Эзэн Богд Чингис хааны гутгаар хуу Өгэдэй /1185-1241/ хаан 1229 онд их хааны ширээнд заларчээ. Өгэдэй нь эрдэмтэн мэргэдийг шалган сонгон шалгаруулж төрийн албанд дэвшүулэн ажиллах журам тогтоож, Монголын төрийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлж, Их хуралдайг хуралдуулах дүрмийг шинэчлэн, өдгөө хүртэл уламжилсан гол зарчмуудыг үндэслэсэн монголын төрийн томоохон зүтгэлтний нэг мөн.
Өгэдэй хаан албан татварыг журамлан, албан татвар нэгдсэн хууль гарган, их гүрний харилцан нэвтрэлцэхэд дөхөм болох дөрвөн зүгт «өртөө замыг» байгуулж, говь талд худаг гарган билчээрийг усжуулахын зэрэгцээ, өнчин ядуусыг өргөн тэтгэх улсын санг байгуулан олны дунд «Өршөөл ихт Өгэдэй хаан» хэмээн алдаршжээ. Өвөг дээдсийн цэргийн эрдэм ухааныг өвлөн, цэрэг дайны урлагийг эзэмшсэн тэрээр Зүрчидийн Алтан улс, Түвд, Солонгосыг төвшитгэн тохинуулж, өрнө зүгийн хэд хэдэн орныг Монгол гүрний харъяалалд нэгтгэн нутаг дэвсгэрээ ихээд өргөтгөсөн билээ. Монголын түүх, соёлд томоохон байр эзлэх алдарт хот Хар Хорумыг өргөтгөхөөс гадна «Суурин», «Тосох» нэртэй хотуудыг цогцлон, судар бичгийн хүрээлэнг байгуулан түүх шашдир, цаг тооны бичгийг зохион гаргах болгожээ.