ХУН ШУВУУ ХАЙРЛАСАН ХУВИЛГААН ТҮВДЭНДОВДОН

Арван баядын хошууны хувилгаан Түвшингийн Түвдэндовдонгийн тухай одоогийн Хяргас сумын ард олны дунд ийм нэгэн домог олон оны туршид яригдсаар иржээ.

Түүний эцэг Түвшингийнх Марцын голын эх, Булган уулын ард орших Дал хэмээх газар ядуугийн эрхээр нүүдэл суудалгүй амьдардаг, үр хүүхэдгүй айл байжээ. Түвшингийн гэрийн дэргэд байдаг тэрхүү голын цөөрөмд жил бүр хун шувуу ирж зусаад намар нь буцдаг байжээ. Нэгэн зун хун шувуудын нэгнийхэн нь хөл хугарч гэмтсэний улмаас ижлээ дагаж халуун орныг зорьж чадалгүй үлдсэн байна. Түвшин гэргийн хамт уг хунг осгож үхэх байх гэж ихэд сэтгэл зовдог байжээ.

Нутагт нь цас орж хүйтрэхийн хэрээр жижиг цөөрөм захаасаа зайрмагтан хөлдсөөр хун шувуу мөсөн дунд хавчигдан үхэх аюул нүүрлэхэд Түвшин хун шувууг гэртээ авч ирж, хугарсан хөлд нь боолт хийн, тариа будаагаар тэжээн дулаан гэртээ өвөлжүүлжээ.


Хун шувууны хугарсан хөл эдгэрч хавар болоход цагаан хун шувуу утаа тортогтой тас хар шувуу болсон байж. Урин дулаан цаг болж дулаан орныг зорьсон хунгийн цуваа уг цөөрөмд эргэж ирэхэд нь тэжээн тэнхрүүлсэн нөгөө хунгаа ижилд нь нийлүүлэн усанд тавьжээ. Ижилтэйгээ нийлсэн хун шувуу намар болж буцахдаа Түвшингийн гэрийг гурван удаа тойрч ганганан дуугараад гэр дээр нь нэг нялцгай улаан махтай төстэй юм унагаад явжээ. Түүнийг Түвшин гуай нандигнан боож, гэртээ шүтээн болгон тахиж аврал өршөөлөө түүнээс гуйжээ. Тэр намраа Түвшингийн гэргий хөл хүнд болж дараа жил нь хун шувуу цөөрөмдөө ирсэн байхад нь төржээ. Энэ хүүхэд нь Түвдэндовдон байсан бөгөөд тэнгэрийн шувуу Түвшинд хувилгаан нуган үр хайрлажээ.

Энэ цаг 1865 оны намрын дунд сарын шинийн 16 бөгөөд Булганхайрхан уулын өвөрт мэндэлсэн гэдэг. Тэднийх ядуу зүдүү амьдралын улмаас Булган хайрхан уулынхаа өвөр тал Далтын дэнж Төмөрчулуут, Харалжины дэнж даган жилийн 4 улирлыг авдаг байжээ.

Түвдэндовдон (түүний Довдон нэрийг нь олон түмэн хэлдэггүй байсан), бага насандаа буюу 1877 онд 12 настайгаасаа Дэжайлингийн хүрээнд шавилан сууж бурхны номыг заалган хичээнгүйлэн суралцаж улмаар эрдэм номын мөрийг хөөж жинчин дагаж (Утай гүмбэн) бурхны оронд 3 удаа явганаар бадарчлан, ном үзэж Энэтхэг түвдийн лам нартай ном хэлэлцэж номч мэргэн цолыг хүртэж ирснээс хойш түмэн амьтны тусын тулд эрдэм номдоо хичээнгүйлэн зүтгэж тарни бясалгалын нууц ухаанд шамдаж хээр гадаа даяанчлан явж ном бясалгалаа хийж, даяанчийн ёсоор хүнсэндээ улаан идээ(мах) хэрэглэхгүйгээр сүсэгтэн олныхоо өргөсөн цагаан идээнээс хооллох, домботой цайнаас нэг тагш уудаг түүнээс илүү хэрэглэдэггүй байсан гэдэг.

Тэрбээр Доргийн хулх, Марцын алтан тэвш гэх мэт газраар хонон өнжиж явж бясалгал хийж байгаад дараа нь Эхэн Богочийн хадан агуйд ирж сууршин номоо бясалгаж байсан бөгөөд түүний нэрээр “Даяан багшийн агуй” хэмээн нэрлэсэн хадан агуй бий. Амьдралын хугацаанд номын мөр дагаж явсан хэдий боловч нутаг усаа магтан олон шүлэг залбирлыг зохион бичиж үлдээсэн бөгөөд 1910 онд Булган уулын энгэрт Мэгзэмийн сүм бариулж энэ сүм нь 1932 он хүртэл байж байгаад устгагдсан байна.

Түвдэндовдон нь өөрийн нутаг орноо магтан дуулсан шүлэг, тайлгын ерөөл,сан залбирал олныг бичиж түмэн олныхоо хүртээл болгожээ. Тэрбээр өөрийн бичсэн нэгэн шүлэгтээ:

Хаанаас ч хараа булаах
хаан Булганхангай
Дүүрэн эрдэнэ агуулагч
хангай Борбургас
Тариалангийн шимээр
мөнхөд тэтгэгч Хангальцаг
Эрдэнэт шүтээн Алаг
Ашир уулс
Маш бадрангуй эрдэнэ
агуулагч Барзан уул
Модны шимээр мөнхөд
тэтгэгч хачиг Ханхөхий
Эрдэнийн дөрвөн буман хонины амтат бэлчээр Хуц уул ... гэж бичсэн байна.

Хожим хайгуулаар Хуц Барзан уул зэсийн хүдрийн их нөөцтэй, Бор бургасан нь алт, анар эрдэнийн нөөцтэй болох нь тогтоогджээ. Ийнхүү нутаг усандаа байгаа байгалийн баялгийг хүртэл урьдчилан мэдэж өөрийн бүтээлдээ тэмдэглэж байсан байна.

Шашин номынхоо цэвэр ариун байдлыг ямагт эрхэмлэн хайрлан хүндэтгэж явсны нэгэн баримт гэвэл Баруун Монголд худалдаачны дүрээр амьдарч Монголын хувьсгалд биеэрээ оролцож байсан “Элэксээ орос” гэж алдаршсан Алексей Бурдуков “ Хуучин ба шинэ Монгол” номдоо “ Нутагтаа Даяанч лам гэж алдаршсан баядын нэгэн ядуу лам хувсгалын эсэргүү гэгдэж байсан Дамбийжанцанг илэрхий эсэргүүцэж түүнд баригдан шийтгүүлж байсан хийгээд, түүнийг “Номун хан” гэж нэрлэхгүй “Шаарах” гэж нэрлэж бай гэсэн гэдэг” гэжээ.

Даяанчийн айлдсанаар Дамбийжанцанг “Шаарах” гэж олон түмэн нэрийдэж түүний хийлгэсэн хиймэл нуурыг “Шаарахын нуур” хэмээн нэрлэх болжээ. Ингэж муу муухайг жигшин үзэж, шашныхаа бурхан номыг дээдлэн ариун нандинд эрхэмлэж явсан тэр алдарт даяанчийг 1937 онд баривчлан хилс хэргээр хэлмэгдүүлсэн байна.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.