - Буриад

Тэдний өвөг дээдэс нь Байгаль нуурын ар өврөөр нутаглаж асан эртний анчин гөрөөчин ойн иргэдийн нэгэн бөгөөд XIII зуунаас өмнөх үед Байгалаас хойш Хилого (хялго), Зүлгэ (Лена) мөрний сав, Сэлэнгийн адгаар сууж байсан Булгачин Хэрэмчин хийгээд Горлог (Енисей) мөрний эхэн, Байгаль орчимд амьжирч агсан Хорь-Түмэд, Баргужин төхөмд аж төрөх Баргуд зэрэг монгол угсааны аймгууд байсан ажээ.
Эдүгээ буриад монголчууд нь Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Эрхүү муж, Чита муж, өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн Шинэхэн нутагт оршин сууж байна.

Дорнод Монголын буриадууд нь Онон-Улз голын сав дагуу Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал, Норовлин зэрэг сумнаа зонхилон нутаглах хорь 11 овог: Цагаан, Галзууд, Бодонгууд, Шарайд, Халбин, Батнай, Худай, Гушид, Хүгдүүд, Харгана, Ухуацай болон Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумнаа голлон суух 8 овог: Цагаан, Галзууд, Хүгдүүд, Ухуацай, Бодонгууд, Шарайд, Халибин, Харгана зэрэг овог яснаас бүрэлдэхийн дээр Хэнтий аймгийн Батширээт сумнаа бүхий Худар Буриадын дотор Шонос, Буур, Авзай, Хурмуш, Олзон, Бахи зэрэг овог дайралдана. Хэдий тийм боловч эдгээр яс овог нь хоорондоо холилдсон нь олонтоо байна.

Монгол угсааны ястангууд - Дөрвөд

Дөрвөд бол эртний монгол удмын, ойн иргэдийн нэгэн. Ойрадын Зүүнгарын хаант улсын гол аймаг, Богд хаант монгол улсын үеийн Ховд хязгаарын зонхилох ястан юм.

Дөрвөд гэдэг нэр нь эртний монголын дээд өвөг Дува сохорын дөрвөн хүүхдийн удмаас сурвалжтай дөрвөнд аймгийн нэрнээс үүсэлтэй гэх буюу дөрөвлөн жагсдаг цэргийн жагсаалын нэр болох дөрвөд гэсэн домогтой.

Дөрвөд нар байгаль газар зүйн нэлээд өвөрмөд, тухайлбал өндөр уул, говь цөлөрхүү байгалийн хоёр томоохон муж нутагт уламжлалт аж ахуйгаа хөтөлсөөр иржээ. Дөрвөд нар таван хошуу мал адгуулж, тэдний малын бүтцэд хонь ямаа зонхилж, адуу үхэр мөн нэлээд тооны сарлаг цөөвтөр тэмээтэй байжээ. Уулархаг нутагт сарлагийг ачлаганд хэрэглэж байна. Ойрад-монголчуудын аж ахуйн нэгэн ололт бол нэлээд эрт үеэс тарианы ажил эрхэлсээр ирсэн мэдлэг ухаан юм.

Монгол угсааны ястанууд - Үзэмчин

Үзэмчин бол Монгол угсаатан. Үзэмчин гэдэг нэрийн гарлыг ,, үзэмтэй ,, газраас нүүн ирснээс тэгэж нэрлэсэн гэх буюу ,, үзмэрч, төлөгч ,, байснаас ийм нэр олсон гэх ба ,, үзүүртэй, хурц шулуун ,, гэсэн утгатай гэсэн үгнээс үүсэлтэй хэмээн янз янзаар тайлбарладаг.

Түүхчдын судалснаар Үзэмчин нар нь Батмөнх Даян (1464-1543) хааны харъяат ,, зургаан түмэн ,, буюу ,,зургаан их улс ,,-ын зүүн гурван түмний бүрэлдхүүнд багтаж байсан байна. Үзэмчин нарын угсаа гарлын хувьд чухам хэн бэ? гэсэн асуудал өнөө хир тодорхойгүй боловч эд, оюун соёлын нэлээд зүйлийн хувьд Ойрад Монголтой угсаа соёлын арай ойр дөт болох нь ажиглагддаг.

ХVI зууны дунд үе хүртэл Ойрад Монголчуудтай айл хөршийн ёсоор нутаглаж байгаад, баруун түмний зонхилогч Алтан (1507-1582) ханы газар нутгаа тэлэх гэсэн түрэмгий бодлогоос ихээхэн хохирол үзэх болсон зүүн түмний захирагч нар гол түмэн болох Чахар (Цахар)-ыг авч Хангайгаас говийг гатлан Шар мөрний хойгуур Шанага боомтоос баруун Молташ хаалганаас зүүн тийш шинэ газар орныг эзлэн суух болсон. Энэ их нүүдэлд Үзэмчин нар оролцож улмаар өнөөгийн нутагтаа аж төрөх болжээ.

Монгол угсааны ястанууд - Торгууд

Монгол нэгэн аймаг. Одоо Монгол улс, Оросын холбооны улс, БНХАУ-д бүлгээрээ оршин амьдардаг. Торгууд нь Хэрээдийн Ван xаны торгон цэргийн зохион байгуулалтаас анх үүссэн ба Монголын Их Гүрний бүрэлдхүүнд оролцон эзэн хааны торгон цэрэг болж явсан отог овгоос гаралтай. Тэд урьд нь Хангайн нурууны зүүнтэйгүүр нутаглаж байсан байна.

Торгууд гэдэг нэрийн тухай анх ,, Монголын Нууц Товчоо ,,-нд тэмдэглэхдээ Хэрээдийн Ван хан мянган турхагууд цэрэгтэй цэрэгтэй байсан бас Хамаг Монголын хаан Тэмүүжин ,, далан турагууд ,, цэрэгтэй байсан гэжээ. Энэхүү турхагууд, турагууд гэсэн үгийн үндэс нь турхаг буюу ,, -ууд ,, нь олон тоо болгон санаа илтгэсэн нөхцөл аж. Турхаг нь тураг, том биерхүү гэсэн утгатай монгол үг. Эл уг нь эдүүгээ хэлний хөгжлийн явцад богиносон тураг болоод турхагууд гэсэн үг сунжиран Торгууд нэр үүссэн бололтой.

Монгол угсааны ястанууд - Баяд

Баядын угсаа гарал: Монголын Баяд ястны эртний өвөг дээдэс нь XII-XIII зууны үед Баягуд аймгаас сурвалжтайн дээр Сэлэнгэ мөрний зүүнтэйх тал газар сууж агсан Жида Баягуд, Хээрийн Баягуд нь жинхэнэ монгол угсаатай гэж үздэг. Баягуд аймаг нь Монголын эзэнт гүрний үед түүний бүрэлдэхүүнд оролцож яваад хожим нэг хэсэг нь Зүүн монголын халх, өвөр монгол болон ойрад монголын дөрвөд зэрэг ястны бүрэлдэхүүнд оролцох болсон байна. Мөн Баядын дотор дараах яс бий. Үүнд: Шангас, Борлууд, Харнууд, Цагаагчууд, Тайж нар, Цагаанууд, Тахианар, Ногоон тугийнхан, Бүлчинжасынхан, Хошууд, Булгадар, Харгачууд, Галзат шарнууд, Хасгууд, Бүрдүүд, Хотдууд, Чооно, Шаазгай, Цорос, Тонгорууд, Барлагууд, Торгуудууд, Тавнангууд, Салдан долоон, Сарагжин долоон, Чамхин, Баарингууд, Баяд зэрэг болно. Одоо баядууд Дундговь, Дорнод, Увс зэрэг аймгийн зарим сумдад аж төрж байна. Баядууд нь эртнээс нааш мал аж ахуйг голлон эрхэлж ирсний дээр ардын баатарлаг туульс, бүжиг биелгээ зэрэг язгуур урлагийн талаараа ихээхэн алдартай юм.

Баядын үүслийн тухай домог: Баядын доторх яс омгуудын дотроос ноёлох яс нь Цорс юм. Цорс овог яс болсныг Увс аймгийн Хангилцгийн гол дахь Баядын түмэн баяр гүний хошууны Раашзалан гэдэг хүнээс А.А.Бурдуков гэдэг хүн тэмдэглэн авсныг доор сийрүүлэв.