Кибер гэмт хэрэг гэж юу вэ?

Хакеруудын дайралт сүүлийн үед ихээр идэвхжиж байна. Тэдний хувьд энгийн айл гэр, албан байгууллагын компьютерт халдах юу ч биш.

Тэрч байтугай хамгийн чанга хамгаалалттай гэгдэх Америкийн Пентагонын компьютерт хүртэл аль хэдийнэ халдаад амжчихсан. Азаар уг халдлага Батлан хамгаалах яамны үйл ажиллагаанд ноцтой өөрчлөлт оруулаагүй гэнэ. Хакерууд интернэттэй бараг нас чацуу юм. Интернэтийн сулжээг ашиглан хэнийх ч бай хамаагүй компьютерт нь чөлөөтэй нэвтэрдэг тэдний авьяасыг заримдаа үнэлмээр ч юм шиг. Анхандаа авьяасыг нь үнэлэх байтугай ихээр үзэн яддаг байлаа. Харин улс төрчид тэднийг тагнуулын болон хорлон сүйтгэх үйл ажиллагаанд ашиглаж болохыг ойлгосноор, авьяас чадварыг нь үнэлэх болжээ. Одоо хакерын "хөгжлөөрөө" дэлхий дээр Орос, Америк, Хятад, Герман улс тэргүүлж байна. Төрд зүтгэдэг чадварлаг хакеруудыг "төрийн хакер" гэж нэрлэх нь ч бий.

Өнгөрөгч хавар Орос, Эстонийн харилцаа муудахад Оросын талаас хакерын дайралт ихэссэн. Дашрамд дурьдахад, бусдын компьютер руу дан ганц хакерууд дайраад байдаггүй гэнэ. Үнэндээ хакераас гадна кракер хэмээх илүү аюултай этгээдүүд ч бас дайралт хийдэг ажээ. Тэд хакеруудыг бодвол хорлон сүйтгэх ажиллагаа илүү явуулдаг. Тэд ямар ч утга учиргүйгээр бусдын компьютерийг эвддэг бөгөөд үүнийхээ төлөө мөнгө нэхдэггүй. Зүгээр л үүнээсээ таашаал авдаг, гаж донтнууд юм. Кракерууд зөвхөн бие биедээ сайрхахын тулд л ихэвчлэн ийм үйлдэл хийхээс цаашгүй.

Харин хакерууд бол мөнгө нэхнэ. Гэхдээ шууд биш. Хэрэв мөнгөө нэхвэл шууд л баригдчихна шүү дээ. Харин үүний оронд тэд арай ухаалаг аргаар мөнгө олдог. Гаргасан вирусны эсрэг вакцин буюу антивирусыг давхар хийж томоохон компаниудад зардаг. Магадгүй зарим нэг антивирусны компани өөрсдөө шинэ төрлийн вирус гаргадаггүй гэх газаргүй юм. Тэд шинэ вирусээр бусдыг "хордуулсны" дараа эмийг нь зардаг ч байж мэднэ. Нэг ёсондоо тэд зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хуулийг ашиглан ашиг олдог гэсэн үг. Зохиомлоор эрэлтийг бий болгон, дараа нь нийлүүлэлтээ үүсгэх нь тэдний бизнесийн бичигдээгүй дүрэм болжээ.

Мэдээж хэн ч "Бид саяхан шинэ төрлийн вирус гаргасан. Үүгээрээ бид танай компьютерийг бохирдуулна. Харин дараа нь та нар биднээс уг вирусны ерөндгийг худалдаж аваарай" гэж хэлэхгүй нь ойлгомжтой. Энэ бол нэгэнт илэрхий болсон бичигдээгүй хууль. Үүний хамгийн тод жишээ бол интернэтэд хаяадаа тэсрэлт хийсэн хүчтэй вирусууд гардагч, эцсийн эцэст тэд бүгд л устдаг. Яахав сайн санаат программистууд ерөндгийг гаргаж авахаар хичээдэг ч гэсэн тэр болгон амжилттай болох нь юу л бол.

Тиймээс ерөндөг гаргаж авч чадахгүй бол цаг алдалгүй бусад компаниас өрсөн хакеруудтай наймаа хийх нь ашигтай. Хэрэв интернэт огт вирусгүй байсансан бол антивирусны компанийн бизнес бүрэн унах байсан. Бараг тийм компани байхын ч хэрэггүй биз. Тэгэхлээр ийм үйлчилгээ явуулдаг компанийн орлогын амин сүнс нь вирус гэдэг тодорхой болж байгаа биз. Харамсалтай нь хуулиар тэднийг ийм гэмт хэрэг хийдгийг нотлох ямар ч арга байхгүй. Ер нь хуульд ихэвчлэн садар самуун, хүчирхийллээс гадна долоон төрлийн гэмт хэргийг л буруутгасан заалт байдаг байна. Эдгээр долоон заалтад:

1. Бусдын вэб сайтыг эвдэх, өөрчлөх.
2. "Картинг" буюу банкны цахим картны дугаар хулгайлах хийгээд өөрчлөх. Мөн хуурамч код тааруулан хууль бус гүйлгээ хийх.
3. Тодорхой үнээр үнэлэгдсэн программ хангамжийн бүтээгдэхүүнийг үнэгүй ашиглах зорилгоор хамгаалалтын систем эвдэх, цааш түгээх. Ийм үйлдлийг "Крекинг" гэж нэрлэдэг.
4. Бусдын захиаг өөрчлөх.
5. Дайралт. Бусдын компьютер эвдэх буюу ажиллагаагүй болгох. Үүнийг хакерууд "Нюкинг" гэж нэрлэдэг байна.
6. Бусдын е-майл хаяг руу хэрэггүй захиа олноор явуулах буюу "Спаминг".
7. Бусдын захиаг унших зэрэг ордог байна. Гэвч гэмт хэрэгтэн тэр болгон баригддаггүйгээрээ кибер гэмт хэрэг онцлог ажээ.

2004 онд Британийн хакерууд хэвлэлийн компанийг нэгэн сонирхолтой аргаар сүрдүүлжээ. Хэрэв тэдэнд их хэмжээний мөнгө өгөхгүй бол компанийн нэр дээр, хүүхдэд зориулсан порно сайт гаргах ёстой байж. Гэвч тэдний оролдлого бүтэлгүйтэн баригджээ. Харин банктай холбоотой гэмт хэрэг 2007 онд эрс нэмэгдэн дан Америкт л гэхэд 45.7 сая кредит картны мэдээлэл хулгайлагдсан байна. Ялангуяа сүлжээгээр дамжуулан худалдаа хийх тулд бусдын кредит картны дугаарыг хулгайлан ашиглах нь ихэссэн ажээ.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.