ТИТЭМ ҮГ – Өөрийгөө хүндэтгэ

Өөрийгөө эрхэмлэн хүндэтгэ. Өөрийгөө эс хүндэтгэвээс өрөөл бусдын хүндэтгэлийг хүлээнэ гэж үгүй. “Өөрийгөө хүндэтгэдэг хүн л бусдын хүндлэлийг хүлээдэг” юм. Хүндэтгэл хүлээх өч төчнөөн сайн шинж чанар чамд байгаа. Тэдгээрийг хэнээс ч илүү чи өөрөө сайн мэднэ. Өөрийг чинь чамаас илүү өөр хүн мэднэ гэж юу байх билээ дээ. Хүн өөрийнхөө сайн чанаруудыг бүхнээс илүү давуу хүндлэх хэрэгтэй.Өөрийнхөө сайн чанарыг хүндлэхгүй бол түүний хоосон орон зайг доромжлол эзлэх болно. Хүндлэлийн орон зайгаа доромжлолд эзлүүлсэн хүн салж хагацашгүй сэтгэлийн зовлонг эдэлнэ. Сэтгэлийн зовлондоо шаналж яваа хүн хэзээ ч аз жаргалтай, амар тайван байж чаддаггүй. Сайн чанарууд биед нь цогцолсон хүн нэр төртэй, нэр хүндтэй. Дутагдалгүй гэх буюу дутагдал нь ил гардаггүй хүнийг биш, сайн чанарууд нь ил байдаг хүнийг бусдад хүндлэгдэх нэр төртэй эрхэм гэж үздэг билээ.

Шударга зан хүний сайн чанаруудын ноён оргил нь. Шударга хүн бусдын хүндлэлийг хэзээд хүлээнэ. Өөрийгөө хүндэтгэдэг хүн шударгуу явдалтай байх нь гарцаагүй. Шударга бус үйлдэл бүхэн өөрийгөө эс хүндэтгэж байгаагийн хамгийн доод илрэл мөн. “Шударга ёс байхгүй газар эрх чөлөөгүй, эрх чөлөө үгүй газар шударга ёс байдаггүй”. Тэгэхээр эрх чөлөөг хүсэмжлэгч бүхэн шударга ёсны төлөө тэмцэх үүрэгтэй. Шударга ёсыг энгийн олон магнайдаа дээдлэн хүсэмжилдэг, эрх мэдэлтнүүд уландаа гишгэн дэвсэлдэг. Хүмүүс шударга бус явдалтай нэг бол хүч мөхөсдөн эвлэрцгээдэг, эсхүл хүч үзэн тэмцдэг. Шударга ёс шуумаг руу доошилж, шударга бус нь мөрөн дээр суух болсон цөвүүн цагийн араншинг өөрчлөх шаардлагатай. Шударга бус явдалтай хүч үзэн тэмцэхэд аль болох олон хүн үзэл бодол, дуу хоолойгоо нэгтгэн нэгэн бодолтой, нэгдмэл зорилготой байж өгөөж, үр шимийг нь хамтдаа хүртэнэ. Эс тэгвээс шударга бус явдлын өмнө хүч мөхөсдөн эвлэрэн зохицох гаж тогтолцоо улам бүр батжин, газар авах осолтой. Өнөөдөр шударга бусын золиос болоогүй байгаагаа насан туршид гийсэн аз гэж бүү эндүүр. Цаг нь ирэхээр шударга бусын давалгаа хэнийг ч ялгалгүй хамна. Тийм учраас шударга ёсны төлөө тэмцэлд хойш суулгүй оролцох нь хожмын амьдралд чинь хэрэгтэй. Өөрийгөө хүндэтгэж байгаа бол, өрөөл бусдын хүндлэлийг хүлээе гэж хүсэж байгаа бол шударга ёсыг эрхэмлэ.

Зөв зарчим барьж, түүнийгээ ямар ч үед хэлбэрэлтгүй дагаж мөрдөх нь хүнд цогцолсон сайн чанарын нэг яах аргагүй мөн. Өөрийгөө эс хүндэтгэдэг хүн л зарчимгүй үйлдэлтэй байдаг. Зарчмаа умартсан буюу зарчмаасаа ухарсан хүн өргөн олны хүндлэлийг хүлээж, өргөгдсөн нэр хүндтэй байна гэж үгүй. Нэг суурин дээрээ хоёр эргэх холбиромтгүй хүн ч, нэг хэлснээ тэр дор нь нөгөөгөөр үгүйсгэдэг гуйвамтгай нөхөр ч, барин тавин худал хэлэх барьцгүй хөгийн этгээд ч, өөрийн бодолгүй аялдан дагалдагч ч аль аль нь алийгаа алдсан зарчимгүй үйлдэлтнүүд. Бялдууч, бялангач зан зарчимгүй үйлдлийн адгийн адаг. Чадвар муутан бялдууч байх нь ёс юм шиг түгээмэл. Дээш долигонон тал засах нь тэдний амьдрах арчаагүй арга нь. Тэгэхдээ хамгийн бузар бусармаг арга. Бялдуучид магтан зулгуйдах, муулан хов зөөх хорон муу үйлдэлтэй. Увайгүй зусарч улаан нүүрэн дээр нь магтана. Улангассан биеэ магтуулагч учиргүй баярлан хүлээж авна. Хөгийн бялдуучид ховын хор цацна. Ховоор хоол хийгчид ховдоглон шүүрч залгина. Ховч бялдуучдын балгаар ойрын хүмүүс түнжин хагарахаас эхлээд хотол олноороо сүйрч баларч дууссан гунигт түүх захаас аван бий. Ховч бялдуучдаас холын хол бай, хорон муухай үгэнд нь хэзээ ч бүү авт. Бялдуучид улыг чинь долоож эхлэхийг мэдмэгцээ биеэсээ холдуулж, үтэр түргэн зайлуул. Ер нь өөрийгөө хүндэтгэдэг хэн боловч бялдуучдаар хүрээлүүлэн, ховоор хоол хийж явах учиргүйг сана.

Аливаад хариуцлагатай хандах нь хүний сайн чанарын нэг илэрхийлэл. Өөрийгөө хүндэтгэдэг хүн хариуцлагатай. Тийм хүмүүсийн гэнэ сэнэгүй алдаж осолдон хариуцлага алдсанаас сэтгэлээ зовоон гэмших гэмшил нь даан ч их. Хариуцлагатай хүн урамтай. Тэд хэзээ ч, ямар ч үед итгэж найдаж болох эрхэм хүмүүс. Хариуцлагатай хүний алдах нь бага, онох нь их. Үүргээ дээд зэргээр ойлгож ухамсарласан хүн хариуцлагатай байдаг. Залуус та нар их бага аль ч асуудалд нэн хариуцлагатай хандаж бай. Хариуцлагын хэмжээгээр ажил төрөл чинь бүтэмжтэй, мөн тэр хэмжээгээр амьдрал ахуй чинь дэвжин дээшилж байх зүй тогтолтой гэдгийг ухаан бодолдоо тод томруун тогтоож ав. Хариуцлагагүйн зуд нөмөрсөн газрын ажил хайш яйш, хам хум. Амжилт бүтээлийн тухай бодох мөрөөдөх ч хэрэггүй. Хариуцлагагүй ажиллагаанаас үүдэх хор хохирол дааж давамгүй их. Хариуцлага алдсан хүнд гэм зэмд нь тохирох хариуцлага ногдуулж байх нь шударга ёсны талаасаа зүй ёсны асуудал. Хариуцлага алдсан үйлдэл бүхэнд хариуцлага тооцож байж хариуцлагажина. Жижиг ч гэсэн хариуцлагагүй үйлдэл гаргахад толгойг нь илээд дуугүй өнгөрвөл дараагийн томоос том хариуцлагагүй үйлдлийнх нь бэлтгэлийг найр тавин хангаж өгч байгаа хэрэг юм. Харин хариуцлагаа өөрөө ухамсарлаж, алдаанаасаа сургамж авч, өөртөө хяналттай байж, нэг бүдэрсэн чулуундаа дахин бүдрэхгүй явах нь хариуцлагаа дээшлүүлэх хамгийн дөт зам гэдгийг санаж яв. Өөрийгөө хүндэтгэн, хүмүүсийн хүндлэлийг хүлээхийг хүссэн хүн бүр үг хэл, үйлдэл хөдлөл бүхэндээ хариуцлагатай хандаарай.

Өөрийгөө хүндэтгэдэг хүн ичих нүүртэй байдаг юм. “Ичих нүүрэндээ илэг наасан хүмүүс рүү харах нь зодуулж нүдүүлсэн хүмүүс рүү харахаас аймшигтай” гэж зохиол бүтээлээрээ олны танил болсон нэгэн хэлсэн байна. Ичих нүүрэндээ илэг наасан хүмүүс нь өөрийгөө хүндэтгэнэ гэдгийг умартсан, дүүрч шулуудчихсан амьтад, худал хуурмаг дүртнүүд. Буруу хэрэг үйлдсэн хүн буруутан байдаг бол буруу хэргээсээ ичдэггүй этгээд хоёр дахин буруутай байдаг гэнэ. Муу муухай үйл үйлдэгчид ядаж дотроо гэмших хүн чанараа ор тас хаяж гээж болохгүй. Дотроо гэмших нь муу явдалтны хувьд үлдсэн ганц буянт үйл нь байдаг юм шүү. Ичих улайх чадвар нь хүний бүх сайн чанаруудаас хамгийн хүмүүнлэг нь. Ичих нүүргүй бол гайхалтай өндөр боловсролтой байгаад ч гавьтай хол явахгүй. Буруу хэрэг үйлдчихээд ичих ч үгүй, улайх ч үгүй суугаа хүний хажуугаас харахад яс хавтайм, хөлс цутгам, ар нуруун дээгүүр хорхой арваганан гүйх мэт зэвүүн. Бусдын өмнөөс ичнэ гэдэг хүний дээд мэдрэмж, дотоод сэтгэл цэвэр ариун байгаагийн шударга шүүх юм. Залуус та нар ичих улайх мэдрэмжээ алдаагүй, түүнчлэн бусдын буруу үйлдлийн төлөө үнэхээр ичиж зовж байгаа бол өөрийгөө хүндлэн улмаар бусдын хүндлэлийг хүлээж нэр хүндтэй явж байна гэдэгтээ эргэлзээгүй итгэлтэй байж болно. “Хүн хэдийчинээ ичимтгий байна төдийчинээ хүндэтгэл хүлээдэг” гэдэг юм. Дээр, дор ялгаагүй хүмүүсийг хүнийх нь хувьд дээд зэргээр хүндэтгэ. “Хүмүүсийг хүндэтгэх нь өөрийгөө хүндэтгэж байгаа хэрэг”. Хүнийг хүндэтгэх тухайд нэг л зангаараа, нэг л аашаараа байхыг хичээ. Бусдыг хүндэтгэхдээ хаврын тэнгэр шиг хувьсамтгай хүний хүндлэл хүлээх чадвар нь тос нь дуусаад бөхөж байгаа дэнгийн гэрэл шиг бүүдийн бүүдийсээр унтарна. “Бусдыг хүндлэхээ амархан больдог хүн юунаас түрүүн өөрийгөө хүндэтгэдэггүй” гэдгийг санаж явцгаа. “Бусдыг хүндлэх нь өөрийгөө хүндлүүлэх шалтаг болдог” хэмээсэн алдарт гүн ухаантны үг та нарын сэтгэлд эцэг эхийн сургаал мэт хоногшиг.

Тэрлэгч: Нацагийн Багабанди

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.