ТИТЭМ ҮГ – Чин сэтгэлээсээ талархаж сурцгаая!

Хүмүүст эелдэг сайхнаар талархаж сур. Нүдэнд нь оч гялалзаж, нүүрэнд нь хайр гэрэлтэж, сэтгэл зүрхэнд нь баярын од гийхээр чин сэтгэлээсээ таларха. Илүүдсэн бүхэн хортой. Хор хүргэдэггүй, сайхан илүүдэл ганцхан байна. “Ертөнц дээр талархлын илүүдлээс илүү сайхан илүүдэл гэж байхгүй” гэнэ.

Үр хүүхэддээ бичиг үсгийн цагаан толгой заахаас өмнө талархлын цагаан толгой нүдлүүлж эхэл. Арав хүртэл тоолж сурахтай нь хамт ачийг санах ухаанд сурга. Чин сэтгэлээсээ талархаж сурсан хүүхэд цэвдэг хүйтэн дотортон хэзээ ч болохгүй. Ачийг санах ухаанд боловсорсон хүүхэд аав ээжээ хэзээ ч гомдоохгүй. Талархал бол сэтгэлээр үйлдэх буяны, үгээр илэрхийлсэн тунгаамал мөн. Талархал өөрөө хүний соёлын хэмжүүр, боловсрол хүмүүжлийн ч хэмжүүр. Талархал илэрхийлж сураагүй хүн дээд зэргийн бүдүүлэг, арай зөөлрүүлж хэлбэл бүдүүн баргийн донгио этгээд. “Талархалгүй хүнээс илүү зэвүүн муухай юм гэж байдаг болов уу” гэж аугаа их В.Шекспир дуу алдан халагласан байдаг. Талархал илэрхийлж сураагүй бол боловсролтой гэж өөрийгөө бүү бод, хүмүүжилтэй гэж бүү сайрх. Талархлын үгсийг ёс төдий хэлэх хэрэггүй, чин сэтгэлээсээ хэл. Чин зүрхнээсээ хэлсэн талархлын ганц өгүүлбэр сэтгэлд наран, саран хамт ороод ирсэн адил гийгүүлж, магнайг тэнийлгэж, үрчлээг толийлгох мэт болгоно. Чин сэтгэлээсээ хэлээгүй талархлын үгсийг алтан гургалдай шиг аялгуулан уянгалуулан хэллээ ч алсын хаданд хашгирсан цуурай мэт сэтгэлд хоосон үлдэнэ.

Талархах чадвар нь эрч хүч, сэтгэлийн тэнхээг давхар илэрхийлнэ. “Талархалгүй байдал нь сул доройн шинж. Гарамгай хүмүүс хэзээ ч талархалгүй байдал гаргадаггүй”. Тэнгэрт тултал магтах, газарт шургатал муулах нь талархал хийгээд талархалгүйгээ илэрхийлэх ухаалаг шийдэл биш. Жин, тун нь таарсан талархал жинхэнэ талархал болдог. Цагаа олж таларха, үгээ онож хэл. Эв хавгүй талархлын үгс элэг доог ч болгож мэднэ. Талархлын үг сонсохыг хүсч байгаа тэр мөчид хэлсэн аятайхан ганц үг цаг нь өнгөрсөн хойно хэлсэн зуун үгнээс ч хүчтэй. Талархлыг дагаж сайшаал магтаал урсана. Хаана, хэнд, ямар магтаал, сайшаалын үг хэлэх вэ гэдэг нь чиний ухаан, мэдрэмжийн хэр хэмжээний асуудал. Адгийн тэнэг авгайгаа магтана гэх тэнэгийн цаадах тэнэг хэллэг тэнэж явдаг. Хэзээ гарсан, хэн эхэлж хэлснийг бүү мэд. Хавьтсан ойртсондоо хямгагүй чулуудаж байдаг магтаал сайшаалын үгсийг хань ижилдээ хэлэхээр тэнэг болчихдог нь ч юув дээ! Бодол ухааны шүүлтүүрээр ороогүй болчимгүй золбин үг гэдэг нь л тодорхой. Үр хүүхдийг чинь тээж төрүүлж өгсний төлөө, нойр хоолоо хасч хөхүүлж, хуурайлж өсгөснийх нь төлөө, хоёр нарны хооронд борви бохис хийлгүй зүтгэдэгийнх нь төлөө, гэр орноо аль болох өнгөтэй өөдтэй авч яваагийнх нь төлөө тэдэнд насан туршдаа талархахын дээдээр талархаж явах үүрэгтэй бид. Үе үе үүнийгээ үгээр хэлж, үйлдлээр илэрхийлэн, үзүүлэн мэдүүлж байх хэрэгтэй. Зоогийн газар хааяа нэгхэн хоол идээд гарахдаа “баярлалаа” гэж хэлдэг талархлын үгийг гараа гарган, сэтгэлээ шингээн өдөр бүр хоол унд хийж өгдөг эхнэртээ хэлж болдоггүйн учир юу вэ? Та бидний төлөө сэтгэл итгэлээ зориулдагийнх нь, санаа тавьдагийнх нь, санаа зовдогийнх нь төлөө үргэлж талархах ёстой. Үглэж, загнадагийнх нь төлөө, үггүй зэмлэн тунирхдагийнх нь төлөө ч баярлах хэрэгтэй. Яагаад гэвэл та нарыг илүү сайн сайхан, хүний дайтай, бусдаас дутахгүй байлгахын төлөө хайраа дотроо, халаа гаднаа гарган, өргөс шиг ширүүн мөртлөө өд шиг зөөлөн үгээ хэлж, үйлдлээ илэрхийлж байгаа нь тэр. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэсэн сургамжтай үг бий. Эмэгтэй хүн урмын үгээр тэжээгдэх уяхан сэтгэлтэйгээр бүтээгдсэн байдаг юм. Эмэгтэйчүүд дотночилон хэлсэн үг бүхэнд дотогшоо баярлан уйлж, гадагшаа баясан инээж байдаг сайхан сэтгэлтэй хүмүүс.

Ангаж цанган хорчийн хатаж байгаа өвс ургамлын үндсэнд ус чийг өгөхөөр сэргэн ургаж цэцэглэдэг шиг урам хайрын ончтой үгс хөшсөн сэтгэлийг сэргээн, хөөр баяслыг төрүүлнэ. Доройтсон сэтгэлийг сэргээх шидэт эм адил урам магтаалын үгийг сонсоход өлссөн хүн цадаж, ундаассан хүний цангаа нь тайлагдах шиг болдог билээ. Талархлаар дутуу хүний амьдрал ямагт дутуу дундуур байдаг юм. Хамгаас хайртай хүмүүстээ урам талархлын шидэт үгсийг хямгадаж харамлахгүйгээр хэлж бай. Дутуу дундуур амьдрал дүүрээд ирнэ аяндаа.

Дээшээ хандсан магтаал хэтэрвэл зусар болно. Улаан нүүрэн дээр нь магтана гэдэг увайгүй зусрын шинж учир болгоомжтой ханд. Харин удирдлага дороо байгаа хүмүүсийнхээ зөв үйлдэлд урам хайрлаж, урамшуулан магтаж бай. Тааруулж хэлсэн талархлын үг хийж бүтээх идэвхийг нь бадрааж, хүч чадлыг нь сэлбэж өгнө. Хамаа болгоомжгүй хатуу ширүүн үгээр хавьтснаа хадарч болохгүй. Голдоо ортол гомдон, сэтгэл нь шархалж мэднэ. Мэсний шарх эдгэхэд амар, үгний шарх эдгэхэд бэрх. Бусдын дургүйг хүргэсэн үгийг дутуу хэлэхийг хичээ. Элс рүү асгасан усыг эргээд савлаж болдоггүй шиг бураад өнгөрсөн үгсийг буцаан залгих аргагүй. Гэм зэмгүй хүнд андуу ташаа зэмлэл хүртээхгүй байхыг эрхэмлэ. Насан туршаа эргэн санагалзах голыг зурсан гомдлыг үлдээж мэднэ. Хаврын шар ус цасыг хайлуулан урсгах шиг цаг хугацаа гомдлыг тайлан мартагнуулан урсгаж болох ч намар хагдарсан өвс хавар болохоор соёолон ургадаг шиг голд орсон гомдол эмзэг аргагүй сэргэдэгийг сана. Модны навч шарлавч үндэс нь шарладаггүй гэдэгтэй адил өнгөн дээрээ өршөөж болох ч үндэс язгууртаа хүртэл гомдоллох үгэн мэсээр бусдыг бүү далайлга.

Талархал бол талархах хүний үүрэг байдаг болохоос, талархуулах хүний эрх биш байдгийг санаж яв. Боловсролтой, соёлтой аль ч хүн талархах, талархуулахын аль альд нь тэгш тэнцүү хандах учиртай. Өөрсдийнхөө ачийг бодох учиртай хүнтэй уулзахаараа талархалтай байх ёстойг сайн санацгаадаг мөртлөө өөрсдөө мэхийн талархах ёстой хүмүүстэй уулзахаараа энэ тухай юу ч бодоцгоодоггүй байж таарахгүй. “Талархал шаардах нь тэнэг зан, талархалгүй байх нь бүр ч өөдгүй явдал болой” гэсэн үгийг марталгүй бодож явбал зохилтой.

Ухаантай хүн тал засаж зулгуйдаагүй, илүү ч үгүй, дутуу ч үгүй шударгаар өгүүлж байгаа талархалд таатай хандаж хүлээж авна. Байгаа юмыг байгаагаар нь хэлж, үнэн юмыг үнэнээр нь дүгнэх нь талархлаа илэрхийлж байгаа шударга бөгөөд зохистой арга. Шударга бус үнэлгээ талархалгүй байдлын адгийн шинж, талархалгүй байдал хамгийн өөдгүй гажиг мөн. Талархалгүй хүмүүс байдаг нь мэдээж сайн зүйл биш, тэдэнд зэвүүрхэх үе ч бий. Тэгэхдээ өөрт чинь туслалцаа үзүүлсэн бүх хүмүүс чамаас талархлын таатай үг сонссон уу гэдгийг өөрийн хүн чанараас үе үе асууж байх хэрэгтэй.

Бэлгийн хариуд сэтгэлийн талархал зайлшгүй. “Бэлэг бол үнэ цэнээрээ бус, хэн бэлэглэж байгаагаар эрхэм байдаг” учир авсан бэлгэндээ баярлахаас түрүүн бэлэг өгч байгаа хүнд нь талархах нь зүйн хэрэг. Чин сэтгэлээсээ талархал илэрхийлж чаддаг хүнд тус болох урамтай. “Ач тусын талаар үзүүлэгч нь бус, хүртэгч нь ярьж байх” ёстой нь талархлын алтан зарчим гэдгийг мартаж болохгүй.

Бие биедээ чин сэтгэлээсээ талархаж сурцгаая!

Тэрлэгч: Нацагийн Багабанди

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.