Ш.Гүрбазар — Хоршоо Дэрэм

Шар хамба шиг толгод зээгэлсэн говь байдаг юм
Шанд бараадсан торгоны хээ шиг сум байдаг юм
Шаглаахан хээний өнцөг шиг жижигхэн байшинд хоршоо байдаг юм
Шагайн тойром шиг хашаандаа намхан Дэрэм гурил үүрдэг юм
Дэрэм гэрээсээ гарахад үүр цайдаг байсан
Дэлгүүр дээрээ очиход нар гардаг байсаан
Дэлхий үнэгчилсэн хяруунаар
Дүнсээ улалзуулж алхана
Бөхийсхийн гурилаа үүрэхэд нь
Бүгд найрамдах улсын төрийн дуулал эгшиглэнэ…

Нар Өглөө Дэрэм гурав насаараа ингэж л учирсан
Цэц овооны хушууны хүний ганц хүү юм гэнэлээ
Цэцэгт хярааны дээсэнд харуулд зогсож байсан юм гэнэлээ
Цэвэлдолгор эгчтэй залуудаа өнжиж хонож явсан юм гэнэлээ
Цэргийн дарга дагаад явчихаар нь өөртөө гомдсон юм гэнэлээ
Холын хол сумнаас өнчинийг авч үрчилсэн
Хоршоо анх байгуулхад өөр элссэн Дэрмийг
Дүүрэн бэрхтэй шинэрсэн ч хэн нэг нь мэддэггүй юм аа
Дурдан гологдсон гоёлтой цэргийн наадам таньдаггүй юм аа
Гэхдээ цавьдар гоёхон хоймор бол хийморь нь явсан Дэрэм
Цав гуйхсан халуундаа бол салхи нь явсан Дэрэм
Өргөмөл ганцхан охиндоо бол ижий нь явсан Дэрэм
Өрөөл ухаарахгүй тавиландаа бол эзэн нь явсан Дэрэмээ
Дэрмийн түшилцсэн нэгдэл жаран жилээ тэмдэглэж байхад
Дээлээ ч солиогүй өвгөн жаахан гэртээ халуунтай байсан
Хоршоо холбоо клуб гурвыг хорвоо хэмээн туучсан гутал нь
Зуухныхаа дэргэд түрийгээ даахгүй зулгаараа санаа алдах шиг гунигтай байсан
Хугацаагаар авсан одонгууд хурандаагын цээжин дээр чихэлдэж болсон юм
Үнэнд эцсэн Дэрмийн энгэр дээр үгүйдээ ганц нь гялаах нь яагаа вэ
Магтая гэж магтаагүй ээ манай сумыхан мартдаггүй юм
Өрөвдөе гэж өрөвдөөгүй ээ өөрөө бодогдоод болдоггүй юм
Шар хамар шиг толгод зээгэлсэн говь байдаг юм
Шанд бараадсан торгоны хээ шиг сум байдаг юм
Шаглаалхан хээний өнцөг шиг жижигхэн байшинд хоршоо байдаг юм
Шагайн тойром шиг хашаандаа намхан Дэрэм гурил үүрдэг юм
Буман шуудай гурил үүрсэн ч аз заяа минь гэж бодсон хоршооны Дэрэм
Бууж үдлэх цоохор замбуулинг алтан ширээ минь гэж залбирсан хорвоогийн Дэрэмээ

Дэрэм гэрээсээ гарахад үүр цайдаг байсан
Дэлгүүр дээрээ очиход нар гардаг байсаан

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.