Цонжинболдог толгой дахь Чингис хааны хөшөөт цогцолбор

Төв аймгийн Эрдэнэ суманд Цонжинболдог хэмээх газар бий. Энд Чингис хааны аварга том морьт хөшөө байдаг бөгөөд суурь барилгын хамт 40 метр өндөр юм. Хөшөөт цогцолборын нийт талбай 212 га. Мориных нь хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч жижигхэн кино танхимд уг байгууламжийг хэрхэн яаж бүтээж эхэлсэн тухай богино хэмжээний баримтат киног үзэж сонирхоно. Дараа нь морины дэл буй талбайгаас хавь ойрын газрын байгалийн үзэмжийг тольдох боломжтой. Тэндээс Бурхан халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагддаг. Хөшөөний суурь бүхий дугуй барилга нь 36 баганатай бөгөөд энэхүү тоо нь Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлж байгаа ажээ. Барилгын дотор талд уран зургийн галерей, Хүннүгийн үеийн олдвор бүхий музей, ресторан, хурлын танхим, уулзалтын өрөө, биллярд өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр, үйлчилгээний байгууллагууд байрладаг.

Тус цогцолборын ерөнхий архитекторчоор Д.Эрдэнэбилэг ажилласан бөгөөд тус хөшөөт цогцолбор нь албан ёсоор 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нээлтээ хийжээ. Монголчуудын соёлын нандин өв дурсгалын нэг болох Мэгжиджанрайсаг шүтээнийг дахин залснаас хойш яг 12 жилийн дараа дахин нэг агуу гайхамшигт түүх соёлын өвийг бүтээж хойч үедээ үлдээж байгаагаараа онцлог юм. Чингис хааны хөшөөт цогцолбор нь бүрэн цогцолж дуусах үед эргэн тойронд нь орчин үеийн техник технологийн хөгжлийг харуулсан зочид буудал бүхий 200 гэрүүд байгуулж, гольфын талбай, задгай театр, хиймэл нуур, спортын талбайнууд байгуулан 10 мянган мод тарих ажээ.

Ташуур тулсан дүр бүхий Чингис хааны хөшөөг 250 тонн ган төмрөөр бүтээсэн бөгөөд 13 жилд нэг удаа энэхүү төмөр хуудсыг солих ажээ. Одоохондоо дэлхий дээр байгаа морьт хөшөөнүүдээс хамгийн том нь болсон байна.

Чингис хаан 1177 онд өөрийн дүү Хасар, Бэлгүтэй нарын хамт Хэрэйдийн ван Тоорилд бараалхан булган дээлээ бэлэглэж тусламж эрээд буцаж харих замдаа энэхүү Цонжинболдог толгойгоос нэгэн ташуур олж байсан гэх домог бий. Монгол ёсонд эр хүн ташуур олох нь ерөөл бэлгэдэлтэй үйл явдал бөгөөд сайн учралын дохио хэмээн тайлдаг байна. Тухайн үед Чингис хаан ташуур олсондоо ихэд бэлгэшээж, “ирээдүйн их хэргийн зам нээгдлээ” хэмээн айлдсан ажээ. Хожим түүхчид энэхүү ерөөл үгийг нь “Энэ үйл явдал бол толгойтныг бөхийлгөн, тойгтныг сөхрүүлэн дэлхийн талыг байлдан дагуулах их үйл хэрэгт нь ташуур нэмсэн бэлгэдэлтэй сайн үйл хэрэг болжээ” хэмээн тайлбарласан байдаг.

Энэхүү хөшөөг үзэж сонирхох аяллын үед XIII зуун хэмээх цогцолбортой танилцаж болно. Тус цогцолбор нь Эрдэнэ сумын төвөөс зүүн урагш 18 км буюу Улаанбаатар хотоос зүүн тийш 96 км-т байрладаг бөгөөд XIII зууны үед Монголчууд хэрхэн яаж амьдарч, хөдөлмөрлөж байсныг бодитоор харуулах, тухайн цогцолборт ирсэн зочдод тэр цаг хугацаагаар аялсан мэт сэтгэгдэл төрүүлдэг бичил хаант улс юм. Цогцолбор нь 6 отогоос бүрддэг.

Өртөө улаач, харуулын отог: Цогцолборын хил хязгаар дээр байрлах бөгөөд гаднаас ирж буй зочдын тасалбарыг шалгаж дотогш нэвтрүүлнэ. Улаач нар зочдыг угтаж тухайн отогийн талаар танилцуулан газарчилна. Энэ отог дээр Та Монгол эзэнт гүрний цагаан сүлд болон Хар сүлдэнд мөргөж, Монгол цэргийн хуяг дуулга өмсөн зургаа авхуулж болно.

Урчуудын отог: Урланд зочлон тухайн үеийн бүсгүйчүүд хэрхэн яаж эсгий урлал, ширмэл урлал, зээгт наамал, оёдол хатгамал хийж буй байдалтай танилцахаас гадна төмрийн дархан, модон эдлэлийн мужааны урлангаар ч зочилно. Энд Та XIII зууны үеийн гар урчуудын амьдралтай танилцаж, арвай будаа боловсруулах аргыг харж болно.

Номын өргөө: Дэлхийд ганцхан “босоо бичиг” хэмээгдэх Монгол бичгийн үүсэл гаралтай танилцаж, тухайн үеийн бичгийн түшмэлүүдээр өөрийн нэрийг муутуу цаасан дээр бичүүлж авах боломжтой. Мөн энэхүү өргөөнд монгол бичгээр бичигдсэн ном сударууд хадгалагдан байдаг. Монголчуудын ном судар хадгалж ирсэн өв уламжлалтай танилцана.

Малчны отог: Бэлчээр даган нүүдэллэх малчин айлд зочилно. Монголчуудын өдөр тутмын амьдралтай танилцаж, айраг цэгээ амсаж, цагаан идээ боловсруулах аргыг үзэж сонирхохын зэрэгцээ өөрсдөө ч гар бие оролцон хийлцэж болно. Морь тэмээ унаж эргэн тойрондоо аялахаас гадна морь малтай холбоотой ардын уламжлалт зан үйлийн үзүүлбэрүүдтэй танилцах боломжтой.

Бөөгийн отог: Монголчуудын анхлан шүтэж ирсэн бөө мөргөлийн зан үйлтэй танилцаж, бөө удган хүний амьдардаг гэр сууц, хувцас хэрэглэлийг үзэж сонирхохоос гадна тэнгэр, газар лусын тахилга, бөөгийн буултанд оролцож хувь тавилангаа үзүүлэх, буян хишиг дуудуулах, засал ном хийлгэх боломжтой.

Хааны өргөө: Та энэхүү өргөөнд Монгол үндэсний олон төрлийн идээ ундаанаас зооглож, хааны шадар сайд, жанжид, хатдын өргөөгөөр айлчлан тухлах болно.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.