Broadway-н тайзан дахь мөнхийн СҮНС

Алдарт Broadway-н тайзнаа хамгийн удаан тоглогдож байгаа Францын зохиолч Gaston Leroux-ийн зохиолоос амилсан “The Phantom of the Opera” мюзиклийг танилцуулж байна. 1909 оны есдүгээр сарын 23-наас 1910 оны нэгдүгээр сарын наймны өдрийг хүртэл цувралаар хэвлэгдэж байсан энэхүү зохиол маш тааруухан борлуулалттай байсан төдийгүй бүр дахин хэвлэхийг хэд хэдэн удаа хориглогдож байсан гэдэг. Цаасан дээрх “Дуурийн хий үзэгдэл” алдар нэрийг олж чадаагүй ч тайз, дэлгэцийн бүтээлүүд түүнд мөнхийн амжилтыг дагуулсан билээ. Алдарт Broadway театрын тайзнаа хамгийн удаан тавигдаж байгаа энэхүү гайхалтай хөгжимт жүжгийг дахин хичнээн жил энэ рекордоо хадгалахыг хэн ч тааж мэдэхгүй. Уг мюзикл 1988 оны нэгдүгээр сарын 26-наас хойш Broadway-н тайзан дээр өнөөдрийг хүртэл 9080 орчим удаа тавигдаад байгаа юм. “The Phantom of the Opera” нь мөн дэлхийд алдартай Английн West End театрын тайзан дээр хамгийн урт хугацаанд тоглогдож байгаа хөгжимт жүжгүүдийн жагсаалтад хоёрдугаарт орно.

…Бяцхан охин Christine Daae ээжийгээ алдаж аавтайгаа өнчрөн үлдэнэ. Нутаг орондоо алдар хүндтэй хийлч эцэг нь охиноо дагуулан Шведийг тойрон аялж, хийлийн яруу тансаг аялгуугаар хүмүүсийн сонорыг мялаахын зэрэгцээ амин зуулгаа олдог байв. Хийлийн аялгуун дээр охин уянгалаг сайхан хоолойгоор дуу дуулдаг байлаа. Christine-д аав нь байнга Хөгжмийн сахиусан тэнгэр болон тэрхүү сахиусан тэнгэрийн дуу хоолойг олж сонсож чаддаг Little Lotte гэх жаалхан охины тухай үлгэр, домогууд ярьж өгдөг байлаа. Christine-ийн найз хөвгүүн Raoul ч охины аавын үлгэрүүдийг шимтэн сонсдог байв.

…Охины аав сүрьеэ өвчнөөр хорвоог орхино. Нас барахынхаа өмнө тэрээр охиндоо “Хэзээ нэгэн өдөр би чам руугаа Хөгжмийн сахиусан тэнгэрийг заавал илгээнэ” гэж хэлдэг. Хайртай эцгийнх нь үхэл Christine-д эцэс төгсгөлгүй уй гашууг дагуулна. Удалгүй талийгаач эцэгт нь тусалж, санхүүгийн хувьд ивээн тэтгэдэг байсан нэгэн сайхан сэтгэлт хүний эхнэр Mamma Valerius охиныг хөгжмийн сургуульд дуулаачийн ангид орууллаа. Гэвч бурхнаас заяасан гайхалтай сайхан хоолой нь түүнээс ер гарахгүй байв. Хорвоо дээрх хамгийн дотны хүнээсээ хагацсан уй гуниг түүний хоолойг ч бас “зовоож” байлаа.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа тэр Парисын дуурийн театрийн найрал дууны хэсэгт дуулахаар болжээ. Тэнд очоод удаагүй байхдаа Christine түүнд дуулж өгдөг, түүнтэй ярилцдаг нэгэн дуу хоолойг сонсох болов. Бүсгүй энэ ер бусын дуу хоолойг эцгийнх нь ярьж өгдөг байсан Хөгжмийн сахиусан тэнгэр гэдэгт итгэж байлаа. Үнэн, худал эсэхийг тэрхүү “хоолой”-ноос асуухад тийм хэмээн батлан хэлж, залуу бүсгүйд “Тэнгэрийн хоолой”-г зааж өгөх хүсэлтэй байгаагаа санал болгожээ. Нүдэнд үл үзэгдэх гоц авъяастан, “Хөгжмийн сахиусан тэнгэр” Erik Парисын дуурийн театрыг барих үед барилгын багт ажиллаж байсан нэгэн билээ. Барилгын ажлын үед тэрээр газар доор нэгэн хонгил барьж түүнийгээ өөрийн амьдрах нууц гэр орон болгосон ажээ. Тэр бол Дуурийн театрын “сүнс”. Олон жилийн турш Парисын дуурийн театрын удирдлагуудын мөнгө ор сураггүй болдог байсан нь түүнтэй л холбоотой. Christine-ийг анхны удаа хараад л Erik түүнд ухаангүй дурлажээ.
Далдын дуу хоолойны тусламжтайгаар Christine театрынхаа нэгэн удирдлагын ажилтныг тэтгэвэрт гарах үдэлтийн гала концерт дээр өөрийгөө хэн бэ гэдгийг харуулж, жинхэнэ од болно. Бүсгүйн багын найз Raoul түүний дуулахыг сонсож, бага залуудаа сэтгэл алдарч байснаа эргэн дурсдаг. Гала тоглолтын дараа Erik Christine-ийг өөрийн хонгил дахь нууц гэр лүүгээ хүчээр авч явна. Хоёр долоо хоногийн дараа Christine түүнээс өөрийг нь суллахыг хүсэхэд Erik ядам хуруунд нь хуримын бэлзэг зүүлгэх болзол тавьдаг. Ингээд Christine тэндээс сулрахын тулд бүгдийг зөвшөөрнө. Энэ бүгдийн тухай бүсгүй Raoul-д хэлэхэд сэтгэлт залуу нь түүнийг Erik-ийн хэзээ ч олж чадахгүй газар руу авч явъя гэдэг. Гай болж Erik тэдний яриаг сонсчихно. Уур бухимдлаа барьж дийлээгүй Erik түүний замд тааралдсан хүн болгонд дайсагнана. Театрын менежерүүд, Raoul гээд олон хүн түүний гарт өртдөг. Erik Christine-ийг хулгайлж, өөртэйгээ хүчээр гэрлүүлэхийг шаардана. Christine зөвшөөрөхгүй гэвэл Erik театрыг бүхэлд нь үгүй хийнэ гэдгээ хэлэв. Удтал шаналсны эцэст Christine өөрсдийгөө болон дээр байгаа хүмүүсийн амь насыг бодож Erik-тэй гэрлэхийг зөвшөөрдөг. Ингээд бүсгүй Erik-ийг үнслээ. Тэр ганцхан үнсэлт Erik-ийг хязгааргүй ихээр баярлуулжээ. Амьдралдаа хэнд ч, бүр төрсөн эхдээ ч үнсүүлж байгаагүй Erik-ийн сэтгэл зүрх аз жаргалаар бялхана. Тэгээд Erik дурлалт бүсгүйдээ “Чи хайртай хүн рүүгээ яв. Би чамайг түүнд хайртайг чинь мэднэ” гэж хэлээд өөрөөсөө явуулдаг. Тэд хоёулаа уйлж, бүсгүй түүнийг орхин явна. Гурван долоо хоногийн дараа Парисын хэвлэлд “Дуурийн театрын сүнс” үгүй болсон талаар мэдээллүүд гарна…

Эх сурвалж: art.news.mn

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.