Аз жаргалтай гэр бүлийн 5 нууц

Аз жаргалд умбан амьдралыг хамтдаа туулж байгаа гэр бүлүүдийг нэгтгэх ямар шинж тэмдэг байна вэ гэдгийг нэлээд судалсны эцэст сэтгэл зүйч эрдэмдтэд 5 шинж тэмдгийг илрүүлжээ.

Хүмүүс танилцаад, дурлаад, гэрлээд… Дараа нь зарим нь бүх насаараа хамтдаа, аз жаргалтай амьдардаг бол олон гэр бүл таарч тохирохгүй, хэрүүл зодоон болон салж сарнидаг билээ. Зарим нэг нь салаагүй ч, ямар ч аз жаргалгүйгээр өдөр хоногыг өнгөрүүлдэг. Канзасын Их Сургуулийн сэтгэл зүйн мэргэжилтнүүд Барбара Керрийн удирдлаган дор олон жилийн турш аз жаргалтай гэр бүлүүдийг судалж судалж доорхи дүгнэлтийг гаргасан байна. “Туршилтын туулайнуудын” нууцыг задалъя.

НУУЦ № 1 Оройн зоог

Аз жаргалтай гэр бүлийн гишүүд оройдоо нэг ширээнд /дугуй юмуу зууван ширээ илүү сайн/ сууж оройн хоолоо идэнгээ ярилцдаг байна. Тэр өдөрт өөрт тохиолдсон сонин содонгоо ярих, элдэв асуудал проблемаа хэлэлцэх, хошин юм ярих гэх мэтээр. Энэ үед телевизор заавал унтраастай байх ёстой, тэгэхгүй бол анхаарал сарниад халуун дотно харьцаанд саадтай байдаг гэнэ. Чухал асуудлуудыг ч мөн оройн зоогийн үеээр хэлэлцэж шийднэ. Гэр бүлийн ямар нэгэн гишүүнд хэцүү проблем тулгарсан байгаа бол бусдынх нь дэмжлэг түүнд маш их тус дэм болдог байна. Гэр бүл ер нь эмчилгээний жижигхэн групп юм гэдэг онол байдаг. Германы сэтгэл судлаач Берт Хеллингерийн хэлснээр, зүгээр ч нэг групп биш, маш их нөөц бололцоотой групп гэнэ шүү. Энерги болон сэтгэл зүйн нөөц нь шавхагдашгүй нандин сайхан групп.

НУУЦ № 2 Ажил эрхлэлт

Аз жаргалтай гэр бүлийн бүх гишүүд өөр өөрийн ажил алба, өөрсдөд нь баяр баясгалан өгдөг сонирхол, хоббитой байдаг ажээ. Эхнэр нөхөр хоёр хоёулаа ямар нэгэн ашиг орлого авчирдаг юм хийдэг. Эдийн засгийн статус болон орлогын хэмжээ нь энд чухал биш аж. Аз жаргалын хэмжээ гэр бүлийн эдийн засгийн статусаас ер хамаардаггүй нь батлагдсан байна. Энд хамгийн гол юм нь – хүмүүсийн хоорондын харьцаа, нэг нэгийнхээ сонирхолд хүндэтгэлтэй хандах, нэг нэгэнтэйгээ сэтгэл санаагаа хуваалцах хүсэлтэй байх зэрэг асуудал байдаг гэнэ.

НУУЦ № 3 Ганцаардах боломж

Гэр бүлийн гишүүн бүрт ганцаараа байх газар байх ёстой. Сайхан гэр бүлийн гишүүн бүрт, бүр жижигхэн хүүхдэд ч, өөрийн хувийн орон зай байдаг бөгөөд бусад нь түүн рүү нь өнгийдөггүй, тэр орон зайг нь маш их хүндэлдэг аж. Тус тусын өрөөгүй ч бай, хүн ганцаараа суугаад бодлоо бодох, юм унших бололцоо бүхий булан аз жаргалтай айлд заавал байдаг юм байна. Ялангуяа эрчүүд ганцаараа хэсэг хугацаанд байх их дуртай байдаг аж. Дээр үед эрчүүд галын дөлийг ширтэн суух дуртай байсан бол орчин үеийн эрчүүд автомат угаалгын машиныг ажиллаж байхад нь ширтээд суух дуртай гэнэ. Дашрамд хэлэхэд, телевизор “гөлрөх объект” болж чаддаггүй, учир нь мөнхийн зүйлсийн тухай бодоход логик сэтгэлгээг хариуцдаг тархины зүүн тал унтарсан байх ёстой юм байна.

НУУЦ № 4 Хатуу дүрэмгүй байх

Аз жаргалтай гэр бүлд эрх чөлөөний агаар ноёлдог. Энд ямар ч хатуу дүрэм, гэр бүлийн гишүүдэд зоогдсон хатуу үүрэг байдаггүй. Аз жаргалгүй гэр бүлд харьцаа муу байх тусам төдий чинээ олон хориг нэг нэгэндээ тавьсан байдаг. Чи ингэж болно, ингэж болохгүй, ингэх үүрэгтэй, энэ бас болохгүй, болохгүй, болохгүй … Хэрэв гэр бүлийн гишүүдийн харьцааны үндэс нь итгэл, дотно хөнгөн харьцаа, нэг нэгийгээ байгаагаар нь хайрлах бол – гэр бүл аяндаа л аз жаргалтай байдаг юм байна. Ямар ч сэдвээр гэрийнхэнтэйгээ чөлөөтэй харьцаж чаддаг, хамгийн гол нь та гэртээ бушуухан харихыг боддог бол танай гэр бүл аз жаргалтай гэсэн үг.

НУУЦ № 5 Хуримын бөгж зүүдэг

Хэдэн мянган гэр бүлийг судлахад, эхнэр нөхөр хоёр хоёулаа хуримын бөгжөө байнга зүүдэг бол хүүхдээ сайн хүмүүжүүлдэг сайн эцэг эх байдаг гэсэн дүгнэлт гарчээ. Ийм эцэг эхийн хүүхэд хөгжил сайтай, эрүүл мэнд бие бялдар мөн сайтай, тэдэнтэй эвгүй зүйл тохиолдох нь хавьгүй бага байдаг аж. Учир нь хуримын бөгжөө зүүдэггүй хүмүүс өөрийнхөө гэр бүлийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрдөггүй гэсэн үг, тэгэхээр автоматаар, хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарладаггүй, хүүхэддээ бүрэн дүүрэн анхаарал хандуулдаггүй гэнэ. Хүүхэд энэ бүхнийг мэдэрдэг болохоор дүрсгүйтэх, зөрүүдлэх зэрэг зан гаргаж өшөөгөө авдаг байна. Үр дүн нь – сурлага муу, ууртай, өвдөмтгэй болох гэх зэргээр илэрдэг ажээ.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.