XVII зууны сүүл үед Дарьгангад Халх, Цахар, Ойрад гэсэн гурван өөр ястан суурьшсан явдал нь тэдгээрийг өөр хоорондоо нэгдэн уусаж цоо шинэ ястан бүрэлдэн тогтоход хүргэсэн юм. Тэрхүү шинээр бүрэлдсэн Дарьганга ястан нь өөрийн гэсэн өвөрмөц зан заншилыг бий болгосон байна. Түүний нэг бол "Сайн эр" болох заншил юм. Сайн эр болох заншил бол Дарьганга ястны бахархал хүндлэлийн нэг байсан. Тэгэхээр "Сайн эр" хэмээх ойлголтын тухай эхэлж авч үзэх нь зүйтэй юм. Энэ ойлголтыг эдүгээчлэн ойлгох явдал одоо нэлээд түгээмэл болжээ. Өөрөөр хэлбэл "Сайн эр" гэдэг бол бусдын мал, эд хөрөнгийг шударга бусаар хулгайлан авдаг хүмүүс мэтээр өрөөсгөл, хийсвэрээр ойлгож, тэдэнтэй зүйрлэн бичих, ярих болсон. Энэ бол түүхийн томоохон эндүүрэл, эдүгээчилсэн ойлголт юм. Тэгвэл "Сайн эр" гэж ямар хүмүүсийг хэлэх вэ? гэсэн асуулт аяндаа гарч ирнэ. Монгол хэлэнд "Сайн эр" гэдэг үг хэд хэдэн янзаар тайлбарлагддаг. Тухайлбал, нэг малчин залуу морь уургалаад тогтоож чадсангүй уургатайгаа алдсан бол түүнийг за мөн сайн эр дээ гэж хэлэх ч бий. Үүнд сайн эр гэж магтсан биш, харин буруушаан шоолсон утгаар хэрэглэжээ.