ХУНТАЙЖ ЧИНГИМИЙН ХАТАН ХӨХӨГЧИН

Хунтайж Чингим бол Хубилай хааны Чимбай нэрт их хатнаас төрсөн. Зан ааш нь номхон шулуун бөгөөд ухаалаг, ачлал төрхөмсөг сэтгэлт, аливаа үйлд чадварлаг тул Хубилай хаан улс орны хожмын хэргээ аль эртнээс түүнд захируулах болжээ. Чингимийг ерөнхий сайд бөгөөд цэрэг дайны хэрэг эрхлэгчээр томилж, чухал хэргийг хаанд айлтгахаас өмнө заавал хунтайж Чингимд мэдээлж байтугай гэсэн нь түүнийг хожмын хаан болгох гэж төр улсын хэрэгт чиглүүлэн сургаж байсан гэлтэй. Гэвч Чингим ид залуу, дөчин гурван насандаа өвчнөөр өөд болж, Хубилай хаан ихэд харамсан, олон хөвгүүд, ач нарын дотроос түүний дүү Төмөрийг онцгойлон хаан ширээнд суух эрхийг олгожээ.

Юан гүрнийг үндэслэн байгуулагч Хубилай хаан, язгуурын монгол орны засаг засаглалд анх эхлэн өөрчлөлт хийхдээ юуны өмнө бүх монголыг захирах алтан тамга барьсан хан хөвгүүнийг тохоон томилох болсон. Өөрөөр хэлбэл Хубилайн үеэс хаан хөвгүүний эрх үүрэг их болж, түүний эрхлэх ажил төрөл нь тодорхой болсон байна. Хан хөвгүүнийг урьдаас тохоон томилдог нь нэгэн талаар хаан ширээ булаацалдах тэмцлээс сэргэмжилсэн тал байвч, нөгөө талаар үндсэн монгол орныхоо төрийн хэргийг бариулах гэсэн учир холбоотой бололтой. Хубилай бол Юан гүрний их хаан, хан хөвгүүн бол бүх Монголын хэргийг ерөнхийлөн захирах болсон учиртай. Хаан ширээ залгамжлах хан хөвгүүн нь заавал Хар Хорум хотод сууж бүх Монголын төрийн хэргийг ерөнхийлөн барихаас гадна төрийн ёсонд биеэ боловсруулах, цэрэг захирах давхар үүрэгтэй. Ширээ залгах их хаан хөвгүүний захиргаан дор язгуурын монгол орны төрийн хэргийг гардан барьдаг хүн бол хан хөвгүүд дотроос тохоон томилогдсон «цзинь ван» буюу «язгуурыг захирах ван» ажгуу.