Баруун, зүүн тархины хөгжлийн тухай

Хүний тархи ер нь хэр багтаамжтай бол, түүний эд эсүүдийн нууц, эх үүсвэр юу юм бол? Оюун санаа бол физикийн бус энергийн урсгал гэж юу гэсэн үг вэ? Бүдүүвчлэн авч үзвэл шинжлэх ухаанд хүний тархийг сэтгэл хөдлөл боловсруулдаг баруун, логик боловсруулалт хийдэг зүүн гэсэн 2 хэсэгт хуваадаг. Мөн баруун тархи биеийн зүүн хэсгийг зүүн тархи баруун хэсгийг удирддаг гэнэ. Солгой хүнийг баруун тархитан, зөв гартай хүнийг зүүн тархитан гэж нэрлэх нь бий.

Хүүхэд эхээс төрөхдөө аль нэг тархи нь давамгайлсан хөгжилтэй байдаг. Бидний зарим нь юманд илүү няхуур учир шалтгаантай ханддаг байхад зарим нь аливаа зүйлийг ерөнхийлөн төсөөлж, хийсвэрлэн хүлээж авдаг. Энэ нь аливаа асуудалд баруун ба зүүн тархитнууд өөр өөр өнцгөөс ханддаг гэсэн үг. Гэхдээ аль аль нь өөрийн гэсэн өвөрмөц давуу талуудтай бөгөөд бие биесээ нөхсөн шинж чанартай. Цэцэн мэргэн хүмүүс нь баруун зүүн тархиа жигд хөгжүүлсэн бөгөөд тэдгээрийн хоорондох мэдээлэл солилцох боломжийг дээд зэргээр ашигласан байдаг.Баруун зүүн тархитны ялгааг бага зэрэг нарийвчлахын (үүнээс нарийн ангилал байдаг) тулд тархины онцлогуудыг авч үзье.

1. Индукц ба Дедукц: Зүүн тархитан тусгайгаас ерөнхий боловсруулалт хийдэг. Өөрөөр хэлбэл нэгж баримтуудад илүү анхаарч түүнийг цуглуулах замаар эцсийн оюун дүгнэлт хийдэг.Баруун тархитан ерөнхийгөөс тусгайд боловсруулалт хийдэг. Эхлээд ерөнхий дүр зурагт тулгуурлан оюун дүгнэлтээ хийчихдэг бөгөөд нэгж баримтуудад ач холбогдол бага өгдөг. Нэгэн жишээ: Хэсэг нөхөд суугаад улс төр ярьж байлаа. Нэг нь улс орнуудын дотоодын нийт бүтээгдэхүүнийг /ДНБ/ харьцуулан шинжилгээ хийгээд Монгол энд, тэнд явж байна гээд ярьж өгч байна. Тэрээр тоо баримтуудыг тун сайн цээжээр мэдэж байна аа. Дүн шинжилгээг ч гаргуун хийж байна. Гэтэл маргаанд оролцогч нэгэн ДНБ гэж юу вэ, түүнийг яаж тооцдог вэ гэж асуухад баруун тархитан таг болох нь тэр. Харин асуусан хүн тэр их тоо баримтыг цээжээр мэдэхгүй ч тооцооллын аргачлал, ерөнхий зүй тогтлыг тун сайн итгэлтэйгээр тайлбарлаж байлаа.

2. Дараалсан ба Санамсаргүй боловсруулалт: Зүүн тархи боловсруулалтыг дэс дараалсан байдлаар цэгцтэй хийдэг.Баруун тархи асуудлыг дэс дараалсан байдлаар авч үзэхгүй хэсэгчлэн тасдаж санамсаргүй боловсруулалт хийдэг. Би заримдаа юм уншиж байгаад зарим үгийн эхний үсгийг хараад л буруу уншчихсан тохиолдол элбэг байдаг. Хэрэв би зүүн тархитан байсан бол ийм алдаа хийхгүй нь лавтай.

3.Хийсвэрлэлт ба Мэдэрч сэтгэх: Зүүн тархи нь хийсвэр сэтгэхүй шаардсан үйлдэл гүйцэтгэдэг. Баруун тархи бол харж,сонсох гэх мэт мэдрэхүйн эрхтэн шаардсан боловсруулалт хийдэг. Жишээ нь: Манай нэг найз тоондоо тун гаргуун. Тэрээр Монголын математикийн олимпиадуудад их амжилттай оролцож байсан. Гэвч тэрээр бусдыг мэдэрч ойлгох, хүрээлэн байгаа орчинд юу болж байгаа талаар төсөөлөхдөө маруухан. Гэтэл өөр нэг найз маань хийсвэрлэн сэтгэх, урьдчилан тооцоо хийхдээ маруухан боловч хүнтэй харьцах юмны арга эвийг олохдоо тун сайн.

4. Учир шалтгаан ба зөн совин: Бид логиктой сэтгэх гэж ярьдаг. Зүүн тархитны эрхэмлэдэг зүйл нь логик байхад баруун тархитных сэтгэл хөдлөл байдаг. Ихэнх эрдэмтэн судлаачид зүүн тархитан, улс төрчид, менежерүүд баруун тархитан байх нь практикт элбэг тохиолддог. Яг энэ талаар Германд ажиллаж байгаа физикийн доктор монгол залуу сонирхолтой нийтлэл бичсэн санагдана.

5. Бодит байдал ба төсөөлөл: Зүүн тархитнууд бодит баримтанд тулгуурладаг бол баруун тархитнууд фантазид хөтлөгдөх нь элбэг. Жишээ нь байгалийн шинжлэлийн эрдэмтэн, баруун тархитан найзтайгаа түүх ярьж байхыг сонсож суулаа. Эрдэмтэн байсхийгээд л баримт нотолгоо нь хаана байна гэж асууна. Тэгэхэд найз нь тэр номон дээр тэгж бичсэн байна лээ гээд л ярихад эрдэмтэн маань тэгвэл тэр номны эх сурвалж нь хаана байна гээд л үл итгэсэн байдлаар дахин дахин асууж байлаа. Гэтэл нөгөө найз нь ярьж байгаа юмныхаа уран гоё санаа дүгнэлтэнд ач холбогдол өгөхөөс баримтын үнэн зөв эсэхийг магадлахаас залхуурч байлаа.Ер нь хүний тархины нууц нь үл тайлагдам оньсого бөгөөд олон үеийн турш эрдэмтэн мэргэдийн сонирхлыг татсаар ирсэн юм. Сүүлийн жилүүдэд хүний оюуны чадварыг ойролцоогоор хэмжих төрөл бүрийн тест аргачлалууд нэвтэрч байна. Хүний баруун тархины чадварыг Ий Киү (EQ-Emotional Quotient) гэдэг итгэлцүүрээр, зүүн тархины чадварыг Ай Киү (IQ-Intelligent Quotient) гэдэг итгэлцүүрээр хэмжиж байна. Зүүн ба баруун тархи нь хоорондоо байнга мэдээлэл солилцож байдаг. Энэ солилцох хурд ихтэй байх тусам оюуны чадвар өндөрсөнө гэж үздэг.

Зүүн баруун тархины хөгжлийн балансыг бариулахад бясалгал гэх мэтийн маш олон арга хэрэглэдэг бололтой. Алдарт менежер Ли Якока "Менежерийн Замнал" номондоо "Амжилтын үндэс бол маш их мэдээлэл боловсруулахад биш. Би чухал шийдвэр гаргахдаа зөн билэгтээ итгэх тохиолдол маш олон байдаг" гэжээ. Мөн тэрбумтан Дональд Трамп "Баялагт хүрэх зам" номондоо "Би хүнтэй ярьж эхлээд тэр хүний амнаас гарсан эхний 10 үгийг нь сонсоод л дараах 40 үг нь ямар болохыг зөнгөөрөө хэлж чаддаг” гэжээ. Эдгээр жишээ нь дээрх хүмүүс баруун зүүн тархиндаа ижил ач холбогдол өгч байгааг харуулж байна. Дайны дараахан АНУ-д хүний оюун ухааныг IQ буюу зүүн тархины хөгжлөөр хэмжиж ажилд авахдаа хүртэл гол шалгуур болгож байсан. Гэтэл практик дээр IQ багатай боловч оюуны чадвар өндөртэй хүнээс илүү амжилт гаргасан хүмүүс гарч ирсэн. Энэ нь тархины маш олон чадварын зөвхөн зарим хэсгийг IQ тестээр тодорхойлон хэмжиж болдгийг харуулсан.

Харвардын их сургуулийн профессор Даниел Күүлмэний (Daniel Coleman) Emotional Intelligence гэдэг ном 1995 онд гарч оюуны хөгжлийг хэмжих зарчмын хандлагыг өөрчлөхөд хүргэсэн. Энэ эрдэмтэн баруун тархины хөгжлийн талаар хэд хэдэн бүтээл бичсэний хоёр нь "Нью Йорк Таймс"-ын хамгийн хурдан гүйлгээтэй номонд орсон. Тэрээр Далай ламтай хийсэн ярилцлагаараа сэдэвлэн “Эерэг мэдрэмж” (Healing Emotion ) гэдэг соинирхолтой ном бичжээ. Дээрх номнуудын гол санаа юу байв? Ер нь хүмүүсийн харилцаанд сэтгэлийн хөдөлгөөн маш чухал үүрэгтэй. Амьдрал дээр өөрийн сэтгэл хөдлөлөө амжилттай удирдах бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох нь дан ганц мэргэжлийн ажил үүргээ амжилттай гүйцэтгэхээс дутуугүй үүрэгтэй гэдгийг харуулсан.

Дэлхийд алдартай сургууль төгссөн хүмүүсийн төгссөний дараах хөдөлмөрийн замналыг хөөн судалж, дүгнэлт гаргасан нь маш сонирхолтой байв. Эм Ай Ти ( MIT)-г хоёр инженер төгсчээ. Нэг нь мэргэжлийн хувьд хамгийн шилдэг нь. Гэхдээ бусдыг жаахан басамжилсан, биеэ тоосон зантай. Хүн болгон түүнийг алт шиг толгойтой гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хоёр дахь нь мэргэжлийн хувьд дунд зэрэг. Гэхдээ хүнийг мэдэрч ойлгохдоо маш сайн байв. Сургууль төгсөнгүүт эхний залууг томоохон компаниуд булаацалдаад авсан нь ойлгомжтой. Хоёр дахь залуу маань нэг дэхтэй харьцуулахад тийм ч сайн ажил олсонгүй. Тэр хоёрын ажлын замналыг судалж үзэхэд 10 жилиийн дараа 2 дахь залуу мөнгө, албан тушаал, сэтгэл ханамжийн хувьд нэг дэхээсээ хол түрүүлсэн байлаа. Монгол дээр орчуулагдсан "Баян аав ядуу аав" гэдэг ном бас иймэрхүү санааг илэрхийлдэг. Эндээс бид зөвхөн онц сураад л, өөрийгөө болон бусдыг ойлгох чадвараа хөгжүүлэхгүй бол орчин үед тийм ч амжилттай байж чадахгүй гэдгийг өгүүлжээ. GOOGLE-н худалдаж авсан www.youtube.com вэбийг үндэслэсэн залуучууд тийм ч гялалзсан онц сурлагатнууд байгаагүй. Сэтгэлийн хөдөлгөөний ач холбогдлыг анхлан нээж, хүлээн зөвшөөрөгдсөн доктор Күүлмэний онолд суурилсан сургалт тестүүд АНУ-д нилээд дэлгэрсэн бололтой. Зарим компаниуд ажлын байран дахь сэтгэлийн хөдөлгөөн хичнээн чухал болохыг ойлгож шинээр ажилтан авахдаа тухайн хүнийг дан ганц академик бус өөр өнцгөөс харж эхэлж байна. Эцсийн дүндээ баруун зүүн тархи аль аль нь өндөр хөгжвөл сайн бөгөөд тэдгээрийн хоорондох мэдээлэл солилцоог хурдасгах нь чухал бололтой.

1 comment:

  1. сайхан нийтлэл байна. баруун зүүн тархины аль нь илүү болохыг яаж мэдэх вэ , яаж 2нг нь хөгжүүлэх вэ

    ReplyDelete

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.