Чойрын Хийдийн Гэгээтэн Зава Дамдин (1867-1937)

Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошуу нутагт 1867 онд мэндэлжээ. Бага наснаасаа нутгийнхаа Цахиуртын жаст сууж лам хувраг болсон ба 17 настайдаа Их хүрээний Гунгаачойлон дацанд сууж олон жил ном үзэж, 1905 онд гавжийн дамжаа барьсан байна. Зава Дамдин ламыг Богд хаант Монгол улсын үед судар ном орчуулах комисст оруулан ажиллуулж байв. 1918 онд төрөлх нутагтаа очиж, Чоён-Одсаллин хийдийг үндэслэн байгуулж, 1937 он гэхэд 20 жилийн дотор Буддын гүн ухаан, анагаах ухаан, одон зурхай зэрэг төрөлжсөн дацангуудтай томоохон хийд болж чадсан. Ардын засгийн анхны жилүүдэд Судар бичгийн хүрээлэн байгуулахад урилгаар ирж ажиллаж байв. 1924 онд Судар бичгийн хүрээлэнгийн сул гишүүн болсноор академич болсон хэрэг юм.

Өрнийн боловсрол бүхий Оросын монголч эрдэмтэн Щербатский, Тубянский, Цэвээн-Жамсранов болон Онходын Жамъян дооромбо нартай хамтран ажиллаж байв. Төвд хэлээр 17 боть ном туурвижээ. Түүний зохиолуудын дотроос хамгийн алдартай нь Монголын Буддын шашны дэлгэрэнгүй түүх Хор Чойнжүн буюу "Алтан дэвтэр" хэмээх ном нь Монголч эрдэмтдийн дотор ихээхэн алдаршжээ. 1937 онд Улаанбаатар хотод таалал төгсчээ. Зава Дамдинг сэрүүн тунгалаг байх үед бага залуудаа шавь орж ном заалгаж байсан Гончигдорж, Гэмпил, Мятав нарын өтгөс буурлууд ярихдаа "Манай хамба багш хэдэн зуун бээрийн алсад болж буй юмыг үзэж сонсдог байсан" гэж бахдан ярьцгааж байв. Жишээлбэл нэг удаа 1920 оод оны эхээр өөрийн бараа бологч шавь Ишжамцад "Өнөөдөр холын хүн ирэх нь домботой цайгаа халуун байлгаж бай" гэж хэлжээ. Тэрний хойно нь Хатанбаатар Магсаржав ирж уулзаж байсан гэдэг. Зава Дамдин гэгээтэний хойд дүр болох Лувсандаржаа гэгээтэн Нямба-д сууж буй бий ба Дэлгэрийн Чойрын хийдийг 2005 оноос сэргээн босгосон билээ.

Билгэ хаан болон Культегин жанжны дурсгал

Архангай аймгийн Хашаат сумын Цайдам бригадын нутагт Өгий нуураас баруун урагш 36 км, Хархориноос хойш 47 км зайд Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө оршдог. Эл дурсгал нь Хөшөө цайдмын дурсгал, Орхоны хөндийн дурсгал, Культегины бичээс, Билгэ хааны дурсгал гэх мэтээр нэрлэгдэн 100 гаруй жилийн турш судлагдсаар иржээ. 1958 онд Монгол-Чехословакийн хамтарсан судалгааны баг бүхэлд нь малтан судалсан байна.

Элтерэс хааны хүү Билгэ бол Түрэг улсын сүүлчийн хаан бөгөөд 19 жил улсаа удирдсан юм. Түүний дүү Культегин нь ухаалаг, авъяаслаг цэргийн жанжин байгаад 731 онд 49 насандаа таалал төгсчээ. Культегин ах Билгэг хаан ширээнд суухад тууштай дэмжиж түүний төлөө хүчин зүтгэсэн түүхтэй. Билгэ хаан дүүгийнхээ дурсгалд зориулан тахилын цогцолбор, шүтээний сүмийг 732 оны 8 дугаар сарын 1-нд босгуулжээ. Цогцолборын урт 67 метр, өргөн 29 метр, 1 метр зузаан тоосгон хэрэмтэй, түүний гадуур шуудуугаар хүрээлэгдсэн, хэрмийн доторхи сул зайг бүхэлд нь 32 х 32 х 6 см хэмжээтэй тоосгоор бүрсэн байжээ. Цогцолборын голд наран ургах зүгт харуулан Культегины гэрэлт хөшөөг байрлуулсан бөгөөд мэлхий чулуун суурийн хамт өндөр нь 383 см, өргөн нь 132 см, зузаан нь 46 см юм. Хөшөөний дээд хэсэгт эвхэрсэн хоёр лууг чимэглэж, бичээсийг голлуулан Ашина овгийн тамга болох янгирын дүрс, гурван талд нь нийт 68 мөрөнд 10 мянган үсэг зурлага бүхий руни бичээсийг сийлжээ.

Зоргол хайрхан уул

Зоргол хайрхан уулын өндөр 1668 метр бөгөөд их хайрхантай холбоотой сонирхолтой мэдээллийг дуулгавал, Зорголхайрхан уул том, жижиг гурван агуйтай. Хамгийн томыг нь Шижирбаатарын буюу Дансрангийн агуй, баруун талын үргэлжилсэн уулыг Баянгийн хэц, хойд талын уулыг Агуйт гэнэ. Халх Монголын нутагт байдаг үзэсгэлэнт сайхан боржин чулуун уулсын нэг нь энэ хангай юм. Зоргол хайрханы чанх урд тусгайдуу байдаг хадтай толгойг Морин цохио гэнэ. Энэ цохиог нутгийнхан жил бүрийн зуны эхэн сарын шинийн 8-нд тахин бэсрэг наадам хийдэг уламжлалтай. Ялангуяа хурдан морьтой хүмүүс морио авчирч “хийморийг нь сэргээдэг” юм байна.

Зоргол хайрхан уул нь Улаанбаатар хотоос шууд явбал 150 км Элсэн уулнаас 40 км зайд орших хосгүй чамин тогтоцтой, Монгол хүний шүтэн биширдэг дэндүү сүрлэг, онгон дагшин догшин уул билээ. Энд рашаантын ам гэж уул ус, мод ургамал жигдэрсэн үзэсгэлэн төгөлдөр газар байдаг. Энд бас уулын эгц уруу харайж байгаа морины дүрстэй хадыг үзэж болно. Нутгийнхан нь Зоргол хайрхан уулыг хүзүүгээ нугалаад хэвтэж байгаа согооны хэлбэртэй гэж ярилцдаг.

Чингис хааны билиг сургааль

Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсч байгааг олж мэдэхийг хичээгтүн.
Юу хүсч байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй.
Өчигдөр их сууринд суумагц,
Өнөөдөр улсын хэргийг орхиж

Биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй.
Энэ дэлхийд хаа ч ямарваа үйлс зүтгэснийх нь бүтнэ. Алгуурласных нь алдагдана.
Аливаа хүмний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг нь эзлэхийг яарагтун. Сэтгэлийг нь эзлэвээс бие нь хаа одох билээ.

Хаан гэдэг бол ерийн зэрэг хэргэмтэй адилгүй. Энгийн нэг хэлж хэлэгдэж яахин болмой. үнэндээ хаан хэмээн өргөмжлөгдөөгүй байтал аяндаа олны сэтгэл түүнийг хаан мэт үзэж байвал сая тэр хүмүүн хаан мөн. Ийнхүү хаан бус атал хааны явдлаар яваваас амттай бус уу? Хэрвээ хаан болчихоод хааны явдлаар явж эс чадвал хаан болж юу хиймой. Шившиг

Тоньюукукын гэрэлт хөшөөний бичээс, цогцолбор дурсгал

Түрэгийн гурван хааны зөвлөх байсан мэргэн сайд Тоньюкукт зориулан босгосон тахилын онгон бүхий дурсгал Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Налайх хотоос зүүн тийш 15 км, Ар Жанчивлангийн сувиллаас баруун тийш 4 км зайд оршино.

1957 онд доктор Н.Сэр-Оджав Тоньюкукын бунхант булшийг өмнөх судалгаануудаас арай илүү өргөн хүрээтэй малтан шинжилжээ. Судалгааны үр дүнд битүү тоосгон шалтай, вааран дээвэртэй, нэг эгнээ өрсөн хөх тоосгон хана бүхий барилгын нуранги илэрчээ. Ханыг хар улаан, цагаан шаргал гэх мэт хурц өнгөөр будаж, барилгын баганан дээр өтгөн хөмсөгтэй, том алаг нүдтэй, хурц соёотой, сартгар хамартай хүний нүүрийг дүрсэлсэн байжээ. Дэрэвгэр амсартай, хавтгай ёроолтой цар маягтай ваар сав олон олдсоноос гадна гэрэлт хөшөөний орчимд дээл өмссөн, ур хийц нь харилцан адилгүй 9 ширхэг саарал боржин хүн чулуу байжээ. Цогцолбор дурсгалын өмнөөс зүүн зүгт цувуулан 1300 метр зайд 400 орчим цагаан чулуу (зэл чулуу, балбал чулуу гэх мэтээр нэрлэдэг) байрлуулсан байсан бөгөөд тэдгээрийн зарим нь газар дээр ил харагддаг.

Цогт хунтайжийн дуутын хадны бичээс

Төв аймгийн Дэлгэрхаан суманд орших Цогт тайжийн бичигт хадны 386 жил тохиож байна. Цогт тайж 1624 оны намар ан хийж яваад авга эгчийгээ санан бичсэн гэж түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.

Тус сумын төвөөс урагш 20-иод километр зайд орших Тарамцагийн уулсын шувтарга Хутаг хэмээх уулын өвөрт байдаг тэр хадыг нутгийн ард түмэн “Дуут” хад гэж нэрлэдэг. Ийнхүү нэрийдэх болсон нь түүнээс ширмэн тогоо шиг дуу авиа гардаг байна. Мөн гаднаа хар боловч дотроос нь цагаан саарал өнгө гарч ирдэг байгалийн нэгэн гайхамшигт тогтоц юм. Тиймээс Халхын тайж Цогтын бичээс нь хар самбар дээр цагаан шохойгоор бичсэн юм шиг тод харагддаг юм. Энэхүү бичээс нь хоёр хадан дээр бичигдсэн байдгийг уншигчиддаа хүргэе.

Хоргын тогоо

Аймгийн төвөөс 180 км орчимд орших Тэрхийн цагаан нуурын ай савд оршино. Холын холд алдар нь дуурссан үзэсгэлэнт Хорго нь газар зүйн талаар Хангайн уулархаг нутгийн төвд умард өргөргийн 48° — 10°, дорнод уртрагийн 99-21 олбилцолд баруун зүүн тийшээ 8-9 км орчимд хойшоо урагшаа 7-8 км шахам, барагцаалбал 56-60 ам.км талбай эзлэнэ.

Тэнд хүрмэн хадан хонгил агуй, нүх, хонхор гүдгэр энхэл, тунхал зэрэг хоргодох далдлах газар үлэмхэн учраас Хорго хэмээн алдаршжээ. Энд Хоргын тогоо, Их-анга, Баганга гэх мэт хожуу унтарсан залуу галт уулын өрх, нүх, ангал хонгилоор оргилон урсаад царцсан хүрмэн хад чулуу, зарим газраа ширээ шиг тэгшхэн байхад зарим хэсэгтээ өм цөм хагаран ангайж ундуй, сундуй овооролдсон байх бөлгээ. Овон, товон газраа битүү ой, мод бут сөөг, элдэв жимсгэнэ, нарийн өвс, цэцэгс ургана.