Шилийн сайн эрсийн тухай өгүүлэх нь

XVII зууны сүүл үед Дарьгангад Халх, Цахар, Ойрад гэсэн гурван өөр ястан суурьшсан явдал нь тэдгээрийг өөр хоорондоо нэгдэн уусаж цоо шинэ ястан бүрэлдэн тогтоход хүргэсэн юм. Тэрхүү шинээр бүрэлдсэн Дарьганга ястан нь өөрийн гэсэн өвөрмөц зан заншилыг бий болгосон байна. Түүний нэг бол "Сайн эр" болох заншил юм. Сайн эр болох заншил бол Дарьганга ястны бахархал хүндлэлийн нэг байсан. Тэгэхээр "Сайн эр" хэмээх ойлголтын тухай эхэлж авч үзэх нь зүйтэй юм. Энэ ойлголтыг эдүгээчлэн ойлгох явдал одоо нэлээд түгээмэл болжээ. Өөрөөр хэлбэл "Сайн эр" гэдэг бол бусдын мал, эд хөрөнгийг шударга бусаар хулгайлан авдаг хүмүүс мэтээр өрөөсгөл, хийсвэрээр ойлгож, тэдэнтэй зүйрлэн бичих, ярих болсон. Энэ бол түүхийн томоохон эндүүрэл, эдүгээчилсэн ойлголт юм. Тэгвэл "Сайн эр" гэж ямар хүмүүсийг хэлэх вэ? гэсэн асуулт аяндаа гарч ирнэ. Монгол хэлэнд "Сайн эр" гэдэг үг хэд хэдэн янзаар тайлбарлагддаг. Тухайлбал, нэг малчин залуу морь уургалаад тогтоож чадсангүй уургатайгаа алдсан бол түүнийг за мөн сайн эр дээ гэж хэлэх ч бий. Үүнд сайн эр гэж магтсан биш, харин буруушаан шоолсон утгаар хэрэглэжээ.

Тэгвэл "Сайн эр" гэж ямар хүмүүсийг хэлэх вэ? гэсэн асуулт аяндаа гарч ирнэ. Сайн эр гэдэг бол нэг талаар баяд, ноёд, манж, хятад худалдаачдын мал, эд хөрөнгийг өөрийн арга ухаан, эр биеийн бяр хүчээр булаан авч ядарсан олондоо тараан өгдөг буянтан. Нөгөө талаар харь гүрний дарлал мөлжлөгийн эсрэг тэмцэж, эх нутгаа хамгаалж явсан баатарлаг үйлстэн юм. Тиймээс тэдгээр хүмүүсийг нутгийн ард олон "Сайн эр" хэмээн нэрлэж тусалж дэмждэг байв. Харин харийн дарлагч мөлжигчид "муу хулгайч" хэмээн занан зүхдэг. Сайн эрсийг зорилго, үйл ажиллагаагаар нь ангилж үзэж болох юм. Зарим нэг нь "Сайн эр" хэмээх нэрийн дор ганцхан биеийн олз ашгийн бодож, олсон олзоо өөртөө хурааж, амин хувийн эрх ашгийг эрхэмлэгчид. Ийм хүмүүс бол одоогийн малын хулгайч нараас ялгагдах зүйлгүй юм. Харин харь гүрний дарлал, эрхшээлийг эсэргүүцэж, тэдний мал, эд хөрөнгөнд халдаж, нутгийн ядарсан олонд хувь болгон хүртээж, эх нутаг, улс орныхоо төлөө гэсэн сэтгэл зүтгэлтэй жинхэнэ "сайн эр" хэмээн ялгаж болно. Нутгийн ард түмэн "сайн эр"-ийг эрхэмлэн хүндэтгэж, элэгсэг дотноор дэмжиж тусалдаг төдийгүй түүнтэй холбоотой сайн сайхан үйл явдлыг магтан шүлэглэсэн дуу, баатар зориг, эр чадал, авьяас билгийн тухай домог түүхийг ам дамжин ярьсаар домог түүх болон үлджээ. Тэрхүү аман яриа нь бидний үед уламжлагдан ирж нэгэнт түүх болжээ. Гагцхүү энэ түүхэн үйл явдлыг зөв үнэлж дүгнэж, бичих асуудал зайлшгүй чухал болсон байна.

Хошуу нутгийн ард олондоо домогт баатар болсон олон сайн эрчүүд байжээ. Тухайлбал, Торой банди, Тогос Чүлтэм, Ганган Төгс, Гархи Банзрагч, Харцага Бор, Хүрэл Дамдин, Хүрмэн Шар, Бух Нэйрэн, Орлой шар, Хангай Базар, Хавчиг Саарай, Хагархай Цэнд, Харлаг Дорж, Маам Гөөг, Царцаа Гомбо, Улаан Дамаа, Богино Чалхаа, Өндөр Чалхаа, Цоохор чоно Ч.Лампиран, Исгэрдэг Л.Дамба, С.Жанцан, Цоохор Осор, Элбэг, Төгөө гээд олон сайн эрсийг нэрлэж болох билээ. Эдгээр шилийн сайн эрсийн түүх гарал тун сонин. Тэдний ихэнх нь Манжийн эзэн хааны сүрэгчид байсан Дарьганга нуггаас төрж гарсан байдаг. Өөрөөр хэлбэл "Шилийн сайн эр" гэсэн нэр хоч авах болсон тухайд ярьж байгаа юм. Энэ нь Дарьгангачууд Манжийн эрхшээлийн үед Манжийн эзэн хааны "Төмөр сүрэгчид" хэмээн нэрлэгдэж, зөвхөн эзэн хааны мал сүргийг энх тунх адгуулан хариулах үүрэг хүлээж, монголын бусад хошуу нутгуудын адил өртөө, харуул, улсын алба татвар, цэргийн алба гэх мэт хүнд хүчир олон хүнд алба, татвараас чөлөөлөгдөж байсан явдал нь тэдний нийгмийн амьдрал зарим нэг дэвшил, хөгжил гарахад нөлөөлсөн юм. Тухайлбал, Дарьгангын сүрэгчид Манжийн эзэн хааны сүргийг хариулахдаа тодорхой хэмжээгээр ашиг шимийг хүртэж байжээ. Өөрөөр хэлбэл, эзэн хааны сүргийг тогтоосон тоогоор нь үрэгдүүлэлгүй хариулаж, цалин цагаан мөнгө бэлнээр хөлсөнд авдаг, тодорхой хувиар төл малаас нь өөрсдөө авдаг байсан нь монголын бусад олон хошуу нутгийн ард түмнээс арай дөмөг амьдрах боломжийг бий болгожээ. 1927 онд Дарьгангад судалгаа хийсэн зөвлөлтийн эрдэмтэн В.А.Казакевичийн тэмдэглэлд ч Дарьгангачуудын аж амьдрал, нийгмийн байдал халхчуудтай харьцуулахад үлэмж сайн байсан тухай өгүүлэхдээ "монгол улсын хэмжээнд хамгийн чинээлэг хошуу байсан" гэсэн буй. Амьдралын энэ боломж нөхцөлтэй уялдан Дарьганга нутагт алт, мөнгөний дархан гар урлал амжилттай хөгжиж, зөвхөн нутаг хошуундаа төдийгүй нийт монголчуудын дунд Дарьгангын алт мөнгөний урлал алдаршсан билээ. Судлаач Ц.Гочоо дарьгангын уран дархчуудыг бүртгэн судалж 70 орчим дархчуудыг олж тогтоосон байдаг. Уран дарханы урлалаас гадна Дарьганга нутагт "Шилийн сайн эр" болох заншил үүсэж бий болсон явдал юм. Гэхдээ энэхүү өвөрмөц заншил үүсэхэд олон хүчин зүйл нөлөөлсөн байж болох талтай. 1927 онд Дарьганга нутгийн түүх соёлын талаар судалгаа хийж явсан Зөвлөлтийн судлаач В.А.Казакевич Дарьгангын сайн эрсийн тухай өгүүлэхдээ "...Сайн эрийн чадлаа гаргах заншил мөн бөгөөд хөрөнгөлөг Хасагуудын эрчүүд нь харь газраас довтлон мал хөөхтэй яг адилхан" гэж тэмдэглэсэн нь тун сонин юм. Академич А.Лувсандэндэв гуай Дарьгангын шилийн сайн эрсийн тэмцлийн эх үндэс, онцлогийн талаар дурдахдаа "Хятад худалдаачдын мөлжлөг, тэдэнд тавьсан хошууны өр Дарьгангын ард түмэнд хүнд дарамт болж байлаа. Хятад худалдаачид хэрэг дээрээ дарьгангын худалдааг гартаа бүрэн атгаж байснаар барахгүй санхүүгийн үйлчилгээ ч тэдний гарт байлаа. Хошууны бага хувийн хэрэгцээнд ноёд түшмэд тэднээс мөнгө зээлж байснаас гадна жирийн ард эхнэрийн хавчаар хийлгэх мөнгө зээлдэг байсан. Ийм нөхцөлд Дарьгангын ард түмний дотор үндэсний ба феодалын дарлал, хятад худалдаачдын мөлжлөгийг эсэргүүцсэн тэмцэл үүсч, түүний дотор сайн эрийн нууц байгууллага олны анхаарал татах болов. Сайн эрчүүд мөлжигдөн дарлагдсан ядуу ардыг төлөөлөн гадаадын худалдаачид, ноёд баячуудаас өшөө авах зорилго тавьжээ. Хүнийг хүндлэх, ядуу доройчуудыг тэтгэж, эмэгтэйчүүд, хүүхэд хөгшдийг асрах, нөхөр журмыг сахиж хэлсэн үгэндээ хүрэх, эдэд үл шунах, хатуужил тэсвэртэй байх нь сайн эрийн ёс байлаа. Ийм ёсыг чанд дагана гэж тэд тангараг өргөдөг байжээ. Тангаргаа зөрчсөн хүнийг сайн эр гэж үзэхээ больж, ерийн хулгайч нар гэж жигшдэг байв" хэмээн бичсэн байна. Мөн доктор Л.Жамсран "... Дарьгангад шилийн сайн эрс нууцаар дагалдан суралцаж сайн эр болдог байсан" гэжээ.

Хятадын түүхч Чжан му "Мэнгү Ю Мү Цэй" гэдэг газрын ойлго, түүхийн 16 дэвтэр бичигт монголын олон хошуу нутгийн тухай өгүүлэхдээ Дарьгангын тухай онцлон өгүүлэхийг зорьсон нь тун сонин юм. Тэр зохиолыг Өвөр Монголын Намуюн, Банзрагч нар Монгол хэлнээ орчуулж "Монголын хошуу нутгийн тэмдэглэл" нэртэйгээр 1988 онд Бээжинд гурван ботиор хэвлүүлсэн байна. Энэ зохиолд сайн эрсийн тухай онцгойлон дурдсан байдаг. Шилийн сайн эрсийг Манжийн төрийн аранга мэлмийд саад учруулах, торж бүрэлзэх хог хэмээн тэдний тухай өгүүлжээ. Унгарын монголч эрдэмтэн Ш.Иштван шилийн сайн эрсийн тухай сонирхон судалж бичихдээ "...Би одоогоос арван жилийн өмнө Будапешт хотын их сургуульд суралцаж байх үеэс л Монголын тухай болон Торой Банди хэмээх шилийн сайн эрийн тухай сонирхох болсон. Их сургуульд монгол бичиг сурсан минь Дарьганга нутгийн тухай, Торой Бандийн тухай олон арван дуу, шүлэг, ном уншиж судлах боломж олгосон. Монгол нутагт онгон зэлүүд тал хязгаар нутгаар гэр хийж, морин дэл дээр давхиж явдаг билэг танхай монгол эрсийн дуу, шүлэг мөнхөрсөн бодит түүх миний сонирхлыг татахгүй байж чадаагүй. Хүсэлдээ хөтлөгдөж би 1999 онд анх Монголд ирж Дарьганга нутагт очсон билээ... Монголын Архангай аймгийн Зая Бандидын хүрээний нутаг дахь сайн эрийн ууланд 250 орчим шилийн сайн эрс цугларч Торой Бандид дээд шагнал болох тав дахь удаагийн зангиа зүүж өгөх монгол төрийн нууц даалгавраар Зая Бандид гэгээн өөрийн биеэр заларч хүндэтгэл үзүүлсэн түүхэн баримт байна" хэмээжээ.

Дарьганга нутагт "Шилийн сайн эрс"-тэй холбоотой олон домогт газрууд байдаг ба үүнтэй холбоотой зарим ёс заншил ч өдгөө хүртэл хадгалагдан үлдсэн байдаг. Үүний нэг бол Шилийн Богд уулын шүтэж бишрэн дээдэлж байгаа явдал юм. Энэ уулан дээр эрт дээр үед Шилийн сайн эрчүүд өглөөн нарнаар оройд нь гарч, сан сэржим өргөж, хийморио сэргээн, эр зоригоо чангалж эх орон, төрийн сүлдэндээ залбирч сэтгэлийн их эрчим хүчийг биедээ шингээж, ядарч зүдэрсэн ард олноо хайрлан, ивээн тэтгэх ухааныг өдөөж, тангаргаа өргөж байсан хэмээн нутгийн настангууд хуучилдаг. Одоо ч гэсэн нутгийн ард олон төдийгүй тус нутагт айлчлан ирсэн хэн боловч Шилийн Богд ууланд гарч эрийн хийморио сэргээхийг зорьдог нь үүнтэй холбоотой юм. Шилийн Богд уулын Баруун ацаа хэмээн нэрлэгддэг газарт хавтгай чулуун дээр хүн зориуд ухаж сийлж хийсэн юм шиг долоон дугуй нүх гарсан байдаг. Нүх тус бүрийн амсар том, жижиг янз бүр боловч тус бүр 10-50 см. диаметртэй гүнээрээ 1 м орчим юм. Үүнийг нутгийнхан "Долоон тогоо" хэмээн нэрлэдэг. Энэ тогоонуудын онцлог нь жилийн дөрвөн улиралд голдуу цэвэр устай байдаг учир эрт дээр үед шилийн сайн эрс Долоон тогооны усыг морь унаагаа усалж өөрсдөө цай унд хийдэг байсан гэж нутгийнхан хуучилдаг.

Дарьгангад "Шилийн сайн эр" болоход заавал Шилийн Богд ууланд гарч тангараг өргөх ёс, алдартай сайн эрийг дагалдаж суралцах, сайн эрийн цол чимэгтэй байсан, ядарсан хүнд тус хүргэх, олсон олзоо ядуу ард олонд түгээн өгөх зэрэг тогтсон ёс журам үйлчилж байсан зэргээс үзэхэд тухайн орон нутгийн нэг өвөрмөи заншил байсныг тодорхой харуулж байна. Шилийн сайн эрсийн тэмцэл, үйл ажиллагааны үр дүнд Хятадаас Монголд нэвтрэх гэж байсан хар тамхины наймаа. сүлжээ таслагдсан байна. Тухайлбал, 1908 онд Манжийн засгийн газраас албан ёсны судалгаа гаргахад 1895-1908 он хүртэл 1350-иад Манж, Хятад худалдаачид ямар нэгэн хэмжээгээр сайн эрсийн халдлагад өртсөн гэсэн тоо гарчээ. Энэ бол дээрх манж, хятадын худалдаачдын зөөж явсан хар тамхи "Сайн эрсийн гарт орж үгүй болсон юм. Шилийн сайн эрчүүдийг төрийн бодлого үйл ажиллагаанд ашиглаж байсан зарим баримт мэдээ байдаг. Тухайлбал, 1930 оны үед Дотоод Явдлын Яамнаас "эсэргүү гэгдсэн "Хөх Ханд”-ыг орогнож буй өвөр монголоос барьж устгаад толгой нь авч ирэх даалгаврыг Дарьгангын шилийн сайн эр Богино Чилхаад итгэл хүлээлгэж явуулан гүйцэлдүүлж байсан гэдэг. Энэ мэтчилэн төрөөс гадаадын тагнуулын үйл ажиллагаанд "Шилийн сайн эр"- чүүдийг ашиглаж байжээ.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.