Д. Болдхуяг - Ханьдаа илгээх захидал

Гучин өвлийн уйтгарт цаснаас асууж
Гучин хаврын гоонь салхинд эрлээ
Гучин зуны өнчин шүүдрээс сураглаж
Гучин намрын гансарсан бороонд хайлаа

Гэргий минь болох бүсгүй чи хаахна явна
Гэгэлгэн дууны нугалаанд уярч явна уу
Гэнэхэн охины туузанд дэрвэж явна уу
Гэмгүй цагаан салхинд гуниж явна уу

Гал голомтоо бадрааж хослон дуулъя гэсэн юм
Галбингын ихэр жигүүр болж нисэн дүүлье гэсэн юм
Гарын хоёр алга шиг эрх тэгш байя гэсэн юм
Газар дэлхийд хэнээс ч дутахгүй аж төрье гэсэн юм

Амраг минь болох бүсгүй чи хаахна байна
Амьдралын шуурганд уруудан бээрч байна уу
Аз жаргалын хундаганд сархад сөгнөн байна уу
Амжиж учраагүй яваа надад тунирхан байна уу

Алтан мөнгөн шөнөөр эрхлэе гэсэн юм
Алаг үрийнхээ зулайг үнэрлэе гэсэн юм
Атга зүрх, зүрхээ нөмөрлөе гэсэн юм
Амьдралаа учир утгатай болгоё гэсэн юм

Хань минь болох бүсгүй чи хаахна сууна
Хажууханд минь дуулан сууна уу
Харь холын нутагт уйлан сууна уу
Хотын тоосонд уу, хөдөөгийн салхинд уу

Зовлон хэрэв ирвэл хөтлөлцөн сөрж
Жаргал харин ирвэл тэврэлдэн дуулж
Эрлэгээс бусад нь салгаж үл зүрхлэх
Эвийн хоёр загас болж ижилдье гэсэн юм

Гучин оны хуанлийн хуудаснаас чамайг эрлээ
Гучин жилийн нугачаа бүхнээс чамайг хайлаа
Хувь заяаны ямархан зөргөөр төөрнө вэ
Хорвоо ертөнцийн альхан гудманд зөрнө вэ

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.