Эрдэнийн сан Субашидаас ...


Учиртай юманд нэртэйгээр уурлах нь
Утгандаа зөв бөгөөд хойно нь тайлж болно
Учиргүй муйхар уурлаж хэрэлдвэл
Угтаа тэр уурлахыг тайлахын арга даан ч үгүй.

     Эгэл ичих санаагүй зарим муу хүн
     Эгнэгт өөрийн муу явдалаа хөөргөн өгүүлюү
     Эвдрэлт Ганцын орны зарим хаадын ёсонд
     Эцгээ алаад дайсныг дарсан хэнгэрэг дэлддэг адил.

Учиргүй сайхан бардамнан явагч хүн
Ухаантанд жигшигдээд даруй бүрлэх больюу
Учирсан мод бүхнийг хүчлэн шөргөөгч эмнэг бух
Удалгүй хашаагаа эвдээд нөмөргүй больюу.

     Эд мал аривдахын төдийхнийг бодогч муу хүн
     Энэрч бусдад туслах санаа хаанаас төрөх
     Эгнэгт хэрүүл ба хилэнц зовлонгоор насаа бараад
     Эцэст хулгана мэт дэмий харамласаар үхьюү.

Төрөлх муу хүнийг хэдий дасган сургавч
Түвшин сайн чанарт болох нь огт үгүй
Түлсэн хар нүүрсийг хэдий шумбан угаавч
Түр зуурч цагаан болох нь ер үгүй.

     Асар буруу явагч зөөлнөөр эс засарвал
     Алсдаа туслах санаагаар ширүүн загнаж номхотго
     Адилтгавал ханах, төөнөх тэргүүтэн ширүүн заслаар
     Ашид хорлох их өвчнийг арилгах мэт

Мандлайн дээд ах нарын эрдмийн ач тус ба
Муу дордсын буруу явдлын гэм хоруудыг
Магадлан мэдээд үнэн зөвөөр явах нь
Мань эрд сайн бөгөөд хотол хотол төгсөхийн шалтгаан

     Өлөн явахыг тэгш чаддаг бөгөөд ухаантай
     Үргэлж түвшин номхон бөгөөд бусдыг үл хугалах
     Үйлэнд айлтгаагүй бөгөөд хүний ачийг үл мартагч
     Үнэхээр зөв явдалт тийм хүн орныг эрхэм болно.

Амьтан бүхэн үйлээ бүтээхийг хүсдэг боловч
Аль санаснаараа бүтэх нь эртний буянаар болох
Адилтгавал худалдаачид далайгаас эс олсон чандмань
Амар гэртээ суусан хааны сан байх мэт

     Хөвгүүдийг сургаалгүй эмнэг эр болговол
     Хүн журам бузарлаж эцэг эх гутна
     Хүүхнээ сургаалгүй золбин эм болговол
     Хүн бүр бузарлаж аймаг улс гутна.

Унтахуйг хэмнэвээс сэргэг хөнгөн болох
Умдааныг хэмнэвээс судас чанга болох
Алиг, шалиг, хожид хойш зальхайгаар өсгөвөл
Алмай амар явсаар хэрэг бүр устана.

     Алимад өөрөө жарган сайжрахыг духлах мэт
     Амьтаныг ч жарган сайжруулахад барилдуулбал
     Амьтан хүний сэтгэл наашилж дуртай болъюу
     Ачлах туслахын ёсоор тахих болъюу

Аливаа дайсан бүхнийг товрого болгохыг хүсвэл
Алахаар хамаг дайсныг дуусгаж яахин чадах
Ашид хутгалагч ганц энэ уур хилэнг дарвал
Алимад дайсан бүхнийг нэгэн хамт алсан мэт болно.

     Сургаалгүй лам хүн шашин номын эвдлэл
     Сурталгүй хар хүн төр ёсны харшлал
     Сонжилгүй эм хүн нөмөр эрийн гутааль
     Сэвгүй сул эмс хүн бүрийн жигшлэг.

Хэн ч болов муу үйл эс хийвэл
Хэтэрхий хүчит хурмаст тэнгэр ч доройтуулж эс чадах
Хэрэв булгийн ус өөрөө эс ширгэвэл
Хэрхэж шороогоор булавч нэвтэрч урсах мэт

     Ухаантай зөөлөн аашилбал зөөлөн бүхэнд зохилдох
     Учир хэргийг мэдэж зөөлөн явбал ширүүн хүнийг ч чадах
     Угтаа зөөлөн болбол үйлс бүтэх хялбар тул
     Улам явсаар зөөлөн нь дийлнэ гэж мэргэд өгүүлнэ.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.