Дөрвөн Ойрадууд гэж хэн бэ?

Дөрвөн Ойрад гэж хэн болох, ямар угсаа гаралтай Монголчууд болохыг нь түүхч, доктор, дэд профессор На.Сүхбаатарын өгүүлсэн сонирхолтой ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.

Одоо дэлхийд хэр олон Ойрад Монголчууд амьдардаг юм бол?

Дэлхий даяар нийт 10 гаруй сая монгол туургатан, монгол хэлтэн хүмүүс байна. Үүн дотроо Ойрадын дотор багтаж, Ойрадын соёлыг хадгалан үлдсэн, эх түүх нь Ойрадтай салшгүй холбоотой нэг сая гаруй хүн байна гэдэг. Энэ ард түмэн өнөөдөр цагийн эрхээр гурван улсад хуваагдан Монголоос гадна Орос, Хятадад бөөнөөр амьдарч байна. Монгол улсын баруун аймгуудад болон тархмал байдлаар ойрад угсаатны 11 бүлгийн 400 мянга шахам хүн ам, Хятадын Шинжаан-Уйгарын ӨЗО-нд, бас Цинхай муж буюу Хөхнуурт, Өвөрмонголын Алшаа, Эзнээ гол, Хөлөнбуйрын Имин голд бөөнөөр байна. Оросын Халимагийн БНУ, Алтайн БНУ гээд бас байна. Алтайчууд 1940 он хүртэл БНОйрад улс гэж өөрсдийгөө нэрлэж байлаа. Ер нь тэгээд Ойрад Монголчуудаас Тайвань, Америк, Европт энд тэнд буй Монголчууд олон бий. Ойрад гэдэг соёлын дор олон зуун жил байсан түрэг гаралтай тэлэнгэд, хотон, тува улс аймгууд ч гэсэн өөрсдийгөө ойрадад хамаатуулдаг.

Манай түүхчдийн бичсэн Монголын түүхийн ном бүтээлийг уншиж байхад түүх бидэнд ойртох тусам аль нэгийг нь гээж бичээд байжээ гэсэн бодол төрдөг. Хэсэг явж байгаад Өвөр Монголоо, дараа нь Ойрад Монголоо гэх мэт гээж бичсээр байгаад Монголын өнөөгийн түүхэд хүрдэг. Ойрадын түүхийг өдгөө хүртэл нарийвчлан сайн судлагдаагүй гэдэг. Энэ талаар ярьж өгнө үү?


Ойрадын түүхийн ихэнх баримт сурвалж нь хөрш хятад, манж, оросод байна. Тэд үргэлжийн хүчтэй өрсөлдөгчөө гутаан доромжилж, бичиж хэлдэг байжээ. Тэр нь бидэнд ирсэн гол сурвалж болж байна. Түүхчид сурвалжид тулгуурлаж судалгаа хийнэ. Түүнийг түүхчид үнэнд ойрхон баримт гэж үзэж болдоггүй, эсвэл түүнд итгээд ашиглаад байх ямар юм бэ дээ. Ийм олон шалтгаанаас болоод тулсан судалгаа хийгдэж чадаагүй л байна. Харин сүүлийн үед тод үсгийн сурвалжууд, шинэ олон баримт нээгдэж, судалгааны түвшин дээшилж байна. Манай түүх бичлэгт 1607 оноор Халимагийн, 1636 оноор Өвөрлөгчдийн болон Дээд монголын түүхийг, 1700-аад оноор Буриадын, 1755 оноор Ойрадын түүхийг зогсоогоод цааш нь зөвхөн Ар монголын түүхийг л бичдэг. Уг нь “Даяар Монголын ариун голомт” утгаар нь бид бичиж, манай ард түмэн мэдэж байх ёстой л доо.

Ойрадын түүхээс дэлгэрэнгүй ярих уу?

Ойрадын түүх бол Монголын түүхийн нэг хэсэг нь. Өнөөгийн Монголчуудын дүр төрхийг бий болгосон хүн бол Чингис хаан. 1206 онд тархай бутархай байсан монгол аймгуудыг нэгтгэсний дараа Чингис хаан хэд хэдэн шинэчлэлийг хийж чадсан. Юуны өмнө овог, аймгийн хоорондын олон арван жилийн тэмцлийг алга хийсэн. Овог аймгуудыг өөр хооронд нь нийлүүлсэн, томыг нь задалсан. Энэ нь хоорондын тэмцлийг алга хийхэд их нөлөөлсөн байдаг.Чингис хаан хүн ардаа 95 мянгат болгож, зүүн, баруун, төв гэсэн гурван түмэн бий болгож засаг захиргааны томоохон шинэчлэл хийжээ. 1206 оны энэ үйл явдлаас хойш 20 жилийн дараа гэхэд засаг захиргааны шинэчлэлийн үр дүн шууд л мэдэгдэж шинэ дүр төрх бий болов. Бас гадагшаа дайн байлдаан хийж шинэ газар нутаг эзэмшин Монголчуудаа тэнд аваачин суулгасан. Монгол угсаатан хилийн гадна оршин суух үндэс эндээс эхэлдэг. 1207 онд Монголын умард хэсгээр байх Монгол аймгуудыг ахмад хүү Зүчээрээ толгойлуулсан цэрэг илгээж өөртөө элсүүлсэн. Хүн ам ихтэй, Монгол аймгуудыг Их Монгол улсад нэгтгэсэн үйл явдалд Чингис хаан их сэтгэл хангалуун байжээ. Хори, түмэд, барга, булгачин зэрэг аймгуудын хамгийн том нь Ойрад аймаг байв. Ойрад тухайн үедээ монголын өндөрлөгийн улс төрийн тэмцэлд оролцдог аймаг байсан.

Ойрад түмний хүчирхэг болж, идэвхжсэн үе нь хэдийнээс юм бэ?


Ойрадууд бас л урианхайчууд шиг Монгол төрдөө чин үнэнчээр, шударга бүхний талд зогсож үлджээ. Чингис хаан, түүний залгамжлагчид ойрадын ноёдтой 3 үеийн турш худ ургийн холбоо тогтоож байжээ. 1400 оны үеэс ойрадууд улс төрийн амьдралд идэвхтэй оролцож эхэлжээ. Алтан ургийн ноёдын дотоод зөрчлөөс үүдэн тэд улс төрд орж ирсэн байдаг. Хувилай-Аригбөх, Хувилай-Хайду нарын ужиг тэмцэлд ойрадууд эсэргүүцэгчдийн гол бааз нь байж цэрэг гаргаж байсан. 1368 онд Тогоонтөмөр хаан Монгол нутагтаа хөөгдөж ирсэнээсээ хойш монголчууд 20-иад жил эргээд ноёрхлоо сэргээхийн тулд Мин улстай дайтаж байсан. Эцсийн эцэст Мин улс хүчирхэгжиж Умард Юань улс бууран доройтсон. Үүнтэй зэрэгцээд монгол ноёдын дунд хаан ширээний тэмцэл өрнөж эхэлжээ. Эхний зөрчил бол нэг талаас Тогоонтөмөр тэргүүтэй Хубилайн угсааны ноёд, нөгөө талаас эх нутагтаа байсан Аригбөх, Мөнхийн удмын ноёдын хооронд болж, дайтаж бие биенээ хорлодог болсон. Энэ үйл явцын дараа Монголын Элбэг хааны үед ойрадууд биеэ даах болж чинсан цолтой хүн удирдаж байв. Ингээд улс төрийн бутралд ойрадууд ороод ирж байгаа юм. Надад сонирхолтой нэг баримт бий. 1921 онд Монголын баруун аймгууд буюу ойрадуудын үлдэгдэлд Ардын Засгийн газраас явуулсан бичиг байна. Үүнд бид нэг цул байх ёстой гэсэн санааг илэрхийлээд Элбэг хаанаас болж бид салж сарнисан улс шүү гэсэн утгатай.

Яагаад?


Элбэг хааны үеийн нэгэн үйл явдал Монголын ихэнх сурвалж бичигт тэмдэглэгдсэн байдаг. Домог л юм даа. Түүнийг 2003 онд зохиосон “Монгол улсын түүх”-ийн III ботид дэлгэрэнгүй оруулжээ. Элбэг хаан нэг өдөр өөрийн түшмэл ойрадын Хутхай таюутай анд явж байгаад туулайн цус цасан дээр дуссаныг хараад цас мэт цагаан өнгөт, цус мэт улаан хацарт гоо эхнэр байдаг болов уу гэж зарлиг болж, Хутхай таюу хааны дүүгийн эхнэрийг зааж өгчээ. Зарим сурвалжид хүүгийнх нь хатан ч гэдэг. Ингээд Элбэг хаан дүүгээ алж хатныг нь авдаг. Хутхай таюу удалгүй хааны өргөөнд ирэхэд хааны хатан болсон Хун тайху эр нөхрийнхөө өшөөг авах гэж Хутхай таюуд архи өгч согтоогоод олбог дэвсгэр дээрээ чирч хэвтүүлээд, нүүрээ маажиж, үсээ тасалж хаанд элч илгээжээ. Хаан ирэхэд Хутхай таюу зугатаж. Хаан хөөж Таюу хааны эрхий хурууг тас харваж, хаан Таюуг хороож эртний ёсоор зооны арьсыг авчирж өгөхөд Тайхуу цус тос хоёрыг хольж долоогоод эр нөхрийнхөө өшөөг авав гэж хэлжээ. Ингээд Элбэг хаан хууртсанаа мэдэж, үнэнч түшмэлээ хилсээр хороосондоо гэмшиж түүний хүү Батулад чинсан цол өгч “Дөрвөн ойрадын мэдэж яв” гэжээ. Ингээд Дөрвөн Ойрад тусдаа гарав гэж бичсэн байна. Энэ үеэс Дөрвөд ойрад тусдаа гарч Зүүн монголтой улс төрийн тэмцэл хийж эхэлсэн дээ. Монгол аймгуудын салж бутрахад Мин улс гол тоглолт хийж эхэлсэн байдаг. Хооронд нь дайтуулсан. Жишээ нь, 1409 оны нэгэн байлдаанаар гарцаагүй ойрадууд ялахын цагт ойрадад тусалж байсан цэргээ татаад нөгөө талд нь тусалдаг. Хэн нэгнийг нь ялуулах сонирхол Мин улсад байгаагүй. Күнзийн сургаалд “Хоёр барсын ноцолдооныг уулан дээрээс харах сайхан” гэж байдаг шүү дээ. Яг л тийм бодлого явуулж байсан. Энэ үеэс Монголын улс төрийн амьдралд Зүүн Монгол, Ойрад гэсэн хоёр том бүтэц бий болжээ.

Дөрвөн Ойрад гэдэг нь юунаас үүдэлтэй юм бэ?

Түүхэнд дандаа Дөрвөн гэсэн тодотголтой гардаг. Тод бичгийн сурвалжид харь Дөрвөн Ойрад гэсэн байдаг. Энэ нь дөрвөн өөр ойрад гэсэн утгатай. Зүүн монголчууд алтан ургийн угсаа залгамжилсан ноёдоор тугаа хийсэн. Энд Чингисийн, тодруулбал Толуйн угсааныхан төр барина гэсэн дүрэмтэй. Харин Ойрад нь дөрвөн өөр угсаа залгамжлалтай, өөр өөр манлайлалтай аймгуудын холбоо. Тэд дөрвөн субьектээс бүрдсэн чуулгантай бөгөөд нийлж байгаад чуулганы ахлагчийг тавина гэсэн үг. Дөрвөн Ойрадад алтан ураг шиг зөвшөөрөгдсөн угсаа залгамжлал байхгүй учраас анхнаасаа чуулганы системийг ашиглаж аль нэг хүчтэй, эрхтэй, чадалтайгаараа удирдуулдаг байжээ.

Ойрадын дотоод бүтэц, газар нутгийн тухайд тодруулаач?

Ойрадын түүхийг схемчилж загварчлаад үзье. Ойрад гэдэг бол ХIII зууны монгол язгуурын овог аймгуудын нэгэн нийлбэр. Өнөөдөр буй ойрадуудыг угсаатны бүлэг, овог хүртэл хөөгөөд үзвэл дотор нь язгуурын монгол овгууд л байна. Тухайлбал: тайчууд, таргад, баарин, булгадар, галзад, харнууд, шарнууд, чонос, махас, шарас, монголмууд гэх зэрэг. Ойрадуудыг бүхэлтгээд ойлговол үндсэн таван том аймгаас бүрдэнэ. Нэг дэх нь Цорос: эднийг хожим Зүүнгар гэж нэрлэдэг болсон. Бас манж хятад хэл бичгээр Өөлд гэж нэрлэнэ. Энэ нэр нэг хэсэг бүх ойрадыг нэрлэдэг нэр болж байсан. Хоёр дахь нь Дөрвөд: Язгуурын нирун 19 аймгийн нэг байсан тэд нэгэн цагт ойрадын гол аймаг болжээ. Дөрвөдүүд дотроо тайчууд, таргад, чонос, баяд зэрэг бага аймгуудыг багтаагаад ойрадыг бүрдүүлнэ. Дөрвөд, Цорос аймгийг Эсэн хааны удмынхан захирч ирсэн. Цоросын угсаа залгамжлал гэж нэрлэж болно. Яагаад гэвэл Монголын улс төрийн өндөрлөгт Алтан урагтай өрсөлдөж ирсэн угсааны хүмүүс. Хархул, Баатар хун тайж, Галдан хаан, Цэвээнравдан, Галданцэрэн, далай хаан Түмэндэлгэржав бүгд л энэ угсааны хүмүүс. Монголын баруун аймгийн дөрвөд, баяд, алтайн урианхай, захчин, өөлдүүдийг ХХ зууны эхэн хүртэл энэ удмынхан захирч ирэв. Гурав дахь нь хойдууд: Хойд бол ойрадын язгуур аймаг. Үндэс, суурь нь гэж болох. Дотроо гулз, баатуд, их мянган зэрэг бага отгуудаа багтаадаг. Ноёд нь их мянган овогтой. XVI зуунд тэд Дөрвөн ойрадын зүүн биеэр нутагтай байсан. 1530-аад оноос 1623 он хүртэл Зүүн монголоос бага сагыг нь тоочихгүйгээр есөн удаагийн том довтолгоо явагджээ. Энд Түмэдийн Алтан хаан хоёр удаа, Ордосын Хутагтай сэцэн хоёр удаа, Халхын Түшээт хан нэг удаа, Засагт хан нэг, Баруун халхын Алтан хаан хэдэн удаа довтолжээ. Энэ бүгдийг голлон үүрсэн аймаг нь хойдууд. Одоо монголд хотгойд гэж аймаг байна. Тэр бол халхын Алтан хаанд олзлогдсон хойд аймгийнхан болон халхын жалайр аймгийн дундаас үүссэн хүмүүс. Одоо овог, нэршил, зан заншлаас нь тодорхой харагддаг. Хойдууд голлох байр сууриа алдсан ч ойраддаа нөлөөтэй хэвээр байсан. Хойдын Сайн хиа, Амарсанаа гэж бид мэднэ. Дөрөв дэх нь Торгууд дотроо хэрэйд, мэргэд, эрхтэн, цаатан, цоохор, хавчин, багуд буюу баяд гэдэг томоохон отгуудтай. Ноёдын нь гол угсаа нь хэрэйдийн Жаха хамбын хойчис. 1437 онд Тогоон тайшийг түшиж ирэхэд нь “тураг гөрөөс мэт чилгэр сайхан биетэй турхагууд” гэж нэрлэсэн нь Торгууд болжээ. Өнөөдөр ойрадууд дунд торгууд нь олон тоотой, бас олон газар үлдсэн дээ. Тав дахь нь Хошууд. Хавт Хасарын угсааны ах дүү Арагтөмөр, Өрөгтөмөр хоёр өмч хөрөнгөө булаалдаж муудалцаад ах Өрөгтөмөр хамаг муу албат ялгаж өгсөн дүүдээ гомдож Ойрадын Тогоон тайшийг түшиж очиход өөрийн хүн ардаасаа нэмж нийлүүлж хошууд аймгийг байгуулсан түүхтэй. Тэгэхээр хошуудын ноёд бол Хавт Хасарын угсааныхан. Хошуудын алдартай ноёдоос Гүүш хаан, Очирт цэцэн хаан, Галдама баатар гээд олныг бид мэднэ.

Дөрвөн ойрадын чуулган хэзээ болсон систем билээ?

Ихэнх судлаачид XIII зуунд гэдэг. Яг баттай бол 1437 онд тэргүүн Дөрвөн ойрадын чуулган байгуулагдаж байв. Үндэслэн байгуулагч нь Тогоон тайш. Дээр хэлсэн Хутхай таюугийн хүү Батула чинсангийн ахмад хүү. Энэ чуулганыг тэргүүн Дөрвөн ойрад гэдэг. 1500 аад он хүртэл оршин тогтнож байсан Алтайгаас зүүн тийш, Хангайн араар нутаглаж байв. Баруун тийш Могилистан буюу Цагаадай хойчсыг түрж хожим Алтайн цаана нутагласан. Энэ нь 1500-аад оноос хойш. Үүний дараа дунд Дөрвөн ойрадын холбоо Хошууд аймгийн манлайлал дор байгуулагдаж байв. Улс төрийн шалтгаанаар бүтэц бүрэлдэхүүн нь өөрчлөгдөж, газар нутаг нь багассаж ихсэж байв. Харин 1636 онд сүүлийн Дөрвөн ойрадыг байгуулжээ.

Дэлхийн түүхэнд бичигддэг монгол туургатны гурван том улсын нэг нь Зүүнгар улс гэлээ. Ингэтлээ хүчирхэгжих болсон учир шалтгаан юу вэ?


Зүүнгар улс байгуулагдсан цагаасаа хойш өргөжин тэлсэн. Гадаад бодлогын хувьд Манж, Хаант Оростой зэргэцэн орших гэрээ байгуулсан. Галдан хаан 1676 оноос хойш Дорнод Туркменстан, Киргиз, Хасагийн газар нутаг, хот балгадыг өөрийн эрхшээлдээ оруулсан .Зүүнгар улс бий болонгуутаа томорсон гэсэн үг. Ид хүчирхэг байх үедээ 1688 онд Халхад довтолгоо хийж байсан нь олон учир шалтгаантай. Энэ нь Манж, Төвдийн хагалан буталгах, тараан салгах бодлоготой холбоотой. Хятад, Өвөрмонголыг өөртөө багтаасан хүчирхэг улстай шууд нүүр тулж байлдана гэдэг бол Зүүнгар бяртай, аатай байсны илэрхийлэл гэлтэй. Галданбошготын дараагаар хаан суусан Цэвээнравдан, Галданцэрэн нарын үед Зүүнгар улс улам хүчирхэг болжээ. Дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн нь үүнтэй холбоотой. Бүс нутагтаа бодлого тодорхойлогч болсон Зүүнгар улс эдийн засгийн талаараа харьяанд байгаа улсуудаас татвар авдаг байж. Газар тариалан хүчтэй хөгжүүлсэн. Цэмбэ нэхдэг нэхмэл сүлжмэлийн үйлдвэр байгуулсан. Хөвөн тариалдаг, төмөр боловсруулдаг болсон. Оростой дайн хийж байхдаа оросын армид алба хааж байсан шведын мэргэжилтнүүдийг олзолж их буу цутгаж байв. Тиймдээ ч мандан бадралын ид үедээ байсан Манж Чин улстай зэргэцэн оршиж Халх монголоос хойш 70 шахам жил эзлэгдэлгүй тэмцэв. Манжтай 1719-1733 он хүртэл байнгын дайн байлдаантай байв. Манжуудад дийлээгүй. Бидэнд тэр цагт манжийн сайд нар хаандаа айлтгаж байсан айлтгалууд байна. Түүнд “Зүүнгарыг эзлэх гэсэн дайнаас болоод улсын сан хөмрөг хоосорч дууслаа. Нэмэлт татвар гаргаад ч хүч хүрэхгүй байна” гэсэн утгатай. Зүүнгар ч гэсэн хэцүүдсэн. Зүүнгарын ар, баруун талд Хаант орос, Хасгууд байнга бэлчээр нутаг, баялагтай газрын төлөөх маргаан хийж л байсан. Сүүлдээ Манж-Зүүнгар 1739 онд хилийн хэлэлцээр байгуулж байлаа. Мөн шашин соёлоо өндөр хэмжээнд хөгжүүлжээ. Номоо барлаж хэвлэдэг, цаас хийдэг. Тод үсгээ төрийн бичиг болгосон .Сүм хийдүүд монгол хэл дээр орчуулж, тод үсгээр бичсэн судар номоо хэрэглэдэг. Зүүнгар улс 1755 онд Манжид эзлэгдсний дараа хасаг, киргиз, узбек, уйгарууд Манжтай тод үсгээр бичсэн албан захидлаар харилцдаг байжээ. Энэ нь бүс нутагтаа соёлын асар том нөлөөтэй байсныг харуулж байна.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.