Бөхөө гомдоосон нутгаас сайн бөх төрдөггүй

Нэгэн цагт монголын их бөхчүүд халхын зүүн нутгаас тодорч асан бол дараа нь баруун хязгаарт шилжсэн билээ. Тэгвэл говийн нутгуудаас үлэмж хүчтэн бөхчүүд сүүлийн олон онуудад тун цөөн тодорчээ. Үүний шалтгааныг нэгэн домгоос эрсүгэй. Хохь ядуу Чуваа гэгч орь хөвгүүн ядруу эхийн хамт аж төрөн суудаг байсан ба жинчид дагаж даншигт очин барилдаад үзүүрлэж арслан цолтой буцаж иржээ. Нэгэн зун их халуунаас дайжин, хөсгийн унаа унаш үгүй тул бага дөрвөн ханат гэрээ, өчүүхэн хогшил, эхийнхээ хамт дүүрэн явсаар худаг дээр очжээ. Ихэд цангасан тул уснаас уухыг хүсэхэд олон азарга адуугаа усалж байсан баян эзэн ундууцаж

-Адуу ууж дууссаны хойно уухгүй юу? гээд халгаасангүй. Ундаассан Чуваа арслангийн эгдүү хөдөлж, ургаа том чулууг ховх татан өргөж авчраад:
-Та ингээд адуугаа усалж бай л даа гэмэгц худгийн амсрыг таглан тавьжээ. Тэмээгээр татуулаад ч дийлэмгүй тоймгүй хүнд хар чулууг худгийн амсраас зайлуулж өгөхийг баянтан царайчлан гуйж гэнэ. Чуваа ч хөмхий зуун дуугуй зогсоход баянтан балмагдаж, та энэ том чулуугаа зайлуулж өгвөл хөлсөнд нь би унах морь өгье гэжээ. Хөл дүүжлэх унаагүй өдий хүрсэн Чуваад энэ үг таатай санагдаж, даруй үхэр чулууг өргөн хол хаян, ундааслаа тайлж, баянтны өгсөн моринд ээжийгээ унуулж, өөрөө гэрээ үүрсээр замаа хөөн одсон агаад эдүгээ уг газар ба худгийг Арслангийн тойром, Арслангийн худаг хэмээн нэршдэг аж. Чуваа арслан тоймгүй их бяртай хүн байсан боловч ядуугийн эрхээр даншигт дахин очиж барилдаж чадаагүй өнгөрсөн бололтой. Нэгэн удаа хошуу ноёндоо очиж:

- Ээжийн бие тааруу тул шөлний ганц төлөг хайрлана уу? гэж гуйгаад даншигт өмсөж барилдсан зодог шуудгаа ноёнд барьсанд ноён:
-Чиний баастай өмдөөр би яах юм бэ? гэж зандран хөөж туужээ. Энэ хуншгүй, жудаггүй явдалд машид гомдон бачимдсан Чуваа арслан зодог шуудгаараа доорхи газраа хэдэнтээ саван гуядаад: Говийн бөх надаар шувтраг! Хэмээн хэлээд хойд зүгийг чиглэн хил залгаа хангайн хошуунд очвол ноён нь билэгшээн угтаж, барихгэр, унахунаа, саах үнээ өгөн тэтгэсэн тул Чуваа арслан ихэд талархан баясч өөрийнхөө зодог шуудгийг уг хангайн хошууны ноёнд өргөжээ. Тэр цагаас хойш говь нутгаас сайн бөх нүдний гэм ховор төрөх болсон ба харин Чуваа арслангийн зодог шуудгаа талархан өргөсөн хангайн хошуунаас олон сайн бөх төрөн тодорсон байна. Энэ домгоос үүдэн ухаант өвгөд «Сайн бөхийг гомдоож болдоггүй юм. Гомдоовол нутаг орноос хүчтэн баатрууд төрөхөө байчихдаг юм гэнэлээ » хэмээн ярилцан домоглодог болсон ажээ. Өнөө цагт аймаг сумууд өөрийн нутгаас төрсөн шилдэг сайн бөхчүүдээ унах машин, амьдрах орон сууц, нүд баясах азаргаар адуу, хотоор хонин сүрэг бэлэглэж өргөдөг болсны учир энэ буй за.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.