Хүн бүрийн туйлын хүсэл мөрөөдөл нь аз жаргалтай амьдрах. Гэхдээ хүн болгонд аз жаргалын хэмжээс янз бүр. Мөр бүтэн, гэдэс цатгалан яваагаа аз жаргалтайд тооцох хүн байна. Зарим нь дутуу нойртой, дундуур ходоодтой ч орчлонгийн тоос хөдөлгөж, газар тамгалаж яваагаа аз жаргал гэж бодно.
Элэг бүтэн яваа нь магадгүй элэг бүлгийн чинь хамгийн дээд жаргал. Бусдын аз жаргалын төлөө бие сэтгэлээ бүхэлд нь зориулах ачтан буянтан цөөн ч гэсэн бий. “Олон түмэндээ аз жаргалаа өгөх шиг дээдийн сайхан гэж хаа ч байхгүй”. Бусдын аз жаргалын төлөө өөрийгөө зориулсан хүн илүү аз жаргалтай байдаг ажээ. Миний үр хүүхэд, гэр бүл, элэг бүлгийнхэн аз жаргалтай байвал миний аз жаргал тэр гэж бодох нь нийтлэг, түгээмэл хүсэл. Би л аз жаргалтай байвал бусдын толгой дээр тэнгэр ниргэж, дээвэр нурж байсан ч хамаагүй гэж бодох хэт аминч үзэлтэн мэр сэр үзэгдэнэ.
Хэн чухам аз жаргалтай вэ? “Бие эрүүл, сэтгэл санаа тайван, билэг авьяасаа хөгжүүлэн хөдөлмөрлөж байгаа тэр хүн чухам аз жаргалтай”. Эрүүл энхийн жаргалан – хамгийн дээд аз жаргал. “Бидний аз жаргалын аравны есөн хувь нь эрүүл мэндээс шалтгаалдаг”. Өвдөх өвчин, шаналах шаналгаагүй яваа хүн аз жаргалтай. Амьд яваа чинь аз жаргал. Хүмүүсийн явж байгааг харж, ярилцаж суугааг сонсож байгаа нь аз жаргал. Сонсгол чинь муудвал хэвийн сонсдог байсан үеийнхээ аз жаргалыг санана. Хараагүй болчихвол хараатай байсан аз жаргалаа мэднэ, мэдэрнэ. Хөл чинь муудвал хөлөө эцтэл бүжиг эргэдэг байсан залуу насны аз жаргалтай мөчүүд сэргэн бодогдоно. Чамайг эрхтэн бүтэн төрүүлсэн нь эцэг эхийн тань гавьяа. Аав ээждээ хэмжээ хязгааргүй баярла. Чадах хэмжээ, хэрээрээ ачийг нь хариулахыг хичээ. Эцэг эхийнхээ гаслант үр болчихолгүй, чихийг халууцуулж, нүүрийг улайлгахгүй, хүний дайтай явж байвал аав, ээжийн сэтгэл санаа амгалан бөгөөд тайван, тэр хэмжээгээрээ тэднийхээ ачийг хариулж байна гэж сэтгэл дүүрэн бодож, магнай тэнэгэр алхаж болно. Эцэг эхээ ачилж чадаагүй хэмээн сэтгэл дундуур байдаг бол үр хүүхэддээ ачлал хайраа бүр илүү зориул. Тэр ариун гэгээн хайр, ачлал, буян бүхэн чинь эцэг эхдээ зориулах ёстой дутаасан бүхнийг бага боловч нөхнө гэж сэтгэлээ тайтгаруул. Сэтгэл санаа тайван бол аз жаргалын ширгэшгүй булаг ундран оргилно. Сэтгэлийг түйвээх буруу, бусармаг бүхнээс ангид байхыг зорь. Архи ахиухан хүртвэл биеийн тэнцвэрийг ч алдуулна, гэрийн тэнцвэрийг ч алдуулна. Сэтгэл санааны амирлангуйг сэглэн сүйтгэх дайсан нь архи. Ариухан, дулаахан гэр бүлийн атаатан хорлогч нь архи. Архинаас ангид гэр бүл аз жаргалтай амьдарна.
Атаат сэтгэлд хорлогдоогүй бол аз жаргалтайд тооц өөрийгөө. “Хэрэв хэн нэгэнд аз тохиовол түүнд бүү атаарх, харин түүнтэй хамт баярла, түүний амжилт бас чинийх болно. Харин атаархдаг хүн өөртөө муу зүйл авч ирдэг” юм. Авир ааш тогтуун гэрт аз жаргал тогтоно. Гэрт гадаа хээр хөдөө хаана ч нэг л аашаараа байхыг бод. Хаврын тэнгэр шиг хуйсгануур хүний дэргэд хань болж суух хэцүү. Учир нь олдохгүй ааштаны хажууд уужуу тайван байх зовлонтой. Тамтаггүй ааштаны ойр тайван байх аргагүй. Архины согтуу гардаг бол авирын согтуу гардаггүй юм. Авир нь согтсон хүнтэй авцан нийлэх хүнд. Сэтгэлийн амгаланг бусниулагч нь уур уцаар билээ. Уур уцаартай хүний дэргэд уужуу тайвуу, удаан тэвчин байхад бэрх. Уурандаа шатаж байгаа хүн өөрийнхөө амар амгаланг ч эвдэнэ, өрөөлийн сэтгэлийг ч түйвээнэ. Уурыг ухаан, тэвчээр хоёр л урьдаас нь сөрж ялна. Хилэн ихтийг ухаалаг аргаар, уур ихтийг уужуу ухаанаар зас. Хилэнтэй үедээ ярих ч хэрэггүй, ажиллах ч хэрэггүй. Уур хилэнг үгийн алдаа, үйлийн алдаа хамтдаа хөтөлцөн дагадаг юм.
Ажил албанд нь хавчлага дарамт, хардлага сэрдлэг үгүй бол амгалан тайван байх нэг нөхцөл. Ажил дээрээ амгалан байвал ар гэртээ тайван. Алба тушаал, эрх мэдэл ааш занг эвдэж, амгалан дөлгөөн хүн ч авир төрхгүй болох нь элбэг. “Эрх тушаалд зан ааш нь эвдэрдэггүй хүнийг олох хэцүү” гэдэг үнэн аж. “Эрх мэдэл гэдэг ихэрхүү зангийн адил ханаж цадашгүй. Хэмжээлшгүй эрх мэдлээс өөр юу ч түүнийг бүрэн цатгахгүй”. Хэмжээлшгүй эрх мэдэлтэй болчихвол хэнийг ч сонсохгүй дураар авирлаж, хэдэр ядар аашны золионд хэн хүнгүй арчигдана.
Дутуу гуцуугийн зовлон сэтгэлийн шаналанг дагуулна. Элбэг хангалууны ааг энэнээс илүү шаналанг үүрүүлнэ. Ядуу хүнийг зовлон тойрохгүй, баян хүнийг балаг тойрохгүй. “Хөрөнгө баялгаас ямагт цатгалан сэтгэлгээ төрдөг. Цатгалан хүнээс ямагт бүдүүлэг авир гардаг” хэмээсэн суутны үг сургамжтай. Бүдүүлэг авир сэтгэлийн амар амгаланг эвдэн бусниулагч байдаг билээ.
“Хөдөлмөр бол энэ дэлхий дээрх бүх эрхэм сайхан аз жаргалын эх булаг мөн”. Өөрийн дуртай зүйлдээ сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөж чадаж байгаа бол тэр чиний аз жаргал. “Ажил хөдөлмөр биднийг уйтгар, нүгэл, хэрэгцээний гурван их хилэнцээс ангижруулагч мөн” гэж нэгэн ухаантан айлджээ. Бүтээлч идэвхитэй хөдөлмөр хүний хөгжил дэвшлийн үндэс. Хэн их ажиллана, хэн бүтээлчээр хөдөлмөрлөнө, түүнд аз жаргал хаалгаа үргэлж нээлттэй байлгадаг юм. Ажил хөдөлмөр алив хүнийг өөд татна. Арчаагүй залхуу зан алив хүнийг уруу чангаана. “Энх сайхан хөдөлмөр бол баяр жаргалын сурвалж, эрээгүй их залхуурал бол гамшиг зовлонгийн сурвалж” гэдэг үг яасан үнэн үг вэ? Хэрэв чи хүний дайтай хөдөлмөрлөж, эрүүл саруулаар сэтгэж, хүний ёсоор хайрлаж, хүний ёсоор тэмцэж, хүн шиг амьдарч яваа бол эрин цагийн хамгийн аз жаргалтай хүн. Угтах ирээдүйгээ гэрэл гэгээтэй байлгахын тулд уйгагүй шамдан хөдөлмөрлө. “Хөдөлмөрт шунан дурлахгүйгээр авьяас билэгтэн, суут ухаантны аль нь ч төрөн гарахгүй”. Хэрэв чи ямар нэг юм хийхээр зоривол битгий оромд. Дутуу дулимаг бүү орхи. Хийсэн шиг сайн хий. Хэрэв хийж чадахгүй буюу хийх хүсэл сонирхолгүй бол хийх гэж оролдож мунгинаад хэрэггүй. Хийж байгаа ажил бүхэндээ сэтгэл итгэлээ бүрэн шингээ. Эрхэлсэн ажил хөдөлмөртөө сэтгэл хангалуун байгаа бол энэ хорвоогийн аз жаргалыг эдэлж яваа азтан гэж өөрийгөө бод. Жаргаланг хүслээр дуудан, худалдан авч болдоггүй. Тэвчээр заан, зай завгүй хөдөлмөрлөж, хичээн зүтгэж, мэрийж мачийж байж аз жаргалыг тэмцэж олно. “Хүн бүр ажилдаа дуртай байвал энэ орчлон жаргалтай байна”. Ахиу олсон орлогоороо аз жаргалаа цогцлуулагч нэгэн байхад олигтой орлогогүй мөртлөө дуртай ажилдаа сэтгэлээ өгч шимтэн зүтгэхээ аз жаргалтайд тооцох нөгөө нь байна. Өнгөц харахад юунд хүрэх нь тодорхойгүй зүйлийг ухаж төнхөн, тархиа гашилгаж, махаа идэн хөдөлмөрлөх нь далд буй эрдэнэсийн санг хайж олохын зөндөө хөтлөгдсөн бүтээлч хүний өөрийн аз жаргалаа дархлан байгаа бодит дүр төрх нь энэ ажээ. Биеийн тааваар, бэлэн хоол, бэлтгэсэн нөхцөл дээр тарвалзах үүлэн чөлөөний нарыг аз жаргал гэж бодвол том эндүүрэл. “Хэрвээ биеийн тааванд аз жаргал оршдогсон бол бэлчээрт идээшлэн яваа сүрэг малыг бас аз жаргалтанд тооцох санж”. Аз жаргал аяндаа ирэхгүй. Зовлон бэрхшээлийг гэтлэн туулж, гатлан гарч, хатаагдан хатуужиж байж аз жаргалд хүрнэ. “Амьдралын бэрх зовлонд хатаагдсан хүн л аз жаргалтай, бүр гурвантаа аз жаргалтай” хэмээн ухаантан зүгээр ч нэг хэлээгүй байх. Хэн нэгэн ид шидтэн буюу ачтан буянтан ухаан зарж, хөлс урсгалгүйгээр аз жаргалын диваажинд хүргэн өгч, мөнгөлсөн хаалганых нь алтадсан бариулаас атгуулж өгөхгүй.
Аз жаргал хүн бүгдийн хүрч чадах орон зайд зугатаж холдолгүй хүлээж байдаг. Гагцхүү түүнд хичээл зүтгэл, санаачлага чармайлтаар хүрч очих л хэрэгтэй. “Тэнэг хүн аз жаргалыг алсад хайдаг, мэргэн ухаантан түүнийг өөрийнхөө дэргэд ургуулдаг” гэдгийг насан туршдаа санаж явцгаа.
Нацагийн Багабанди 2008 оны 01 сарын 23

No comments:
Post a Comment
Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.