«ХОТОЛ ЦАГААН ГҮНЖ» АУРУГ

Аюуругийн эцэг Хайду ноён (1235-1301) бол Монголын улс төрийн томоохон зүтгэлтэн, эх оронч хүн байлаа. Хубилай хаан хятад орноор төвлөсөн Юан гүрэнг байгуулсан явдлыг эсэргүүцсэн тэмцлийг тэрээр толгойлсон бөгөөд Аригбөхийн тэмцлийг тууштай дэмжиж 1266 онд Монгол ноёдын холбоо байгуулсан. Хайду нь Өгэдэйн үр ач нарын дунд ухаантай сэргэлэн, алсын хараатай гэж алдаршсан хүн байсан бөгөөд Мөнх хааны үед хааны эсрэг хуйвалдаан байгуулсан хэргээр төвөөс зайлуулагдсан, алс хязгаарын Тарвагатайн ууланд очиж суусан байжээ. Мөнх хаан хязгаар нутагт очиж суусан ноёдын дотроос Хайдугаас их л болгоомжилж, Тарвагатайн наана тусгай цэрэг суулган сэргийлж байсан гэдэг.

Хайду нь Их Монгол улсын нийслэлийг Хятадад нүүлгэж, Хятадаар төвлөсөн Юан гүрэнг байгуулахыг эрс шийдвэртэй ясэргүүцэж, гүрний төв Монгол газар байж, Монголоос л эзлэгдсэн улс оронг захиран баримтлах ёстой гэж үздэг байснаас гадна Хубилай хааныг эцэг өвгөдийн уламжлалт ёсыг эвдэж хаан ширээг эзлэн, хятадын нөлөөнд орсон хэмээн, түүний гэм бурууг уудлан илрүүлж, шүүмжилж байсан тухай мэдээ байдаг. Түүгээр ч барахгүй зэвсэг барин босон тэмцсэн юм.