Зая гэгээн Жамбацэрэн

Ар халхын тамгатай 13 хутагтын нэг Зая бандида Жамбацэрэнг МАХН, Коминтерны зүгээс хэрхэн буудан хороосныг бичихийн өмнө ер нь Заяын гэгээний замнал түүхийн талаас нь түр ч атугай өнгийн сонирхвол уншигч таны түүхийн мэдлэгт өчүүхэн ч гэсэн нэмэр болох буй за.

Үндэсний түүхийн төв архивт байгаа Заяын уг түүхэн нугалбарт бичсэнээр Зая хутагтын дүр өдгөө хүртэл 15 хувилсан аж. Үүнээс эхний тав нь Энэтхэг Жагарын оронд, удаах гурав нь Цаст Түвдийн нутагт, үлдсэн долоо нь монгол газарт тодрон гарсан байх юм. Монголд төрсөн анхны дүр нь эзэн Чингисийн угсааны Оноху Үйзэн ноёны III хөвгүүн хувилгаан баатар Адатай гэнэ. II дүр нь Сайн ноёны хөвгүүн үр болох Увшийн Угсаны Лувсанпэрэнлэй хувилгаан 1642 онд төрсөн хийгээд Өндөр гэгээн түүнд “Ноён хүн хувилгаан” хэмээн айлтгаад ноён хутагт цол шагнажээ.

1679 онд Заяын дээд хүрээг байгуулав. Цастын оронд шашны онолын номыг ихэд суралцсан тухайд Далай лам, Ванчин-Эрдэнэ нараас Түмэнхан сайн ноёны хувилгаан мөн хэмээгээд 1688 онд Зая бандида их Буддагийн таван гүн ухааны эрдмийг эзэмшсэн хүнд хүртээдэг цолыг шагнажээ. Ийнхүү эхний арван дүрээс дээрх цолыг гагц Лувсанпэрэнлэй анх хүртсэн учир нэгдүгээр Зая хутагт хэмээн тоолдог юм.

Уншигч таныг чилээхгүйн тулд бусад дүрийг орхин Жамбацэрэн хутагтын хувь заяаны тухай өгүүлье. Ер нь бусад нь тухайн нийгэм, цаг үедээ онцгойлон шалгарч товойн тодроогүй зөвхөн Зая хутагтуудын он дарааллын бичигт нэр төдий дурдагдсан байдаг. 1905 оны модон могой жилд Заяын шавийн уугуул Лхамжав эхийн хоёр дахь хүүхэд ертөнцөд дуугаа өргөсөн нь Жамбацэрэн байлаа. Унасан газар, угаасан ус нь одоогийн Архангай аймгийн Батцэнгэл сумын баруун хаяа, Заяын хүрээнээс холгүй 30-аад мод газарт орших Тээлийн давааны эхэн Даржагийн жалгын эхний тунгалаг булагийн эх ажээ.

Хүүг төрсний дараа гарсан гараг, мэнгэ, төрсөн өдрийн төөргийг Заяын шавийн их зайсан Содномдорж, ойрын нагац болох донир Чүлтэм нар битүү шинжээд нэгэн хутагт хувилгаан бүрэлбаа гэж лавтайяа итгээд байсан гэдэг. Бас өмнөх дүрийн гэрээс байдаг. Өмнөх дүр нь болох V зая бандида хутагт нь 1866 онд Сайн ноён хан аймгийн Түшээ гүн Ганжууржавын хошуу буюу одоогийн Булганы Хутаг-Өндөр, Хөвсгөлийн Тариалан сумдын заагт тайж Ванчинбазарын гэрт Гомбожав нэртэй төржээ. Хүү нь Зая хутагтын V дүр мөн хэмээсэнд тайж Ванчинбазар ганц хүүгээ сүмд суулгахгүй, угсаа залгуулна гээд өгөхгүй, өвөртлөөд давхиад баахан зовоожээ. Хутагтаар тодруулсан шашны томчууд эцгийг нь эзгүй хойгуур Гомбожавыг эхээс нь гуйх, булаахын завсарт аваачин Заяын гэгээний суудалд залсан гэнэ. Гэвч V Зая хутагт төдийлөн урт наслаагүй бөгөөд 1904 онд таалал болохын өмнө “Би Заяын хүрээнээс холгүй тугалын бэлчээрийн газарт эргэж төрнө” гэж гэрээслэсэн нь 1905 онд төрсөн Жамбацэрэнг мөн гэсэн итгэлийг лавшруулсан байна.

1905 оны өвөл XII Далай лам Түвдэнжамц, хошой Чин ван Ханддоржийн урилга заллагаар вангийн хүрээнд өвөлжөөд 1906 оны хавар Түвдийн их уулсаа зорихын өмнө хувилгаан хүүг миний замд ирүүл гэж айлджээ. Далай лам хүүгийн үеийг (үсийг) авч соёрхоод хоёр настай гэх боловч ойндоо ч хүрээгүй Жамбацэрэнд Ранзон санваар хүртээд Лувсантүвдэнчойжинням хэмээгээд Зая хутагт мөн хэмээжээ. Ийнхүү Зая гэгээн тодорсон гэдэг. Гэтэл хожим эцгийг тодруулах инээдтэй бөгөөд эвгүй ажил ундарчээ. Нэгэн их гэрт баахан ихэс дээдэс суулгаад Жамбацэрэн хүүгээр эцгийг нь таниулан олуулах ёслол болжээ. Чанасан хонины толгой барьсан хүүгээс гэмтэй нь гилбэлзэж, гэмгүй нь далбилзаж байтал тэрбээр голын суудалд заларсан хошуу ноён Лу гүн буюу Лувсанхайдавт мөнөөх толгойг барьжээ. Үнэхээр ч Лу гүн сэмхэн Лхамжав бүсгүйнд од түгсэн цагаар хэдэнтээ морилсон гэдэг. Мөн Лхамжав бүсгүй ээждээ, “Би Лу гүн ноёны шүрэн жинс залгив гэж зүүдэллээ” гэж хонь сааж байхдаа хэлсэн гэдэг. Энэ нь ичимхий монгол бүсгүйн бие шалтгаантай болсноо эхдээ дуулгах уран арга байсан бололтой. Зая гэгээнийг ширээнд залах ёслол нь нууцлагдах учир бяцхан хүүг хэн ч мэддэггүй байжээ. Эх Лхамжав нь ерөөсөө ядуувтар амьдралтай тул чинээлэг айлд зарцлагдана. Хүү нь аргалын дөрвөлжин дотор өдөржингөө тоглохдоо жуузтай тэрэгтэй ноён болж өнжинө. Чинээлэг айлын эхнэр, саахалтынхан эхнэртэй хууч хөөрч суухдаа, “Заяын гэгээн маань хаана төрсөн юм бол доо” гэхийг дөрвөлж дотор тоглож байсан Жамбацэрэн хүү сонсоод, “Тэр Заяын гэгээн чинь би байна” гэсэнд, “Хн. Чамайг Зая гэгээн болвол би чамд бөгсөөрөө ч мөргөхгүй” гэжээ. Таван нас хүрч ямбатны суудалдаа залрахад мөнөөх эхнэр учиргүй сандарч нүглээ наминчлан мөргөхөөр очиход бяцхан хүү Жамбацэрэн нүүр буруулаад байжээ. Хүнээр мөсөн чихэр өгүүлж байж арайхийн мөргөсөн гэдэг.

Ийнхүү тодорсон Заяын гэгээн нь өсөх цагаасаа эхлэн чөлөөтэй сэтгэдэг, Европ, Дорно дахин Өрнөдийг сүрхий сонирхдог, оросуудтай нөхөрлөх дуртай, тэр чанараараа орос хэлэнд сайн. Орос хүүхэнтэй хүртэл олонтаа орооцолдож, одоогийн бидний ярьдгаар оросуудтай муушигдаад хурал номоо огоордог, торгон савхин өмд, хромон гутлаар гангардаг залуу болон өсч өндийсөн гэдэг. Бас жаахан дээрэнгүйдүү зантай, жороо юм уу арилжаа моринд нугасгүй, сархаднаас буцдаггүй, харин халсан үедээ сүрхий мэргэн хэлдэг, сурсан номоороо дулихан, томоогүй залуу байжээ. Гэвч он цагийн шуурга, улс төрийн ороо бусгаа цагт юу ч мэдэхгүй гэнэн омголон залуу МАХН-ын улаан саварт өртжээ. Тэр тухай тодруулъя! 1929 оны Х сард Жамбацэрэн хутагт өөрийн мэдүүлэгтээ, “Анх цагаан цэрэг ирсний зун Казагранд хурандаа, Нанзад баатар нар манай хүрээнд ирэхэд Богдын зарлигаар цэргийн тохинуулах ламаар тохоогдсон. Цэргүүдэд энэ ламаас өөр хүнийг шүтэж болохгүй гэсэн. Жалханз багш ирээд буцсаны дараа Барон жанжин ирсэн. Чамайг цэргийн эмчээр ирсэнд их баярлав гээд ногоон тэмдэг мөрний тус газар хадаж өгсөн бөгөөд архи, хоол хэрэглэсэн болно гэсэн. Барон жанжинд чөлөө мэдүүлээд гэртээ буцсан. Дуудах тохиолдолд ир гэсэн” гэж мэдүүлжээ. Тийнхүү цэргийн ламаар зарагдахдаа 16-хан настай байжээ. Мөн Жамбацэрэн 1929 оны эцсээр өгсөн мэдүүлэгтээ:

“1921 оны намар Баатар ван ирж, хэцүү хүнд үед хувиа бодож сүсэгтэн олноо анхаарсангүй, архи ууж дүрсгүйтлээ гэж 81 лан мөнгөөр торгож, гэгээнтний шадар ойр хүмүүсийг ташуурдаж хашраасан” тухайгаа дэлгэрэнгүй хэлжээ. Нөгөө “Тунгалаг Тамир” кинон дээр гардаг шиг Зая хутагтыг зодоогүй юм байна. Гэхдээ Зая хутагтын хөнгөмсөг байдлын талаар Баатар ван Ардын Засгийн газар аман мэдээлэл хийсэн нь хожим хороогдоход түлхээс болсон нь ойлгомжтой.

Хутагтыг ийнхүү олон удаа байцаасан боловч нэгэн удаа Улаанбаатарт авчирч дэлгэрэнгүй байцаалт аваад буцаажээ. Удалгүй, хувьсгалын эсрэг дүр зохиосон хэргээр дахин дууджээ. Энэ дууг өөр хүмүүс завхуул маягаар зохиосон гэдэг боловч хоёр нүүртэнгүүд шинэ төрд нэр нүүр олохын тулд ийнхүү Жамбацэрэнг хөлдөө чирсэн нь түүхийн үнэн ажээ. Ингээд БНМАУ-ын нэрийн өмнөөс уншиж сонсгохын учир, шүүх таслах газрын дарга Гомбожав, гишүүн Ядамсүрэн, Болд нар Жамбацэрэнг өмгөөлөгчгүйгээр байцаан зөвлөлдөж хянавал, ялтан Жамбацэрэн хоёр настайгаасаа эхлэн Зая бандидын VI дүрд өргөмжлөгдөн өдий, төдий ядуу ардыг мөлжин хөрөнгийг хуралдуулж, гадаад дотоодын шар хар харгисуу лугаа сүлбэлдэн ядуу ард явж цусыг ууж явсан шар харгис төдийгүй Барон Унгернтэй сүлбэлдэн, харгис Казагранд цэргийг удирдан 11, 14, 15 онд хувьсгалын эсрэг аман ухуулга, дуу зохиосон зэрэг олон зүйл ангийг тоочихын хамт ард түмнээ арчлан хамгаалахын тулд ялтан энэхүү Жамбацэрэнг шүүх цаазын бичгийн 31 дүгээр зүйлээр журамлан хүндэтгэж тусгай ангийн 43 дугаар зүйлийг баримтлан буудан алсугай.

Энэ хэрэг дор хэлхээ холбогдогчийн тухайд дотоодыг хамгаалах газраас боловсруулан шийтгэсүгэй. Ялтан Жамбацэрэнгийн ардаас мөлжиж хураасан хөрөнгийг хурааж тэдний ам бүлийн хүмүүс дор бага сага юм олгож бусдыг сан дотор хураасугай. Үүнийг Засгийн газраас батламагц 24 цагийн дотор гүйцэтгэсүгэй. Ийнхүү таслан шийтгэснийг манай газарт өөрчлөхийг эрж мэдүүлэх эрхгүй болно гэжээ.

Ингээд 1930 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цаг 34 минутад буудан хороожээ. Тэгэхэд Жамбацэрэн дөнгөж 25-хан настай байлаа.

Жич: Түүнийг Шар хаданд цаазласан гэж эрдэмтэд таамагладаг. Цаазлах ажлыг нууцласан нь олны дунд хутагтыг хорсож дийлээгүй амьд яваа, далдуур эхтэйгээ ирж уулздаг гэх бүр сүүлдээ эх Лхамжавын 85 насны ойн найран дээр нэгэн үл таних ногоон дээлтэй хүн их шадар сууж байсан гэдэг худлаа ташаа болно. Цаазлахдаа нууцласан муу үр дагавар энэ билээ.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.