Гэгээн алсад одох юмсан (Монологи)

Хөнжлийн цаанаас нар төөнөж намайг сэрээлээ. Өдөр бүхний эхэнд илч туяагаараа хэзээ ч бүтэшгүй хүсэл мөрөөдлийн жаргалаас минь хагацааж, болж бүтэхгүйгээр дүүрэн бодит амьдралд авч ирдэг энэ нар миний дайсан ч юм шиг. Гэхдээ би энэ нарыг найзаа гэж боддог юм. Надаас бусад хүмүүсийг аав ээж эсвэл найз нөхөд нь хичээл сургууль ажил төрлөөсөө хоцрохвий гэсэндээ дуудаж сэрээдэг байх. Харин намайг нар л сэрээдэг. Тийм болохоор л тэр миний найз. Нар найз маань уурдаж гомдохоороо үйлний цаагуур ороод явчихна. Харин баярлахаараа инээгээд ч байгаа юм шиг илчээрээ төөнөөд л байна. Тэгээд би найзын маань байгаа ертөнцөөс намайг тусгаарлагч цонхны наана нар найзтайгаа өдрийг өнгөрөөнө дөө. Миний хувьд хүн хэмээгчийн жинхэнэ амьдрал цонхны цаана л өрнөж байгааг хараад өөрийгөө ямар азгүй хүн юм бэ гэж бодож гутарах үе зөндөө тохиолддог.
Хөөрхий ээж маань өрөөнөөсөө ч гараад явах чадалгүй надад өдрийн маань хоол цайг бэлдээд өглөө эртээ гараад орой шөндөө л орж ирдэг ажилдаа яваад өгнө. Идэр залуугынх нь өнөр жаргалтай амьдралаас нь өчүүхэн ч гэсэн гэрэл үлдээгүй ээжийн минь хатаж хатингаршсан царайд нь үхэл ирэхийн цагт үлдэж хоцорох намайг яажшуухан үргэлжилнэ дээ гэж бодохоос л үхэтлээ айдаг нь илт.

Болдогсон бол чаддагсан бол ядаж босдогсон бол алхдагсан бол яридагсан бол ээжийнхээ энэ мөнхийн айдаснаас нь нэг өдөр ч болов амраах юмсан гэж дандаа боддог юм. Энэ миний цорын ганц хүсэл, цорын ганц мөрөөдөл минь ч байж магадгүй юм. Даанч… Гэхдээ бас сургуульд сураад сурсан эрдэмээрээ ажил хийж ээжийгээ амраах юмсан, ангийн ажлын гээд олон олон найз нөхөд хамт олонтой болох юмсан. Үе тэнгийнхээ нэгэн бүсгүйг хайрлаж, хайрлуулж үзэхсэн. Өдөржингөө хотын гудамжаар алхаж, гүйж, зугаалж үзэхсэн гээд мөн ч олон хүсэл мөрөөдөл надад байдаг юм. Хэрвээ би ярьдаг байсан бол янз янзийн хошин марзан юм ярьж, дуулж, ойрын хэдэн жил инээж баран үзээгүй ээжийнхээ элгийг нь хөштөл инээлгэж, бяцхан ч гэсэн баясал бэлэглэж, бас амьдрал гэгч энэ орчлонгоос аавыг маань аваад намайг ийм болгож, миний ээжийн баясал цацруулсан тэр сайхан инээмсэглэлийг нь дурьдатгал болгосон тэр жолооч ахад ямар их гомдож явдагаа ярина. Тэгээд бас манай хойд талын байрны тэр соривтой ахаас — Та эхнэртээ хайртай гэж хэлж байсан уу? гэж асуугаад, хэрвээ хайртай гэж хэлж байсан бол яах гэж эхнэрийгээ зоддог юм бэ гэж хэлнэ. Бас аавынхаа машинд суух гэж уйлж байгаа тэр хүүхдүүдэд — Миний дүү өөрөө явж чадаж байгаа байхад машинаар яахийн бэ? гэж захиж хэлнэ. Хэрвээ би явдаг байсан бол өглөө эрт бүүр эрт нар найз маань намайг сэрээж, мандахаас өмнө ээжийгээ сэрэхээс өмнө босоод хоол цайг нь бэлдээд тавьчихна. Ажил гарч ийш тийшээ явахаар бол автобусанд суух ч үгүй алхаад л, тэгээд алхаж яваа хүмүүсийн малгай цүнх тортой юмыг нь булаагаад зугатаадаг тэр өөдгүй хүнийг гүйцэж түрүүлээд барьж авна. Хэрвээ би ярьдаг байсан бол явдаг байсан бол… даанч…

Ингэж өөрөө зовж, ээжийгээ зовоож, энэ амьдралд амьтай ч юм шиг амьгүй ч юм шиг хоёрын хооронд байснаас аавынхаа оччихсон, анд минь болсон нарны байдаг тэр гэгээн алсад очих юмсан. Гэтэл ЭЭЖ …

3 comments:

  1. ADMINaa ene monologiin author ni hen be >?? hurdan heleerei !~~~

    ReplyDelete
  2. Энэхүү монологийн зохиогч нь Бадамсэд шүү.

    ReplyDelete
  3. энэ өгүүллэгүүдийн зохиогч нартай нь яаж холбогдох вэ админаа туслаач

    ReplyDelete

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.