МОНГОЛ АДУУ

XX зуунд Монгол адууг цэврээр үржүүлж, бэлчээрээр маллах уламжлалт сонгодог арга хадгалагдсаар байв. Монгол адууны 30, 5 хувь тал хээрт, 19, 3 хувь өндөр ууланд, 17, 3 хувь ойт хээрт, 18, 9 хувь говьд, 14 хувь их нуурын хотгорт байна. Монгол адууны нийт тоо толгой олон жилийн туршид 2 - 3 сая орчимд хэлбэлзсээр иржээ. Монгол адуу биологи, экологи, этологийн болон аж ахуйн олон өвөрмөц шинж билгийг хадгалсан байх бөгөөд эдгээрийн зарим нь дэлхийн бусад үүлдрийн адуунд илэрдэггүй буюу өнөө үед устаж алга болсон байна. Монгол адуу үрсэн төлсөх, эхсэх, ижилсэн сүрэглэх, биесээ хажиглах, нутгаа санагалзах, бэлчээр нутгаа сонгон, нутагшин зохицох, алсаас эх нутаг уруугаа эгэж гүйх, байгаль, цаг агаарын огцом өөрчлөлтийг урьдчилан мэдэрч нөмрөх аюулаас дайжин зайлах, азарга нь тодорхой тооны гүү хураах, өөрийн охин үр төл, илүү байдсан гүүг сүргээс хасах, сүргээ дайснаас хамгаалж тэмцэх, морьдоо хөөх, дагуулах, унаган эзнээ таних, элдэв нарийн эдэлгээ, зан араншинд сурах зэрэг олон араншинг үзүүлдэг билээ. Монгол адуу намар богинохон хугацаанд тарга хүчээ гүйцээж, хурсан өөхөө, өвөл хаврын тарчиг цагт маш хэмнэлттэй бардаг онцлогтой.

Дэлхийн олон эрдэмтэн монгол адууны ойт хээр, заримдаг цөл, хуурай тал хээрийн бэлчээрт зохицон амьдрах хосгүй чадвартайд үнэ цэн нь оршино гэж үзсэн буй. Нэг гүүнээс "... саалийн нэг сард 250 л / 144-396 л /, гурван сард 750-800 л, шилдэг гүүнээс 1200 л саам саах боломж байгаа бөгөөд хоногт 10 л /6-16 л / орчим гэж үзвэл амьд жингийн 100 кг тутамд 3 кг саам ногдож байгаа юм. Энэ нь монгол гүүний харьцангуй сүүтэйг харуулж байна. Монгол гүүний саамын тослог 2, 2 хувь, хүчиллэг 8, 3 Т°, хувийн жин 1, 031, уураг 2, 6 хувь, лактоз 7, 8 хувь, витамин "С" 84, 2 мг/ л байдаг. Гүүний саамын гарц, химийн найрлага, амт чанар нутаг бүсээр ялгаатай, тухайлбал гарц ойт хээрт 7, 4-0.10 л, тал хээрт 7, 37-0, 223 л, говьд 6.72-0.32 л байдаг. Энэ нь бэлчээрийн өвс ургамлын ялгаатай холбоотой бөгөөд айргийн амт чанар ч харилцан адилгүйг нотолно. Монгол адууны амьдын жин нас гүйцсэн үед 230-400 кг хүртэл хэлбэлзэх бөгөөд дунджаар азарга 363 кг, гүү 344 кг жинтэй байна. Монголын их насны морины алс хол давхих хурд, тэсвэр дунд таргатай морины гулуузны жин 158, 5 кг, нядалгааны гарц 53, 2 %, махны гарц 78, 8 % байна. Монгол адууны махны чанар, үзүүлэлт бусад төрөлжсөн үүлдрээс дутахааргүй юм. Монголын их насны морины алс хол давхих хурд, тэсвэр үнэмлэхүй хэмжээний үзүүлэлтүүд үлгэр, домог, үнэн байдлаар өнөө хүрчээ.

Монгол мориор хоногт 150-500 км зайг туулж, хэдэн хоног өл хоол тааруулан аялж довтолгодог билээ. Монгол адууны дотор Галшар, Тэсийн гол, Дархад, Мянгад, Шанхайн хэц, Сан бээс, Барга, Үзэмчин, Баянцагаан, Заамар, Орлой гэх мэт олон омог байдаг бөгөөд эдгээрийн дотор алдартай уяачдын адууны хэдэн зуун удам угшил, тал, говь, хангай, уулын болон буржгар үст хэвшлийн адуу хүртэл багтаж байдаг гэж үзэж байв. Монголчууд эрт дээр цагаас адууныхаа үүлдэр, угсааг гойд анхааран шилж, сонгон сайжруулж, сорьж байв. Тэр үед араб, персээс азарга авчирч эрлийзжүүлэг хийж байсныг Хүннүгийн үеийн сурвалж, хадны сүг зурагт тэмдэглэн, шинж бэлгийг таних, уяж засах, өвчин гэм гутгийг анагаах судар номыг олон арваар зохион нууцлан нандигнаж, үеэс үед үр удамдаа дамжуулан үржүүлж байсан гэдэг. "Монгол ардын мал судлалын ухаан " нь адуу судлалаар эхлэн хөгжиж төгөлдөржсөн түүхтэй юм. Гаанжуур, Даанжуурыг зохиоход оролцсон мэдэгдэхүйн далайн эцэст хүрсэн мэргэн их арш Шалиходра Цастаас хойхнуурах нүүдэлчдийн дунд залран удаан хугацаагаар адуу судалж, Монгол Даанжуурын 219 -р ботийн "Морины насны шашдир" буюу " Товчийн орон " хэмээх сургаалыг номлосон гэж үзэж байна. 1931 онд Монголын мал аж ахуйг судлах Зөвлөлт Холбоот Улсын Шинжлэх ухааны Акедимийн экспедиц монгол адууг нэлээд нарийвчлан судлах анхны томоохон баримт бүрдүүлжээ. Б.Ф.Румянцев, Б.П Войтяцкий нар монгол адууг адууны үндсэн хоёр хэвшил "ROBOSTUS", " PARBUS " -тай харьцуулаад, биеэ даасан өвөрмөц ялгаа бүхий "Монгол хэв шинжийн адуу" болохыг хүлээн зөвшөөрөх саналыг дэвшүүлжээ. Энэ саналыг тэр үед ойшоож үзээгүй няцаасан байна.

Хожим археологич, монголч эрдэмтдийн судалгаа, нотолгоо "Монгол хэв шинжийн зэрлэг адуу" умар зүгт өргөн тархаж байсныг тогтоосон байна. Монгол адууны гавлын ясны бүтцийн индекс, хэмжээ " Клеппер, шведка"- тай яг адил, дал бугалга орчим байдаг үсний " Бэдэр"- ний зургийн хэлбэр "финок, вятка"-д мөн байдаг ажгуй. Монгол хэв шинжийн зэрлэг адуу, хулан хоёрын бэлчээр умар, өмнөөс нийлэх тэр заагтал хээр, говь цөлд гөберид шинжийг тод илтгэсэн тахь /таньси хэмээх этгээд мал байсан гэж сурвалжид тэмдэглэсэн бий/ үүсэж, үржиж, мөхсөн нь маш сонирхолтой бөгөөд эволюцийн хувьд байж болох шижим байна. Тахь бол монгол адуу, хулангийн дундаж шинж бэлгийг илтгэсэн, төдийгүй шүд, гавлын ясны бүтцийн индексийн үзүүлэлтээр монгол адуунаас ноцтой ялгаатай байгаа нь монгол адууны шууд өвөг гэж үзэх үзэлд няцаалт өгөх эхлэл болжээ. Харин тарапанаас монгол адуу үүсэлтэй гэдэг нь эндүүрсэн ойлголт, гэнэн дүгнэлт байна. Учир нь тарапан нь экологийн хувьсалд бага зэрэг өртсөн "Монгол хэв шинжийн адуу"-ны нүүдэллэн одсон нэг хэсэг болно.Тарапаны гавлын ясны үзүүлэлтээр монгол адууныхтай ойролцоо байсан судалгааны үр дүн нь тахитай харьцуулснаас илүү ойр гарснаас нэг хэсэг монгол адууг тарапанаас гаралтай гэж шуугихад хүрчээ. Монгол адуу, түүний тархалт, гарал үүсэл, биологи, экологи, этологи, аж ахуй эмчилгээ, сувиллын их нөөц бүрэн судлагдаагүй нууцаа хадгалсаар байна.

Эх сурвалж: arvagarheer.com

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.