Говийн Ноён хутагт Данзанравжаа

Дулдуйтын Равжаа буюу Ноён хутагт Данзанравжаа нь Сайшаалт ерөөлт хааны 8-р он буюу Харагчин гахай жил (1803 онд) Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошууны нутагт (одоогийн Дорноговь аймаг) мэндэлжээ. Төрсөн газрыг нь товч намтарт бичихдээ: “Дулаан харын баруун өмнө, Нарийн хараас эгц өмнө, Дэнгийн худгийн хойно Шувуун хэмээх өчүүхэн шандын дэргэд ажээ”. Энэ нь одоогийн Өргөн, Улаанбадрах, Хөвсгөл сумын зааг бөгөөд зохиолчын мэндэлсний 185 жилийн ойд зориулан дурсгалын багана босгожээ. Бага балчир наснаасаа ядуу зүдүү, өнчрөл хагацлын зовлонг амсаж эцгээ дагаж гуйлга гуйж, хар овоохойд хоноглож шар нар, бор хоногийг өнгөрөөж явжээ.

Равжаа могой жил буюу 1809 онд Онгийн голын хувилгаан лам Ишдонилхүндэвээс сахил хүртсэн. Долоо найман настайгаасаа шүлэг дуу зохиож эхэлсэн бөгөөд ямар нэг ахуй үесэд тохируулан 50 шахам дуу, 30 гаран гүрийг (шүлэг) айлдан зохиожээ. Цовоо сэргэлэн, сод ухаантай, авьяаслэг хүүхэд байсан учир олонд алдаршиж, тэдний хүндэтгэл итгэл бишрэлийг хүлээж удалгүй говийн Ноён хутагтын V дүрээр хагас нууц байдлаар өргөмжлөгджээ. Учир нь IV ноён хутагт Жамъян-Ойдовжамцыг хүн амины хэрэгт хэлсдүүлэн Бээжинд аваачин хоригдож байгаад нас баржээ. Манжийн хаан дараах дүрийг тодруулахыг хэрэгсэхгүй болгожээ. (Галдан, Эрдэнийн эрих, 47-р тал. 1960 УБ) Иймээс тэр нутгийн эрдэмтэй лам Наваан аграмба цоржийн хувилгаан хэмээн хагас нууцаар өргөмжилсөн түүхтэй байна. Ийнхүү гуйлгачин ядуу хүү гэнэт хутагтын өндөр сууринд залрах болсон нь түүний амьдрал ахуй, үзэл санаанд ихээхэн өөрчлөлт оруулсан бөгөөд ихэс дээдэс ч төдийлөн таашаалтай хүлээж аваагүй байна.

Арван хэдэн настайгаасаа эхлэн Бадгар, Чойлин хийдэд сууж чойр зэрэг Буддын гүн ухаанд суралцсан байна. Мөн Төвдийн нэрт шүлэгч Ронбо Галданжамцын зохиосон дуу шүлгийг судлан үзжээ. “Тоглоом гэдэг хэтэрхий шинэ баясгалан оршвой” хэмээх шүлэгтээ:

Арван долоон насан дээр шалтгаанаар сургагдан
Аргагүй энэ орчлонд уйтгар төрлөө.
Арван найман насныхаа төмөр луу (1820) жилдээ
Авир ёсыг урваж хөрвөдөгийг тодорхой үзэв.
Могой жилийн хавар сард үхсэнээс амьд хагацав...

гэх зэргээр Буддын гүн ухаан, номлол сургаалтай танилцсан, ертөнцийн амьдралын эрээн барааны зах зухыг олж мэдсэн, эцэг Дулдуйт нь нас барсан зэрэг өөрийн амьдралын нэгэн тодорхой үеийг дурсан өгүүлжээ.

Ноён хутагт Өвөр Хамрын газар хийд байгуулж болох эсэх тухай Жанжаа эрдэнэ тэргүүтэнд айлтгасанд газрын нэрийг “Өвөр Баясгалант” хэмээн сольж нэрийдэн сүм барьж болно гэжээ. Мөн Чойлин хийдийн цогчин сүм, Лавран сүм, Дүйнхэр дацан, Галбын гурван хийд зэрэг олон сүм дуган байгуулж, дээдсийн үеэс хадгалсан Одсэргочоог (Энэтхэгийн нандин бурхан) нээн тахиулах зэрэг ажлыг гүйцэтгэж явжээ.

Их хүрээ, Эрдэнэ зуу, Алшаа, Долоннуур, Сэцэн хан аймаг, Хардал бэйсийн хошуу, Амдоо, Бээжин зэрэг олон газар орноор байнга хэсүүчлэн явдаг байжээ. Гахай жил (1827)-ийн шинийн ёслол, шинийн еснөөс эхэлж цамын баг, хувцас, цамнах байдлын сургуулийг дэглэж гурван сард цам, тахил тэргүүтнийг гарган үзүүлжээ. Хулгана жил (1828) Галбын уулын “Чулуун уул” хэмээх газар заларч “Гайхамшигаар бүтсэн” хэмээх дуу зохиож, Галбын уулын газрыг нарийвчлан үзэж “Чулуун хаалга” нэртэй газар сууж, хадны дээр хэдэн шавь нартай зураг зуржээ. Ийнхүү “Галбын гурван хийдийг” байгуулж Их Улаан сахиусыг Чойлингоос залсан байна. “Эрдэнэ ноён гэгээний V дүрийн гэгээнтний намтраас бичиж авсан нь” хэмээхэд: Туулай жил (1831) Алшаагийн баруун хийдийн газар хүрч мөргөн, бас Милрайбын намтар, богд Адишагийн намтар, Бурханы гэгээний намтар тэргүүтэнг дуудуулан үзэв. “Саран хөхөөний намтрыг эхэлж зохион бичиж, шавь нараар хэдэн бүлгийг дуудуулан үзэв” гэжээ. Ийнхүү жүжиглэсэн тоглолтыг үзэж, өөрөө жүжиг зохион эхэлж, нутгаас шавь нарыг дуудуулан ирүүлж сургуулиулан, ёсчлон дэглэж мөн “Тулгатын хийд, Хамрын хийдэд” “Намтар дуулах” сүмийг (театр) бариулж, уг жүжгийг тоглуулсан тухай товч намтарт тодорхой өгүүлжээ.

Равжаа, Бурханы шашны улааны салбарыг эрхэмлэн шүтэх учраас эхнэр авах, найр наадамд оролцох зэрэг ертөнцийн аливаа явдлаас жигшдэггүй байжээ. Түүний товч намтраас үзхэд ер нь нэг газраа тогтож сууж байсангүй, Монгол нутагт газар сайгүй уригдан залагдаж элдэв зан үйл, хэрэг явдалд оролцож, зарим үед бие нь чилээрхэж Хужиртын халуун рашаан, Тэхэгийн рашаан усанд биеэ сувилж шинэ зохиол бүтээл зохиож, хуучирч дарагдсан агуй, бурхан, сүм зэргийг сэргээлгэж, газар орны эрдэнэс баялаг зэргийг шинжин олох зэргээр амрах чөлөө завгүй явж байжээ.

Утай Сэрчийн майдарын газар мөргөхөөр заларч явах замдаа бие нь чилээрхэж захиа гэрээс зэргээ Дадишуарид айлдаж, улмаар Бойний сүмийн (Оточийн сүм) зүг явсан байна. Ийнхүү улаан луу жил буюу Түгээмэл элбэгт хааны 6-р онд (1856) жанч халжээ. Харин ардын уламжлалт домог яриагаар бол Мэргэн вангийн угсааны шулам хатан гэгч хорлуулсан гэдэг (Ц.Дамдинсүрэн. “Саран хөхөөний намтар” 1962). Түүний амьдрал ахуй нь их олон талтай, ээдрээ зөрчилтэй, мөрдөх ёс, загнах зан, сэтгэл санаагаараа тухайн үеийн нийгэм орчинтойгоо зохицохгүй гадуурхагдан хавчигдаж, “Галзуу”, “Согтуу”, “Гайхал” зэргээр хочлуулж явжээ.

Алдарт ялгуусны айлдсан дээдийн номыг Анхааран номнох, туурвих зав чөлөөгүй Айхавтар том лам гэсэн хуурай нэрт би Амьтан хүнийг гутаах шалтгаан болон суунам гэж өгүүлсэн байдаг нь түүний амьдрал ахуйн дүр зургийг илтгэх мэт. Энэ мэт тухайн цаг үетэйгээ зөрчилдөж буй өөрийн үзэл бодлыг тусгасан шүлэг найраг их олныг бичсэн байдаг. “Аврал бүхэн хурсан” гэх зохиолд:

Ажлаа номчлон хийвэл гэмтэнд тооцогдоно Ариун номоос зөрчвөл өөрөө гутамшиг Ачит номтой таарвал бүхэнтэй харшилна Аргалж бүхэнтэй таарвал номтой харшилна гэжээ.

Зохиол бүтээлүүддээ өөрийгөө Дан¬занравжаа, Лувсанданзанравжаа, Додмайрандол гэх зэргээр нэрлэсэн байдаг. Зарим зохиолдоо “Сумади шасана дхрабра бухяна” гэж санскрит хэлээр тэмдэглэсэн байдаг нь төвд нэр Лувсанданзанравжаа гэдэгтэй утга нийлдэг. Додмайрандол гэсэн төвд нэрийн утга нь Монгол хэлэнд буухдаа “Угаасаа өөрөө гэтэлсэн” гэж орчуулагддаг байна. (Ч.Алтангэрэл, 1968.7) Мөн “Тойн дүрст өнөөх гайхал”, “Хязгаар газрын нэгэн хүн”, “Галзуугийн үг”, “Цагаан хэрээ” гэх зэргээр тэмдэглэхээс гадна хэд хэдэн зохиол бүтээлээ зүүдний хэлбэрийг ашиглан хэлэх үгээ илэрхийлж бичсэн нь цаг үеийн шахалт хавчилтаас зайлсхийх өвөрмөц нэгэн арга болсон ч байж магад. “Гэвш Шаравт хэлсэн сургааль”-даа “Тун ч бусдад хэлж болохгүй шүү. Цаг цөвүүн байна...” гэх зэргээр болгоомжилиж, “Дээрэнгүй хэрүүлийг хэрэгсэлгүй дүлий мэт яв. Дээдэст зусардахыг тэвчиж галзуу хүн шиг бай...” хэмээн шавь нартаа сэрэмжийг сануулан байдаг байжээ.

Ноён хутагт багаасаа хутагтаар өргөмжлөгдөж шашны зүтгэлтэн болсон ч тэр үеийн олон хутагт хувилгаадын адил ертөнцийн амьдралаас тасарч хоосон бясалгалд орсонгүй, харин ч алд түмний дунд хутгалдан амьдарч олон газар орноор хэсүүчлэн явж, амьдралын сайн муу талыг биеэр үзэж өнгөрүүлсэн хүн юм. Иймээс ч түүний бүтээлд хүний ертөнцийн амьдралыг жинхэнэ үнэн сэтгэлээсээ мэдэрч уран сайхны өндөр түвшинд дүрсэлсний хамт ардын уран бүтээлд ойр, сэтгэл санаанд нь нийцсэн, цаг үеэ тольдон тусгасан зохиол бүтээл зонхилж байна. Түүний яруу найрагт шашны номлол сургаалийн шүлгээс гадна иргэний утга уянга, сургаал, ерөөл магтаал, шог хошин зохиол, шүүмжлэлт шүлэг, харилцаа дуу шүлэг, гомдлын шүлэг зэрэг олон хэлбэрээр бичигдсэн байдаг.

Түүний зохиол бүтээлд гүн ухааны сэдэв чухал байрыг эзэлдэг. Үүндээ байгаль ертөнц, ургамал бодис, хүний биеийн хувиралт өөрчлөлт, жам ёс, зүй тогтол, мөнх бус, биед баримтлах үзэл, хоосон чанар зэрэг олон нарийн асуудлын учир зүй, шалтгаан барилдлага, шинж чанарыг уран дүрслэлийн аргаар хүн нийгмийн амьдрал ахуйтай холбон илэрхийлсэн байна. Байгаль ертөнцийн аливаа үзэгдэлд байх эсрэг тэсрэг чанар, мөн тэдгээрийн харилцан холбоо нэгдлийг:

...Өвөл зун хоёр нь
Хүйтэн халуун хоёр,
Нар сар хоёр нь
Гал ус хоёр
Төрөх үхэх хоёр нь
Бүтэх эвдрэх хоёр
Эцэг эх хоёр нь
Арга билэг хоёр... гэх зэргээр гүн ухааны маш нарын ойлголтуудыг энгийн бөгөөд ойлгомжтой урнаар дүрсэлсэн байна. Түүний гүн ухааны шүлгүүдэд аливаа бүх юм цөм байгалийн зохицолдоон дээр үндэслэх бөгөөд энэхүү тэнцвэрийг таслахгүй байхыг мөрөөдсөн санаа илэрч байдаг. Эдгээрээс үзхэд, энэ ертөнц дээр мөнхийн хувиршгүй зүйл байхгүй бөгөөд цөм хөгжил хөдөлгөөн, үүсэл мөхөлтэй байдаг гэсэн үндсэн санааг хүмүүсийн амьдрал ахуй, байгалийн үзэгдлийн ерийн байдал дээр тулгуурлан илэрхийлжээ. Ертөнцийг үзэх үзлийн үндэс нь Буддын гүн ухааны онол байсан ба юмс үзэгдэлийг диалетикаар тайлбарлан дүрсэн санаа голлодог. Үүний хамт энэ амьдралын ертөнцийн амьдралыг “барайж торойж байвч” зүүд зэрэглээний адил илбийн үзэгдэл, хоосон чанартай хэмээн тайлбарлаж, энэ насны амьдралд хэтэрхий шунахын хэрэггүй, гагцхүү хойт насаа бодох хэрэгтэй гэсэн санааг ч зохиол бүтээлүүддээ тусгасан байдаг. “Зүйл зүйлийн үзэгдэл” хэмээх шүлэгтээ:

Зээ, зүү, зээ хөө, зээ. Хоосон чанар гайхамшиг
Зүйл зүйлийн үзэгдэл
Зэргээр ургагч сэтгэл нь
Зэрэглээ мэт үзэгдэвч
Зүүд мэт хоосон...
Зээ, зүү, зээ хөө, зээ. Хоосон чанар гайхамшиг
Бурхан ч сэтгэлээс гарна
Буг ч сэтгэлээс бүтнэ
Буян хилэнц ч сэтгэлээс
Бултаар хоосон сэтгэл буй хэмээн хоосон чанарын ойлголтын тухай бичсэн байдаг. Түүний тухай төвдөч эрдэмтэн Ч.Алтангэрэл гуай тэмдэглэхдээ: “Элдэв номын үгээр бие биеэсээ дээрэлхэн цэц булаалдах гүн ухааны чойрва нараас хавь илүү үлэмж дээд онол эзэмшин, өөрийн бие сэтгэлд Буддын сургаал, дээд их хөлгөний ба түүний дотроос гайхамшигт гүн утгат нууц... тарнийн буюу эх тантрын ёсны ном сургаалыг даган баримтлагч байсан өндөр онолт бие, хэл, сэтгэлийн нууц уран сайхныг эзэмшсэн зүйрлэшгүй чадалтай хүн” гэжээ.“Лам гурван эрдэнэ” шүлэгтээ:

Баян болон явбал бардам сэтгэлийг даралтай
Баахан болон явбал гунииг сэтгэлийг даралтай
Тойн болон явбал ариун санваараа сахилтай
Тун ганцаар суувал хатуу сэтгэлийг барилтай
Нанчид нанчид гэвч нарийн хар архи
Нарийвчлан шинжилбэл найман тамын нэг нь
Там там гэвч там хаанаас байх вэ
Тамтаггүй явбал там чинь тэр буй заа... гэжээ. Энэ шүлэгтээ Ямар ч нөхцөлд бие сэтгэлээ засаж, ухаалаг хандаж, өөрийгөө зөв залж явах хийгээд ТАМ гэх ойлголтыг шашны хүрээнээс гаргаж энэ ертөнцийн муу явдалд зүйрлэсэн нь анхаарууштай сонирхолтой санаа юм.

Д.Равжаа “Цаасан шувуу”, “Сэтгэлийг амраагч”, “Хавар цагийн зугаа”, “Залуус охид хөвгүүдэдээ захисан үгсийн товч” зэрэг томоохон сургаалиуд зохиосон. Түүний сургаалиуд зан суртахуун, нийгэм улс төр, сэтгэхүйн олон талыг хамарсан байдаг. “Цагийн жамыг тодруулагч Цаасан шувууны сургаал”-г Төр гэрэлтийн тавдугаар оны барс сарын 18-ны шөнө хязгаар газрын нэгэн хүн зүүдэлж байгаа хэлбэрээр цаасан шувуу нисгэгч, түүнийг сонирхогч хоёрын асуулт хариултын яриагаар дамжуулан тухайн үеийн нийгмийн анги давхарга, тэдгээрийн үйл ажиллагаа, ёс суртахууны доголдол зэргийг нээн дэлгэсэн шүүмжлэл, сургаал хосолсон зохиол юм. Цаасан шувуу нисгэгчийн үгээр:

Үнэн үгтэн омогтны тоонд орно
Башир үгтэн цэцний суудалд сууна...
Цайруу явбал хүний гарт орно
Хардаж явбал муу үйл арвидна
Шударга явбал олонтой үл таарна
Башираар явбал номтой үл таарна
Чанга хурц явбал өстөн олон болно
Дуугуй номхон суувал толгой дээр гарна
Дундуур зэрэг явбал тэнэг гэж сожлогчид олон
Дээр явбал атаархана
Доор явбал дарлана... гэж хүмүүсийн ая нь олдохгүй олон янзын ааш араншинг халаглан шүүмжилжээ. Энэ шүүмжлэл нь хэзээ боловч үнэ цэнтэй хэвээрээ байна. Мөн энэ зохиолдоо: Ёстонг хүндэл
Настанг баярлуул
Бачтанаас зайл
Сайнаас бүү сал...
(Биеийн явдал)
Хэрцгийлж хэрүүл бүү үүсгэ
Хэлбийж олон янз бүү урва...
Хуурч башир үг бүү хэл
Ховсорч хэрэггүй үг бүү зөө...
(Хэлний өгүүлэх)
Шинжлэлгүй бүү сэтгэ
Сэрэмжгүй бүү залхайр
Гэнэтэд нөхрийг бүү итгэ
Гэнэдэж хүнээс бүү урьт(Сэтгэлийн чиг)гэж амьдралд ухаалаг хандаж, өөрөө өөрийгөө зөв залж, удирдаж явахыг сургамжилсан нь хүмүүжлийн ач холбогдолтой зөв зүйтэй санаа юм.

“Хавар цагийн зугаа” хэмээх сургаалд хүнлэг сэтгэлтэй, тусч урвалтгүй зантай, итгэлтэй, элбэрэл журамтай, үнэнч шударга, ах ихсээ хүндэтгэдэг сайн зан чанарыг эзэмшсэн хүнийг “Буянт нөхөр, сайн хувьт” гэж үнэлсэн байна. Харин: Дээлийн өнгөч нохой мэт
Ноёдыг үзэж унаж тусах
Уур нь хүрсэн дигбаранз мэт
Хэрээ мэдэхгүй сүйлгэнэх
Худгийн доторх мэлхий мэт
Нэрэлхэн бахирах хүнийг
Нүгэлт нөхөр, шулмын зулзага
гэж жигшин шүүмжлээд, авах гээхийн сургаалыг зөв ухааран, үлгэрлэх, жигших зан чанарын алиныг сонгож авахаа өөрсдөө мэд гэж зөвлөжээ.

2 comments:

  1. Сайхан мэдээлэл оруулж өгсөнд баярлалаа

    ReplyDelete
  2. Сайхан мэдээлэл оруулж өгсөнд баярлалаа

    ReplyDelete

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.