Монгол хатад - Оршил

Цадиг түүхийн хүрд зуун зууныг дамнан, хэнийг ч хийгээд юуг ч үл хүлээн эргэсээр, хүмүүний үрс биднийг нэгэн мянганаар тоологдох гурван эринийг хэдийнээ хүргэжээ. Он жилээр байтугай хором эгшинээр довтолгох цаг хугацааны хаанчлал доор мандан бадрах, гундан сульдахын аль алиныг үзсэн авч үндэс угсаа, уламжлал соёл, төрт ёс юугаа хадгалан тээсээр эдүгээг хүрч ирсэн эртнээс наашхи зузаан түүхт үндэстнүүдийн нэг нь Монгол угсаатан яах аргагүй мөн билээ.

Шастир арвин Монгол угсаатны цаг цагийн оршин тогтнолд тодорхойлох оролцоотой байсны тул нэр дуурсагдан үлдсэн баатар сайн эрс олон боловч тэдний байгуулсан гавъяанаас дутахааргүй чухаг үүрэг гүйцэтгэсэн хацар гоо хатад, эмэгтэйчүүд энэ улсын түүхэнд төдүй олон төрсөн билээ. Өөрөөр хэлбэл, өс өвөрлөн ирсэн дайсны өөдөөс морьд агссан тэмцэл, хүлгийн амгай амрааж, төрийг төвхнүүлэх их үйлсийн аль аль нь халуун үнэнч хайр сэтгэл, уужим тэнүүн ухаан бодол бүхий эмэгтэйчүүдийн шууд ба дам оролцооноос ангид хэзээ ч байгаагүй юм.

Өэлүн Эх хэрэв үр хүүхдээ хүмүүжүүлэх их эв дүй үгүй байсан сан бол хөдсөн манцуйд үнэгчилж асан тэр нэгэн хөвгүүн хожмоо талын олон нүүдэлчдийн тулгар их төрийг үүсгэн байгуулж чадах ухаан төгс эр болж бойжих байсан гэж үү? Бөртэ Үжин хэрэв нөхрийн эзгүйд тулган дахь галаа бөхөөчихөөр дорой эмэгтэй байсан сан бол Чингис хаан мориноосоо буулгүйгээр ертөнцийн талыг эзэлж чадах байсан гэж үү? Чин Тайхал хатан хэрэв халуун эх оронч сэтгэлгүй, хүнлэг ёс суртахуунгүй, билиг оюунгүй нэгэн байсансан бол түүний хүү Цогт хунтайж Дуутын хад чулуунаа үлэмж сонсголонт шүлгээ сэтгэл хөдлөн сийлэх байсан гэж үү?

Монголын нэгдсэн тулгар төрийн гол хууль болох «Их Засаг»-т «...Дайн тулалдаанд хамт мордсон эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээ дайлалдахаар одоход эрчүүдийн хийх ажлыг бүтээх үүрэг хүлээсүгэй...» хэмээсэн нь бий. Төрийн их хууль цаазад яагаад нөхрийн эзгүйд хатан хүн ийн зүтгэх ёстой хэмээсний учир нь Чингис хаанаас өөрийн охин Алалтун Бэхид захиж хэлсэн сургааль үгээр тайлал болжухуй. Тэрээр:

«Хатагтай хүнд гурван эр буй.
Анхны эр нь алтан төр.
Удаахь эр нь ариун нэр
Түүний дараахь эр нь авсан эр мөн билээ.
Алтан төрийг хатуужин дагавал
Ариун нэр бэлэн болно
Ариун нэрийг бэхэлбэл
Авсан эр ангид үл одно» хэмээсэн билээ. Чухамдаа эндээс үзэхүл төр улсын аливаа хэрэгт эрчүүд хэрэв амжилт олох ахул тэр нь тэдний ар гэр болсон эмэгтэйчүүд, хатадын хүчин зүтгэл, халуун дэмжлэгээс эхтэй байхаас гарцаагүй гэдгийг зөвшөөрөн хүндэтгэж асан ажгуу. Одоо ч ийм байна, хойшид ч ийм байх биз. Тэгэхээр Монголын түүх судар, төрт ёсонд эерэг үүрэг гүйцэтгэж, улмаар нэр хийгээд мөрөө үлдээсэн тэргүүн хатагтай нарын тухай баримт сэлт нь миний эрх чөлөөний талбарт саатан буй уншигч авхай нарын сонирхлыг лавтай татна хэмээн сэтгэж Монгол хатадын тухай мэдээллийг хүргэх гэж байгаадаа баяртай байна

1 comment:

  1. Монгол хатадын тухай блогоос тань уншихдаа таатай байх болноо :)

    ReplyDelete

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.