Монгол угсааны ястанууд - Барга

   Баргуд нь XIII зууны үед ойн иргэд, хорь түмэдийн хамт монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд орж урианхай мянганы нэгэн болж явжээ. Монголын Юан улсаас хойш Баргуд аймаг нутаг зүүлж, Эргэнэ, Онон гол, Хөлөн нуурын газар суурьшиж, хорчин аймгийн захиргаанд орсон байна. XҮ зууны эхэн хагаст (1437 онд) Ойрадын Тогоон тайш Зүүн монголын хорчины Уруг төмөрийг ялснаар түүний харъяат барга буриад аймаг Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнд багтах болов. Үүнээс хойш Зүүн монголын Алтан Боди Алаг хаан 1525-1538 онд барга буриад аймгийг дийлж, Ойрадаас салган мэдэлдээ оруулж авчээ. Тэр цагт Хянган давааны ар нутаг эзгүй зэлүүд газар байсан тул баргачуул тэнд хүрэлцэн очиж суусны дээр тэдний араас халх, өөлдийн нэлээд отог омог очиж нутагласан байна.    1730-аад онд эл баргын хүн амыг Манж чин улсын засгийн газраас хошуу сум зохиож, хуучин шинэ баргын хошууг байгуулжээ. Найралт төвийн 10 (1732) онд шивчин солоон баргыг баруун, зүүн гар болгоод шивчин, 2, солоон 6 хошуу зохион, мөн онд Цэвдэн хэмээгчийн дагуулж очсон хоёр отог өөлдийг Хайлараас урагш нутаглуулан нэг хошуу болгожээ.    1734 онд Халхын Цэцэн хан аймгийн Сан, бэйс, Далай бэйсийн хошууны халх-буриадын 8 сум тасарч захирагч Загдыг даган ирснийг найман хошуу болгон шинэ барга хэмээн нэрийдэж, Хайлараас хойш Хөлөн Буйр нууруудын хороонд нутаглуулжээ. Тэр нь Шулуун шар, Шулуун улаан, Шулуун цагаан, Шулуун хөх, Хөвөөт шар, Хөвөөт улаан, Хөвөөт цагаан, Хөвөөт хөх хошуу аж. Ингээд барга хуучин 9, шинэ 8, бүгд 17 хошуутай болж Баргын төв захиргааг Хайлар амбанд хамааруулжээ. Өөлд орочон хоёроос бусад хошуунд гурван сум зохиож, сум бүрээс 200 хуяг гаргахаар тогтоосон байна. Хошууны тэргүүлэгч нь “үкэри даа” буюу “бүгдийн дарга” гэдэг байна.

   1905 оноос Баргын захиргааг өөрчлөн, барга цэргийг буулган хятад цэргээр орлуулжээ. 1911 онд Ар монголд Манжийн захиргаа устаж тусгаар тогноход 1912 оны 1 сард Баргад бослого гарч Хайлар хотыг чөлөөлсөн байна. Баргын түрүүчүүд хуралдан Баргыг Богд хаант Монгол улсын харъяат гэж зарлан занги Дамдинсүрэн тэргүүтэй төлөөлөгчид нийслэл Хүрээнд иржээ. Жасрангийн Дамдинсүрэн нь угтаа шинэ Баргын шулуун цагаан хошууны нутаг “Цагаан хошуу” хэмээх газар 1871 онд төрсөн хүн бөгөөд 1912 онд баруун хязгаарыг төвшитгөх сайдаар Магсаржавын хамт томилогдон Ховдод ирж, Тус хотыг Манжийн түрэмгий цэргээс чөлөөлөхөд ихэд гавъяа байгуулан “манлай баатар” цолоор шагнуулжээ.1915 онд манлай баатар Дамдинсүрэн Хиагтад болсон Орос, Хятад, Монгол гурван улсын хэлэлцээрт оролцсон бөгөөд тус гэрээгээр Баргыг Дундад иргэн улсын зүүн гурван нутгийн бүрэлдэхүүнд үлдээхээр болжээ.
   Иймд Дамдинсүрэн нутагтаа очин албатаа дагуулан Монгол улсад нүүн ирэхэд Сэцэн хан аймгийн сан бэйс Сансрайдоржийн хошууны нутгийн умард Дахь Зах хөвөлзөх зэрэг таван харуулын газрыг олгож Загал уул, Гурван нуураар нутаглуулсан нь Манлай вангийн хошуу болжээ. Энэ хошуу нь 1923 онд Хан хэнтий уулын аймгийн Амгалан хан уулын хошуу Цог уулын сум гэгдэж байгаад 1927 онд Улз голын хошуунд нэгдээд, 1931 онд дээрх хошуунаас тасран Гурванзагал сум болсон юм. Гурванзагал сум нь 1956 онд дахин байгуулагджээ.
   Гурванзагалын барга нар нь хуучин Хөлөн нуурын баруун хойд, хойгуур Улз зүгт нутаглах Хөвөө цагаан, Шулуун цагаан, Шулуун улаан, Шулуун хөх хошуунаас ирэгсэд болно. Барга нарын нэг хэсэг нь Төв аймгийн (хуучин) Авдарбаян сумын харъяат барга нар болно. Эд нар Хөлөн нуурын баруунтайх Хөвөөт хөх, Шулуун шар, Шулуун улаан, Хөвөөт улаан хошуунаас 1910 хэдэн оны үед, Базаргадь цорж лам, Очирваань гүн, Жамбал гүн, Тулай гүн нарын удирдлагаар Монголд ирж, Богдын шавь болж Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу нутгаас Авдарбаян Чулуут гэдэг газрыг авч нутаглан, Богдын их шавийн Эрдэнэ хувилгааны барга отог болжээ.
   Тусог отог нь 1925 оноос Дэлгэр их уулын аймгийн Зогсоол жаргалант уулын хошуунд харъяалагдаж байгаад 1931 онд Төв аймгийн Авдарбаян сум гэгдэх болжээ. Энэ сум 1956 онд татан буугдаж Сэргэлэн, Баян, Баянцагаан суманд нийлсэн учир Авдарбаяны барга нар дээрх сумдад тархан сууж байна. Түүнээс гадна Их шавийн Үнээ уул, Шажин хурах, Хэрлэн баян хан уулын отогт барга отгоос оролцон шинэ засаг захиргаанд багтсаныг тэмдэглэлтэй. Дорнодод сүүлд (1946 оны намар) ирж нутагласан барга нар нь тус аймгийн Хөлөнбуйр суманд сууж байна. Энэ барга нь шинэ баргын Хөвөөт цагаан хошуунаас нүүдэллэн ирж, Хөлөнбуйр сумын үндсэн хүн ам нутагладаг Хөвөөт цагаан Шулуун цагаан, Хөвөөт шар хошууны хүмүүс юм. Энэ Баргыг Шарийбуу гэдэг хүн удирдан иржээ.
   Ер барга нар нь буриад, Халх, өвөрлөгчдийн холимог овгоос бүрэлддэгийн нэгэн адил хэл аялгуу, зан суртал соёл нь мөн холимог шинжтэй юм. Баргын дотор дараах овог (хал) багтдаг. Үүнд:
1.Авгашуул, 2.Өзөөн, 3.Гушид, 4.Хангин, 5.Сээжин, 6.Жоргоон, 7.Дайртан, 8.Харгана, 9.Еншөөв, 10.Цагаан ураг, 11.Улиад, 12.Хагшууд, 13.Бодонгууд, 14.Шарайд, 15.Номчин,(нумчин) 16.Хуасай, 17.Хүвгүүд (хувдүүд), 18.Алгуй, 19.Галзууд, 20.Хонтой, 21.Худай, 22.Күйслэг, 23.Халвин, 24.Авхан, 25.Гүжиан, 26.Сээрчин зэрэг болно. Баргын овгуудаас зонхилох нь хорь буриадын эцэг (овог) болох ба бусад нь хамниган, өвөр монголын овгууд байна.
   Барга ястны хэл аялгуу нь нийтдээ дорнод монголын барга буриадын аман аялгуунд багтах бөгөөд хуучин барга нь солоон (манж хамниган), шивчин (буриад), өөлд (ойрад) аялгуутан болох ба шинэ барга нь барга-буриадын аман аялгуу буюу Хөвөөт цагаан хошууны аялгуу, барга-халхын аялгуу, Шулуун хөх, Хөвөөт хөх хошууны аялгуу гэсэн ялгавартай байна.

Эх сурвалж: Origo.mn

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.