Чойрын Хийдийн Гэгээтэн Зава Дамдин (1867-1937)

Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу нутагт 1867 онд мэндэлжээ. Бага наснаасаа нутгийнхаа Цахиуртын жаст сууж лам хувраг болсон ба 17 настайдаа Их хүрээний Гунгаачойлон дацанд сууж олон жил ном үзэж, 1905 онд гавжийн дамжаа барьсан байна. Зава Дамдин ламыг Богд хаант Монгол улсын үед судар ном орчуулах комисст оруулан ажиллуулж байв. 1918 онд төрөлх нутагтаа очиж, Чоён-Одсаллин хийдийг үндэслэн байгуулж, 1937 он гэхэд 20 жилийн дотор Буддын гүн ухаан, анагаах ухаан, одон зурхай зэрэг төрөлжсөн дацангуудтай томоохон хийд болж чадсан. Ардын засгийн анхны жилүүдэд Судар бичгийн хүрээлэн байгуулахад урилгаар ирж ажиллаж байв. 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн сул гишүүн болсноор академич болсон хэрэг юм.

Өрнийн боловсрол бүхий Оросын монголч эрдэмтэн Щербатский, Тубянский, Цэвээн-Жамсранов болон Онходын Жамъян дооромбо нартай хамтран ажиллаж байв. Төвд хэлээр 17 боть ном туурвижээ. Түүний зохиолуудын дотроос хамгийн алдартай нь Монголын Буддын шашны дэлгэрэнгүй түүх Хор Чойнжүн буюу "Алтан дэвтэр" хэмээх ном нь Монголч эрдэмтдийн дотор ихээхэн алдаршжээ. 1937 онд Улаанбаатар хотод таалал төгсчээ. Зава Дамдинг сэрүүн тунгалаг байх үед бага залуудаа шавь орж ном заалгаж байсан Гончигдорж, Гэмпил, Мятав нарын өтгөс буурлууд ярихдаа "Манай хамба багш хэдэн зуун бээрийн алсад болж буй юмыг үзэж сонсдог байсан" гэж бахдан ярьцгааж байв. Жишээлбэл нэг удаа 1920 оод оны эхээр өөрийн бараа бологч шавь Ишжамцад "Өнөөдөр холын хүн ирэх нь домботой цайгаа халуун байлгаж бай" гэж хэлжээ. Тэрний хойно нь Хатанбаатар Магсаржав ирж уулзаж байсан гэдэг. Зава Дамдин гэгээтэний хойд дүр болох Лувсандаржаа гэгээтэн Нямба-д сууж буй бий ба Дэлгэрийн Чойрын хийдийг 2005 оноос сэргээн босгосон билээ.

Дэлгэрийн Чойрын хийдийн түүх нэн сонин гайхалтай бөгөөд Тэртээх 1918 онд тухайн үеийн гүн ухаантан, эрдэм төгөлдөр Зава Дамдин нь одоогийн Дундговь аймгийн Дэлгэрцогт уулын энгэрт Дэлгэрийн чойрын хийдийг нүүлгэн байгуулсан гэдэг. Уг хийдийн үйл ажиллагаанд баримтлах жаяг, дэгээс харахад \Анхлан Зава Дамдин түвд хэлээр туурвиж, улмаар хуучин монгол бичигт хөрвүүлэгдсэн\ тухайн үедээ нилээд утга төгөлдөр, цогц, Бурханы шашны винайн ёс, аливаа зан үйл, уламжлалд яв цав нийцүүлсэн байдаг нь Зава Дамдины эрдэм оюунтай шууд холбоотой гэж үздэг. Тэрбээр буддын гүн ухааны таван ботийг нарийн судалснаас гадна яруу найраг, зурхайн ухаан, дуун ухаан, анагаах ухааны өргөн мэдлэгтэй хүн байсан аж.

Дэлгэрийн чойрын хийд ид цэцэглэн хөгжиж байх үе буюу 1930-аад оны эхээр тэнд 500-600 лам шавилан сууж, их бага арван ухаанд шамдаж байсан тухай судлаачдын дурдсан байгаагаас үзэхүл хүн ам цөөтэй байсан тэр үед Дайчинбээсийн хошууны эрдэм, соёлын цогцолбор төв байсныг гэрчилнэ.


Зава Дамдин хэмээн алдаршсан Халхын Их Хүрээний номч гавж Лувсандамдины /1867-1937/ бүтээн туурвисан “Хорчойнжүн” буюу “Хойт зүгийн монголын оронд Бурханы номын ёсон гарсан домог өлзийт номын лавайн яруу дуун” хэмээх түүхийн зохиол, түүний тайлбар “Алтан дэвтэр”-т өгүүлсэн зарим түүхийн эх сурвалжууд
Зава Дамдин гавж”Алтан дэвтэр”зохиолдоо дурдсан байдаг. XIV-р зууны үед Хувилай сэцэн хаан. Буянт хаан. Хайсан Хүлэг хаад Буддын шашинтай байж. Чойжи-рдсэр бандида Шивалха гэгээний “Жонжүг зава” “Бодь садын явдалд орхуй” хэмээх шастирийг Монгол хэлээр байснаас үзэхэд Буддын гүн ухааныг үзэж судалж байсан нь тодорхой байна. Монголын Буянт хааны үед Төвдийн Нартан хийдийн Чим Жамьян Монголд залагдаж байгаад буцахдаа сайн чанарын бэх бусад хэрэглэл зүйлийг аваачиж Нартан хийддээ Ганжуур. Данжуурыг хэвлүүлсэн нь Нартан Ганжуур гэж алдаршсан юм. XVI-р зууны эхээр Нэйж тойн Төвдөд сургууль хийгээд иргэж Монгол нутагтаа ирээд өвөр Монголын олон хошуудад сүм хийд байгуулж номлол бүтээлийг аривжуулж байжээ. Ойрдын Зая бандида Намхайжамц. Галдан бошигт хаан нар баруун Монголд Богд Зонхавын шашны сүм хийдийг олныг байгуулж өгөлгийн эзэн болж байв. Буриадын Зая бандида Дамбадаржаа Балдан Брайвүн хийдийн Гоман дацанд сууж цанид чойрын гүн ухааны номонд сайжирч нутагтаа ирээд сүм хийд хурал ном гаргаж байжээ.

Чингис хааны алтан ургын Автай сайн хааны ач хүү Түшээт хан Гомбодоржийн гэрт мэндэлсэн Анхдугаар богд Лувсандамбийжалцан /Занабазар 1635-1723/ арван таван сүүдэртэйдээ Цаст Төвдийн орны Лхас. Дашлхүмбэ хийдэд сууж судар тарний гүн ухаанд суралцсан юм.V Далай лам Агваанлувсанжамц. Банчин богд Лувсанчойжижалцан нарыг шүтэж Монгол газар хуваргын чуулган байгуулах зарлиг зөвөлгөөг авч байжээ. Өндөр гэгээн Монголд ирсэн хойноо 1654 онд Хэнтий нуруунд Их хүрээг /Сарьдагийн хийд/үндэслэн байгуулж хурал ном номлол хэлцэлийг тогтоосон юм. Өндөр гэгээний үед Монголын алдартай хутагт хувилгаадуудын анхны дүр болох Ламын гэгээн Лувсанданзанжанцан. Зая бандида Лувсанпрэнлэй. Дарва бандида Содвожамц нар нь Өндөр гэгээний айлдвар зарилгийн дагуу Төвдийн гүн ухааны хийдүүдэд сууж гүн ухаан судалж гэвш лхаарамба болцгоож байсан түүхтэй.

Монголын Төр шашны түүхийн сурвалж бичгүүдийн нэг “Хорчойнжүн”, Сэцэн ханы Нанзад аграмбын “Данзий” тэргүүтэн зохиолуудад Халхын анхны буддын гүн ухааны их сургуулыг Төмөр хонин жил /1751/ Сэцэн ханы хүрээнд Өөлдийн Тавхайрэнчин байгуулсан гэж тэмдгэлсэн байдаг. Энд дурдагдаж буй Тавхайрэнчин нь Өөлдийн нутагт төрж өсөөд бага үалуу насандаа номын авьяас нь сэргэж Төвд оронд очиж Балдан Брайвүн хийдийн Гоман дацанд цанид чойрын гүн ухааны номонд суралцаж Чойрын 5 Ботийг сайтар судлаад дамжаа барьж сайн гэвш болж байсан. Тэр үеийн Далай лам.Банчин богд зэрэг ихэс дээдэс лам нараас зарлиг ном олныг сонсож нэгэн дацангийн Хамбаар томилдог байжээ. Төвдөөс нутагтаа ирээд Өөлд жунгарын гол хийдийн цорж болж тэндхийн лам нарт гүн ухааний номоо айлддаг байж. Тэр үед Халх, Өөлдийн дайн самуун дэгдэж нэг удаа Халхын цэргүүд Өөлдийн хийдүүдийг тонон дээрэмдэж сүйтгэн цорж лам зэрэг олон хүмүүсийг барьж олзолжээ. Цорж ламыг Халхын зүүн Сэцэн ханы айлын зарц болгож хонь хариулгаж байв. Орой айлын хонь хурга нийлэж шуугилдах үед их уйлдаг байсан ламыг харсан гэрийн эзэн та яагаад хонь нийлхэд уйлдаг юм бэ? Гэж асуухад урьд Төвдөд залуу насандаа ном үзэж байхад чойрын дацанд олон лам нар ном хэлцэж шуугидаг байсныг санаад уйлдаг юм гэжээ. Энэ яриа явсаар байгаад Сэцэн ханы хошуу ноёны сонорт хүрч. Сайн лам болохыг мэдэцгээж хийддээ урьж гүн ухааны их дацанг эхлэн байгуулсан гэдэг түүхтэй юм Өдгөө Монголд буддын гүн ухааны чойрын дацан нь Монголын бурхан шашны төв Гандан тэгчинлэн хийдэд орших /Дашчойнпэл/ Идгаачойлэн/ Гунгаачойлон/ гэх зэрэг дацангууд хурал ном ба тус тусын хичээл сургалтыг идэвхтэй явуулаж байгаа. Тус дацангууд болон хөдөө орон нутагаас Энэтхэг улсад 1990 оноос хойш Буддын гүн ухаан их сургууль хэмээн алдаршсан /Дрэйпүн /Гандан /Сэра хэмээх сургуульд хэдэн арван залуу лам нар гүн ухааны номонд хичээл зүтгэл гарган суралцаж байгаа.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.