Монгол угсааны ястанууд - Баяд

Баядын угсаа гарал: Монголын Баяд ястны эртний өвөг дээдэс нь XII-XIII зууны үед Баягуд аймгаас сурвалжтайн дээр Сэлэнгэ мөрний зүүнтэйх тал газар сууж агсан Жида Баягуд, Хээрийн Баягуд нь жинхэнэ монгол угсаатай гэж үздэг. Баягуд аймаг нь Монголын эзэнт гүрний үед түүний бүрэлдэхүүнд оролцож яваад хожим нэг хэсэг нь Зүүн монголын халх, өвөр монгол болон ойрад монголын дөрвөд зэрэг ястны бүрэлдэхүүнд оролцох болсон байна. Мөн Баядын дотор дараах яс бий. Үүнд: Шангас, Борлууд, Харнууд, Цагаагчууд, Тайж нар, Цагаанууд, Тахианар, Ногоон тугийнхан, Бүлчинжасынхан, Хошууд, Булгадар, Харгачууд, Галзат шарнууд, Хасгууд, Бүрдүүд, Хотдууд, Чооно, Шаазгай, Цорос, Тонгорууд, Барлагууд, Торгуудууд, Тавнангууд, Салдан долоон, Сарагжин долоон, Чамхин, Баарингууд, Баяд зэрэг болно. Одоо баядууд Дундговь, Дорнод, Увс зэрэг аймгийн зарим сумдад аж төрж байна. Баядууд нь эртнээс нааш мал аж ахуйг голлон эрхэлж ирсний дээр ардын баатарлаг туульс, бүжиг биелгээ зэрэг язгуур урлагийн талаараа ихээхэн алдартай юм.

Баядын үүслийн тухай домог: Баядын доторх яс омгуудын дотроос ноёлох яс нь Цорс юм. Цорс овог яс болсныг Увс аймгийн Хангилцгийн гол дахь Баядын түмэн баяр гүний хошууны Раашзалан гэдэг хүнээс А.А.Бурдуков гэдэг хүн тэмдэглэн авсныг доор сийрүүлэв.

Эрт урьд цагт Ойрад Дөрвөдийн нүүдлийн замд нэгэн өндөр уулыг давдаг байжээ. Тэр уулын орой үргэлж манантай учир хүнд харагддаггүй ажээ. Тэр үед нэгэн анчин залуу гөрөөлж яваад тэр уулын оройд гарчээ. Уулын оройд нэгэн нуур байсан бөгөөд нуурын эргэн тойронд нягт бут сөөг ургажээ. Анчин гэнэт эмэгтэй хүн инэхийг сонсоод олж хараагүйдээ гайхжээ. Гэтэл ус цалгих зүгт сэм аживал тэнгэрийн 3 дагина үүл хөлөглөн тэнгэрт хөөрөн буцхыг харжээ. Тэр залуу дараагийн удаа сур аргамжаатай ирж бургасан сөөгт сэм нуугдаж байгаад 3 охины нэгийг цаламдан авчээ.тэр үеээс хойш эр эм 2 хайр сэтгэлийн холбоотой болж улмаар нэгэн хүү төрүүлжээ. Тухайн үед тэнгэрийн дагина маш ичиж хүүгээ модны уранд өлгийдөж, модны мөчрөөс өлгөөд уйлуулахгүйн тулд донгоддог шувуу дээр нь суулгаад, өлсгөхгүйн тулд цоргон амтай аяганд хөхнийхөө сүүг дүүргэж тавиад тэнгэрлүүгээ буцсан гэдэг. Тухайн цаг үед ноён гэж байгаагүй болхоор тэр газрын бүхий л эрдэмтэн мэргэд төлөгч зурхайч нар ноёнтой болох талаар зөвлөлдөж байхад нэг нь гоц мэргэн нөгөө уулын оройруу зааж тэндээс олдохыг зөвлөсөн гэдэг. Тэр цагаас хойш хүүг олон цоргоор тэжээж байсан тул Цорго гэж нэр гарч олон хүмүүсийг нэгтгэж байсан болхоор олон тооны “С” дагавар залгаж Цорс хэмээх овог үүссэн түүхтэй.

Баяд хувцас: Баядад хэд хэдэн төрлийн тухайлбал, сээтгэр малгай, тойруул тоорцог, царцаа хар, туйв малгай, товь, дуулха гэх мэт малгайнуудыг өмсдөг байв. Баяд малгай нь бусад ястнуудын малгайнаас ялгагдах учир дөрвөдүүд тэднийг хар хэрмэн нутагтай, хар хүрээтэй малгайтай хар баяд гэж нэрлэдэг байсан аж. Охид сэвгэрүүд зунд нь хүрэн өнгийн алчуур зангидаж өвөл нь лоовууз өмсөнө. Баяд авгайн тэрлэгний нударганы омог талбиу байхад дөрвөд авгайн нударганы омог хурц, тэрлэгний ханцуйн ухаар нь өргөн тавиу байхад дөрвөд авгайн ухаар нь бариувтар байх онцлогтой. Дөрвөд тэрлэгний энгэрийн эмжээр нарийн, хормойн эмжээр хоёр хуруу байхад баяд тэрлэгний хормойны эмжээр дөрвөн хуруу өргөн байх жишээтэй. Баядууд өвөлдөө цагаан нэхий дээл өмсөх ба дэлээ эргэн тойрон хар хилэнгээр хоёр зэрэгцүүлэн эмжиж толгойд нь хээ гаргаж өлзий ороон хадах бөгөөд захыг нь гадагш эргүүлэн хос эмжиж эргүүлсэн хэсэгтээ хар хурганы арьс хадаж гоёдог.

Баяд гутал бол ширмэн эсгий ултай, харин дөрвөд гутал бол гурван давхар ширэн ултай хийх тус тусын ялгаатай. Баяд улаан гутлыг хар модны холтсыг усанд чанаад сэрх ямааны арьс, үхрийн ширэнд нимгэн түрхэж улаан өнгөтэй болгож элдэж талхиад хүн бүр ажилд өмсдөг байсан байжээ. Мөн буга агнан годны арьсыг нь битүү задгай хоёрын аль нэгээр өвчин хуулж аваад элдэж хүний хөлний том багын хэмжээнд тохируулж годон гутал хийдэг. Хандгайн дөрвөн годоор урт түрийтэй, хөлөнд хөнгөн, ус үл нэвтрэх эдэлгээ бөх гутал хийдэг байжээ.

Баядын аж байдал соёл:Баядууд хэл яриа, зан заншил хувцас хунар гэр ахуйн байдал зэргээг дөрвөдтэй бараг адил болов ч хувцасны зарим хэлбэр, хэлний зарим аялгуугаараа өөр байдаг. Жишээлбэл: “Э” үсгийг үгийн эхэнд дунд адагт хаана ч байсан “Ай” өөр дууддаг байна. Эрдэм- Айрдайм гэх мэт. Мөн ардын аман зохиол үлгэр туулийн арвин их баялагтай ард түмэн юм. Эрт дээр үеэс уламжлагдан хадгалагдан ирсэн “Гэсэр” , “Жангар” , “Алтай хайлах” зэрэг олон сайхан үлгэр туулийг өвлийн урт шөнө малаа хотлуулсны дараа гэр бүлээрээ тойрон сууж хуурдан хайлдаг байжээ.баяд түмэнд олон сайхан туульч хуурчид байснаас М.Парчин Монголд төдийгүй дэлхий дахинаа түгэн цуурайтаж байсан ажээ. Баядууд морь бөх сайтай ялангуяа тэс нутгийн морь бөх аль нь ч аймагтаа давамгайлдаг. “Тэсийн голын унага сайн, Тэрхийн голын хүүхэн сайхан “ гэж ард олон яльдаг нь зүгээр ч нэг үг биш болов уу.

Баядын шашин шүтлэг.1870-аад он хүртэл баядад хүрээ хийд, гэлэн, гэцэл, цөөн байсаг тухай Владиморцов, Поздневв, Потанин нарын судлаачид тэмдэглэжээ. Баядын үндсэн 4 том хийдийн 3 нь 1870 оноос урд байгуулагджээ. Баядад шарын шашин зөвхөн увс нуурын газарт ирсэн хойно дэлгэрсэн гэж үзэх үндэсгүй. Тэднийг зүүн гарт байхад Ойрадын Зая бандидаас эхлээд Галдан Бошгот Төвдтэй харилцаа холбоотой байсны учир Ойродын дотор шарын шашны нөлөө дэлгэрч байжээ. Баядад дэлгэрч байсан шарын шашин нь тусгай онцлогтой байсан. өвөлд Майдар эргэх, Зунд Бумбын ам тахих зэрэг шашны үндсэн 2 баяр ёслол байсан ба энэ үеэр хурал ном хуралдахаас гадна цам тоголдог байжээ. Мөн Сор залах, лүүжин тавих, гүрэм ном унших, тахилгаа тахих зэрэг бусад үйлдэл нэгэн адил байсан.

7 comments:

  1. Sonrholtoi medee bna bi copydaj avah geed chadsangui yah ve

    ReplyDelete
  2. baydad bui shangas ovog bl hawt hasriin udmin hvmvvs yum vvnig batlah n shangas ovog n goroochin otog ajguu goroochin bolwos hasrin harwah namnahas vvdsn ner boloi

    ReplyDelete
  3. Энэ их хэрэгтэй сонирхолтой зүйл бичсэн байна баярлалаа. Бас Хасарын бичсэн комментыг сонирхож байна. Би шангас овгийн хүн л дээ энэ овгийн талаар илүү мэдээлэл олж авмаар байна. unuru_d@yahoo.com

    ReplyDelete
  4. гялаахандээ сайхан даа баядхан

    ReplyDelete
  5. гэхдээ энэ зүйлийн эх хэрэглэгдэхүүн нь юу вэ зарим хэсэг худал байна

    ReplyDelete
  6. Чингис хааны их өвөг Бодончир Мунхаг болвоос баяд овгийн нэгэн хүмүүн Малик Баядаас гаралтай гэж хүмүүс үздэг нь үнэний ортой юм

    ReplyDelete
  7. Боржигин овог Баядаас гаралтай гж Нууц товчоон дээр цагаан дээр хараар бичээстэй бдг

    ReplyDelete

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.