Дашдоржийн Нацагдорж

1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, эдүгээгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бүлд төржээ. Д.Нацагдорж гучин нэгхэн наслахдаа шинэ үеийн утга зохиол төдийгүй урлаг, соёлын салбарт олон зүйлийн анхдагч болж, уран зохиолын үндсэн гурван төрөл болох яруу найраг, үргэлжилсэн үгийн болон жүжгийн зохиолоороо дэлхийн түвшинд үнэлэгдсэн их зохиолч билээ. Зохиолч, яруу найрагч, орчуулагч. Долоон настай байхад нь эх Цоомойн Пагма нь нас барсан тул Д.Нацагдорж эцгийнхээ ивээлд өсөж өндийжээ. Эцэг нь түүнийг есөн нас хүрмэгц Алтангэрэл гэдэг найздаа шавь оруулсан байна. Д.Нацагдорж нь 11 настайдаа эхлэн 1917-1921 онд Цэргийн яамны бичээч, 16 настайдаа намийн төв хорооны гишүүн болж, цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, 1924 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан.

Тэрээр 1925-1926 онд Ленинградын улс төрийн академид, улмаар 1926-1929 оны хавар хүртэл Берлин Лейпцигийн их сургуульд сурч 1929 оны хавар эх орондоо буцаж ирээд “Төмрийн завод” , “Залуучуудын үнэн” сонин, Шинжлэх Ухааны Хүрээлэн, Төв театр зэрэг газруудад ажиллан бүтээл туурвилдаа голлон анхаарсан цөөн жилд уран зохиол, сэтгүүл зүй, түүх, хэл бичиг судлал, орчуулгын талаар асар их ажил хийсэн юм. Д.Нацагдорж байгаль, нийгэм сэтгэхүйн алив үзэгдлийг танин мэдэхүйн үнэн зөв хандлагын үүднээс ухаарч, түүнийгээ уран бүтээлдээ ул суурьтай илэрхийлж байв. Д.Нацагдорж яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, жүжигт хуучны аж төрөх ёсны хэв шинжийг их л гярхай дүрсэлсэн байдаг билээ. Монголын зохиолчдын байгууллагын анхны нарийн бичгийн дарга нарын нэг Нацагдорж "Ушаандар", "Сандо амбаны харгис явдал" жүжиг, "Учиртай гурван толгой" дуурь, "Миний нутаг", "Од", "Октябрь" зэрэг олон арван шүлэг, "Хуучин хүү", "Цагаан сар ба хар нулимс", "Харанхуй хад" зэрэг өгүүллэгүүдээрээ алдаршжээ. Нацагдорж Оросын болоод дэлхийн сонгомол зохиолуудтай монгол уншигчдыг анх танилцуулж А.С.Пушкиний "Гилбэрийн хатан", "Буудалцсан нь", Эдгар Погийн "Алтан цох" зэрэг зохиолуудыг орос, герман хэлнээс орчуулжээ. Нацагдоржийн зохиол гадаадын олон хэлнээ орчуулагдсаны гадна түүвэр зохиол нь ЗХУ, Энэтхэг, Герман зэрэг олон оронд хэвлэгджээ.

Түүний гэр бүлийн амьдрал нэлээн тогтворгүй байлаа. Анхны эхнэр Пагмадуламаас салж, дараа нь Нина Николаевна Читковатай учиран, гэр бүл болж охинтой болсон ч төдөлгүй эхнэр нь нутаг буцжээ. Д.Нацагдоржийг 1932, 1936 онуудад баривчилж удаан хугацаагаар гянданд суулгасан байна. Тэрээр сэтгэлийн хямралаас болж 1937 оны 7 сарын 13-нд нас нөхчжээ.

Нацагдоржийн дээд удам Чингис хааны шууд удам төрөл тайж хүмүүс ажээ. Эцэг Ц.Дашдорж 1911 оноос Цэргийн яаманд бичээч байсан ба 1927 онд насан өөд болсон. Эх нь Цоомой хиагийн бага охин Пагма ард гаралтай. 1913 онд түүнийг 7 настайд орчлонгийн мөнх бусийг үзүүлсэн.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.