Хэрвээ та албан ёсны чухал хүлээн авалтанд явж байгаа бол доорх зүйлүүдийг анхаараарай

  • Эзэд ширээнд суухыг уриагүй юм уу, бүсгүйчүүдийг суугаагүй байхад ширээнд суухыг түр азна
  • Бүсгүйг ширээнд урихдаа хэзээ ч зүүн гараа өгч болохгүй. Эрчүүд ямар ч тохиолдолд бүсгүйг баруун гараараа дэмнэх ёстой.
  • Хажууд суугаа, ялангуяа баруун талд тань байгаа бүсгүйг та таньдаг ч бай, үгүй ч бай үйлчлэх ёстой.

Чойрын Хийдийн Гэгээтэн Зава Дамдин (1867-1937)

Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу нутагт 1867 онд мэндэлжээ. Бага наснаасаа нутгийнхаа Цахиуртын жаст сууж лам хувраг болсон ба 17 настайдаа Их хүрээний Гунгаачойлон дацанд сууж олон жил ном үзэж, 1905 онд гавжийн дамжаа барьсан байна. Зава Дамдин ламыг Богд хаант Монгол улсын үед судар ном орчуулах комисст оруулан ажиллуулж байв. 1918 онд төрөлх нутагтаа очиж, Чоён-Одсаллин хийдийг үндэслэн байгуулж, 1937 он гэхэд 20 жилийн дотор Буддын гүн ухаан, анагаах ухаан, одон зурхай зэрэг төрөлжсөн дацангуудтай томоохон хийд болж чадсан. Ардын засгийн анхны жилүүдэд Судар бичгийн хүрээлэн байгуулахад урилгаар ирж ажиллаж байв. 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн сул гишүүн болсноор академич болсон хэрэг юм.

Өрнийн боловсрол бүхий Оросын монголч эрдэмтэн Щербатский, Тубянский, Цэвээн-Жамсранов болон Онходын Жамъян дооромбо нартай хамтран ажиллаж байв. Төвд хэлээр 17 боть ном туурвижээ. Түүний зохиолуудын дотроос хамгийн алдартай нь Монголын Буддын шашны дэлгэрэнгүй түүх Хор Чойнжүн буюу "Алтан дэвтэр" хэмээх ном нь Монголч эрдэмтдийн дотор ихээхэн алдаршжээ. 1937 онд Улаанбаатар хотод таалал төгсчээ. Зава Дамдинг сэрүүн тунгалаг байх үед бага залуудаа шавь орж ном заалгаж байсан Гончигдорж, Гэмпил, Мятав нарын өтгөс буурлууд ярихдаа "Манай хамба багш хэдэн зуун бээрийн алсад болж буй юмыг үзэж сонсдог байсан" гэж бахдан ярьцгааж байв. Жишээлбэл нэг удаа 1920 оод оны эхээр өөрийн бараа бологч шавь Ишжамцад "Өнөөдөр холын хүн ирэх нь домботой цайгаа халуун байлгаж бай" гэж хэлжээ. Тэрний хойно нь Хатанбаатар Магсаржав ирж уулзаж байсан гэдэг. Зава Дамдин гэгээтэний хойд дүр болох Лувсандаржаа гэгээтэн Нямба-д сууж буй бий ба Дэлгэрийн Чойрын хийдийг 2005 оноос сэргээн босгосон билээ.

Билгэ хаан болон Культегин жанжны дурсгал

Архангай аймгийн Хашаат сумын Цайдам бригадын нутагт Өгий нуураас баруун урагш 36 км, Хархориноос хойш 47 км зайд Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө оршдог. Эл дурсгал нь Хөшөө цайдмын дурсгал, Орхоны хөндийн дурсгал, Культегины бичээс, Билгэ хааны дурсгал гэх мэтээр нэрлэгдэн 100 гаруй жилийн турш судлагдсаар иржээ. 1958 онд Монгол-Чехословакийн хамтарсан судалгааны баг бүхэлд нь малтан судалсан байна.

Элтерэс хааны хүү Билгэ бол Түрэг улсын сүүлчийн хаан бөгөөд 19 жил улсаа удирдсан юм. Түүний дүү Культегин нь ухаалаг, авъяаслаг цэргийн жанжин байгаад 731 онд 49 насандаа таалал төгсчээ. Культегин ах Билгэг хаан ширээнд суухад тууштай дэмжиж түүний төлөө хүчин зүтгэсэн түүхтэй. Билгэ хаан дүүгийнхээ дурсгалд зориулан тахилын цогцолбор, шүтээний сүмийг 732 оны 8 дугаар сарын 1-нд босгуулжээ. Цогцолборын урт 67 метр, өргөн 29 метр, 1 метр зузаан тоосгон хэрэмтэй, түүний гадуур шуудуугаар хүрээлэгдсэн, хэрмийн доторхи сул зайг бүхэлд нь 32 х 32 х 6 см хэмжээтэй тоосгоор бүрсэн байжээ. Цогцолборын голд наран ургах зүгт харуулан Культегины гэрэлт хөшөөг байрлуулсан бөгөөд мэлхий чулуун суурийн хамт өндөр нь 383 см, өргөн нь 132 см, зузаан нь 46 см юм. Хөшөөний дээд хэсэгт эвхэрсэн хоёр лууг чимэглэж, бичээсийг голлуулан Ашина овгийн тамга болох янгирын дүрс, гурван талд нь нийт 68 мөрөнд 10 мянган үсэг зурлага бүхий руни бичээсийг сийлжээ.

Зоргол хайрхан уул

Зоргол хайрхан уулын өндөр 1668 метр бөгөөд их хайрхантай холбоотой сонирхолтой мэдээллийг дуулгавал, Зорголхайрхан уул том, жижиг гурван агуйтай. Хамгийн томыг нь Шижирбаатарын буюу Дансрангийн агуй, баруун талын үргэлжилсэн уулыг Баянгийн хэц, хойд талын уулыг Агуйт гэнэ. Халх Монголын нутагт байдаг үзэсгэлэнт сайхан боржин чулуун уулсын нэг нь энэ хангай юм. Зоргол хайрханы чанх урд тусгайдуу байдаг хадтай толгойг Морин цохио гэнэ. Энэ цохиог нутгийнхан жил бүрийн зуны эхэн сарын шинийн 8-нд тахин бэсрэг наадам хийдэг уламжлалтай. Ялангуяа хурдан морьтой хүмүүс морио авчирч “хийморийг нь сэргээдэг” юм байна.

Зоргол хайрхан уул нь Улаанбаатар хотоос шууд явбал 150 км Элсэн уулнаас 40 км зайд орших хосгүй чамин тогтоцтой, Монгол хүний шүтэн биширдэг дэндүү сүрлэг, онгон дагшин догшин уул билээ. Энд рашаантын ам гэж уул ус, мод ургамал жигдэрсэн үзэсгэлэн төгөлдөр газар байдаг. Энд бас уулын эгц уруу харайж байгаа морины дүрстэй хадыг үзэж болно. Нутгийнхан нь Зоргол хайрхан уулыг хүзүүгээ нугалаад хэвтэж байгаа согооны хэлбэртэй гэж ярилцдаг.

Чингис хааны билиг сургааль

Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсч байгааг олж мэдэхийг хичээгтүн.
Юу хүсч байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй.
Өчигдөр их сууринд суумагц,
Өнөөдөр улсын хэргийг орхиж

Биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй.
Энэ дэлхийд хаа ч ямарваа үйлс зүтгэснийх нь бүтнэ. Алгуурласных нь алдагдана.
Аливаа хүмний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг нь эзлэхийг яарагтун. Сэтгэлийг нь эзлэвээс бие нь хаа одох билээ.

Хаан гэдэг бол ерийн зэрэг хэргэмтэй адилгүй. Энгийн нэг хэлж хэлэгдэж яахин болмой. үнэндээ хаан хэмээн өргөмжлөгдөөгүй байтал аяндаа олны сэтгэл түүнийг хаан мэт үзэж байвал сая тэр хүмүүн хаан мөн. Ийнхүү хаан бус атал хааны явдлаар яваваас амттай бус уу? Хэрвээ хаан болчихоод хааны явдлаар явж эс чадвал хаан болж юу хиймой. Шившиг

Тоньюукукын гэрэлт хөшөөний бичээс, цогцолбор дурсгал

Түрэгийн гурван хааны зөвлөх байсан мэргэн сайд Тоньюкукт зориулан босгосон тахилын онгон бүхий дурсгал Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Налайх хотоос зүүн тийш 15 км, Ар Жанчивлангийн сувиллаас баруун тийш 4 км зайд оршино.

1957 онд доктор Н.Сэр-Оджав Тоньюкукын бунхант булшийг өмнөх судалгаануудаас арай илүү өргөн хүрээтэй малтан шинжилжээ. Судалгааны үр дүнд битүү тоосгон шалтай, вааран дээвэртэй, нэг эгнээ өрсөн хөх тоосгон хана бүхий барилгын нуранги илэрчээ. Ханыг хар улаан, цагаан шаргал гэх мэт хурц өнгөөр будаж, барилгын баганан дээр өтгөн хөмсөгтэй, том алаг нүдтэй, хурц соёотой, сартгар хамартай хүний нүүрийг дүрсэлсэн байжээ. Дэрэвгэр амсартай, хавтгай ёроолтой цар маягтай ваар сав олон олдсоноос гадна гэрэлт хөшөөний орчимд дээл өмссөн, ур хийц нь харилцан адилгүй 9 ширхэг саарал боржин хүн чулуу байжээ. Цогцолбор дурсгалын өмнөөс зүүн зүгт цувуулан 1300 метр зайд 400 орчим цагаан чулуу (зэл чулуу, балбал чулуу гэх мэтээр нэрлэдэг) байрлуулсан байсан бөгөөд тэдгээрийн зарим нь газар дээр ил харагддаг.

Цогт хунтайжийн дуутын хадны бичээс

Төв аймгийн Дэлгэрхаан суманд орших Цогт тайжийн бичигт хадны 386 жил тохиож байна. Цогт тайж 1624 оны намар ан хийж яваад авга эгчийгээ санан бичсэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Тус сумын төвөөс урагш 20-иод километр зайд орших Тарамцагийн уулсын шувтарга Хутаг хэмээх уулын өвөрт байдаг тэр хадыг нутгийн ард түмэн “Дуут” хад гэж нэрлэдэг. Ийнхүү нэрийдэх болсон нь түүнээс ширмэн тогоо шиг дуу авиа гардаг байна. Мөн гаднаа хар боловч дотроос нь цагаан саарал өнгө гарч ирдэг байгалийн нэгэн гайхамшигт тогтоц юм. Тиймээс Халхын тайж Цогтын бичээс нь хар самбар дээр цагаан шохойгоор бичсэн юм шиг тод харагддаг юм. Энэхүү бичээс нь хоёр хадан дээр бичигдсэн байдгийг уншигчиддаа хүргэе.

Хоргын тогоо

Аймгийн төвөөс 180 км орчимд орших Тэрхийн цагаан нуурын ай савд оршино. Холын холд алдар нь дуурссан үзэсгэлэнт Хорго нь газар зүйн талаар Хангайн уулархаг нутгийн төвд умард өргөргийн 48° — 10°, дорнод уртрагийн 99-21 олбилцолд баруун зүүн тийшээ 8-9 км орчимд хойшоо урагшаа 7-8 км шахам, барагцаалбал 56-60 ам.км талбай эзлэнэ.

Тэнд хүрмэн хадан хонгил агуй, нүх, хонхор гүдгэр энхэл, тунхал зэрэг хоргодох далдлах газар үлэмхэн учраас Хорго хэмээн алдаршжээ. Энд Хоргын тогоо, Их-анга, Баганга гэх мэт хожуу унтарсан залуу галт уулын өрх, нүх, ангал хонгилоор оргилон урсаад царцсан хүрмэн хад чулуу, зарим газраа ширээ шиг тэгшхэн байхад зарим хэсэгтээ өм цөм хагаран ангайж ундуй, сундуй овооролдсон байх бөлгээ. Овон, товон газраа битүү ой, мод бут сөөг, элдэв жимсгэнэ, нарийн өвс, цэцэгс ургана.

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр ХҮҮХДИЙН БАЯР


Хүний эрхийн тухай бүх тунхаглал хүүхдэд хамааралтай байдаг боловч олон шалтгааны улмаас хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг учир 1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байжээ. Өөрөөр хэлбэл энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм.

Ураг төрлөө нэрлэх ёс

(Аав, ээжүүд ураг төрлөө зөв нэрлэж дуудвал таны хүүхдүүд ч бага наснаасаа энэ бүхнийг мэддэг ойлгодог хэрэглэдэг болно. Иймээс эцэг эхчүүддээ уншуулахаар 1988 оны Сурган хүмүүжүүлэх сэтгүүлийн ӨВ булангаас МУИС-ийн багш Х.Нямбуу, Б.Сарантуяа нарын бичсэн Хүний эш үндсийн тухай нийтлэлийг хуулбарлаж орууллаа.)

Монголын түүхийн эртний сурвалж бичиг “Шар тууж”-д “Ер хүн уг язгуураа эс мэдвээс ойд төөрсөн мичтэй адил” гэж дурдсан нь монголчууд ураг удам, овог төрлөө мэддэг байхыг ихэд эрхэмлэж байсны тод баримт юм. Монгол хүн бүр уг үндэс, ураг төрлөө сайтар мэдэж, үр залгамждаа учир түүхийг нь зөв ухааруулдаг уламжлалтай. Тиймээс ч монголч эрдэмтэд монголчуудын ураг удам эш үндсийн тухай мэдлэгийг ихэд үнэлдэг билээ.

Цонжинболдог толгой дахь Чингис хааны хөшөөт цогцолбор

Төв аймгийн Эрдэнэ суманд Цонжинболдог хэмээх газар бий. Энд Чингис хааны аварга том морьт хөшөө байдаг бөгөөд суурь барилгын хамт 40 метр өндөр юм. Хөшөөт цогцолборын нийт талбай 212 га. Мориных нь хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч жижигхэн кино танхимд уг байгууламжийг хэрхэн яаж бүтээж эхэлсэн тухай богино хэмжээний баримтат киног үзэж сонирхоно. Дараа нь морины дэл буй талбайгаас хавь ойрын газрын байгалийн үзэмжийг тольдох боломжтой. Тэндээс Бурхан халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагддаг. Хөшөөний суурь бүхий дугуй барилга нь 36 баганатай бөгөөд энэхүү тоо нь Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлж байгаа ажээ. Барилгын дотор талд уран зургийн галерей, Хүннүгийн үеийн олдвор бүхий музей, ресторан, хурлын танхим, уулзалтын өрөө, биллярд өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр, үйлчилгээний байгууллагууд байрладаг.

Хустайн нуруу

Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумдын зааг нутагт Улаанбаатараас баруун тийш 80 километрт оршдог. Баруун өмнөөс зүүн хойшоо чиглэлтэй сунаж тогтсон. Дунджаар 1500-1700 метр өндөр. Хамгийн өндөр цэг нь Хөшөөт уул бөгөөд 1842 метр. Хамгийн нам цэг нь 1190 метр өндөр Тариатын булаг. Хэнтийн нурууны баруун өмнөд салбар уул юм. Баян, Эхэн-Ус, Алтганат, Мойлт, Уртын ам, Шувуун ам зэрэг газруудаар 10 гаруй цэнгэг уст горхитой.

Ураг, овгийн бичгийн тухай

Цэлгэр хотын гудамжаар намс намс алхлах, дээлээ аятайхан хөөрөгдөж бүсэлсэн, нилээн хал үзэж хашир суусан гэмээр өвгөн надад нэг л дотно санагдаж өөрийн эрхгүй түүний зүг намайг хөтөллөө. Өвгөний мэнд усыг мэдэж танилцахад шинэ үеийн “зантай” хөгшчүүл лав биш гэдгийг би мэдэв…

Би ярианыхаа завсраар "Түүхээ мэдэхийн ач тусын тухай" асуувал өвгөний нүд сэргээд явчихлаа.

- Байлгүй яахав дээ хүүхээ гэж хэлээд нилээн тухалж суугаад яриагаа ийнхүү эхлэв.

Говийн Ноён хутагт Данзанравжаа

Дулдуйтын Равжаа буюу Ноён хутагт Данзанравжаа нь Сайшаалт ерөөлт хааны 8-р он буюу Харагчин гахай жил (1803 онд) Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошууны нутагт (одоогийн Дорноговь аймаг) мэндэлжээ. Төрсөн газрыг нь товч намтарт бичихдээ: “Дулаан харын баруун өмнө, Нарийн хараас эгц өмнө, Дэнгийн худгийн хойно Шувуун хэмээх өчүүхэн шандын дэргэд ажээ”. Энэ нь одоогийн Өргөн, Улаанбадрах, Хөвсгөл сумын зааг бөгөөд зохиолчын мэндэлсний 185 жилийн ойд зориулан дурсгалын багана босгожээ. Бага балчир наснаасаа ядуу зүдүү, өнчрөл хагацлын зовлонг амсаж эцгээ дагаж гуйлга гуйж, хар овоохойд хоноглож шар нар, бор хоногийг өнгөрөөж явжээ.

Равжаа могой жил буюу 1809 онд Онгийн голын хувилгаан лам Ишдонилхүндэвээс сахил хүртсэн. Долоо найман настайгаасаа шүлэг дуу зохиож эхэлсэн бөгөөд ямар нэг ахуй үесэд тохируулан 50 шахам дуу, 30 гаран гүрийг (шүлэг) айлдан зохиожээ. Цовоо сэргэлэн, сод ухаантай, авьяаслэг хүүхэд байсан учир олонд алдаршиж, тэдний хүндэтгэл итгэл бишрэлийг хүлээж удалгүй говийн Ноён хутагтын V дүрээр хагас нууц байдлаар өргөмжлөгджээ. Учир нь IV ноён хутагт Жамъян-Ойдовжамцыг хүн амины хэрэгт хэлсдүүлэн Бээжинд аваачин хоригдож байгаад нас баржээ. Манжийн хаан дараах дүрийг тодруулахыг хэрэгсэхгүй болгожээ. (Галдан, Эрдэнийн эрих, 47-р тал. 1960 УБ) Иймээс тэр нутгийн эрдэмтэй лам Наваан аграмба цоржийн хувилгаан хэмээн хагас нууцаар өргөмжилсөн түүхтэй байна. Ийнхүү гуйлгачин ядуу хүү гэнэт хутагтын өндөр сууринд залрах болсон нь түүний амьдрал ахуй, үзэл санаанд ихээхэн өөрчлөлт оруулсан бөгөөд ихэс дээдэс ч төдийлөн таашаалтай хүлээж аваагүй байна.

ХУН ШУВУУ ХАЙРЛАСАН ХУВИЛГААН ТҮВДЭНДОВДОН

Арван баядын хошууны хувилгаан Түвшингийн Түвдэндовдонгийн тухай одоогийн Хяргас сумын ард олны дунд ийм нэгэн домог олон оны туршид яригдсаар иржээ.

Түүний эцэг Түвшингийнх Марцын голын эх, Булган уулын ард орших Дал хэмээх газар ядуугийн эрхээр нүүдэл суудалгүй амьдардаг, үр хүүхэдгүй айл байжээ. Түвшингийн гэрийн дэргэд байдаг тэрхүү голын цөөрөмд жил бүр хун шувуу ирж зусаад намар нь буцдаг байжээ. Нэгэн зун хун шувуудын нэгнийхэн нь хөл хугарч гэмтсэний улмаас ижлээ дагаж халуун орныг зорьж чадалгүй үлдсэн байна. Түвшин гэргийн хамт уг хунг осгож үхэх байх гэж ихэд сэтгэл зовдог байжээ.

Нутагт нь цас орж хүйтрэхийн хэрээр жижиг цөөрөм захаасаа зайрмагтан хөлдсөөр хун шувуу мөсөн дунд хавчигдан үхэх аюул нүүрлэхэд Түвшин хун шувууг гэртээ авч ирж, хугарсан хөлд нь боолт хийн, тариа будаагаар тэжээн дулаан гэртээ өвөлжүүлжээ.

Манзуширын хийд

Улаанбаатар хотоос өмнө зүгт 43 километр зайд орших Төв аймгийн Зуунмод хотын төвөөс зүүн хойш 8 километрт Зуунмодны амны эхэнд Ачит дүйнхорын булаг хэмээх энгэр газар Манзуширын хийдийн туурь оршино. Далайн төвшнөөс дээш 1800 метр өндөрт шинэсэн ойн дунд байдаг. Манзушир хийдийн анхны сүмийг Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ. XYIII зууны сүүлчээр цогчин дуганыг байгуулж, өмнө талд нь Богд уулнаас ус татаж, хиймэл нуур үүсгэжээ.

ЯЛГУУСАН ХУТАГТ САНЖАВЫН ЧИМЭДЦЭРЭН (1912-1937)

С.Чимэдцэрэн нь 16-р жарны бар жилийн зуны дунд сарын 15-нд Сайн Ноён Хан аймгийн Далай вангийн хошуу одоогийн Архангай аймгийн Тариат сумын нутагт 1912-06-10нд ард Санжавын 3-р хүү болон төржээ.1916 онд Засагт хан аймгийн Нөмрөг хошууны ноён гүн Загдсамбарын дүү Ялгуусан хутагт Дамбийням нь бусдад хөнөөгдсөн тул хутагтын хойт дүрийг тодруулах Дээрхийн гэгээний лүндэн буусан энэ үед Санжавын Чимэдцэрэн хүүг Ар халхын алтан мөнгөн тамгат Ялгуусан хутагтын хойт дүр мөн хэмээн 1916 оны намрын эхэн сард одоогийн Завхан аймгийн Идэр сумын нутагт орших Ялгуусан хутагтын хийдэд хутагтын сэнтийд залсан байна.

Ялгуусан хутагт Чимэдцэрэн нь 10 насандаа Гэлэн сахил хүртэж, 1922 онд Монголын шашны тэргүүн Богд Жавзандамбаас “Мэргэн номч” цолыг их хүрээнд очиж хүртэж байжээ.Ялгуусан хутагтын хийд нь 300 шахам ламтай, цогчин дугана, нүглийн дугана, Чойр маарамбын дуганатай маш сайхан үзэсгэлэнтэй цомхон хийд байсны дээр Майдар эргэх ёсыг төв халхын ая донжийг өөрчилж тавьсан нь тухайн үеийн төр шашны нэрт төлөөлөгч Жалханз, Заяын гэгээн нар өндөр үнэлсэн байдаг.

Монгол Улсын аймгуудын Долоон гайхамшиг

Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн тэнхимээс 2011 онд аймаг бүрээс орон нутгийн онцлог, түүх соёл, байгалийн өвөрмөц дурсгалын хэв шинжийг агуулсан ДОЛООН гайхамшигийг тодруулахаар аймгийн төр, захиргааны байгууллагуудаас санал авч 21 аймаг тус бүрийн “Долоон гайхамшиг”-ийг тодруулж, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн, шинэлэг маршрут /зам/-ыг нээсэн билээ. Бид дэлхий дахины долоон гайхамшгийг мэддэг мөртлөө монгол орон төдийгүй аймаг тус бүрт түүх соёл, байгалийн өвөрмөц хэв шинжийг хадгалсан гайхамшигт дурсгалт газар байдгийг тэр бүр ач холбогдол өгч сурталчилан гаргаж ирдэггүй.

Тэгвэл эдгээр гайхамшгууд жуулчдын анхаарлыг татах төдийгүй байгаль орчны доройтол эрчимтэй хурдасч байгаа өнөө үед “урьд нь энд ийм газар байсан юм” гэж ярих биш, харин “энд ийм газар, ийм үзэсгэлэнтэй онгон дагшин байгаль, түүх соёл хадгалагдан байдаг юм” гэж одоо цаг үргэлж ярих ёстой. Иймээс цаашид бид байгаль орчин, хүрэн эдийн засгаас ногоон эдийн засаг руу шилжих чиглэлд ихээхэн анхаарч ажиллах хэрэгтэй билээ. Ингээд та бүхэндээ Монгол улсын аймгуудын “долоон гайхамшиг” – аар ямар ямар газар сонгогдсон болон тэдгээрийн тухай мэдээллийг дэлгэрэнгүй хүргэх болно.

Морин хуур

“Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал”


Монгол сургаалийн зохиолуудын гол нэгэн болох эртний 13-р зууны үеэс бичгээр уламжлагдан ирсэн “Оюуныг нээгч Оюунтүлхүүр сургаал” оршвой.

Дээд лам гурван эрдэнэд итгэмүй
Эртний богд Чингисийн зохиосон шаштирыг өчүүхэн сануулахын учир
Эзэд хаадтан, олныг хураая гэхүл өглөгөө өг.
Осолдолгүй явъя гэвэл түшмэдээ өргө.
Аугаа хүчээ ихэтгэе гэвэл цэргээ асар.
Уудам сул жаргая гэвэл эеэ хичээ.
Өдөр явсан явдлыг шөнө шүүхтүн.
Ичгүүр гэмт явдлыг ятгаж орхигтун.

Машины дугуй хадгалах болон өвөл зуны ялгаа

Ямар ч байсан өөрийнхөө мэддэг автомашины дугуйны талаар мэдээлэл оруулъя. Монгол улсын хувьд шинэ болон капитал хуучин дугуйнууд зарагддаг. Машин бүрт өөрийн гэсэн онцлог дугуй байдаг ба манай орны нөхцөлд хүмүүсийн нийтлэг хэлж заншсан ойлголт бол өвөл ба зуны гэх нэршлүүд юм.

Яг үнэндээ бол өвөл зуны гэх ангилал байхгүй хээний хувьд л ялгаа байдаг. Өвөл буюу замын нөхцөл халтиргаа гулгаа үүссэн үед арзгар хээтэй зөөлөн дугуй тавьдаг. Зуны дугуйтай өвөл явах аваас тоормозлох үед халтирахаас гадна зуны дугуйнууд Монголын нөхцөлд өвөл хөлддөг. Дээр нь мөн таны амь насанд ч аюултай юм. Өвлийн дугуй нь зөөлөн резинээр хийсэн байхаас гадна, том том бүдүүн хээтэй байна. Дээрээ M+S бичигтэй байвал энэ дугуй шавар болон цасны зориулалттай гэж ойлгож болно. Манайхан бүх улирлын хэмээн нэрийддэг. Яг өвлийн дугуй М+S бичигны ард цасан ширхэгний логотой байдаг.

"Бяцхан цох" хүүхдийн дууны хос цомог

01.Төрийн дуулал | 02.Бамбууш хүү | 03.Амин хүү дээ би | 04.Найзаа намайг хараарай | 05.Унага | 06.Цаг | 07.Хулгана | 08.Танилцъя хүүхдүүдээ | 09.Миний багш цэцэрлэгийн багш | 10.Яслид явах сайхан | 11.Зүүдний чихэр | 12.Мөөгхөн | 13.Үлгэрийн бүжин | 14.Наадацгая | 15.Хоёр нар | 16.Барби | 17.Соён хээр | 18.Хэнз хурга | 19.Аз жаргалын цэцэг | 20.Би хаанаас төрөө вэ | 21.Гурван эрх | 22.Хүүхэд нас | 23.Дэлхий од | 24.Миний үнэнч хүүхэлдэй | 25.Сайн байна уу шинэ он

Халимагуудын сүйрэл

Оросын эзэнт улсад 1917 онд В.И.Ленин Октябрийн хувьсгалыг удирдан засгийн эрхэнд гарахад түүнийг нэгэн халимаг генерал эсэргүүцэн босов. Энэ бол Оросын түр засгийн газрын Батлан хамгаалахын сайд асан генерал Л.Г.Корнилов буюу халимаг нэр нь Лавгаа /Лхагва/ Гилжирович Дэлдэнов гэгч эр байлаа. Дэлдэн овогтой Гилжирийн Лавгаа гэгч генерал оросын цагаан армийг үүсгэн байгуулж, улаан оросын эсрэг тэмцлийг удирдсан бөгөөд түүний удирдлага дороос Деникин, Колчак, Врангель зэрэг хожмын цагаантны жанжнууд тодрон гарчээ.

Л.Г.Корнилов буюу Л.Г.Дэлдэнов гэгч энэ халимаг генералыг дэмжсэн үй олон халимагууд 1918 онд Европ руу амь дүйж зугатан гарцгаасан юм. Энэ явдлаас үүдэн 1918 оноос 1958 оны хооронд 40 гаруй жилийн хугацаанд халимагууд оросуудад ад үзэгдэн үндэс угсаагаараа доромжлогдон олон мянгаараа хядуулах болсон юм. Гэхдээ хаант Оросын үеэс ч халимагуудад харгис бодлого ил далдаар явуулж иржээ.1913 онд Оросын эзэн хаан II Николай хэлэхдээ: -Монголчууд Орос орны судас болсон Ижил мөрний хөвөөг эзэгнэн амьдарч байна. Ижил мөрний татаруудаас болгоомжлох нь зүйтэй боловч тэднээс илүү их гамшиг тарьж, аюул учруулж мэдэх нь жинхэнэ монголчууд байгаа билээ. Энэ бол халимагууд. Тиймээс тэднийг олон болгож болохгүй. Эрчүүдийг нь энд тэндхийн дайнд явуулж, хүн ардынх нь тоо хэмжээг тогтмол цөөрүүлж байх хэрэгтэй гэж байжээ.

Еншөөбү Бямбын Ренчин /1905-1977/

Еншөөбү Бямбын Ренчин /1905-1977/ 20 дугаар зууны Монголын эх оронч гарамгай сэхээтэн, соён гийгүүлэгч, их эрдэмтэн, зохиолч, дуун хөрвүүлэгч, угсаатан судлагч Еншөөбү Бямбын Ринчин арван зургадугаар жарны хөхөгчин могой жилийн намар /билгийн тоогоор/ буюу 1905 оны 11 дүгээр сарын 21 /аргын тоогоор/-ний өдөр Хиагтын Наймаа хот, эдүгээгийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум болсон газрын зүүнтээ Бул Сарай хэмээх нутагт эцэг Раднажавын гэрт мэндэлжээ. Түүний эцэг Раднажав манж, хятад, орос хэл бичигтэй тухайн үед өндөр боловсролтой сэхээтэн, Хиагтын хязгаарын комиссарын Яамнаа манж, хятад, Монгол хэлний орчуулагчийн алба хааж асан, дэвшилт үзэлтэй хүн байжээ.

Ринчен 7 настайдаа Билигсайхан гэгч Монгол, манж хэл бичигтэй хүнд шавь орж Монгол, манж хэл бичиг заалган сурч улмаар Орос Улсын хязгаарын комиссарын Яамны Монгол, манж хэлний орчуулагч Каленов гэгч хүнээр орос бичгийн хэл заалгаж 1914 онд Дээд Шивээний дундад /орос/ сургуулийн бэлтгэл ангид шалгуулан тэнцэж 1917 оноо Зөвлөлтийн хоёрдугаар шатны сургуулийг төгсгөжээ. Ренчин 1924 онд Зөвлөлт Улсын Ленинград хотын Дорно дахины хэлний хүрээлэнд суралцаж, үүний зэрэгцээ 1925 оноос Зөвлөлтийн Шинжлэх Ухааны Академийн Азийн музей, Ленинградын их сургуулийн авиазүйн лабораторид Монголч академич Владиморцов, энэтхэг судлалч академич Олденбург, төвдөч академич Шербатской, дорно дахины түүхч академич Бартольд, түрэг хэлний профессор, академич Юдахин, акаемич Шерба, хэл, түүхийн мэргэжилтэн, академич Марр, Монголч академич Козин, нангиадч академич Алексеев нарын удирдлагад суралцан тус тус төгсгөжээ.

Боржигон овогтын түшиг, авралт хатан САМАР

Самар хатан Хиад аймгийн боржигон овогтон бөгөөд эцэг нь Элбэг нигүүлсэгч хаан байжээ. Самар гүнж 1380 аад оны үед төрсөн бөгөөд хятадаас эргэн ирсэн монголчуудын эх нутагтаа өсөж өндийсөн боржигон овгийн анхны үеийнхний нэг байлаа. Элбэгхаан Хуухай Даюугийн хүү Батулаг дуудан авчраад: "Би эцгийг чинь хилсээр хороов. Одоо чамайг чинсан болгоё" гээд Самар охиноо хатан болгон өгсөн билээ. Хэдийгээр Элбэг хаан ийн далдуур санаа өвөрлөж өш хонзон санаж болох нэгнийг номхотгосон ч, түүний хамгийн аюултай дайсан нь харь гадны хэн нэгэн, эсвэл урьдын холбоотнууд нь биш, харин өөрийнх нь гэр бүлийн дотор байжээ. Самарын эх Хобэгунтай Элбэг хааны их хатан байв. Хаан залуухан бага хатан авсанд тэрбээр их гомдон бухимдаж байв. Гэтэл энэ удаад өөрийн гэм нүглээ цайруулах улс төрийн зорилгоор охиныг нь булаан авсанд улам дургүйцэн өөртэйгээ элбэх хүнийг олж, Элбэг хааныг хөнөөсөн бөгөөд дараа нь түүнтэйгээ гэр бүл болж, улсыг хаангүй болгон, төрийг ганхуулав. Ийнхүү завсар хоорондуур гарч ирсэн Адай хаан ойрадыг ихэд дийлэн, Батула чинсанг алж, хүүг нь олзлон авсны дараа мөн л олзонд ирсэн Самар хатан Адай хааны дэргэд ирээд хөвгүүнээ буцаан аваачихыг гуйсанд, Адай зөвшөөрөн, Тогооныг ойрадад хүргүүлсэн байна. Тогоон тайшийг нас барсны сүүлээр түүний хөвгүүн Эсэн тайш болж, ойрадын ноёдыг толгойлох болжээ.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй


Айлчлан ирж буй Тийн ялгуусан хэмээх усан МОГОЙ жилд айл хотол, амраг хос, ахан дүүс, аймаг орноороо эрүүл энх аж төрөн, хүмүүний сайхан сэтгэлийн оронд бүрэлдсэн бодлын үр бүр, амтат жимс лугаа боловсрон, түүнээс хүртсэн бүхний биеийн хүрдүүд солонгорон охь эрчмээр бялхаж, баясгалан болоод жаргалан төгс байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Өтгөсийн маань сэтгэл амар
Нялхсын маань магнай тэнэгэр
Үеийнхний маань лагшин тунгалаг байг.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

“Бөөгийн домог”

Таны “Бөөгийн домог” роман хэвлэгдэж гарлаа. Бөө мөргөлийн сэдвээр бичигдсэн Монголын анхны роман гэлцэж байна. Ном бүтсэн түүхээс сонирхуулахгүй юу?

- 2002 онд бил үү дээ, манайд шатахуун экспортолдог байсан ЮКОС гээд Оросын том компани байв даа. Ерөнхий захирал нь шоронд ороод бөөн дуулиан болоогүй юу. Буриадууд тэр явдлыг бөө нарын оролцоотой хэрэг байсан гэж одоо хэр ярьцгаадаг юм. ЮКОС-ынхон Зүүн Саяны нурууны хойно байх Түнкийн хөндийг дайруулан нефть дамжуулах асар том хоолой барихаар болоод байж. Хоолойг тавихын тулд бөө нарын онгод шүтээний олон газрыг эвдэж дэлбэлэх болсон юм билээ л дээ. Нутгийнхан эсэргүүцэж бүр жагссан боловч олигархуудыг дийлсэнгүй. Эцэст нь баахан буриад бөө цуглаад Түнкэд том тайлга хийж. Дараахан нь Ходорковскийг баривчлаад шоронд хийчихсэн, нөгөө хоолой тавих ажил ч зогссон, цаашаа юу болсныг дэлхий даяараа мэднэ дээ. Анх намайг Байгал нуурын Ольхон аралд очиход энэ яриа намжаагүй байсан юм. Тэгэхэд л бөөгийн тухай зохиол бичье гэсэн санаа анх төрсөн.