Дилов хутагт Жамсранжав

Монгол номч мэргэн, эрдэм төгс хутагтуудын эх орон, өлгий нутаг билээ. Жалханз хутагт Дамдинбазар, Дилов хутагт Жамсранжав, Нарованчин гэгээн Пүрэвжав, ялгасан гэгээн Чимэдцэрэн, Зая бандида Жамбацэрэн, Егүзэр хутагт Галсандаш, Манзушир хутагт Цэрэндорж гээд хуруу даран тоолбол олон бий. Энэ удаа ХХ зууны Монгол Улсын шашин, улс төрийн нэрт зүтгэлтэн дилов хутагт Башлуугийн Жамсранжавын тухай зарим баримтыг өгүүлье.

Энэ эрхэм хүний тухай өгүүлэхэд баримт олдохгүйн зовлон байдаггүй. Учир гэвэл, хутагт өөрийн намтраа он жил, нас бүрээр дэлгэрэнгүй бичиж, хойч үеийнхэндээ үлдээсэн юм. Хутагтын намтартаа дурдсанаас үзвэл, тэрээр 1884 оны хөх бичин жилийн аравдугаар сарын 8-ны луу цагт наран мандах үед эхээс унасан гэх. Унасан газар нь Завхан аймгийн Түдэвтэй сумын нутаг Ойгон нуурын хөвөө Баян айраг уулын өвөр, угаасан ус нь Түшлэгийн булаг. Эцэг Башлуугийн 67, эх Гимбээгийн 48 насан дээр эрдэнэт хүний биеийг олж, энэ хорвоод мэндэлсэн азтай. Ах, эгч хоёртой, айлын гурав дахь хүүхэд. Шашны нэртэй зүтгэлтэн Жалханз хутагт Дамдинбазар, Дилов хутагт Жамсранжав хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд болж хорвоод мэндэлсэн нь цаанаа учиртай биз ээ. Эцэг эх нь ядуу хүмүүс байжээ. “Намайг төрсний дараа жил гэхэд манайх 20 хонь, дөрвөн үхэр, хоёр морьтой байсан” гэж тэрбээр намтартаа дурдсан байдаг. Эцгийнхээ нэрийн учрыг хутагт тайлахдаа Башлуу гэдэг нь хятадаар “па-ши-луу” буюу “наян зуу” гэсэн үг хэмээжээ. Башлуу гуай 85 насны сүүдэр зооглоод бурхны оронд одсон байна.

Түүний төрсөн газар Нарованчин хийдээс 30 орчим бээр зайтай байв. Хутагтыг хорвоод мэндэлсэн тэр жил дээрх хүрээний хоёр хутагт Дилов хутагт, Нарованчин гэгээн хоёул жанч халсан аж. Ийн тэдний хойд дүрийг тодруулах нөр ажил өрнөв гэнэ. Жирийн бус байдлаар төрсөн 40 гаруй хүүхдийн нэрсийг гаргасан гэдэг. Хутагтыг эхээс төрөхөд тэдний “гэрийн тооноор цагаан гэрэл цацарч байсан” гэх. Чухам ийм учраас бяцхан хөвгүүн Жамсранжавын нэр ч тэр 40 багачуудын дотор багтсан аж. Өнөөх олон хүүхдээс түүнийг онцлон үзэж, Диловын тавдугаар хойд дүр хэмээн лүндэн буулгасан аж. Тэгэхэд хүү тавхан настай байлаа. Энэ үеэс бурхан номын төлөө бүхнээ зориулсан түүхтэй. Таван настайдаа түвд хэл сурч, зургаатайдаа 3000 шоголтой ном тогтоож байлаа. Нэг шогол 36 үгтэй гээд бодохоор тийм жаахандаа даанч ихийг тогтоож байжээ гэсэн үг. Долоон насандаа өнөөх номынхоо ихэнхийг монгол руу орчуулж сурч. 12-тойдоо түвдээс монгол руу, монголоос түвд рүү судар орчуулж чаддаг болсон гэх. Долоо настайдаа равжун, 21-тэйдээ гэцэл сахил, 25-тайдаа цорж, 29 насандаа самади багш цол хүртжээ.
Дилов хэмээх нь Буддын шашны хэргэм аж. Намтартаа “Дилова хутугту” хэмээн бичжээ. Хятад хэлээр үйлдсэн нэрийн хуудсандаа монгол бичгээр мөн л “Дилова хутугту” гэж бичдэг байжээ. Үүнээс үзвэл түүний хэргэмийг Дилав биш, Дилов гэж бичих нь зөв ч байж болох юм.

Дилов хутагт зүгээр нэг шашны номонд нэвтэрсэн ламтан байсангүй, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, монгол зоныхоо сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр сэтгэж, энэ бие, нэг насны амьдралаа золионд гаргасан эх оронч, улс төрийн нэртэй зүтгэлтэн байсан гэдэгтэй одоо маргах хүн гарахгүй биз ээ. Түүхийн шарласан баримт, болж өнгөрсөн үйл явдал үүнийг бэлхнээ гэрчилдэг юм. “Хатанбаатар Магсаржав, Бодоо нартай хамт Орос Улсаас тусламж гуйхаар яваад албан бичиггүй хэмээн Хиагтын хил дээрээс буцаж байсан” гэх баримт ч намтарт нь байх. Жалханз хутагттай хамт Богд хааны тамгатай тусламж гуйх тухай бичгийн эхийг зохиосон гэх нь бий. 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг байсныг түүхчид одоо ч дурдаж буй. Баруун хязгаарыг тохинуулахад тэрбээр онцгой үүрэг гүйцэтгэжээ.

Ерөнхийдөө түүний амьдралд хар цагаан, зовлон жаргал ээлжлэн байжээ. Эрдэм чадлаараа Халхад алдаршсан хутагтыг 1930-аад онд “Эрэгдэндагвын 38-ын хэрэг” гэгчээр баривчилж, тэнсэн харгалзаж байв. Хамаг эд хөрөнгөө ардын засагт хураалгасан Эрэгдэндагва тайж Түвдийн Банчин богдод монгол түмний амьдрал доройтож буйг дурдаж, аврал өршөөлдөө багтаахыг гуйсан захидал илгээх санаа сэджээ. Тэр хэрэг гэгчээр далимдуулан Халхын тамгатай 13 хутагтын нэг Егүзэр хутагт Галсандашийг хүртэл буудан хороож байжээ. Тийм хэцүү цагт амь аврагдана гэдэг чухамдаа бурхны хишиг байсан хэрэг шүү дээ. Ийн амь хэлтэрсэн хутагтыг Дотоод яамнаас Банчин богд, гоминданы Хятад, Өвөр Монголд нэвтэрч байсан япончуудыг тагнуулахаар өмнө зүгт илгээсэн байдаг. Түүний амь нас, аюулгүй байдлыг хангах зорилгоор “Дилов хутагт эх орноосоо урважээ” гэсэн худал цуурхал тараасан байна. Хэдийгээр энэ явган яриа хуурай өвсний түймэр мэт тархаж, хилийн дээс давж харийнханд итгэл үнэмшил төрүүлсэн ч хожим нь их хутагтын нэрэнд хар толбо, сэтгэлд бул чулуу болж хоцорсон юм. Хамгийн харамсалтай нь, тэрбээр эх нутагтаа хэзээ ч эргэж ирэх боломжгүй болж, “оргодол” хэмээх муу нэр үнэн мэт болж хувирсан билээ.

Энэ бол үнэхээр эмгэнэл байсан гэж хэлж болно. Дилов хутагт 1931 оны хоёрдугаар сарын 26-ны шөнө эх орныхоо хилийн алтан дээсийг алхан гарахдаа “хэзээ ч эх нутагтаа эргэж ирэхгүй” гэж огтхон ч төсөөлөөгүй нь лавтай. Тэрбээр хүн болж, хүй цөглөсөн эх нутагтаа эргэж ирэхийн хүслэн хязгааргүй их байсан ч түүнд хүндтэй даалгавар итгэж өгсөн хүмүүс цөмөөрөө хэлмэгдлийн хар шуурганд өртөж, түүний “урвагч-оргодол биш, эх оронч- тагнуулч” болохыг гэрчлэх хүн үгүй болжээ. Өнөөгийн өндөрлөгөөс харахад “эргэж ирээгүй нь тун оносон зөв шийдвэр байжээ” гэж бодогддог. Ирэнгүүт нь өнөөх “оргодол” гэдэг нэрээр бамбай болгон баривчлаад буудчих байсан ч юм бил үү. Цөвүүн цаг байлаа шүү дээ. Өмнөдөд байхдаа “дэслэгч Жамсран”, “гүн” гэх нууц нэрээр мэдээлэл ирүүлж байсан тухай баримт эдүгээ ч тагнуулын байгууллагын сан хөмрөгт хадгалагдаж байна. Хожим нь 1990 оны 5 дугаар сарын 18-нд БНМАУ-ын Дээд Шүүхийн 04 дүгээр тогтоолоор Башлуу овогтой Жамсранжавын холбогдох хэргийг хүчингүй болгон цагаатгаж, нэг насаар нь хүзүүнээс нь зүүсэн “урвагч-оргодол” гэх пайзыг авч хаясан билээ.

Өмнөд нутагт тэрбээр муу амьдарч явсангүй. Угаас зовхи нь өөдөө хүмүүн болохоор Банчин богд, Чан Кайши, Далай лам тэргүүтний дэргэд шадарлаж, төр, шашны үйлсэд оройлон зүтгэж байсныг түүх гэрчилдэг. Тийн байх цагтаа Америкийн монголч эрдэмтэн О.Латтимортой танилцсан нь түүний амьдралын шинэ үеийг нээсэн байна. Нэр хүндтэй тэрхүү эрдэмтний урилгаар Америк оронд морилж, Балтимор хотын Жонс Хопкэнсийн их сургуулийн Монгол судлалын тэнхэмд ажиллав. Энэ хоёр их хүн амьдралынхаа сүүлчийн өдөр хүртэл дотно нөхөрлөж, хамтран ажилласан байдаг. Энэ бол жинхэнэ эр хүмүүсийн нөхөрлөл байлаа. Дараа нь Нью- Жэрси мужид халимагуудын байгуулсан буддын сүмд хамбын олбог дээр сууж байлаа.

1960 онд Чан Кайшитай зөвлөлдөн байж “Монгол бусад тусгаар тогтносон улс гүрний адил НҮБ-д бие даасан гишүүн байж болно” хэмээн хүлээн зөвшөөрүүлсэн түүхэн гавьяа их хутагт Жамсранжавынх байлаа. Чан Кайши Монгол Улсыг хүлээн зөвшөөрөхгүй хэчнээн ч жил боллоо доо. Монголыг олон улсын хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүнээр баталсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хуралдааны танхимын арын эгнээнд нэгэн хижээл монгол эр уйлж суусан нь мөнөөхөн Дилов хутагт бөлгөө. НҮБ-ын төв байрны гадна ирээд хөх тэнгэрт зөөлөн салхины аясаар намуухан намилзах алтан соёмбот далбаагаа удаан харж зогсох тэр эрхэм бол мөн л Дилов хутагт байлаа. АНУ-д суугаа Монголын ЭСЯ-ны гадаах сандал дээр суугаад монгол хүүхдүүдийн наадаж тоглохыг хашааны завсраар шимтэн харж баясч суусан том биетэй өвгөн бол Дилов хутагт байлаа. Тэр Монгол оронд, монголчууд бидэнд ийм л хайртай байж дээ.

1965 оны дөрөвдүгээр сарын 7. Түм түжигнэж, бум бужигнасан алс холын Нью-Йорк хотноо нэгэн их хүн бурханы хутгийг олж, тэнгэрт халив. Тэр бол энэ хорвоод хүн болж төрөөд 82 жилийг үдсэн Дилов хутагт Жамсранжав байлаа. Түүний хойдын буяны номыг 14 дүгээр Далай лам уншиж байв. Хутагт Лхаст гурван жил болохдоо Далай ламын гэрийн багш байж. Багшийн ачийг ийн санах нь хүмүүний ёсон билээ. “Чандрын нэг хэсгийг буддын ариун дагшин орон Энэтхэгт цацаж, нөгөөг нь төрсөн эх орон Монголд нь хүргэх аятай цагийг хүлээв” гэж түүхэнд өгүүлжээ. Ийн ертөнцийн 84 шидтэний нэг биднээс үүрд салан одсон юм. Гэвч монгол түмний сэтгэлийн гүнд тэр эрхэмсэг хутагтын тухай дурсамж, төсөөлөл өнөө ч хадгалаастай л. Түүний өөрийнхөө гараар бичсэн “Ар Монголын улс төрийн дуртгал” ном түүхэн ховор чухал баримт болж, үндэс суурийг нь тавьсан “Ницан” сүм Нью-Жэрси мужид сүндэрлэж, амьдрал тэмцэл нь “Цагаан дуганын гэгээ”, “Хорвоод ховорхон хүмүүс” кино, “Хүн, бурхан, адгуусын орноор”, “Дилов хутагт” романд мөнхөрч, дүр төрх нь Улиастай хотын Жавхлант толгой дээрх цагаан суварганаа үүрд үлджээ.

Монголын алдар цуутай хөвгүүдийн нэг дилов хутагт Жамсранжавын тухай товчхон өгүүлэхэд ийм буюу.

С.Энх-Амар

2 comments:

  1. goy ym bichsen bn bayr hvrgii dilov hutagtiin kino bdg gsn baival tavij tuslaach

    ReplyDelete
  2. Сайхан өгүүлэл болсон байна. Энэ зураг яг мөн үү? Надад нэг зураг бий л дээ. dashdorj@mail.mn

    ReplyDelete

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.