Монгол угсааны ястангууд - Урианхай

Урианхай нь хэл, соёл, угсаа гарал нэгтэй Монголын олон ястны нэг болохын дээр гарал үүслийн хувьд Монгол угсаатан дотроосоо одоогийн нэрээрээ тэмдэглэгдэж ирсэн хамгийн эртний гарал үүслийн түүхтэй угсаатан юм.Урианхай угсаатны түүхийг Хүннү гүрний дараах үе, Сяньби улсын үеэс эхлэлтэй гэж үздэг. Урианхай нь анхны Монгол аймгийг үүсгэн байгуулагч гурван овгийн нэг гэж үздэг бөгөөд энэ талаар Эргүнэ Хүний домогт тодорхой өгүүлсэн байдаг.

XIII зуунд буюу Их Эзэн Чингис хааны үед Урианхай аймгаас Зэлмэ, Сүбэдэй зэрэг олон баатарлаг жанжин төрөн гарч байсан тухай Монголын нууц товчоонд өгүүлсэн байдаг. Чингис хааны есөн өрлөг жанжины нэг Зэлмэ нь Чингис хааны амийг гурвантаа аварч, цэргийн их жанжин Сүбэдэй нь Чингис хааны байлдан дагуулалтад онцгой үүрэг гүйцэтгэж байжээ. Дундад Ази, зүүн Европын улс орнуудыг Сүбэдэй жанжины удирдсан их цэрэг байлдан эзэлж байжээ.

Дундад зууны үед Урианхай аймаг Хэнтийн нуруунаас Хөвсгөлийн уулс руу нүүж, улмаар тэндээс Ойрад Монголчуудын нэрэн дор Или, Тарвагатайн нуруу руу нүүсэн байна. Зүүнгарын хаант улсын үед Галдан Бошигт хааны удирдлаган дор дайн тулаанд оролцож явжээ. XVIII зууны дунд үеэс Алтайн нуруунд суурьшиж тэндээ одоог хүртэл аж төрж байгаа болно.

Энэ олон жилийн нүүдэл, суудлын үеэр Урианхай аймаг нь нутагшин суурьшсан газар усныхаа нэрээр Хэнтийн Урианхай, Хөвсгөлийн Урианхай, Алтайн Урианхай гэж нэрлэгдэн иржээ. Одоогоор Хэнтийн нуруунд нутаглаж байсан Урианхайчууд Говь-Алтай аймгийн 5-6 сумдаар тархан нутаглаж, Халх ястны Урианхай овог гэж нэрлэгдэн аж төрж байна. Харин Хөвсгөлийн Урианхайчууд Хөвсгөл аймгийн нутгаар, Алтайн Урианхайчууд Алтайн нуруу даган нутаглаж байна.

Эдгээр Монголын Урианхайчуудаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад буй Тувачуудыг мөн Тагнын Урианхай гэж нэрлэж ирсэн байна. Эдгээр нь Түрэг хэл, соёлтой угсаатан бөгөөд XIV-XV зууны үед Урианхайчууд Хөвсгөл нуурын нутаг руу нүүж нутагласан үеэс эхлэн Хөвсгөлтэй зэргэлдээ орших Тагнын нурууны Тува иргэд (анхны нэр нь Тоба улсын үеэс гаралтай) Урианхайн нэрийг авч Тагнын Урианхай гэж нэрлэгдэх болсон юм. Тэдний уугуул нэр нь Тува буюу Тоба болно.
Урианхайчуудын хамгийн том төлөөлөгч болох Алтайн Урианхай нь Урианхай овгийн онцлог болох дайнч, тулаанч шинжийг илтгэсэн эртний онцлог ёс дэглэм бүхий сурын харвааг өнөөдрийг хүртэл хадгалан харваж ирсэн нь өдгөө Монгол үндэстний хамгийн том баярын нэг болох наадамд Урианхай сурын харваа хэмээн нэрлэгдэн орж наадаж байна.

Урианхай сурын харваа нь Монголдоо хамгийн том нумыг хэрэглэдэг бөгөөд хамгийн чанартай харвалтыг үзүүлэх үүднээс өрөөтэй сурыг зөвхөн онох бус, оногдсон сур нь цаана байрлах мөр гарган өндөрлөсөн шороон нурууг давж үсэрсэн байх шаардлагатай байдаг байна. Урианхай сурын харваа нь наадмаар харвах зуны сур харваа, өвөл цагаан сараар голын мөсөн дээр харвах "Мөсний сур харваа" гэсэн хоёр төрөлтэй байдаг. Урианхай сурын харвааг томоохон хэмжээний баяр наадмаар харвадаг бөгөөд нум сумыг шүтэн дээдэлж, сурын харвааны эртний хатуу чанд уламжлалт зан заншлыг мөрдөж ирсэн байна. Мөн эр хүний наадам гэдэг утгаар нь эмэгтэй хүн сур харвахыг өнөөг хүртэл хориглож иржээ.

Мөн Алтайн Урианхайчууд тууль хайлдгаараа алдартай бөгөөд алдартай том туульсыг хэдэн өдөр хайлж байж туульч гэсэн эрхэм нэрийг зүүдэг байна. Эрт дээр үеэс тууль хайлж ирсэн алдартай туульчдын талаар үлгэр мэт сайхан дурсамжуудыг Урианхайн настнууд ам дамжин ярьж байдаг.

Эх сурвалж:   wikipedia.org

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.