Эрдэнийн сан Субашидаас ... (Үргэлжлэл)

Эд идээгээр баян хүний их оронд суувал сайн
Элбэгээр эдэлж зарахад санаа амар
Эд мал үгүйрсэн гуйланчдын оронд бүү суу
Эс булаавч зээлэх гуйхаар ер үл амруулах

     Амьтанууд хүслийг жаргал гэж санадаг боловч
     Ашид түүнийг эзэлсэн үр нь зовлон болох вий
     Архи уухыг жаргал гэж дурлагч хүн
     Асар согтож мунхархаа жаргалд бодсон бай.

Онц зовсоор байх амьтан ч ер үгүй
Огт амар байх амьтан ч бас үгүй
Орчлонд ер жаргал зовлон хоёулаа
Огоот зун, өвөл мэт ээлжилсээр байх.

     Эрт цагаас сайтар ханилсан нөхрөө орхиод
     Эдүгээ шинэ хүнийг ихэд бүү итгэ
     Эрт цагт шар шувууны хаан хэрээг шүтсээр
     Үүрд удалгүй бүрлэв гэсэн үлгэр мэт.

Сайн ухаант мэргэдийн хичээж бүтээсэн их хэргийг
Санаа муут хорт хүн нэгэн цагт эвдэх бүй бүлгээ
Сар жил болтол шамдан ургуулсан тариаг
Салхит догшин мөндөр нэгэн агшинд товрог болгох мэт.

     Арга мэхт муу хүн өөрийн хийсэн муу гэмээ
     Ав ариун өөр хүнд зайлуулан орхих буй бүлгээ
     Адилтгавал баасны хорхой идсэн хирээ зүдэг хошуугаар
     Ариун цэвэр номыг гутаан арчихтай адил

Мах идэх шуд аманд аж
Хүн идэх шүд сэтгэлд аж
Бие бөх бөгөөс ганцыг ялъюу
Сэтгэл бөх бөгөөс олныг ялъюу

     Олон муу хүн нийлэн цугларсан муу газар
     Огоот их эрдэмтэн ч болов үл хүндэльюү
     Олон хорт могой байсан газар зул шатаавч
     Огт гэрэл нь үл бадран сүүмэлзэх адил

Хэрэв өчүүхэн дийлбэл хөөрөн баясах
Хэрэв өчүүхэн дийлдвэл бусдыг зэмлэн гаслан тавих
Хэрэг үйлсийг зөвлөхөд оролцвол яаран хэрүүл өдөх
Хэзээд нуух хэрэгтэй юмыг цээж дэлдэн зарлах

     Үл ялих хүний эрдэм аманд нь гарч байх
     Үнэнхүү мэргэн хүний эрдэм насад далд явах
     Үлгэрлэвэл муу хог саг усны дээр хөвнө
     Үнэт сайн чандмань ёроолд нь живэх мэт

Сайн ухаант хүн ашид өөрийн гэмээ шинжих
Саваагүй муу хүн ямагт бусдын гэмийг хэлэх
Сайхан өнгөт тогос өөрийн биеэ эрэгцүүлэх
Сайхь ууль шувуу хэзээд бусдад ёр хийх

     Сайжрах дээшлэх цагт бүгд зэрэгцэн нөхөр болох
     Сааран доройтох цагт бүгд хэрэлдэн дайсан болох
     Асралт Бодисадваа нарыг доромжловч энэрэх
     Алагч үхлийн эзнийг тахивч амийг хорлох

Муу нүглээр зарим хэрэг бүтэх бий боловч
Магад сайн мэргэд түүнд үл дурлаюу
Маш үнэн зөв явтлаа гэмт болох байдаг боловч
Мандлай сайн мэргэд гэмд үл автьюу.

     Алс хойтоо санагчид түүнийг бодож буян хийсүгэй
     Ашид өөрийн хэрээр буян хийж явбал хотол болох
     Аль газар ямар хүнд хотол төгсвөл
     Анхандаа тэр хүн буян хураасан нь магад.

Учиргүй нэн хэт номхон шударга болбол
Улс бүгд түүнийг зарах ба дарлан өгүүльюү
Унгас хөвөн зөөлөн тул хүмүүс дэвсгэр хийнэ
Олон ацат саравгар мод хатуу тул хэн ч үл дэвсэх мэт.

     Бардам хэтэрч болшгүй үйлэнд зүтгэх ба
     Баатар хэтэрч хүчтэнтэй тэмцэх ба олонтой харшлах
     Балмад хэтэрч эхнэрийг ихэд итгэх ба муу хүнд янаглах
     Бас энэ тавуулаа бүрлэхийн шалтгаан.

Чин зоригоор насад номчлон явж эс чадавч
Чадах чинээгээрээ муу заяанд үл унах буян хийтүгэй
Чадал хүчээр хортой дайсныг дийлэх эс чадавч
Цаадахдаа үл алагдахын аргыг магад хичээх мэт.

     Шар улаан хоёр зүйлийн бүгдийг нийлүүлэн зурваас
     Шинэ өөр нэг өнгө гарахуй лугаа адилбээр
     Шударга сайн ухаант хоёр хүн нийлэн хэлэлцвээс
     Шалгадаг нэгэн сайн бодлого сая гарах больюу.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.