Самар хатан Хиад аймгийн боржигон овогтон бөгөөд эцэг нь Элбэг нигүүлсэгч хаан байжээ. Самар гүнж 1380 аад оны үед төрсөн бөгөөд хятадаас эргэн ирсэн монголчуудын эх нутагтаа өсөж өндийсөн боржигон овгийн анхны үеийнхний нэг байлаа. Элбэгхаан Хуухай Даюугийн хүү Батулаг дуудан авчраад: "Би эцгийг чинь хилсээр хороов. Одоо чамайг чинсан болгоё" гээд Самар охиноо хатан болгон өгсөн билээ. Хэдийгээр Элбэг хаан ийн далдуур санаа өвөрлөж өш хонзон санаж болох нэгнийг номхотгосон ч, түүний хамгийн аюултай дайсан нь харь гадны хэн нэгэн, эсвэл урьдын холбоотнууд нь биш, харин өөрийнх нь гэр бүлийн дотор байжээ. Самарын эх Хобэгунтай Элбэг хааны их хатан байв. Хаан залуухан бага хатан авсанд тэрбээр их гомдон бухимдаж байв. Гэтэл энэ удаад өөрийн гэм нүглээ цайруулах улс төрийн зорилгоор охиныг нь булаан авсанд улам дургүйцэн өөртэйгээ элбэх хүнийг олж, Элбэг хааныг хөнөөсөн бөгөөд дараа нь түүнтэйгээ гэр бүл болж, улсыг хаангүй болгон, төрийг ганхуулав. Ийнхүү завсар хоорондуур гарч ирсэн Адай хаан ойрадыг ихэд дийлэн, Батула чинсанг алж, хүүг нь олзлон авсны дараа мөн л олзонд ирсэн Самар хатан Адай хааны дэргэд ирээд хөвгүүнээ буцаан аваачихыг гуйсанд, Адай зөвшөөрөн, Тогооныг ойрадад хүргүүлсэн байна. Тогоон тайшийг нас барсны сүүлээр түүний хөвгүүн Эсэн тайш болж, ойрадын ноёдыг толгойлох болжээ.