Тэмүүжний дээд өвөг — Баяд буюу Баягуд

Тэмүүжин бодит түүхэн хүн. Энэ бол түүхэн үнэн юм. Гэтэл цагийг эзэлсэн их хааны дээд овгийн талаар янз бүрээр тайлбарлах, тэр байтугай хийсвэрлэх нь байна. Төв Азид хүн үүсч овог аймаг, улс гүрэн бүрэлдэн тогтох явцад төв Азийн анхны улс Хүннү нар байжээ. Энэхүү Хүннү нарын холбоонд Баягууд овог оролцож байсан тухай түүхэнд тэмдэглэжээ.Эртний сурвалжит энэ овгийн ядарсан Малик Баягууд хүн, нэгэн хөвгүүнээ дагуулан ойд явж байгаад Дову мэргэнтэй тааралдаж гөрөөсний нэгэн мөч гуйж аваад хөвгүүнээ өгөөд явсан нь хожмын түүхэнд дуулиант үйлсийн мөрийг үлдээжээ. Хожмын цагт Дову мэргэн хальж, аглаг эзгүйд буй газарт бэлбэсэн хоцорсон Алан – Гуа эх, өнчин хоёр хөвгүүнд түших тулах хүн нь барлаг зарц Малик Баягууд хөвгүүн байсан нь лавтай.Түүний удам угсаа гарлыг тодорхойлох хэн одоо байгаа юм билээ! Тэр тэнгэр язгууртныг төрүүлэх хувьтай байсан ч юмуу? Тэнэг мунхаг боол байсан ч юмуу? Аль нь болов ч тэрхүү хөвгүүн тодорхой овог ясны бодит хүн байсныг “Монголын нууц товчоо” алдарт сурвалж, тулгар бичиг лавтайяа батлана. Алан – Гуа эх ч үлгэр домгийн “дагинас” бус бодит хүн мөн тул энэ хоёр бодит хүний хооронд дахь байгалийн хууль, ертөнцийн ёсыг үгүйсгэх ямар учир байнам.

Дову мэргэнийг хальсны хойно төрсөн гурван хөвгүүнийг хэний хөвгүүд болохыг Дову мэргэний хөвгүүд үнэнээр өгүүлнэм биш үү? Харин түүнд Алан – Гуа эхийн гайхамшигт агуу билиг оюун, сурч сургахуйн их ухаан тус болсон бус уу. Өрлөг их эхийн билэг оюунд биширнэм. Заяа буяны тавлингаар нэгэнт болсон үнэнийг ер бусын болгон дүрсэлдэг уран сэтгэмжийн гайхамшигт уламжлалтай Монголын үлгэр, домог, туульс, зохиолын туурвилтыг тоолж баршгүй билээ. Тод үзлийн “Мөрийн явдлын ёсон” нэгэн шаштирт “Дову мэргэн нөгчсөн хойно түүний хатан Элүн хэмээх бэлвэсэн оршигсон цагт нэгэн үе Огторгуйгаас солонго мэт гэрэл ирж биед туссанаар амгууланг эдлээд умайд амьтан тогтож сарын тоо гүйцэгсэн цагт бэлэг лүгээ төгсөгсөн нэг хөвгүүн төрсний нэр Боданчар хэмээн хандвай. Тэр өсөгсөн цагт баатар цэцэн чадалтай болж Монголын их аймгийн эзэн болвой ” хэмээсэн буй. Алан – Гуа эхэд “амагланг”эдлүүлсэн “Огторгуйн Солонго” гэрэл үү, бодит нөхцөл бодгал хүн Малик Баягууд уу. Юмс үзэгдлийн мөн чанарын үнэнийг үнэнээр нь авч үзэх үү, эсвэл уран зөгнөл, уран сэтгэмж сэтгэлгээгээр авч үзэх үү, энэ нь зарчмын ялгаатай байх учиртай. Монголын хүчирхэг эзэн болон тодорсон нь Бодончар, тэрхүү хүчирхэг аймаг нь “Нирун” болой. А.Очир “Нирун” гэснийг “Нуруун”гэж үзсэн нь худам бичгийн дүрмээр зөв зүйтэй тайлбарлажээ. “Нирун” аймгийн эзэн бодончарын гарвалаар нь уг аймгийн нэрийг “далд” утгаар нэрийдсэн гэсэн саналтай санал нэг байна. Мөн цааш нь “Бодончар” гэж хэвшил болсон мэдээлэгдсээр байгаа “Бодончарыг — Бутанцар” хэмээн тэмдэглэсэн нь улам тодотгож байна. Харин домогт, бодончар мунхаг бол үнэхээр “бутач” нь эргэлзээгүй үнэн бөгөөд Отгон хөвгүүн учир өхөөрдөн энхрийлсэн нэр байж болох учир “бутач + цар”, “Бодончар”, “Бутанцар” үүсэж байж болно.

Худмаар “Бодончар”, “Бутанцар” бичлэгийг тайлбарлаж нуршихын хэрэггүй биз. Нөгөө талаас “Мунхаг” гэсэн дагвар нэр буй нь дээрх өгүүлэмжийг давхар тодотгож байна. Бодончар үнэхээр цэцэн билиг, чадалтай байтал “Мунхаг” хэмээсэн Монголчуудын зан үйлийн уламжлалт ёсон мөн. Энэ хоёх нэр аав ээжийн өхөөрдмөл нэр байж болох ч болзошгүй юм. Монголын нууц товчоо, алтан товч зэрэг түүхийн итгэмжилт сурвалж, тулгар шаштируудад өгүүлснээр Бодончар бол “Бутач” хүү мөн бөгөөд түүний нууцлагдсан эцэг Малик Баягууд мөн. Нэр нь тодроогүй “тэнгэр” язгуурт тэрхүү малик Баягууд хөвгүүн гөрөөсний нэг мөчөөр “золиослогдсон”нь төөрсөн хувь заяагаа олж Дову мэргэнтэй урьдын сайн ерөөлөөр учирч Монголын их хаадын дээд овог, уг язгуур нөхцөлджээ гэж үзвэл зохилтой. Их эзэн богд Чингэс хаан элэнц хуланцын дээд өвгийг мэдэн будилж төөрөгдүүлж байх учиргүй мэт болой. Тухайн цаг үе орон зайд бодит үнэн байж түүх шаштирт мөнх хэвтэн үлдсэн Монголын их хаадын уг язгуурыг зөвхөн Бодончараас хойшхи үр хойчийг бүртгэн үзвэл Бодончарын хөвгүүн Барим шигиртү, Хабичи баатар, түүний хөвгүүн Мэнэн мудан, түүний хөвгүүн Хачи хөлөг, түүний хөвгүүн Хачи хөлөг, түүний хөвгүүн Тумбинай сэцэн, түүний хөвгүүн Хабул хаан, түүний хөвгүүн Бардан баатар, түүний хөвгүүн Есүхэй баатар, түүний хөвгүүн Тэмүүжин бөлгөө. Ийнхүү Бодончараас үр удам тасралтгүй яванг явсаар Тэмүүжний үед иржээ. Тэнгэрлэг язгуурт Тэмүүжний дээд өвөг нь тэрхүү нэр нь тодроогүй Малик Баягуд мөн хэмээн түүхэн үнэнд өчил өргөмүй.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.