"Төрийн эрхэнд орсон хүн зодуулж үхдэг
Бурханы үгэнд орсон хүн өлсөж үхдэг..."
Эртний үгээс
Өгүүлэлийн товч утга: Уг өгүүлэлд ХХ зууны эхэн хагаст өрнөсөн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, тэргүүлэгчдийн хоорондын харилцаа, ихэнх улс төрийн зүтгэлтнүүдийн учир битүүлэг үхэл түүнд нөлөөлсөн гадаад хийгээд дотоод хүчин зүйлийн асуудлыг түүхийн архивын баримт бичгүүдэд тулгуурлан тодруулахыг зорьсон болно.
Түүхийн шинэ эрин ХХ зууны эхэн болоход Монголчууд өөрийн тусгаар тогтнолын төлөө нэгдэн тэмцэж эхэлсэн юм. Монголын ноёд, лам, язгууртнууд эрхт төр, тусгаар оршихуй, монголчууд бид өөрийн газар шорооныхоо эзэн байх ёстой гэсэн үзэл санааны нэгэн сэтгэлэгт байдалтайгаар нэгдэн тэмцсэний дүнд 1911 оны өвөл цагаас Монгол орон харьцангуй бие даан, өөртөө туурга тусгаарласанаа зарлан тунхагласан билээ. Уг түүхэн үйл явдалд биечлэн оролцож, тэргүүлэн удирдсан монголын нөлөө бүхий лам, хар, хэн бүхэн дэмжин сайшааж хамтран зүтгэсэн ч Монгол улс өөртөө тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж төрийн цоо шинэ тогтолцоог бий болгон таван яамыг байгуулж, сайдын сэнтийд хувьсгалын хэрэгт тэргүүлэн оролцсон Ханддорж, Цэрэнчимэд, Чагдаржав зэрэг ноёд тохоон талбигдсаны маргаашнаас эхлээд л хэн хэнийгээ захирах вэ? гэсэн мөчөөрхөл ажиглагдах болсон.