Билгэ хаан болон Культегин жанжны дурсгал

Архангай аймгийн Хашаат сумын Цайдам бригадын нутагт Өгий нуураас баруун урагш 36 км, Хархориноос хойш 47 км зайд Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө оршдог. Эл дурсгал нь Хөшөө цайдмын дурсгал, Орхоны хөндийн дурсгал, Культегины бичээс, Билгэ хааны дурсгал гэх мэтээр нэрлэгдэн 100 гаруй жилийн турш судлагдсаар иржээ. 1958 онд Монгол-Чехословакийн хамтарсан судалгааны баг бүхэлд нь малтан судалсан байна.

Элтерэс хааны хүү Билгэ бол Түрэг улсын сүүлчийн хаан бөгөөд 19 жил улсаа удирдсан юм. Түүний дүү Культегин нь ухаалаг, авъяаслаг цэргийн жанжин байгаад 731 онд 49 насандаа таалал төгсчээ. Культегин ах Билгэг хаан ширээнд суухад тууштай дэмжиж түүний төлөө хүчин зүтгэсэн түүхтэй. Билгэ хаан дүүгийнхээ дурсгалд зориулан тахилын цогцолбор, шүтээний сүмийг 732 оны 8 дугаар сарын 1-нд босгуулжээ. Цогцолборын урт 67 метр, өргөн 29 метр, 1 метр зузаан тоосгон хэрэмтэй, түүний гадуур шуудуугаар хүрээлэгдсэн, хэрмийн доторхи сул зайг бүхэлд нь 32 х 32 х 6 см хэмжээтэй тоосгоор бүрсэн байжээ. Цогцолборын голд наран ургах зүгт харуулан Культегины гэрэлт хөшөөг байрлуулсан бөгөөд мэлхий чулуун суурийн хамт өндөр нь 383 см, өргөн нь 132 см, зузаан нь 46 см юм. Хөшөөний дээд хэсэгт эвхэрсэн хоёр лууг чимэглэж, бичээсийг голлуулан Ашина овгийн тамга болох янгирын дүрс, гурван талд нь нийт 68 мөрөнд 10 мянган үсэг зурлага бүхий руни бичээсийг сийлжээ.

Судлаачид 1-13 дугаар мөрийг бага бичээс, 14-68 дугаар мөрийг их бичээс гэж нэрлэдэг. Эл бичээсийг Культегины ач хүү Йолуг Тегин 20 хоног сийлж, Түрэг төрт улсаа хэрхэн байгуулсан, Культегин 16 настайгаасаа улсын хэрэгт оролцож ямар овог аймаг, улс орныг байлдан эзэлсэн, хэрхэн тулалдсан, ямар зүсмийн морьд унадаг байсан, өдөр шөнийг үл хайхран улсынхаа төлөө хэрхэн зүтгэж, ядуусыг баян, өнчнийг өнөр болгож, тойгтныг сөхрүүлж, толгойтныг бөхийлгөн хаан төрийг байгуулалцаж, наран ургах зүгээс наран шингэх зүг хүртэлх өргөн уудам газар нутгийг захиран дээд тэнгэрээс дарах аюулгүй, доод газраас цөмрөх айдасгүй амар жимэр болгон хүчирхэг улсыг байгуулсан тухай, Культегинийг оршуулах үед ах Билгэ яаж эмгэнэн гашуудаж байсан тухай, түүний оршуулгын ёслолд гадаадаас ирж оролцсон зочдыг хүртэл дурдан өгүүлжээ. Хөшөөний мэлхий чулуун сууринд мөн адил түрэг бичээс байх бөгөөд 1979 онд Б.Базылхан судалсан боловч зарим бичээс маш бүдгэрсэн тул бүрэн тайлж чадаагүй байна.

Билгэ хааны онгон цогцолбор нь Культегин жанжны дурсгалаас урагш 1 км орчим зайд байдаг. Билгэ хаан 734 оны 11 дүгээр сарын 23-нд насан эцэслэжээ. 735 оны 7 дугаар сарын 22-нд тахилын сүм хийгээд гэрэлт хөшөөг нь босгож, бичээсийг Культегины ач хүү Ёлуг Тегин 34 хоног сууж сийлсэн байна. Хөшөө нь 345 см өндөр, 174 см өргөн, 75 см зузаан болно. 1893 оны 12 дугаар сарын 15-нд Копенгаген хотын ШУА-д болсон хурал дээр Данийн эрдэмтэн Вилем Томсен Культегины тахилын цогцолбор болон Билгэ хааны онгон цогцолборт байгаа эдгээр гэрэлт хөшөөний бичээсийг тайлж уншсанаа мэдэгджээ.

"Хөвүүд дүү нар минь, ахан дүүс, ард олон минь миний үгийг эхнээс нь дуустал сонсогтун, сайтар сонсогтун..." гэж эхлээд "...Тан улс бидэнд алт мөнгө, торго дурданг их хэмжээгээр өгдөг боловч нанхиад хүний үг нь нялуун, бараа нь зөөлөн бөгөөд хүмүүс нялуун үг, зөөлөн бараанд хууртагдан тэдэнтэй ойртдог..." гээд "...хэрэв та нар тэдний газар нутагт суувал амиа алдана..." хэмээн анхааруулж, хойч үедээ төрөлх газар нутагтаа амьдарч Тан улс руу зөвхөн худалдааны жин тээж явахыг захиж хэлжээ. Билгэ хаан урьд цагт Түрэг ард түмэн нанхиадуудын дунд амьдарч, тэр бүү хэл тэдний төлөө байлдан тулалдаж явсан хэдий ч нанхиадууд үргэлж талын хүн ардад дайсагнаж ирсэн тухай өгүүлж "...Түрэгийн хаад болох хөвгүүд нь Тан улсын харц боол болж, хатад болох охид нь Тан улсын зарц шивэгчин болсон юм. Зөвхөн дээд тэнгэрийн хүчээр Түрэг улс эрх чөлөөгөө эргэн олж тэр суурингийн хүн ардтай тэмцсэн..." гэж тодотгон хэлээд хүчирхэг сайн зохион байгуулалттай цэргийн төр байгуулахыг ард түмэндээ захисан байдаг. "...Аяа түрэг ард түмэн минь дээд тэнгэр мөхөж, доод газар цөмрөөгүй цагт хэн та нарын төр, хууль цаазыг нурааж чадах билээ. Түрэг ард түмэн минь харамсагтун, гэмшигтүн..." гэж Билгэ хаан ихэвчлэн Тан улсаас сэрэмжлэхийг анхааруулж хэлсэн байна.

Билгэ хаан болон Культегины эдгээр цогцолбороос шавар сав, төмрөөр хийсэн аж ахуйн болон гоёл чимэглэлийн зүйлс, вааран дээврийн хэсэг, тосгуур зэрэг 2000 орчим эд өлгийн зүйл олджээ. Вааран дээврийн хагархай дээр нүүдэлчид морин давхиан дунд харвалдаж буй дүрс байсан нь судалгааны чухал дурсгал болдог. Чулуун хашлага бүхий дөрвөлжин булшны ор олдсоныг судлаачид жинхэнэ булш биш харин эзний оршуулгыг бэлгэдэн хийсэн зан үйлийн шинжтэй гэж дүгнэжээ. Хүн хөшөөд нь тухайн үеийн хүмүүсийн дүр төрх, хувцас хэрэглэл, гоёл чимгийг бодитойгоор илэрхийлжээ. Хөшөө цайдмын эдгээр дурсгалууд мянга гаруй жилийн түүхэндээ ихээхэн эвдэрч гэмтсэн боловч ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг зэрэглэлээр дэлхийн соёлын өвд 1996 онд бүртгэн авсан байна. Монгол улс 20.8 км.кв талбайг 1961 онд улсын хамгаалалтанд авчээ.

Хөшөө цайдмын эл хөндийд Улаанбаатар хот 14 жил суурьшиж байсан бөгөөд тухайн үедээ Шар бүст өргөө гэдэг нэртэй байжээ.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.