
Дову мэргэнийг хальсны хойно төрсөн гурван хөвгүүнийг хэний хөвгүүд болохыг Дову мэргэний хөвгүүд үнэнээр өгүүлнэм биш үү? Харин түүнд Алан – Гуа эхийн гайхамшигт агуу билиг оюун, сурч сургахуйн их ухаан тус болсон бус уу. Өрлөг их эхийн билэг оюунд биширнэм. Заяа буяны тавлингаар нэгэнт болсон үнэнийг ер бусын болгон дүрсэлдэг уран сэтгэмжийн гайхамшигт уламжлалтай Монголын үлгэр, домог, туульс, зохиолын туурвилтыг тоолж баршгүй билээ. Тод үзлийн “Мөрийн явдлын ёсон” нэгэн шаштирт “Дову мэргэн нөгчсөн хойно түүний хатан Элүн хэмээх бэлвэсэн оршигсон цагт нэгэн үе Огторгуйгаас солонго мэт гэрэл ирж биед туссанаар амгууланг эдлээд умайд амьтан тогтож сарын тоо гүйцэгсэн цагт бэлэг лүгээ төгсөгсөн нэг хөвгүүн төрсний нэр Боданчар хэмээн хандвай. Тэр өсөгсөн цагт баатар цэцэн чадалтай болж Монголын их аймгийн эзэн болвой ” хэмээсэн буй. Алан – Гуа эхэд “амагланг”эдлүүлсэн “Огторгуйн Солонго” гэрэл үү, бодит нөхцөл бодгал хүн Малик Баягууд уу. Юмс үзэгдлийн мөн чанарын үнэнийг үнэнээр нь авч үзэх үү, эсвэл уран зөгнөл, уран сэтгэмж сэтгэлгээгээр авч үзэх үү, энэ нь зарчмын ялгаатай байх учиртай. Монголын хүчирхэг эзэн болон тодорсон нь Бодончар, тэрхүү хүчирхэг аймаг нь “Нирун” болой. А.Очир “Нирун” гэснийг “Нуруун”гэж үзсэн нь худам бичгийн дүрмээр зөв зүйтэй тайлбарлажээ. “Нирун” аймгийн эзэн бодончарын гарвалаар нь уг аймгийн нэрийг “далд” утгаар нэрийдсэн гэсэн саналтай санал нэг байна. Мөн цааш нь “Бодончар” гэж хэвшил болсон мэдээлэгдсээр байгаа “Бодончарыг — Бутанцар” хэмээн тэмдэглэсэн нь улам тодотгож байна. Харин домогт, бодончар мунхаг бол үнэхээр “бутач” нь эргэлзээгүй үнэн бөгөөд Отгон хөвгүүн учир өхөөрдөн энхрийлсэн нэр байж болох учир “бутач + цар”, “Бодончар”, “Бутанцар” үүсэж байж болно.
Худмаар “Бодончар”, “Бутанцар” бичлэгийг тайлбарлаж нуршихын хэрэггүй биз. Нөгөө талаас “Мунхаг” гэсэн дагвар нэр буй нь дээрх өгүүлэмжийг давхар тодотгож байна. Бодончар үнэхээр цэцэн билиг, чадалтай байтал “Мунхаг” хэмээсэн Монголчуудын зан үйлийн уламжлалт ёсон мөн. Энэ хоёх нэр аав ээжийн өхөөрдмөл нэр байж болох ч болзошгүй юм. Монголын нууц товчоо, алтан товч зэрэг түүхийн итгэмжилт сурвалж, тулгар шаштируудад өгүүлснээр Бодончар бол “Бутач” хүү мөн бөгөөд түүний нууцлагдсан эцэг Малик Баягууд мөн. Нэр нь тодроогүй “тэнгэр” язгуурт тэрхүү малик Баягууд хөвгүүн гөрөөсний нэг мөчөөр “золиослогдсон”нь төөрсөн хувь заяагаа олж Дову мэргэнтэй урьдын сайн ерөөлөөр учирч Монголын их хаадын дээд овог, уг язгуур нөхцөлджээ гэж үзвэл зохилтой. Их эзэн богд Чингэс хаан элэнц хуланцын дээд өвгийг мэдэн будилж төөрөгдүүлж байх учиргүй мэт болой. Тухайн цаг үе орон зайд бодит үнэн байж түүх шаштирт мөнх хэвтэн үлдсэн Монголын их хаадын уг язгуурыг зөвхөн Бодончараас хойшхи үр хойчийг бүртгэн үзвэл Бодончарын хөвгүүн Барим шигиртү, Хабичи баатар, түүний хөвгүүн Мэнэн мудан, түүний хөвгүүн Хачи хөлөг, түүний хөвгүүн Хачи хөлөг, түүний хөвгүүн Тумбинай сэцэн, түүний хөвгүүн Хабул хаан, түүний хөвгүүн Бардан баатар, түүний хөвгүүн Есүхэй баатар, түүний хөвгүүн Тэмүүжин бөлгөө. Ийнхүү Бодончараас үр удам тасралтгүй яванг явсаар Тэмүүжний үед иржээ. Тэнгэрлэг язгуурт Тэмүүжний дээд өвөг нь тэрхүү нэр нь тодроогүй Малик Баягуд мөн хэмээн түүхэн үнэнд өчил өргөмүй.
No comments:
Post a Comment
Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.