Гүюүг хааны их хатан Огул Хаймиш

Монголын их хаан Гүюг /1206 - 1248/ Өгэдэй хааны ахмад хөвгүүн болон мэндэлж, 1246 онд Монгол улсын их хаанаар өргөмжлөгджээ. Тэрбээр хаан эцгийн зассан төрийг хэвээр хадгалахыг зорин Алтан ургийнхны «эвдрэл» хямралыг намжаах талаар ихэд анхаарч, хууль дүрмийг чангатган, эзэнт гүрэн даяар хүн амын толлого явуулж, алба татварыг журамлах зэргээр түүхэнд нилээд үүргийг гүйцэтгэсэн ажгуу.

Эцгийн үед төрд үнэнч зүтгэж гавъяа байгуулсан түшмэдүүд болох Чингай чинсанг өөрийн дэргэд төрийн хэрэгт зүтгүүлэн, Мухамед Ялавачаар Хятад орныг, Масудбекээр Туркестан, Маверенахарыг, Харосон, Иран, Азербайджан, Гүржийг Аргунаар тус тус захируулан, өрнө дорны олон улсыг төвшитгөхөд ихээхэн санаа тавьсан болно.

Ийнхүү Гүюг хааны үед Монголын эзэнт гүрэн Ази, Европын олон улсуудтай өргөн харилцаатай болсон. Тэр цагт Их монгол упсад Зүчийн буюу Алтан Ордны улс захирагдахгүй биеэ тахыг санаархаж байсан тул Бат ханыг гэнэдүүлж цохих эчнээ санаа өвөрлөн 1248 оны өвөл өрнө зүгт аян хийхээр явж байхдаа Самарканд хотын хавьд гэнэт хальж, уг зорилгоо биелүүлж чадаагүй болно.

Гүюг хаан, Ромын папын элчин Плано Карпиний тэмдэглэснээр: «...дөч буюу дөчин тав орчим настай...дунд зэргийн нуруутай, маш хэрсүү ухаалаг, хэтэрхий зальжин, буурьтай бөгөөд ихэмсэг зантай, хий хоосон инээвхийлэх буюу гэнэхэн явдал гаргахыг нь хэн ч үзээгүй» бөгөөд эцэг өвгөдийн гэрээслэлд үнэнч, хаан төрийн хатуу ёс журмыг дээдлэгч, Их хаан байсан билээ.

Огул Хаймаш бол Ойрад аймгийн түрүү /захирагч/ байсан Худуга бэхийн охин, Гүюг хааны их хатан болой. Гүюг хааныг нас барсны дараа, дараачийн хаан суурины залгамжлагч Мөнхийг хаан ширээнд суутал өөрөөр хэлвэл 1248 - 1251 оны хооронд төр барьж байв.

Өгэдэй хаан гэнэт нас барсан тул өөрийгөө запгамжлах хүнээ нэр заан албан ёсоор гэрээслээгүй ажээ. Өгэдэй хаан чухам юуны учир нь тодорхойгүй ч ахмад хөвгүүн Гүюгээр хаан ширээ залгамжлуулах бодолгүй байжээ./1/ Харин өвөг эцэг Чингис нь Гүюгийг билиг дэмбэрэлтэй жил /1206/ төрсөн» ач хэмээн ихэд тоож хайрладаг байжээ.

Ингээд өмнө өгүүлсэнчлэн Өгэдэйг нас барсны дараа дөрвөн жил төрийн их хэргийг Их хатан Дөргэнэ хамаарч байсанд улс орон даяар дургүйцэх явдал эрс нэмэгдэж, нөлөө бүхий ноёд түшмэдийн ихэнх нь шинэ хаан түргэн өргөмжлөх эрмэлзэлтэй байсан нь илт болсон учир Дөргэнэ хатан арга буюу хаан сууриа тавьж өгөхөөс өөр замгүй болжээ. Хатан өөрийн хүү Гүюгийг хаан ширээнд суулгахын төлөө бололцоотой бүхнийг хийсэн юм.

1246 оны 6-7 дугаар сарын үеэр Чингис хааны «алтан» ураг, Өгэдэй хааны төрөл садангийнхан, их гүрний ноёд, жанжин нар болон хараат орны элч төлөөлөгчид зэрэг олон ихэс дээдэс Монгол Улсын Их хаан өргөмжлөх Их Хурапдайд оролцохоор Монгол оронд хүрэлцэн иржээ. Тулуйн хатан Сорхогтань, бүх хөвгүүдийн хамт, нутгийн зүүн хязгаараас Отчигин ноён, Илжигдэй нарын 80 гаруй хүн, баруун хязгаараас ХарХүлэг, Есөн Мөнх, Бүри, Байдар, Есөнтөмөр нар тэргүүтэй Цагаадайн үр ач нар 100 гаруй хүн, өрнөтөөс Батын дүү Бэрх ноён тэргүүтэй Батын ах дүү нар, Персээс ерөнхийлөн захирагч Аргун нар, хятад нутгийг захирч байсан нөлөө бүхий Монгол ноёд, жанжин нар, өрнөдөөс Масуд тэргүүтэй ноёд, Оросын Суздаль мужийн ван Ярослав, Гүржийн адил нэрт хоёр ван, Хятад, Сологосын ганц нэг ноёд, Арабын вангийн дүү, Багдад Халифын элчин сайд, Аламатын Ислам шашинтны элчин сайд болон Исмайл, Франц, Герман зэрэг улс орны элч нар хүрэлцэн ирсэн бөгөөд Ромын пап ламын илгээсэн католик шашинт доминикан ёсны гэлэн Плано Карпини тэргүүтэй гадны олон зочид төлөөлөгчид байлцсан байна. Их Хуралдайд энд тэндээс ирсэн зөвхөн элч төлөөлөгч нарын тоо 4000 гарч байсан хэмээн Рашид-ад Дин бичжээ./2/

Хуралдай, Гүюгийг хаан ширээнд суулгах шийдвэр гарахад тэрбээр дараахи болзлыг тавьсан юм. «Миний дараа бас миний ураг удмынханд хаан ширээ замгамжлуулан шилжүүлэх бол, би зөвшөөрнө» гэхэд Их Хуралдайд оролцогсод Гүюгийн удам угсаа тасарч дуусахаас нааш хаан ширээг өөр хүнд хэрхэвч шилжүүлэхгүй гээд: «Таны хойч үед хэдийгээр өвсөнд ороовч үхэр тоож идэхгүй, өөхөнд хучивч нохой тоож ирэхгүй юм төрөвч, бид бүхэн өөр бусдыг хаан гэж өргөмжлөхгүй»/3/ гэж айлтгасан өргөх бичигт гарын үсэг зурцгаажээ.

Гүюг хаан төрийн хатуу ёстой, өвөг эцэг, хоёр их хааны захиж гэрээсэлсэнд үнэнч, бас л хаан шиг хаан байжээ. Гэвч харамсалтай нь хоёрхон жил энэ хүндтэй албыг хашаад 1248 оны 4 сарын 24-ний өдөр 42 насандаа таалал төгссөн байна. Түүний шарил монгол газар ирээгүй, Дорнот Туркестаны нутагт хөдөөлүүлжээ.

Гүюгийг нас барсны дараа Чингис хааны дөрвөн хөвгүүний үр ач нар хоёр бүлэг болж, Зүчи- Тулуйн үрс нь нэг талд зогсон, Өгэдэй-Цагаадай хойчис нөгөө талд нь зогсон өөр хоорондоо өрсөлдсөнөөс хаан ширээний төлөө тэмцэл дахин өрнөсөн юм. Ингээд шинэ хаан тодортол арга буюу их хааны бэлбэсэн хатан нь төрийн эрх барих болсон.

Гүюүг хааны хатад дотроос байр суурь хамгийн өндөртэй байсан нь Огул Хаймиш юм. Тэрбээр шударга ёсыг ихэд сахидаг, элдвийн муу санаа өвөрлөлгүй, үнэн хэргийн төлөө зүтгэдэг байлаа. Хадам эх Дөргэнэ хатны овор занг таашаахгүй байжээ. Огул Хаймиш, олон сайд ноёд хэлмэгдүүлснийг буруутгаж, эхийнхээ хийсэн буруу үйлийг засахыг эр нөхөртөө зөвлөж байжээ. Тэр ч байтугай Гүюгийг хаан суухад: «Чи бие султай, төрийн их албыг хашиж давахгүй, Ширэмүнийг дэмжиж хаан суулга» гэж зөвлөж байсан гэдэг. Бас Гүюг хаан суухдаа «Өгэдэйн угсаанаас цаашид залгаж хаан сууна» гэдэг болзол тавьж алтан ургийн ноёдоор зевшөөрүүлсэн ажлыг бас л Огул Хаймиш хатан зөвлөсөн мэт байдаг.

Гүюгийг нас бармагц Батхан хамгийн түрүүнд Хаймиш хатанд элч зарж бэлбэсрэлийн ёс гүйцэтгүүлээд, өөрөө Чингис хааны удмын дотор ахмад болохын хувьд «төрийн хэргийг Гүюгийн хатан Огул Хаймиш та эрхийн ёсоор түр хамаарч, харин төрийн чухал хэргийг мэргэн сайд Чингайн зөвлөгөө саналаар шийтгэж байхтун» гэжээ.

Ингээд Огул Хаймиш төрийн хэргийг хамаарч байсан боловч түүний хоёр хүү Ходжа, Нагу нар хаан ширээний төлөө тэмцэж, эхтэйгээ эрх булаацалдаж байсан хэмээн Рашид-ад Дин бичсэн байдаг.

Огул Хаймиш Өгэдэй Цагаадайн угсааны хамтын төлөөлөгч болж, хаан суурийг Өгэдэй хааны үр ач нар залгамжлавал,сая ёсонд нийцнэ гэж үзэх болжээ. Тэрбээр ёс бус үйлдэлд дургүй, далд хуйвалдааныг үзэн яддаг, тэр тусмаа төрийн хямрал гарч Монголын нэгдлийг задараахаас ихэд болгоомжилдог байв. Хаймиш хатан, бичгийн сайд Чингай нар Өгэдэйн ач Ширэмүнийг хааны ор суулгахаар, бодол санаагаа хэд дахин илэрхийлж, Гүюгийг хаан суухад Их Хуралдайгаас гаргасан батламж бичгийг хүртэл байн байн уншиж сонсгодог байсан боловч Бат, Мөнх тэргүүтэй Зүчи ,Тулуйн угсааны ноёдын дэмжлэгийг олж чадаагүй юм. Эцэстээ Огул Хаймиш хатан гартаа атгасан их эрхээ Зүчи, Тулуйн эвслийнхэнд өгөхөөс өөр аргагүй болсон ажээ.

Энэ үед Өгэдэй, Цагадайн угсааны ноёд хоорондоо хагаралдаж мөн хатны хоёр хүү Ходжа болон Нагу нар өөр өөрийнхөө эзэмшил оронд тусгай захиргаа байгуулж, эх хатан Огул Хаймиштайгаа эрх мэдэл булаалдан хаан ширээнд санаархаж, дотооддоо эв нэгдэлгүй, замбараагүй байдал газар авч байсны улмаас ноёд язгууртнууд дор дороо дур мэдэн алба татвар хураан, ард түмнийг дарлан мөлжих нь ширүүсч, түмэн олны хилэн хорсолыг дэгдээж байлаа. Үүний зэрэгцээгээр, улсын хэмжээгээр урьд гараагүй ган гачиг тохиолдож, аж ахуй уналтын байдалд орсон. Иймэрхүү байдал доор, алтан урагтны ахмад болсон Бат хан, бусад хөвгүүдэд элч зарж ноёдын чуулган уулзалт зохион байгуулж, их хааны орыг Мөнхөөр залгамжлуулах санал гарган өгүүлсэн нь: «Мөнх бол ертөнцийн сайн мууг үзэж хамаг хэрэг явдлын сайн мууг амссан, янз бүрийн оронд цэрэг удирдан ямагт ялалт гавъяа байгуулж явсан зүтгэл ихтэй, авъяас билэг төгөлдөр, эрэлхэг баатар, хатан зоригтой, бүхнээс онцгой арга ухаан сийлэх мэргэн бодлоготой хүмүүн мөн тул түүнийг л их хаанд өргөмжлөвөл наран ургахаас наран шингэх зүг хүртэлх өргөн уудам нутгийг эзэгнэсэн улс гүрнээ тохитой сайнаар удирдан засаж чадна. Тэгж чадсан цагт улс, цэрэг, ард, хаан хөвүүд бидний зол жаргал баталгаатай болж дийлэн мандана» /4/ гэжээ. Ингээд Бат ханы дэмжлэг, Мөнхийн эх нэр хүндтэй Сорхогтань хатны хүчин чармайлт ба Өгэдэй, Цагадай угсааны дотоодын хагарал зэрэг нөхцөл шалтгааны дунд Мөнх хаан ширээнд заларсан юм. Огул Хаймиш хатан их хааны суурийг Өгэдэй угсаанд үлдээхийг хичээж чармайн тэмцсэн боловч энэ нь талаар болсон.

Хаймиш хатнаас Хурц, Ходжа, Нагу гэдэг гурван хүү төржээ. Цөмөөрөө эрийн цээнд хүрч, эцгийн үйл хэргийг залгамжлан гүйцэтгэх зориг төгөлдөр байжээ. Гэвч сүүлдээ Батын заавраар Мөнх хааны харгислалд өртөж, Өгэдэйн талын 70 хүнийг барьж цаазлахад тэд нар хэлмэгджээ. Мөнхийн хаан суусан явдлыг илт эсэргүүцэж байсан Огул Хаймишийг Мөнхсаран ноён нүцэглэн доромжилж ёс бус ажиллагаа үйлдэж, эсгийнд ороолгож голын усанд хаяулжээ. Хаймиш хатан ч: «...чам шиг /Мөнхсаран/ урвагч яргачны өмнө хувцсаа тайлахгүй, зөвхөн их хааны дэргэд л хувцсаа тайлах учиртай» гэж өчсөөр баатарлагаар амь үрэгдсэн юм.

Манай түүх бичлэгт ихэнхдээ Дөргэнэ, Огул Хаймиш хоёр хатан төр барьж байснаас болж Монгол улсын дотоодын эрх мэдэл ихээр суларч хагацал самуурал гарчээ гэж тэмдэглэгддэг. Тийм их хариуцлагыг ганц энэ хоёр эмэгтэйд тулгаж ярих нь туйлшруулж байгаа явдал болох байх гэж үзнэ. Учир нь тухайн үеийн улс төрийн амьдрал ямар тогтворгүй байлаа. Түүн дээр нийгэм эдийн засгийн асуудал ч нэрмээс болж байсан. Их Монгол улсын дотор эмх замбараагүй байдал газар авч, эрх тушаал булаалдсан эрхтэн дархтан олширч, ард олноос дураараа алба татвар татаж, олны дургүйцлийг хүргэн, нийгмийг тогтворгүй байдалд оруулж байсан. Тухайн үеийн нийгэм түүхийн үндэс шалтгааныг шинжин үзэж асуудлыг иж бүрнээр нь авч үзэлгүй «хүн төрөлхтний түүхэнд ухаалаг олон эмэгтэй тодрон гарч байсан боловч жинхэнэ төрийн хэргийг гардан бариад ирэхээр эмэгтэй хүний богино жолоо гэдэг ийм л буюу»/5/ гэж үнэлэн цэгнэх нь зүйд арай л нийцэхгүй болов уу. Хүн төрөлхтний түүхэнд ач гавъяа байгуулсан эмэгтэйчүүд, тэр тусмаа эх хүн хичнээн олон байсныг түүх гэрчилнэ.

Японы Дорно Дахиныг судлаач Отахи Мацуво «Хубилай хаан» хэмээх номондоо: «Эрх чөлөөнд дуртай монголчуудын хувьд авч яривал эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурь уулаас их өндөр байсан юм. Эхнэр хүн энэ талаар эрэгтэйтэй эрх тэгш болохоор эх бологч хүн үр хүүхдийнхээ нүдэнд эцэгтэй нь адил эрх сүртэй байдаг байв. Ийм жишээг бид олон үзэж өнгөрсөн билээ. Өгэдэй хаан нас нөхцсөний дараа түүний зургадугаар хатан төрийн эрх эрхэлж байсан, Тулуй нас барсны хойно Тулуйн бэлэвсэн хатан Сорхогтань хааныг төлөөлж байсан явдлууд бол бүгд ийм жишээ болно. Монголын хаант улсын эзэн Чингис хаан гээд төрсөн эхийнхээ өмнө толгой өндийж чаддаггүй байсан юм. Дэлхийг төвшитгөгч тавин настай Чингис хаан нэг удаа эхдээ загнуулаад: «эхийг хилэгнэсэнд би айхын ихээр айж, ичихийн ихээр ичив» хэмээн айн хэлмэгдэв гэх алдарт домог байдаг. Иймд Намби хатан /Чимбай хатныг нас барсны дараа Хубилай хаан Хонхирад аймгаас залуу охин Намбийг хатан болгож буулгасан юм./ нас ахисан Хубилай хааныг тэтгэж улс төрийн талаар зөвлөлгөө өгч байсан нь монголчуудын хувьд ердийн хэрэг байх ёстой» хэмээн бичжээ./6/

Ишлэл, зүүлт.

1. Далай Ч. Монголын түүх. Их Монгол Улс 1206-1260. Дэд дэвтэр. Уб., 1994, т 168
2. Рашид- ад Дин. Судрын чуулган. П боть, т 119
З. Н.Алтаншаа. Монголын гурванхаан-Өгэдэй,Гүюг,Мөнх. Хайлар 1985, т 165
4. Рашид-ад Дин.Дурьдсан зохиол , т 129
5. Далай.Ч. Дурьдсан зохиол. т 174
6. Отахи Мацуво. Хубилай хаан УБ., 1991, т 104-405.

Эх сурвалж:

Хэрээд Ж.Урангуа, Боржигин Д.Энхцэцэг - "Монгол хатад" номноос

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.