Чин ван Ханддорж

220 гаруй жилийн турш Монгол орон Манжийн эзэнт гүрний колони байв. Чухамхүү Манжийн эрхшээлээс гарах үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний гарамгап удирдагч бол Эрдэнэ дайчин Чин ван Ханддорж юм.
Ханддорж 1869 онд Булган аймгийн нутагт үе улиран угсаа залгамжилсан хошууны засаг ноён Цэрэндоржийн хүү Мижиддоржийн гэр бүлд төрсөн. Багаасаа соёлт язгууртан гэр бүлд хүмүүжиж монгол, манж, хятад хэл бичиг мэдэж тэрчлэн хожим нь орос хэл сурчээ.

Багаасаа төрийн хэрэгт суралцаж 1892 онд хошуу засаг, хошой чин вангийн тушаал хэргэмийг найм дахь үед залгамжлан авч улсын хэмжээний төрийн хэрэгт идэвхийлэн оролцож эхлэв. Ханддорж Улиастайн жанжнаар удаа дараа жасаалж, 1897-1900 онд Халхын Түшээт хан аймгийн жанжнаар ажиллаж байв. Тэрээр Манжийн эзэн хааны дэргэд хэд хэдэн удаа очиж ажиллаж байснаар Манжийн Монголд явуулж байсан ноёрхол мөлжлөгийн мөн чанарыг илүүтэй таньж, Манжийг эсэргүүцэх үзэл санаа төлөвшин бүрэлджээ. " Шинэ засгийн бодлого " гэгчээр манжийн дарлал мөлжлөг улам хүчтэй болж, ард түмэн үгүйрэн ядуурч, уламжлалт түүх соёл, төр ёс мөхөлд хүрч байв.

Ханддоржийн өвөг эцэг Цэрэндорж нь өөрийн хошуунд олноор орж ирэн суурьшсан хятадуудаас хөлс түрээсийг ихээр авч нутаг газар сүйтгэлээ гэж хөөж байснаас аймгийн чуулганы даргаасаа огцорч байсан удаатай. Чин ван Хандорж З-р далай ламыг нийслэл хүрээнд хүлээн авч өвөлжүүлсэн нь манжийн төрийн дургүйцлыг улам бадраажээ Ханддоржийн хайрт хүү Данзанжамцыг хааны ордны ёс алдсан гэдгээр Бээжинд зэрлэгээр цаазалж толгойг нь тавган дээр тавьж үзүүлсэнд өгүүлшгүй уй гашууд унаж отго жинстэй малгайгаа авч шидэн "Манж хятадын маалинга шаахайн ул, марал илжигний туурайг Хаалган даваа давуулж, Ар халхын нутагт хэрхэвч гишгүүлэхгүй гэсэн андгай тангараг тавин, хайрт хүүгийнхээ толгойг ганзаглан эх нутагтаа ирсэн гэдэг. Энэ бүх явдал түүнийг Манжийн түрэмгийлэлийн эсрэг эцсээ хүртэл тэмцэх эрчийг улам нэмсэн бүлгээ. Тэрээр өөрийн хошуу нутгаас манжийн албыг залгуулахаас цааргалж байв.

Манж амбанаас монголын байгалийн баялгийн мэдээг 18 үзүүлэлтээр гаргуулж авахад ихэнхэд нь байхгүй гэж хариулаад буцаажээ. ... тариа тарьж газар хагалах хэрэг угаас монголчуудад харштай хэмээн эртнээс хуультай бөгөөд одоо газар хагалах аваас зүйл зүйлийн харштай төдийгүй харин газар газрын муу иргэд нэмэн хуралдсаар эцэстээ шашин төрийн үндсэнд онц харштай будилаан болж... болох тухай анхааруулан дээд чуулганы дарга болон түшээт ханд бичиж хоёр аймгийн тэргүүнтэй зөвлөлдөн шийдвэрлэхийг зөвлөж байсан нь монголд хятад иргэдийг олноор түрж суулгаж тариалан эрхлүүлэх замаар монголчуудыг уусгах гэсэн алсын бодлогыг ойлгон мэдэрч сэрэмжлүүлсэний зэрэгцээ халх даяараа хамтран тэмцэх нь чухал гэж үзсэнийх юмаа. Эдгээр бичиг санал болон манжийн шинэ засгийн бодлогын тухай хэлэлцээр 1911 оны зун Богдын зарлигаар даншиг өргөх нэрийдлээр нууц зөвлөгөөн хийж түүнийг Чин ван Ханддорж идэвхийлэн зохион байгуулсан гэдэг.

Ийнхүү 1911 оны 6,7-р сард халхын дөрвөн аймгийн хан чуулган дарга хэбэй хутагт хувилгаад цугларан манж чин улсаас тусгаарлан салах асуудлыг хэлэлцжээ. Эл хэрэгт хаант Орос улсаас тусламж эрхээр тогтож , төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд өвөр монголын Хайсан гүн нар орж 1911 оны 7 сарын 29 нд их хүрээнээс нууцаар морджээ. Ханддорж нарын үүсгэсэн их хэргийн тухай монгол нутаг даяар дуулдаж ард олон найдвар тавин хүлээх болов. Тэдний тухай Бээжинд аль хэдийнээ сонсож Бээжин тагнуул туршуулаа идэвхжүүлэн Петербург хотноо илгээсэн гэдэг.

Дайчин ван Ханддорж улс орныхооо тусгаар тогтнолын төлөө умрыг зорихдоо их хүрээнээс шөнийн цагаар оргон гарч хүн амьтны зам мөрөөс зайлсхийн уулын оргил бэрх хавцал ой модон дундуур замнан хөдөө гадаа хоноглон явсаар оросын Дээд Yд хотноо хүрэлцэн очиж галт тэргэнд сууж Петербург хотноо очжээ. Энэ үед Бээжингээс их хүрээний манж сайдын газарт цахилгаан ирүүлж орост хэн хэн явснийг мэдэж даруй олж баривчлахыг тушаасан байв. 1911 оны 8 сарын 15 нд Петербург хотноо очсон монголын төлөөлөгчид орос улсын гадаад явдлын яамны сайд, сайд нарын зөвлөлийн дарга зэрэг өндөр албан тушаалын хүмүүстэй уулзан ярилцжээ. Оросын засгийн газар алс дорнодын асуудлаар онцгой зөвлөгөөн хийж " Монголоос Дайчин гүрэнтэй тогтоосон сюзеренит холбоог таслалгүйгээр, үндэсний байдлаа хамгаалах гэсэн Монголын эрмэлзлэлийг дипломат замаар дэмжих" гэсэн шийдвэр гаргаснаар төдийлөн дэмжлэг авч чадсангүй. Хятадаас бүрэн тусгаарлах гэсэн Ханддоржийн санаа бүрэн биелэгдээгүй ч Бээжингээс явуулж буй аливаа хүчирхийлэлээс өмгөөлж хамгаалахаа Орос улс амалжээ.

Чин ван Ханддоржийг орос улсаас буцаж ирэхэд Бээжинд ажлаар дуудсан байсан боловч тэрээр очихыг цааргалж "түүнийг өвчтэй байгаа" гэсэн хариу явуулсанаар өнгөрөөжээ. Хятадад гарсан хувьсгал манжийн ноёрхлыг эцэс болгов. Ханддорж энэ эгзэгтэй мөчийг ашиглан тусгаарлах саналаа Богд хаанд айлтгахад хутагтаас "таны асуусан нь маш сайн ер алив юманд цаг хэмжээгүй нь огт үгүй. Манж Хятадын ийнхүү байдал цөм цаг болсоны тул билээ. Харин одоо манай монгол овгийн олон аймаг бүгдээр нийлж өөртөө улс болон тогтнож шарын шашнаа бататган дэлгэрүүлж өөрсдөө бусдын эрх мэдэлд дарлагдан зовлон зүдгүүрийг үзэхгүй болох цаг болсон" гэсэн лүндэн буулгажээ.

Монголын төрийн тусгаар тогтнолыг сэргээх асуудлыг удирдах хэргийг шууд эрхлэх "халхын хүрээний Бүгд Хэргийг Түр Ерөнхийлөн Шийтгэх Газар" - ыг байгуулан түүний бүрэлдхүүнд Ханддорж ван зөвлөн шийтгэх түшмэлээр ажиллажээ. Чин улсын захиргааны ноёрхлыг устгах тэмцлийг манлайлан удирдсан билээ. Цагаагчин гахай жилийн өвлийн 7 дунд сарын шинийн есөн, Европын 1911 оны 12 сарын 29 ны өдөр монголын түүхэнд мөнхийн мартагдашгүй шинэ хуудсыг нээлээ. Эл өдөр Олноо Өргөгдсөн Монгол Улс байгуулагдсаныг зарлаж Богд гэгээнийг монгол улсын наран гэрэлт түмэн наст богд эзэн, хатныг нулсын эх дагина хэмээн өргөмжлөн зарлаж их баяр ёслол хийж олон ихэс дээдэс өтгөс өвгөдийг шагнан соёрхов. Тэдний хамгийн эхэнд Чин ван Ханддоржийг " Тулгар төр байгуулах тухайн хэрэгт онц хүчин зүтгэжявсныг онцлон тэмдэглээд ...үе улиран Эрдэнэ дайчин цол ханы ямба давхар пүнлүү, шар хүрэм улбар шар жолоо , нэгэн үед ногоон жууз шагнаж, шадар сайд, бүгд захирах сайд, Гадаад хэргийг Бүгд эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдын албан тушаалд тохоон талбигтун" хэмээжээ.

Ийнхүү түүнийг халхын дөрвөн ханы адил ногоон жууз хэрэглүүлэн давхар пүнлүү олгон дээд зэргээр шагнасан нь 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалд тэргүүлэх үүрэгтэй удирдаж бапсныг нотолсон хэрэг байлаа. Чин ван Ханддорж гадаад хэргипн сайдаар ажиллаж улсынхаа тусгаар тогтнолыг орос бусад том гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэх, өвөр монголыг нэгтгэж нэгдсэн их монгол . гүрнийг байгуулахын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр ихээхэн хүч тавин ажилласан билээ. 1912 онд Орос Монголын хооронд гэрээ байгуулав. Монголын тусгаар тогтнолыг цагаан Орос улсаар зөвшөөрүүлж дэлхийн олон улсаар зөвшөөруүлэхийг хичээсэн боловч ганцхан Төвд улс л зөвшөөрөв. Чин ван Ханддорж Монгол улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэхийн тулд олон янзийн арга сүвэгчилж байв. Богд хаант Монгол улсад өвөр монголын олон хошууны ноёд дагаар оржээ.

1913 оны 2 сарын 3 нд Монгол цэргийг бэлтгэж сургах тухай монгол оросын хэлэлцээрийг хийж уг гэрээнд " Их Орос улсын хаан эзний хэргийг шийтгэх газраас тусгайлан гаргасан Иван Коростович Монгол улсын хаан эзний засгийн газраас тусгайлан гаргасан дотоод хэрэг олон яамны хэргийг бүгд ерөнхийлөн захирах сайд түмэнхэн номун эзэн сайн ноён хан Намнансүрэн шадар сайд цэргийн хэргийн захиран шийтгэх яамны сайд бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайд засаг төрийн эрдэнэ далай жун ван Гомбосүрэн зөвлөн хэлэлцэж монголын цэрэг бэлтгэн сургах гэрээ бичгийг байгуулав гэжээ. 1913 оны 9 сард монголын гадаад хэргийн яамнаас оросын малын эмч нартай хэлэлцээ хийжээ.

Чин ван Ханддорж төрийн бүхий л хэрэгт биечлэн оролцож байсан учир эрдэнэ шанзав яамны тэргүүн сайд да лам Бадамдорж Чин ван Ханддоржийг оросын талыг хэтэрхий барьж монголыг, хоцроож байна гэж Богд хаанд хэд хэдэн удаа айлтгажээ. 1915 онд тусгаар тогтнолын асуудлаар болсон хиагтын гурван улсын хэлэлцээрт зориуд оруулсангүй. Энэ хэлэлцээр нь монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг олон улсын эрх зүйн үндсэн дээр бататгах сүүлчийн боломж гэдгийг тэрээр ухаарч сэтгэл зовинож байв.

Яг энэ үед Олноо Өргөгдсэний 5-р оны цагаан сарын шинийн 6 нд дөнгөж 46 ны сүүдэр зооглосон эрдэнэ дайчин ван Ханддорж нэн харамсалтайгаар хорлогдон нас эцэслэсэн билээ. Тэрээр зөвхөн монгол улсынхаа бүрэн бүтэн байдал тусгаар тогтнол гадаад харилцаагаа бэхжүүлэхийн төлөө хүчин зүтгэсэн төдийгүй Орос, Франц , Англи зэрэг улсын жишээгээр орчин цагийн сургууль байгуулах асуудлыг дэвшүүлэн тавьж анхны бага сургуулийг 1912 онд гадаад яамны дэргэд байгуулж эрдэмтэн В.Котвичийг хүртэл урин залж байв. Тэр үеийн хэвлэл "Шинэ Толь"- д бичихдээ ...улс төрийг хүмүүжүүлэн засах олон явдлыг бодож уржнан жил /1912/онд дайчин ван Ханддорж мэргэн сайдын оролдлогоор анхны сургуулийг байгуулж арав илүү хөвгүүдийг нэгэн жилийн дотор Орос монгол бичиг зэрэг олон эрдэмд сурган улмаар арав илүү хөвгүүдийг Орост явуулж сургасан ба аймаг бүгдээс 100 илүү хөвгүүнийг зарлан дуудаж ирүүлж улсын дунд сургуулийг байгуулсан .... түүхтэй тухай бичжээ.

Чин ван Ханддорж ардын эмчилгээг хөгжүүлэхийн зэрэгцээ Европ эмнэлгийн ололтыг улс орондоо нэвтрүүлэх нь чухал гэж үзэж байжээ. Тэрээр 1913 онд Петербургт байхдаа шархны эм боолт эмийн сан зэргийг 302 рубль 72 копекоор худалдан авч байсан баримт байдаг. Мөн орос хэвлэлийн машин захиалан авчирч хэвлэх үйлдвэр байгуулсан түүхтэй. Тэрээр Нийслэл Хүрээнээ 80 тохой мэгжид жанрайсэг бүтээлгэх саналыг гарган зохион байгуулж мянган лан мөнгө хувиасаа хандивлаж, төрсөн нутаг вангийн хүрээнд халхад хамгийн томд орох үзэмж төгс 3 давхар асар дээвэртэй 64 хаалгатай 64 багантай цогчин дуган байгуулсан нь 10,000 лам хурах багтаамжтай байв. Чин вангийн багш Төвд энэтхэгт нэрд гарсан их эрдэмтэн Дандараграмч их зүйлийг хийсэн билээ. Чингисийн удмын сурвалжит язгууртан монгол төрийн гарамгай зутгэлтний нэг эрдэнэ дайчин ван Мижиддоржийн Ханддоржийн үйл амьдралын тухай цухас дурьдахад ийм болой.

3 comments:

  1. тэр бол чинхэнэ хятад хүн байсан юм

    ReplyDelete
  2. Монгол хүмүүнJanuary 26, 2011 at 1:11 PM

    Хасаа чи өөрөө Хятад за юу. Монгол хүмүүс чинхэнэ гэж яридаггүй юм мэдэв үү. Ха ха ха

    ReplyDelete
  3. "Жагар түвдийн орноос ширээний лам залахгүй,
    Жанчхүүгийн даваанаас нааш шаахайны мөр гаргахгүй,
    Монхор хүү минь үхсэн ч
    Монголтойгоо байхад алзахгүй..." Чин Ван Ханддорж

    ReplyDelete

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.